ГИТЛЕРИЙН АРД ГАРЧ, ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ АВАРСАН ДОМОГТ МАШИНЫ ТҮҮХЭЭС

О.Шүрэнцэцэг
2019/07/17

Дэлхийн авто машины үйлвэрлэлд домог болсон нэгэн машины эрийн үед "Volkswagen" компани цэг тавьлаа. Дэлхийд алдартай "Цох" /Beetle / загварын сүүлийн машин энэ сарын 10-нд Мексикийн Пуэбла муж дахь үйлдвэрийн туузан конвейерээс гарч музейн үзмэр болон хадгалагдахаар болов. 80 жилийн түүхтэй энэ машинтай холбоотой зарим баримтыг уншигч танд хүргэе.

"Цох"-ын сүүлийн хувийг үйлдвэрлэн гаргасны дараа Мексик дэх энэ үйлдвэр дээр "Tiguan", "Jetta", "Golf", "Golf Variant" гэсэн борлуулалт илүү сайн загваруудыг үйлдвэрлэх болно..

Volkswagen "Цох" машиныг Адольф Гитлерийн шууд захирамжийн дагуу 1930-аад онд зохион бүтээсэн юм. Тэрээр Германд "ардын авто машин" үйлдвэрлэдэг болохыг бүх талаар дэмжиж байжээ. Ийм ч болохоор хямд төсөрр, эдэлгээ даадаг машин үйлдвэрлэдэг компанид "Ардын авто машин" буюу "Volkswagen" гэсэн нэр өгчээ. 1933 онд Гитлер нь сонгуулиар ялж Канцлер болохдоо Германы өрх бүрийг хувийн автомашинтай болгоно гэж амлалт өгсөн. Машиныг бүтээх ажил 1934 он эхэлж, эхний хувилбарыг нь 1938 онд бэлэн болгожээ. Машинд "Volkswagen Käfer" гэсэн нэр өгчээ /Käfer гэдэг нь германаар цох гэсэн утгатай/. Машиныг олноор үйлдвэрлэж эхлэх гэсэн ч 1939 онд Герман нь Польш руу дайрснаар Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул хойшлуулж, "Цох"-ын оронд байлдааны машин техник үйлдвэрлэх болсон юм. Ингэнээр "Цох" нь дайны дараанаас л олноор үйлдвэрлэгдэж эхэлсэн түүхтэй.

Машин зохион бүтээх ажилд Гитер нь алдарт Фердинанд Поршег татан оролцуулсан байна. Анхандаа шинэ загварыг "Kraft durchFreudeWagen" буюу "Эрч хүчээр аз жаргалд" гэж нэрлэх гэж байсан гэдэг. Гитлер шинэ машины загварыг аль болох хурдан гаргахыг хүсч байсан тул өөрөө ч гадаад байдал нь ямар байх талаар таталбар хийж байсан аж. Эцсийн хувилбарт "Цох" нь ардаа байрлалтай 25 морины хүчтэй мотортой болсон нь цаашдаа 1998 он хүртэл өөрчлөгдөлгүй явсан юм. Эхний загвар нь цагт 100 км хүртэл хурдлах чадвартай байв.

"Volkswagen Käfer"-ийн эхний хувилбарууд нь 1937 онд Чехословакид үйлдвэрлэгдсэн "Татра Т97" загвартай дэндүү адил болсон. Гадаад байдал төдийгүй мотор нь хүртэл адилхан ардаа байрлаж байсан аж. Гитлер нь "Татра Т97" загварыг анх хараад "Манай хурдны замуудаар явах ёстой машин байна" гэж хэлж байсан гэдэг. Гэвч "Татра" компани нь "Цох"-ыг зохион бүтээсэн Порше-г машиных нь бүх зүйлийг хуулбарласан гэж сэрдээд шүүхэд хандан зарга үүсгэж, нөхөн төлбөр шаардах гэж байтал дайн дэгдэж, Гитлер нь Чехословакийг эзэлснээр зарга үүсгэх боломжгүй болсон. Харин дайн дууссаны дараа, 1961 онд "Volkswagen" компани нь зохиогчийн эрхийн талаар шүүхэд гомдол гаргуулахгүйн тулд "Татра"-д тухайн үедээ маш их мөнгө төлөхөөс өөр аргагүй болсон юм. Гэхдээ хуулбарын эх болсон "Татра Т97" загвар нь зах зээл дээр "Цох"-той өрсөлдөөд дийлээгүй байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германыг эзлээд байсан холбоотнууд "Цох"-ыг олноор нь үйлдвэрлэхийг зөвшөөрсөн юм. Ингэснээр 1946 онд буюу дайн дуусаад ердөө ганцхан жилийн дараа гэхэд "Цох"-ыг Германд британичуудын хяналт доор үйлдвэрлэж эхэлжээ. Тэр жилдээ 10 мянган ширхэгийг хийгээд 1949 оноос эхлэн гадаад руу гаргаж эхэлсэн байна. 1951 он гэхэд "Цох" дэлхийн 30 гаруй орны замаар тоос татуулан давхидаг болж, 1955 онд Вольфсбург хотын үйлдвэрээс "Цох"-ын сая дахь хувь нь үйлдвэрлэгдэн гарч нэлээд дуулиан тарьж байжээ. "Цох"-ын борлуулалтын хамгийн том зах зээл нь АНУ болж хувирсан юм. Анхны "Цох" 1949 онд АНУ-д ирж байжээ. 1950-аад оноос Америк эмэгтэйчүүд жолоо барих нь хэвийн үзэгдэл болсноор "Цох"-ны борлуулалт огцом нэмэгдсэн юм. Тэр үеийн сэтгэлгээгээр эмэгтэй хүн сууж дэлгүүр хоршоогоор хэсэх, ойр зуурын ажлаар явахад авсаархан, даруухан, жижиг "Цох" хамгийн тохиромжтой хувилбар гэж тооцогдох болсон. Түүнчлэн бэл бэнчин муутай оюутнуудын хувьд "Цох" нь хувьдаа авдаг хамгийн анхны машин болж хувирсан байдаг.

"Цох"-ны борлуулалт өсөхөд нарийн бодолцож хийсэн сурталчилгаа маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 1959 онд "Doyle Dane Bernbach" сурталчилгааны агентлаг нь "Volkswagen" –нд зорулан "Think Small" /Бага зүйлийн тухай бод/ гэсэн уриа бүхий домогт зурагт хуудсыг хийж өгсөн юм. Тус сурталчилгаан дээр Америкчуудын дуртай том машины эсрэг жижиг, авсаархан "Цох"-ыг харуулсан байсан юм. Сурталчигаа нь "Бид бага зүйлийн тухай бодож байсан болохоор хүссэн болгоноо авч чадсан" гэж байв. Энэ сурталчилгаа үнэхээр нүдээ болсон бөгөөд "Цох" нь АНУ-д хамгийн олон зарагдсан гадаадын машин болж хувирсан бол сурталчиллгаа нь XX зууны шилдэгээр шалгарсан байдаг. Германы хувьд "Цох" нь дайны дараахь эдийн засгийн сэргэн мандалт ба дундаж давхаргын хөрөнгө чинээний бэлгэдэл болж хувирсан.

"Цох" нь 1960-70-аад онд Гитлертэй холбоотой гэсэн бүхнээс бүрэн ангижирч, энх тайван ба хайр дурлалыг шүтдэг хиппи хөдөлгөөний гол бэлэг тэмдэгийн нэг болон хувирсан нь үнэхээр гайхалтай үзэгдэл байлаа. Америкийн масст зориулсан үйлдвэрлэлийг эсэргүүцэж байгаагийн бэлгэдэл болсон ч гэж болно. "Ford", "General Motors","Chrysler" гээд хүнд, нүсэр, хуучинсаг, бүтээгдэхүүнийг эсэргүүцэн хөнгөн, хямд, эгэл, даруу "Цох"–ыг худалдан авах нь моод байлаа. Мөн америк машины загварууд ойр ойрхон солигдох болсонд тухай бүрт хүн машин үйлдвэрлэгчдийн ов мэхэнд автаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваагаа харуулахын тулд машинаа ойр ойрхон солихоос өөр аргагүй болдог байсан. Иймд "Том механизмын жижиг эрэг төдий биш гэдгээ харуулмаар байна уу? Манай машиныг худалдана ав" гэсэн уриатайгаар зарагддаг байв.

"Цох" нь ардаа мотортой машинуудын анхных нь байсан. Түүний загвараар хийгдсэн "Volkswagen T1" нь байлдааны бус зориулалттай анхны ийм машинуудын нэг байв. Энэ загвар нь "Цох"-той адил мотортой, хурдны хайрцагтай, хөдөлгүүрийн байршил нь ч адил байв. Энэ машин мөн л эрх чөлөөнд дуртай хүмүүсийн бэлгэдэл болсон. Дугуйтай гэр болж хувирдаг гэдгээрээ хүмүүсийг татдаг байсан юм.

1968 онд "Дисней" компанийн авсан "The Love Bug" кино нь "Цох"-ын нэр алдрыг жинхэнэ домог болгож хувиргасан юм. Түүнд хүн шиг оюун ухаантай "Цох" машинтай болсон уралдаанчийн адал явдлыг харуулдаг. Энэ инээдмийн киног Америкт маш олон хүн үзэж, хүмүүсийн үзэх дуртай киноны нэг болсон юм. Иймд 2000 он хүртэл дөрвөн ч удаагийнг ремейк хийгдсэн байдаг. 2005 онд Линдси Лохан гол дүрд нь тоглосон сүүлийн хувилбар нь гарч байсныг та үзэж байсан байж магадгүй.

1960-аад оны сүүл 70-аад оны эхээр домогт "Битлз" хамтлаг нь "Цох"-ыг улам алдаршуулсан зүйл хийсэн түүхтэй. "Цох" машин нь "The Abbey Road" цомогийн хавтсан дээр гарсан юм. Ингэснээр 1971 онд "Цох" нь 1,3 сая хувиар үйдлвэрлэгдэн дээд амжилт тогтоож байв. Жилийн дараа буюу 1972 онд "Цох" дэлхийн хамгийн олон хувиар зарагдсан авто машин болж алдарт "Ford Model T" загварын амжилтыг эвдэж байлаа. Гэчв 1970-аад оны сүүлээр "Цох" нь Volkswagen-ий бусад загваруудад аажмаар шагахдаж эхэлсэн. Иймд Латин Америкийн орнуудад чиглэсэн үйлдвэрлэл явуулахаар шийдэн Мексикт үйлдвэр нээж байжээ.

Гэвч "Volkswagen" алдарт загвараа орхихыг хүссэнгүй 1998 онд хоёр дахь хувилбараар үйлдвэрлэж эхэлсэн. Шинэ загвар нь хэлбэрээр сонгодог "Цох"-оос арай өөр, хөдөлгүүр нь урдаа байрлалтай болсон. Гэвч олон арван жилийн турш дасал болсон төрхөө алдсан тул борлуулалт нь өмнөх шигээ сайн болж чадаагүй.

"Volkswagen" компани нь 2011 онд "Цох" загварынхаа гурав дахь хувилбарыг зах зээлд гаргасан юм. Энэ удаад "Цох"-ыг эмэгтэйчүүд, оюутнууд төдийгүй дундаж давхаргын эрэгтэй хүн барихад санаа зовох зүйлгүй харагдуулахад голлон анхаарчээ. Хавтгай дээвэртэй, илүү шулуун хэлбэртэй, тээшний хэсэг нь илүү том, байршил тогтоогчтой гаргах болсон. Үр дүнд нь борлуулалт нь тав дахин өсч 2013 онд АНУ-д 46 мянгыг зарж байсан. Гэвч цаашдаа борлуулалтын хэмжээ буурсаар 2017 онд ердөө 15 мянгыг л зарсан. Иймд "Volkswagen" компани нь "Цох"-ын үйлдвэрлэлийг зогсоох шийдвэрийг 2018 онд гаргасан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 2 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 3 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 4 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 5 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 7 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 7 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 9 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 11 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 12 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 12 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 23 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр