Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нь зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Иранд албан ёсны айлчлал хийж тус улсын тэргүүн аятолла Али Хаменеи ба Ерөнхийлөгч Хасан Рохуани нартай уулзах тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.
Айлчлал нь Иран ба Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 90-н жилийн ойг тохиолдуулан хийгдэж байгаа. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь “Ойрхи Дорнодод түгшүүртэй байдал улам нэмэгдэж байгаа үеэр болж байгаа дээд удирдлагуудын уулзалтаар бид бүс нутгийн нөлөө бүхий улс Ираныг асуудлыг шийдэх чиглэлд явахыг уриална” гэжээ.
Японы Ерөнхий сайд Шинжо Абэ үүнээс өмнө нь АНУ ба Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Иран – Америк хоорондын зөрчлийг арилгахад Иран ба Японы найрсаг харилцаа дэм болно гэж үздэг. Америкийн Ерөнхийлөгч Трамп нь Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх санаархлаасаа бүрэн татгалзахгүй бол цэргийн ажиллагаа явуулж магадгүйг гэсэн мэдэгдэл хийж байсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна