2018 оны бүх оддын тоглолт 2 – р сарын 18 – нд Лос Анжелес хотод зохион байгуулагдах билээ. Жил бүр бүх оддын тоглолтонд зориулсан шинэ өмсгөлийн загварыг гаргадаг уламжлалтай. Ихэнх тохиолдолд зохион байгуулж буй хотын онцлог өнгө төрхийг шингээсэн загвар бүтээдэг.
2017 – 2018 оны улирлаас эхлэн Найки брэнд НБЭ – ийн өмсгөлийг үйлдвэрлэж байхаар болсон. Багуудын өмсгөлд олон ч өөрчлөлт хийгдсэн. Тиймээс 2018 оны бүх оддын тоглолтын өмсгөл мөн адил ихээхэн өөрчлөгдөх нь тодорхой байсан гэхэд болно.
Тэгвэл Найки брэндийн Өмнөд Солонгос дах салбарын Инстаграм хаяг 2018 оны бүх оддын тоглолтын өмсгөл байж болзошгүй нэгэн өмсгөлийн зургийг нийтлээд хэдхэн цагийн дотор буцаагаад устгажээ. Энэхүү хаяг мөн өмнө нь багуудын City хэмээх өмсгөлийн зургийг албан ёсоор худалдаанд гарахаас долоо хоногийн өмнө нийтэлж байсан юм.
Тэрхүү өмсгөлийн урд талд багийн логог томоор байрлуулж өгчээ. Харин цээжин хэсэгт нь Жордан Брэндийн логог Киа брэндийн логоны хамт байршуулсан байна. Жордан брэнд бүх оддын тоглолтыг ивээн тэтгэх талаар өмнө нь яригдаж байсан учраас энэхүү өмсгөл 2018 оны бүх оддын тоглолтын албан ёсны өмсгөл байх магадлал өндөр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна