Туул голын дагуух тусгай хамгаалалттай газарт барилга барихаар завдаж бургасыг нь тайрч,газрыг нь сэндийчиж хаячихаад тусгай зөвшөөрлийг нь цуцалмагц хаяад явжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын эрэг дагуу бургастай газрын хэсэг бургасыг сүйтгэж газрыг нь ухжээ. Ойр хавийн оршин суугчид тухайн газрыг Идэр Интернэшл ХХК-ийх эзэмшлийн газар байсныг баталж байлаа. Шөнө болмогц машин механизмаа хангинуулан газар ухаж эхэлдэг гэдгийг мөн л ойр хавийн оршин суугчид хэллээ. Харин дөрөвдүгээр сарын 08 наас хойш огт ирээгүй бөгөөд оршин суугчид хэд хоног чих амар байгаагаа ярьж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 08-нд хотын дарга С.Амарсайхан Идэр Интернэшл ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг албаныханд үүрэг болгож тусгай хамгаалалттай газрын ногоон орчныг сүйтгэж барилга барьдаг компаниудад бага ч болов цочроо өгсөн. Харамсалтай нь тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа гээд ухаж тэгшилсэн хөрс, тайрч огтолсон мод бургас эргэн сэргэхгүй. Хуулиндаа Идэр Интернэшл ХХК нөхөн төлбөр төлж сүйтгэсэн газартаа нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар ойр хавийн оршин суугчид тухлаг орчингоо алдаж, улс ногоон байгууламжийнхаа нэг хэсгийг хоосон шороо болгожээ. Идэр интернэшл ХХК-ийн тайрсан мод, ухсан газрыг хэн хэзээ хэрхэн нөхөн сэргээх вэ? гэдэг асуудал хөндөгдөж байна. Тусгай хамгаалалттай газар тусгай зөвшөөрөл олгодог БОАЖЯ ниргэсэн хойно нь хашгирах биш анх зөвшөөрөл олгохдоо судалж олгох шаардлагатай байна. Идэр Интернэшл ХХК-аас хэн хариуцлага нэхэж нөхөн сэргээлт хийлгэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна