Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргажээ. Дээрх данснуудыг битүүмжилсний дараа данс эзэмшигч дансны үлдэгдэл 1.85 сая ам.долларыг эргүүлэн авах гэж оролдсон гэнэ.Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд "Улсын сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг" гэж үзжээ.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч мэдэгдэхдээ тус байгууллага С.Баярцогттой холбоотой олон хэргийг шалгаж байгаа гэжээ.
Швейцарийн Холбооны шүүхийн дүгнэлтэд Рио Тинто шиг гадаадын том корпорацид уул уурхайн том төслүүдийн хувьцааны хяналтын багцыг олгосонд Монгол Улсын Засгийн газар, улс төрчдийг буруутгасан байна.
2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрбээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм.
Эх сурвалж: NEWS.MN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна