Х.НЯМБААТАР: БИД ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ АСУУДЛЫГ ЯРИХГҮЙ


Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн дүгнэлтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байгаа билээ. Түүнээс энэ асуудлын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн оны аравдугаар сард Хууль зүйн байнгын хороо хуралдаад Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтийг шалгах ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг ямар явцтай байна вэ?

-Миний бие ахалж байгаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар багтсан. Ажлын хэсэг байгуулагдаад Олон улсын парламентын зөвлөлөөс ирүүлсэн бичигт өгөх хариугаа олсон.

Өөрөөр хэлбэл, Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бичиг нь "Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдож буй этгээдүүдийг шүүн таслах ажиллагааг олон улсын шинжээчдийн хяналтад ажиглагчдын бүрэлдэхүүнтэйгээр ил, тод нээлттэй явуулна уу. Монгол Улсад шүүн таслах ажиллагаа хүний эрх зөрчиж хаалттай гэх нэрийн дор учир битүүлгээр тулган тасалдаг жишиг үүсээд байна. Цаашид парламентын дэргэд мөрдөн шалгах хороо байгуулах ёстой" гэсэн утга бүхий агуулгатай байсан. Л.Мөнхбаатар, Л.Ганболд гишүүн бид нар ярилцаж байгаад энэ албан бичигт хариу өгөх боломжгүй гэж үзсэн.

С.Зориг агсныг хороосон хэргийг шийдэх дотоодын эрх зүйн бүхий л тогтолцоо дууссан. Тиймээс олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн хэлсний дагуу олон улсын ажиглагчдыг байлцуулаад шүүхийг дахиж шинээр хуралдуулах, шүүн таслах ажиллагааг дахин эхлүүлэх боломжгүй. Мөн мөрдөн шалгах хороо байгуулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тиймээс энэ ажлын хэсэгт ийм эрх мэдэл алга. Ажлын хэсгийн хүрээнд шийдэх боломжгүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж УИХ-аас эсвэл УИХ-ын тухай хуульд заасны дагуу түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн хариуг бид хүргүүлэхээр төлөвлөөд байна. Ингээд өнгөрсөн мягмар гаригт хуралдсан хууль зүйн байнгын хорооны хуралдаанд үүнийг танилцуулсан. Гэвч хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг дахиж заавал хуралдах ёстой. Хуралдахдаа хүний эрхийн зөрчил дутагдал явсан уу, үгүй юу хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нарыг сонсож байж мэдэх ёстой" гэдэг шийдвэрийг гаргасан. Өчигдөр бид уг хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгчөөс хүний эрхийн зөрчил, дутагдал байгаа юу гэдгийг нь сонссон. Хэрэг дээр улсын яллагдагчдын багийг ахалж ажилласан Г.Эрдэнэбат прокурорыг хүрч ирээд бидэнд мэдээлэл өгөөч ээ гэж хүсч байгаа. Бид шүүхийг шүүх боломжгүй. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан учраас хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хууль зөрчсөн үү, байцаан шийтгэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үү гэдгийг бид эргэн шүүж дахин шинээр илэрсэн нөхцөл байдлыг үүсгэх эрхгүй юм. Гагцхүү бид улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорт хандах боломжтой. Гэхдээ тэр хүрээнд асуудлыг яриагүй. Зөвхөн өмгөөлөгч нарыг мөрдөж мөшгөж, дарамталж байна уу илэрхий хууль тогтоомж зөрчсөн зүйл бий юу гэдгийг сонссон.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлснээр бол С.Зоригийн хэргийн яллагдагчийг өмгөөлсөн өмгөөлөгч нарын өмгөөлөгч их хэцүү нөхцөл байдалд ажилласан гэж байсан. Та бүхэнтэй уулзахдаа энэ талаар ярьсан уу?

-Шүүхээр шийтгэгдсэн ялтнуудын өмгөөлөгчдөөс нэг нь ч ирээгүй. Уг нь Хууль зүйн байнгын хорооноос энэ асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэн. Нэг нь шалтаг тоочсон. Нөгөө хэд нь ирээгүй. Зөвхөн С.Оюуны өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Энхсайхан ирж бидэнд тодорхой мэдээлэл өгсөн. Төрийн нууцад хамаарах зүйлийг ярихгүй гэдгээ тэр хүн хэлсэн. Бид "Таныг мөрдөж мөшгөж байна уу. Янз бүрийн дарамт ирж байна уу" гэж асуусан. н.Энхсайхан хариулахдаа "Утсаар ярьж байхад байнга тасалддаг. Утас чагнаж байна гэж би дүгнэж байна. Ер нь шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгчдийг мэтгэлцээнд эрх, тэгш оролцох боломжийг хангаагүй. Процессын ажиллагаанд бидний нэг ч хүсэлтийг хангаагүй. Хуульч хүний хувьд дүгнэж хэлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байдлаар энэ асуудал шийдэгдсэн" гэх товч зүйлийг ярьсан. Өчигдөр ажлын хэсэг дээр байсан хүмүүс нөгөө өмгөөлөгчдийн сонсмоор байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр нууцад хамаарсан асуудал байвал асуудлыг бид үзэх эрхгүй гэж би ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Хэрвээ нууцад хамаарсан асуудал байвал Тусгай хяналтын дэд хороонд хандах ёстой. Төрийн нууцад хамаарах 77 хуудас материалыг шалгах эрх бидэнд байхгүй. Тусгай хяналтын дэд хороо үзэх ёстой. Мөн цаашлаад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж түр хороо байгуулах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Улсын ерөнхий прокуророос зөвшөөрөл авалгүйгээр та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өгсөн. Уг нь телевизийн нэвтрүүлэгт ярьсан юм чинь энд ирээд тэр хүрээнд татгалзах шаардлагагүй баймаар юм.

-Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг үгүйсгэх эрх зүйн орчин бүрдээд байгаа юм биш үү. Тэгэхээр УИХ-аас ажлын хэсэг байгуулагдана гэсэн үг үү?

-Түр хороо байгуулах асуудал нь шүүн таслах ажиллагаанд хүний эрхийн зөрчил дутагдалтай холбоотой асуудлаар түр хороо байгуулах хууль эрх зүйн боломж бий. Түр хороо нь өмнөө тавьсан зорилтоо хангаад татан буугдана. Ажлын хэсэг байгуулах эрх нь УИХ-ын даргад байдаг. Би УИХ-ын гишүүнийхээ, хуульч хүнийхээ хувьд хоёр бодолтой байна. Үнэхээр хүмүүсийн хэлээд буй шиг энэ хэргийг шийдвэрлэхдээ хүний эрхийг зөрчиж хэн нэгнийг хэлмэгдүүлэн улс төрийн зорилгоор асуудлыг тулган тасалж шийдсэн бол Монгол улсын өнөөдрийн үндсэн хуульт байгуулал, хүний эрх шударга ёсны тогтолцоонд маш том гажуудал үүсэхүйц нөхцөл байдалд хүрч байна гэж би ойлгож байна. Мөн тэр олон хүний амь амьдрал, гэр бүл хуулийн харанхуй хонгил дундуур давхиж ороод сүйрч байгаа эсэх асуудал байна. Цаашлаад жинхэнэ улс төрийн захиалгаар аллага үйлдсэн этгээдүүд ял завшаад дуусах вий гэдэг болгоомж бий. Манай ажлын хэсэг хэргийг дахин татаж аваад хууль зүйн дүгнэлт эрх хэмжээгүй. Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирсэн эрхийн дагуу хүний эрхийн зөрчил дутагдал байна уу, үгүй юу гэдгийг шалгаж дүгнэлт гаргах болов уу.

-Олон улсын парламентын холбооноос 50 гаруй дүгнэлт ирүүлэхэд манай УИХ огт авч хэлэлцээгүй гэж С.Оюун хэлж байсан. Яагаад тэр дүгнэлттэй танилцахгүй өдий хүртэл нуусан юм бол?

-Гуравдугаар сарын 20-ны үеэр Олон улсын парламентын холбооноос бичиг ирүүлсэн. Тэр бичгийг судалж хариу өгөх ажлын хэсгийг л би ахалж байна. Гурван шатны шүүхээр шийдчихсэн хэргийн процессыг дахин задалж шалгах эрх бидэнд үгүй юм. Өмнө нь ямар бичиг олон улсын парламентын холбооноос ирж байсныг мэдэхгүй байна. Ирээгүй өмгөөлөгчдийг маргааш ирүүлэхээр байнгын хорооноос ажиллаж байгаа. Ирвэл асуудлыг нь сонсоно. Ирсэн ч бид төрийн нууцад хамаарах асуудлыг ярихгүй, хэрэг доторхыг ухаж төнхөж асуухгүй. Зөвхөн тэр хүмүүсийг мөрдөж, дарамталж байгаа эсэх энэ нь цаанаа эрүүдэн шүүх хэлбэртэй байна уу үгүй юу гэдгийг л бид мэдэхээр ажиллана. Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэн орсон. Хэрвээ энэ конвенцэд нэгдэж орчхоод иймэрхүү асуудал үүсгэж байвал манай хууль шүүхийн тогтолцоо бүхэлдээ нурна. Өөрөөр хэлбэл, өмнө нь бүх шүүхээр шийтгүүлсэн хэрэг маргааныг үнэн, зөв шийдсэн гэх итгэл үнэмшил олон түмэнд төрөхгүй болно гэсэн үг

эх сурвалж:news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 2 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 17 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 18 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 19 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 19 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 20 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 20 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 21 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 21 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 22 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 23 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр