ОХУ-ын кёрлингийн тамирчин Александер Крушелницкий допингийн хэрэгт холбогдсон нь тус улсын тамирчдыг олимпийн гэр бүлд эргэн ирэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байна. Олон улсын спортын дээд шүүх хүрэл медалийн эзний эсрэг хэрэг үүсгэн шалгаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Оросын тамирчид БНСУ-ын Пёнчан хотод болж байгаа өвлийн олимпийн наадмын үеэр хатуу хяналтанд байгаа бол тамирчид допинг хэрэглэсэн нь батлагдвал Олон улсын олимпийн хороо ОХУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс "Хэрвээ үнэхээр допинг буюу чадвар сайжруулах бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол харамсалтай хэрэг боловч, нөгөө талаас допингийн эсрэг систем нь наадамд оролцож байгаа цэвэр тамирчдын эрхийг хамгаалж байгаа нь таатай хэрэг юм" гэж мэдэгдлээ. Александер Крушелницкийд хийсэн эхний шатны шинжилгээгээр "мельдони" гэх бодис илэрсэн байна. 25 настай тэрээр ямар ч допинг хэрэглээгүй гэж мэдэгдэж байгаа бол энэ бямба гарагт Оросын үндэсний багийнхны эсрэг тавиад байгаа хоригийг цуцлах эсэх нь шийдэгдэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна