АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай ирэх сарын 12-ны өдөр Сингапурт хийхээр товлоод байсан уулзалтаасаа татгалзсан байна. Энэ талаар Трамп Ким Чен Унд илгээсэн захидалдаа дурдсаныг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агенлаг уламжлав.
Трамп захидалдаа "Та бүхний уур хилэн, ил тод дайсагнал мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөсөн, ихээхэн ач холбогдол өгсөн уулзалтыг одоо хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Дэлхий дахин болон Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа" гэжээ.
Мөн тэрбээр Ким Чен Унтай цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Трамп захидалдаа "Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу, утсаар холбогдоорой" гэж дурджээ.
Өмнө нь АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотойгоор АНУ-тай хийхээр товлосон уулзалтаа Хойд Солонгос цуцалж магадгүй тухай "Ёнхап" агентлаг мэдээлсэн. Гэвч АНУ болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэсээр байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдэгдэж байв
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна