ХБНГУ-ын Франкфурт хотын нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилчид 20минутын турш сандралд орсон байна. "Луфтханза" агаарын тээврийн компаний нэгэн нисгэгч газардалтын үеэр санамсаргүйгээр онгоц барьцаалагдсан үед өгдөг дохиог өгснөөр нисэх буудлын ажилчид багагүй сандарчээ. "Энэ хэргээс болж хотын цагдаагийн газар, Холбооны улсын цагдаагийн газар, армийнхан маш түргэн хугацаанд түгшүүр зарласан" гэж Холбооны улсын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Реза Ахмари мэдэгдлээ. Түгшүүрийн дохио өгснөөс хойш 20орчим минутын дараа нисгэгч алдаа гаргаснаа ухаарч дохиоллыг унтраасан байна. "Техникийн асуудлаас болоод нисгэгчтэй холбоо барих боломж байгаагүй. Шотландын Абердийнаас ирсэн онгоц хэдийгээр буух ёстой цагаасаа бага зэрэг хоцорсон боловч аюулгүй газардсан" гэж "Луфтханза" компаний төлөөлөгч мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна