БАРИМТ: ТЯНЬЖИНД ӨГӨХ 50 ГА ГАЗРЫГ СОНГООД, ЧӨЛӨӨЛӨӨД БЭЛДЧИХСЭН БАЙСАН

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

"Нийслэлийн нутаг дэвсгэрээс 50 га газрыг БНХАУ-ын Тяньжинь хотод өгч, хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх гэж байна" гэсэн мэдээллийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун гаргасан. Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "гүтгэлэг" хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад хандсанаа мэдэгдсэн. Тэгвэл "ташаа мэдээлэл тараан гүтгэсэн" гэгдээд буй тэргүүлэгч С.Мөнхчулуун "Тяньжиньд 50 газрыг өгөх гэж байсан"-ыг баримтаар нотлохоор манай редакцид хандсан юм.


Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хэвлэлийн хурал зарлаж, "БНХАУ-ын Тяньжинд 50 га газар өгөх талаар яригдаагүй, өгөөгүй. С.Мөнхчулуун намайг гүтгэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан" гэсэн мэдээллийг хийсэн. Та ямар шалтгаанаар энэ мэдээллийг нийтэд хүргэсэн юм бэ. Хэрэв гүтгэлэг биш бол танд баримт нотолгоо байна уу?

С.Амарсайхан дарга өөрийгөө гүтгэгдсэн гэж үзэж болно л доо, өргөдөл гомдлоо гаргах нь тэр хүний эрхийн асуудал. Харин миний хувьд бодитой, баримттай зүйлийг нийтэд мэдээлснээ одоо баримтаар ил болгоно. 2018 оны 12-р сард Ерөнхий сайдын захирамж гарч, "Хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлын хэсэг" байгуулагдсан байдаг. Ингэхдээ БНХАУ-ын "Тяньжинь фүүдс" ХХК манай улсад хүлэмжийн аж ахуй эрхлэх, манай улсын дотоодын хүнсний ногоог хангах, цаашлаад гадагш экспортлох ажил явуулахаар болсон байдаг. Үүнтэй холбоотой судалгаа тооцоо хийх ажлын хэсэг байгууллагдсан гэж НЗД С.Амарсайхан өчигдөр хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн. Энэ дагуу 2019 оны 03-р сарын 27-нд ЗГХЭГ-ын Дэд дарга Г.Баясгалангийн албан бичиг НЗД С.Амарсайханд ирсэн гэж өөрөө хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн.

Тэр албан бичгийн дагуу НЗД С.Амарсайхан 2019.03.27-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал дээр Тяньжиний хүлэмийн аж ахуй эрхлэх "Улаанбаатар агропарк" ХХК-ийг байгуулах тухай яаралтай горимоор оруулж ирсэн. Уг нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг 3 хоногийн өмнө зарлаж, холбогдох материалыг тэргүүлэгчдэд тарааж өгсөн байх ёстой. Гэтэл яаралтай горимоор оруулж ирсэнд нь тэргүүлэгчид "хурлын дэг зөрчсөн" асуудал тавьсан.

Тэгээд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн үү?

Хэлэлцсэн. Нийслэлийн өмчит "Улаанбаатар агропарк компанийг байгуулъя. Энэ компанийг байгуулаад Улаанбаатар хот "Тяньжин фүүдс" компанитай хамтарч ажиллана. "Тяньжин фүүдс" компани нь 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ компани нь хүлэмжийн аж ахуй эрхлэнэ" гэсэн асуудал оруулж ирсэн. Бид хэлэлцээд "дэмжих боломжгүй" гэсэн хариу хэлсэн. Гэтэл С.Амарсайхан дарга хурлаас гараад ЗГХЭГ луу " Тяньжинь хотын холбогдох газартай хамтран ажиллахаар Улаанбаатар хотын талаас нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ХХК-ийг сонгон нэрийг нь хүргүүлж байна" гэсэн албан бичгийг явуулсан байдаг.

Тэргүүлэгчдийн хурлаар "Тяньжин фүүдс" компанитай хамтарч ажиллах "Улаанбаатар агропарк" ХХК байгуулах төсөл нь батлагдаагүй тул "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" гэх өөр компанийн нэр ЗГХЭГ луу явуулсан гэсэн үг үү? Тэргүүлэгчдийн хурал хэдэн тэргүүлэгчтэй хуралдсан, хэн хэн дэмжсэн, дэмжээгүй вэ?

Гуравдугаар сарын 27-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралд НЗД-ын орлогч П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Н.Батсүмбэрэл, Д.Мөнхжаргал, Р.Дагва бид 7 тэргүүлэгч оролцсон. "Тяньжин фүүдс" компанитай хамтран ажиллах асуудлыг Д.Мөнхжаргал, Р.Дагва хоёроос бусад таван тэргүүлэгч нь дэмжээгүй.

Дэмжигдээгүй тул "Улаанбаатар агропарк" ХХК-ийг байгулах боломжгүй болсон. Тиймээс оронд нь өмнө нь байгуулчихсан байсан "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" компанийн нэрийг явуулсан. Энэ компанийг "хотын хөрөнгө оруулт, менежментийг хийнэ" гэж энэ онд байгуулсан компани. Гэхдээ захирал байхгүй, өөрийн гэсэн байр байхгүй, цаасан дээрх компани. Гэхдээ нийслэлийн төсвөөс 5 тэрбум төгрөг 2018 онд суулгачихсан, ийм л компани байсан.

НЗД С.Амарсайхан хэвлэлийн хурлын үеэр "судалгаа хийх гэж ийм компанийн нэр явуулсан. Газар олгоогүй" гэсэн тайлбар хийсэн шүү дээ.

"Тяньжиний хүлэмжийн аж ахуйг эрхлэх Улаанбаатар агропарк компанийг байгуулахаар төлөвлөчихсөн, компанийн дүрэм гаргачихсан байсан нь баримтаар байна. Энэ компанийх нь танилцуулгыг НЗД-ын дэргэдэх нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар гаргасан байна.

Энд бүх зүйлийг тусгасан байгаа. Тухайлбал, "...хүлэмжийн компанийн газрыг кадастрын зургаар гаргасан. Төслийн гол үйлдвэрийн талбай нь 60440 метр квадрат. 1000 метр квадрат газрыг оффисын талбай болон ажилчдын байрын талбайг хятадын уламжлалт загварын хашаа, зоорь, агуулах барихаар төлөвлөж байна. Нийт 48300 метр квадрат талбайд 46 ширхэг хүлэмж баригдана. Хүлэмж тус бүр нь 105*10 хэмжээтэй байна. БНХАУ-ын Тяньжин хотоос санхүүжилтийг гаргах бөгөөд Улаанбаатар хотоос газрын асуудлыг шийдвэрлэн хамтран ажиллана. Санхүүжилтийн нийт дүн 40 тэрбум төгрөг болно. Эрчим хүчийг ойр орчмын дэд станцаас хангана. Хүчдэлийн шугамыг гол зам дагуу байрлуулсан байна. Мөн гэрэлтүүлгийн системийг суурилуулна" хэмээн танилцуулгаа гаргасан байсан.

Ийм хүлэмж тэгээд хаана байгуулагдах байсан юм бэ?

Мөн л энд бичигдсэн нь баримтаар байна. УБ хот, СХД-ийн 21-р хороо, Дашрын аманд газар тариалангийн зориулалт бүхий 50 га газар гэжээ.


Таны баримт болгон ярьж байгаа зүйлс төлөвлөгөөнд байсан ч ажил хэрэг болоогүй зүйл гэж ойлгогдох боломжтой байна. НЗД С.Амарсайхан "газар өгөхгүй" гэж мэдэгдсэн болохоор, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "газар олгоогүй" хэмээн ярьсан болохоор таниас илүү баримт шаардаад байна л даа.

Дахин баримт үзүүлье. Энэ бол гуравдугаар сарын 5-ны өдөр хуралдсан ЗГХЭГ-ын "Тяньжиний хүлэмжийн аж ахуй барих ажлын хэсэг"-ийн хурлын тэмдэглэл. Энд НЗД-ын Орлогч Ж.Батбаясгалангийн хэлсэн үгс хурлын тэмдэглэлд бичигдэн үлдсэн байна.

"...нийслэлийн зүгээс 50 га газрыг бэлдэхийн тулд хэд хэдэн аж ахуйн нэгжийг нүүлгэн байж суллаж өгсөн байгаа. Энэ байгууламж нь өөрөө хэдий хэр цахилгаан, ус хэрэглэх гэх мэт олон асуудал тодорхойгүй, шийдэгдээгүй байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооноос аль хэдийн гомдол санал ирээд эхэлсэн. Энэ 50 га хүлэмж маань өөрөө монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй том газар. ЗГХЭГ-ын зүгээс өмнөх даргын өгсөн чиглэл бол Монгол улс энэ ажилд заавал оролцоотой байна. Энэ ажил маань өөрөө дотоодын хүнсний аюулгүй байдалтай холбоотой учир нийслэл газрын асуудлыг нь шийдэж өгөх замаар Монгол улс заавал хамтрах хэрэгтэй. Манай зүгээс аль хэдийн хүссэн газрынх нь координатыг нь сансрын зурагтай нь тухайн газрынх нь 10 жилийн цаг агаарын мэдээ, газар хөдөлтийн мэдээ гэх мэт шаардлагатай гэсэн мэдээллийг бүгдийг нь өгсөн. Бид энэ талаар НИХ-д яалт ч үгүй тайлбарлах учир эхний ээлжинд НИХ-д тайлбарлах барьцтай, тэдний санаанд нийцэх тийм мэдээлэл хэрэгтэй байна" гэгчлэн ярьсан нь хурлын тэмдэглэлд үлджээ. Энэ бол хөдөлшгүй баримт юм.

Манай улс 50 га газраа Тяньжинд ашиглуулаад юу хожих юм бэ?

40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт. Манайх 50 газраа 1.5 тэрбумаар үнэлсэн байдаг. Хятадын тал 40 тэрбумын оруулчихаж байна. Тэгэхээр манай тал 3 хувийг нь эзэмших гэж байсан. Дээр нь цахилгаан, усны хэрэглээг манайх хариуцна. Хамгийн гол нь Орлогч Ж.Батбаясгалангийн хэлснээр манай улсын нийт хүлэмжийн аж ахуйн газрын 90 хувьтай тэнцэх хэмжээний энэ том газрыг гадны компанид өгч монополь болгосноор манай улс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдээ нухчин дарж байгаа юм. Бид өөрсдөө хийж чадах, хийж болоод байгаа үйлдвэрлэлээ гадныханд монополт болгосноор иргэдээ нухчин дарж байгаа хэлбэр юм.

Тэгэхээр " Улаанбаатар агро парк" ХХК байгуулагдаагүй ч оронд "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" компанийг явуулчихсан. Газар ашиглуулах гэрчилгээ гараагүй ч газраа аль хэдийн сонгоод, бүр чөлөөлөөд явчихсан гэсэн үг үү? Ингэж болдог юм уу?

Компанийнх нь нэр дээр шилжээгүй л байна гэсэн үг. Түүнээс биш газрыг нь бэлдчихсэн, гарын үсэг зураад л шийдэгдэх асуудал. Би бол энэ асуудал зогсохгүй, хийгдэнэ л гэж харж байна.

Бодитой, баримттай л асуудал л даа. Баримттай болохоор нь л би яриад байгаа юм. С.Амарсайхан гэдэг хүн надад таалагдахгүй болохоор нь би эсэргүүцээд байгаа юм биш.

С.Амарсайхан дарга хэвлэлийн хурал дээрээ хэлсэн л дээ. "С.Мөнхчулуун ашиг сонирхлын зөрчилтэй, хадам ээжийнх нь компани өмч хувьчлалын асуудалтай байгаа" зэрэг зүйлсийг ярьсан. Энэ талаар Хуулийн хэлтсийн даргаас илүү тодруулж асуугаарай гэсний дагуу хэвлэлийн хурлын дагуу Хуулийн хэлтсийн даргаас нь асуусан ч "сайн мэдэхгүй байна" гэсэн хариултыг хэлсэн. Тэгэхээр одоо таниас асууя. Таны хадам ээжийн ямар компани өмч хувьчлалын ямар асуудалтай юм бэ?

"С.Мөнхчулууны хадам ээжийн компани нийслэлийн өмчийг өмчилж авах гээд, НИТХ дээр гурван удаа оруулж ирснийг нь буцаасан" гэж С.Амарсайхан дарга хэлж байна лээ. НЗД-ын албан тушаалтай хүн ингэж хүний нэр төрд халдаж болохгүй.

Манай хадам ээж Л.Оюунцэцэг гэдэг хүний "Наранбулаг сервис" ХХК өмчлөлийн маргаантай 16 жил шүүхээр явсан байдаг. Энэ маргааныг НИТХ дээр ярих ямар ч шаардлага байхгүй, оруулж ч байгаагүй. С.Амарсайхан шийдэх хүн нь ч биш. Яагаад гэвэл 2016 онд Улсын дээд шатны шүүхээр шийдэгдчихсэн асуудал.

Яг ямар өмчийг хувьчлах асуудал вэ?

Манай хадам ээж 1990 оноос хойш "Нарны титэм"-ийн Ж блокын нэг давхарт 175 метр квадрат талбайг нийслэлийн өмчөөс түрээслэж үсчин, цайны газар эрхэлдэг байсан. 2003 оныг хүртэл түрээсийн үйл ажиллагаагаа явуулсан. 2001 оноос "Нарны титэм"-ийг хувьчилсан байдаг. Иргэний хуулийн 105 дугаар зүйлээр "10 буюу түүнээс дээш жил түрээслэн ажилласан бол түрээсийн гэрээний дагуу хувьчилж авна" гэж заасан. Энэ дагуу хувьчилж авахаар болж, тухайн үед НИТХ-аар "Наранбулаг сервис"-т хувьчлуулахаар тогтоол гарсан байдаг.

Ингээд өмч хувьчлалын жагсаалтад ороод явж байтал 2003 онд "Улаанбаатар радио" ХХК 2, 3 давхарт нь орж, бүхэлд нь хувьчилж авахаар НИТХ-аар тогтоол гаргуулсан. "Улаанбаатар радио" ХХК нь Дэд сайд асан н.Цогтгэрэлийн хадмын компани байдаг юм.

Ийм асуудал үүссэн тул иргэний хуулийн дагуу манай хадам ээжийн "Наранбулаг сервис" компани шүүхдэж, 2016 онд "Наранбулаг сервис ХХК-д өмчлүүл" гэсэн шүүхийн тогтоол гарсан юм. Гэвч шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байсаар өмч хувьчлал хийгээгүй. Энэ хугацаанд "Наранбулаг сервис" ХХК-г "Нарны титэм"-ийн байрнаас гаргаад, одоо тэр байрыг "Улаанбаатар радио" ХХК бүхэлд нь эзэмшдэг. Нэгэнт асуудал сөхөгдсөнийх би "Улаанбаатар радио" ХХК-г шалгуулъя гэж бодож байгаа. Энэ асуудалд би өмнө нь бол оролцож байгаагүй.

НЗД С.Амарсайхан шүүхээр шийдэгдчихсэн ийм л асуудлыг надтай холбож ярьж байгаа юм. Надаас өө хайгаад олохгүй л дээ.

Үнэхээр НЗД С.Амарсайхан хэлсэн үгэндээ Тяньжиний хүлэмжийн аж ахуйг хийхгүй байвал би гүтгэсэн нэрэнд унахад гомдол алга. Зогсоож чадсандаа баяртай үлдэнэ. ЗГХЭГ-ын хариуцлагтай зөвлөх нь, НЗД-ийн Орлогч нь Тяньжиний хүлэмжийг байгуулах, түүнд газар олгох асуудлыг ярьчихсан протокол нь байна. Энэ бүхнээ болиод, хүлэмжээ больчихвол миний зорилго биелэх нь тэр.

"НЗД-ыг гүтгэсэн" гэдэг асуудлын эсрэг та баримт гаргаж байна. Тэгэхээр эсрэгээр та гүтгэгдсэн юм бишүү.

Тиймээс би нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөн өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандана. НЗД С.Амарсайханы яриад байгаа шиг "хадам ээжийнхээ компанид нийслэлийн өмчийг авч өгөх гээд байгаа асуудал байна уу, энэ ажиллагаанд нь миний оролцоо байсан уу" гэдгийг, өөрөө өөрийгөө АТГ-т шалгуулахаар өргөдлөө гаргах гэж байна.

Цаг хугацааны дараа бүх зүйл харагдах байх. Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч Ц.Анхзул

Зурагчин Э.Сугарсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 7 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 7 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 7 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 8 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 8 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 9 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 9 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 10 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 10 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 10 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 11 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 11 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 13 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 14 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 14 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 14 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 14 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 15 цагийн өмнө