Монгол Улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт нээж, Тариаланчдын зөвлөгөөнөө зохион байгуулан, 2019 оны хаврын тариалалтын чиг хандлагаа тодорхойлон ярилцлаа.Тариаланчдын зөвлөгөөний хүндэт хойморт Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүндэт тугийг залж, төр засаг, түмэн олноороо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн баатар, гавьяатууд тухлан сууж бахдал хүндэтгэлийг хүлээлээ. Эх нутгийнхаа эрүүл аюулгүй хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм үүргээ Сэлэнгийн тариаланчид нэр төртэй биелүүлж яваа. Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхийг нөр их хөдөлмөрөөрөө бүтээлцсэн баатар, гавьяатуудыг энэ өдөр "Хүндэт дэвтэр"-т гарын үсгийг нь зуруулж мөнхөллөө. "Хүндэт дэвтэр", 60 жилийн ойн хүндэт тугийг атрын анхны шанг татсан хуучнаар Зэлтэрийн сангийн аж ахуй одоогийн Түшиг сумаас эхлэн аялуулахаар болж сумын удирдлагад гардуулан өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна