ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ДӨРВӨН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Admin
5 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.18) хуралдаан 15 цаг 21 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан "гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд" гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан" гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов.

Уг хуулийн төсөл нь 4 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн "судалж" гэсний дараа "санал, дүгнэлт гарган" гэж нэмэх, 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг "6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан." гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн "6.9.1-д" гэснийг "6.9.1, 6.9.2-т" гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Л.Болд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосны дагуу хуульд өөрчлөлт оруулаагүйгээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй байгаа талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд гэхдээ монгол төрийн дархлаатай холбоотой ийм асуудалд ихээхэн нухацтай, ултай суурьтай хандах учиртай тул Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Түүнчлэн гишүүний хариуцлага, ёс зүйн асуудлыг сайжруулах чиглэлээр өргөн баригдсан хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх шаардлагатай гэдгийг зарим гишүүн хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар тогтов.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэц энэ сарын 06-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Харин Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс дэгийн хуульд "Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ" гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм.

Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нухацтай ярилцахаар тогтов

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар хийсэн юм.


Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8, Нийгмийн бодлого 46.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2, Засаглалын бодлого 47.2 хувьтай байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Тэрбээр цааш нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг бодлого тус бүрээр нь товч танилцуулсан юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд гэхэд Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсны дагуу Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.


Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хамрагдах хэлэлцээрийг амжилттай хийж хамрагдлаа. Энэ злрилтын хүрээнд Хөгжлийн банкны 2012 онд гаргасан 580 ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 сая.долларыг Засгийн газрын бондоор солих, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор 600 сая ам.долларын жилийн 8.750 хувийн хүүтэй "Хуралдай" бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалав. Мөн 800 сая ам.долларын 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй "Гэрэгэ" бондоор 2018 оны 1 дүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларын "Чингис" бондын 74.5 хувь, 2018 оны 6 дугаар сард төлөгдөх 1.0 тэрбум юанийн Дим сам бондын 9.5 хувийг тус тус буцаан худалдан авсан бөгөөд Чингис бонд, Дим сам бондын үлдэгдэл хэсгийг Гэрэгэ бондын эх үүсвэрээр хугацаанд нь төлнө. Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 2017-2018 онд хугацаа нь дуусч байгаа Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондуудыг хугацаанд нь дахин санхүүжүүлсэн бөгөөд их хэмжээний гадаад төлбөрөөс үүдэн улсын төсөв, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж чадлаа гэдгийг сайд дурдлаа.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хэрэгжилт харьцангуй сайн гарлаа. Тухайлбал, 2017 онц эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.1 хувь; Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.4 хувь; гадаад валютын албан нөөц 3 тэрбум доллар; ажилгүйдлийн түвшин 7.3 хувь; гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.3 тэрбум долларт хүрч, төгрөгт итгэх итгэл сэргэн төгрөгийн хадгаламж 41.2 хувиар өссөн; Засгийн газрын үнэт цаасны дундаж хүү 11.8 хувь болж буурсан; Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч эхэлсэн; түүнчлэн гадаад валютын ханш тогтворжсон гэдгийг тэрбээр онцлов.

Харин Нийгмийн бодлогын хүрээнд инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 394.2 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, 62 мянган хүний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 17.4 тэрбум төгрөгийг тус тус 2018 оны төсөвт тусгаж батлууллаа. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр дунджаар 8,8 хувиар буюу 27,5 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5100 болон 11200 төгрөгөөр нэмэгдэв. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад ажлын үр дүнгээр 2017 оны 12 дугаар сард 55.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, 2018 онд улсын төсвөөс 56.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор батлагдсан.

Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн "Насны хишиг" олгож эхэллээ. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3 хувиар буурууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Төрийн банк, ХААН банктай цалингийн зээлийн хүүг 3 пунктээр бууруулж, зээлийн шимтгэлийн зардлыг тэглэх тухай гэрээ байгуулан 2017 оны 5 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа багш, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байна. "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байгааг дурдав.

Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авчажиллахыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах саналтай байгаагаа сайд хэлсэн юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, О.Баасанхүү, С.Бямбацогт нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгох асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтээс шууд шалтгаалах учраас Засгийн газрын гишүүн бүр, холбогдох агентлагийн удирдлага, албан тушаалтан бүр хариуцсан ажилдаа эзэн болж, шуурхай, бүтээлчээр хандах учиртай. Энэ үндсэн дээр асуудалд ажил хэрэгчээр хандаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг зөвхөн холбогдох Байнгын хороогоор хязгаарлахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, болж бүтэхгүй, дутуу дулимаг байгаа асуудалдаа анхаарлаа хандуулж тавьсан зорилт, амласан амлалтаа бодит ажил хэрэг болгох үүднээс тал талаас нь сайн ярилцаж нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Иймээс бусад Байнгын хороодоос гишүүд оролцуулан Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцахаар тогтлоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.


Манай улс 1985 онд нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын "Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай алба" гэсэн 12 дугаар зүйлд Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээхээр заажээ. Тиймээс Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцид нэгдэх үедээ хүлээсэн байна. Гэвч Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн зохион байгуулахаар болсон нь Парисийн конвенцын дээрх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгоод зогсохгүй оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол дэлхий дахинаа улам өссөөр байгаа энэ цаг үед дэлхийн хөгжлөөс хоцроход хүргэх сөрөг үр дагавартай юм.

Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх, уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй. Харин оюуны өмчийн байгууллага нь 3-18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх, дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол, хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг байна. Ийм хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо нь ойлгомжгүй, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг дордуулсан, орон тоо бүтцийн хувьд хязгаарлагдмал байдалд хүрээд байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр салган зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хууль тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад "-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;" гэсэн агуулгатай хэсгийг нэмэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар 5 дахь хэсгийн 7 дахь заалтын "-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;", мөн хэсгийн 10 дахь заалтын "-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;" гэснийг хасахаар тусгажээ. Харин Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд "1.1 Оюуны өмч, инновацийн газар" гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг нэмэх, тогтоолын хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх "5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар" гэснийг "5. Улсын бүртгэлийн ерөнхий газар" гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хууль тогтоомжийн төслийн үзэлт баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрын хуралдаанаар энэ хоёр агентлагийг салгаж, хуучнаар нь Оюуны өмчийн газар, Бүртгэлийн ерөнхий газар байгуулахыг дэмжсэн, холбогдох хууль тогтоомжийн төслийг удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх байх гэдгийг гишүүдэд дуулгасан юм. Энэ асуудалтай холбогдуулан төсөл санаачлагч гишүүн Н.Уярал хэрэв Засгийн газраас хуулийн төсөл өргөн баригдсан нөхцөлд хууль тогтоомжийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэр бүхий гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Банкны эздийн эрсдлийг хүлээж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг нь тэглэх боломжгүй 42 минутын өмнө
​Н.Алтантуяа: Би залилагч биш, миний зургийг ашиглаж хүмүүсээс 5 сая төгрөг залилсан байна 53 минутын өмнө
Д.Өнөрболор: Яагаад Хаан банк малчдын зээлийг хойшлуулахгүй байна вэ 56 минутын өмнө
Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? 2 цагийн өмнө
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 2 цагийн өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цагийн өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 3 цагийн өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 3 цагийн өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 4 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 5 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 5 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 6 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 8 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 8 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 9 цагийн өмнө