Их Британийн иргэн, 54 настай Бойс Оуэн нь архинаас хамааралтай, гудамжинд амьдардаг тэнэмэл иргэн боловч хүн чанараа гээгээгүй нэгэн ажээ. Нэг жилийн өмнө түүний бие эрс муудаж, маш хүнд байдалтайгаар асрах газар хүргэгдэж ирсэн байна. Тус байгууллагын ажилтнууд түүнд анхны тусламж үзүүлж, эмнэлэгт яаралтай хүргэсний ачаар амь аврагджээ. Тиймээс Бойс Оуэн энэ шинэ жилийн баяраар ачийг нь хариулахаар асрах газрын бүх ажилчид, сувилуулагч нарт бэлэг бэлдэж ирсэн талаар "Telegraph" мэдээлэв. Тэрээр "Одоо би дахиж архи уухгүй. Эмнэлэгт гурван долоо хоног эмчлүүлээгүй бол цусны бөөгнөрөл, нойр булчирхайн өвчнөөс болж үхэх байлаа. Тэд надад тусалсан болохоор би ганц удаа ч гэсэн баярлуулъя гэж бодсон юм" хэмээн ярьжээ.
Түүнийг асрах газарт ирэхэд анх угтаж авсан гол хүн нь 49 настай Жо Бюртон хэмээх эмэгтэй байсан юм. Энэ хүн орон гэргүй иргэдийг хамгаалахын төлөө 26 жилийн хөдөлмөрөө зориулж, сүүлийн долоон жил "Centenary House" хэмээх асрах байрыг ажиллуулж байгаа ажээ. Тэрээр сэтгэцийн өвчтэй, архинаас хамааралтай иргэдэд унтах ор, идэх хоол гаргаж өгч нийгмийн тусламж хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна