С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД МОНГОЛЫГ ХЯТАДЫН МУЖ БОЛГОХ АСУУДАЛ ХӨНДӨГДСӨН ҮҮ?

О.Шүрэнцэцэг
2019/07/17

Авлигатай тэмцэх газраас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" ном бичиж, хэвлүүлжээ.

Номын хэсгээс...

Муужруулах шахсан MOU

2018 оны 6- р сарын 4

2009 оны 3 сар шиг санагдаж байна Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа үүрэг өгч, дэд сайд А.Гансүхийг тун ноцтой нэгэн баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Би түүнийг нь санаандгүй шахуу мэдсэн нь аз болсон.Тэр нэгэн өдөр БНХАУ-ын элчин сайд надтай яаралтай утсаар ярих хүсэлтээ Гадаад яамаар дамжуулан уламжлав. Хөрш орны элчин сайд " яаралтай" хэмээн тодотгон Ерөнхий сайдтай шууд холбогдох хүсэлт тавина гэдэг эзэгтэй. Юу ч болсон юм билээ? Гадаад яам, гадаад бодлогын зөвлөхөөсөө асуутал тэд мэдэж, таамаглаж байгаа юм алга.

Юутай ч утсаар холбогдлоо. Тэдний ажилтан хэлмэрчилж байна. Элчин сайд надад шууд л баяр хүргээд унав. " Манай хоёр орны харилцаанд онцгой өдөр тохиож , харилцаа маань шинэ өндөр шатанд гарлаа.Таны тэргүүлсэн Засгийн газар түүхэн ийм шийдвэр гаргаж байгаад манай тал маш их талархаж байна. Би сая Гадаад яамандаа мэдэгдсэн. Тэд ийм шийдвэр гарч байгаад бас маш их баяртай байна" гэж ирээд л ерөөл, магтаалын үг урсгаж байна.

Би юу ч ойлгосонгүй , гайхаад сонсоод л байлаа. Яриаг нь сонсвол БНХАУ-ын төмөр замын дэд сайд манайд ирээд буцсан, Зам тээврийн яаман дээр чухал баримтад гарын үсэг зурсан, тийм учраас "онцгой өдөр тохиолоо" гэж байгаа аж. Юун түүхэн шийдвэр, юун шинэ шат билээ... Ямар ч байлаа "Эрхэм элчин сайд та холбогдсонд маш их талархаж байна. Би тантай энэ асуудлыг утсаар биш, уулзаж яримаар байна. Та боломжтой бол 15 цагт төрийн ордон дээр ирнэ үү" гэхэд " Их баярлалаа. Тэгэлгүй яах вэ. ярих зүйл их байна" гэж байна.

Тэр дор нь Х.Баттулга, А.Гансүх хоёрыг дуудуулж, гарын үсэг зурсан гэх тэр баримтаа аваад ир гэж хэлүүлэв. Тэр хоёр ч удалгүй ороод ирлээ. Гарын үсэг зурсан баримтыг нь уншлаа. Ашгүй гэрээ биш MOU ( Memory of Understanding ) буюу Ойлголцлын Санамж бичиг байна. Хэлбэр нь харьцангуй гэмгүй ч агуулга нь аймшгийн юм харагдав. Хоёр нүдэндээ итгэсэнгүй... Энэ баримтын дагуу үйл явц өрнөх юм бол Монголыг газар нутаг Хятадын нэгэн муж мэт тэр чигтээ "нарийн " царигийн төмөр замын сүлжээтэй болох аж. Дээр нь Таван толгойн нүүрсийн орд газар БНХАУ-ын хөрөнгө оруулагч аль нэг компанийн бүрэн мэдэлд очиж таарах нь. Өөр юу юу ч гэнэ вэ, муужирч унамаар ... Юу вэ ? Юу болж байгаа нь энэ вэ ?

Асуулаа. Юм дуугарсангүй. Дахин асуулаа. Тэгтэл Баттулга сайд " Та л өөрөө Хятадтай сайн харилцаатай байх ёстой. Төмөр замын асуудлаараа хэлэлцээр хий гээ биз дээ" гэж байна. Уур шатаад явчихлаа. "Харилцаа хөгжүүлнэ гэдэг хамаг юмаа тавиад туучихна гэсэн үг биш, Баттулга сайд аа. Хэлэлцээ хийхдээ тулвал танд Засгийн газраас баталж өгсөн албан ёсын удирдамж байгаа. Тэнд чинь ийм элий балай юм ороогүй байх шүү" гэлээ. Сайд, дэд сайд хоёр ьаг дуугүй сууна. "Ийм юманд гарын үсэг зур гэж хэн танд хэлэв, дэд сайд аа. Та ч уг нь хуульч мэргэжилтэн байх аа" гэж Гансүхээс асуулаа. Тэр Баттулга руу дохиж байна. "Та асуултад ном ёсоор нь хариул. Хэлгүй болчихоогүй биз дээ" гэж дуугаа өндөрсгөв. "Баттулга сайд надад үүрэг өгсөн" гэж сулхан дуугарлаа.

Манай Засгийн газрын гишүүн хүн яагаад гэнэт ийм үүрэг өгч тийм Санамж бичиг үзэгдэх болов. Бодоод бодоод учир нь олддоггүй. Боловсрол нь бүрэн төгс биш ч, Х.Баттулга бол тэнэг хүн биш. Боловсрол, хуульч мэргэжилтэй гэгддэг А.Гансүх нь ч гэлээ тэнэг биш. Гэхдээ энэ хоёрын тэнэг, ухаантайг нь бодон ийм байдлаар цаг алдаад суугаад байж огт болохгүй. Дотоодынхоо учрыг дараа олъё. Хятадын талд яаж эвтэйхэн ойлгуулж, энэ балай юмыг нь яаралтай яаж хүчингүй болгох билээ гэх бодол эргэлдэнэ.

-За ийм байна. Та хоёр сонс. Энэ балай бичиг олон түмэнд дэлгэгдэх юм бол манай Засгийн газар шууд огцорно.Төмөр замын "нарийн" цариг, Таван толгой зэргийн асуудлыг танай яам бүү хэл, Засгийн газар дангаараа шийдэх эрхгүй, УИХ, ҮАБЗ-ийн хурлаар орж шийдэгддэг асуудлууд. Ийм юманд гарын зурсан, зуруулсан та хоёр огцорсон ч багадна. Дэд сайд таны асуудлыг Засгийн газрын хурлаар оруулаад л таван минутад шийдэж болно. Харин сайд таны асуудал бол арай өөр. Би танай нам, танай бүлэгт эхлээд дуулгах ёстой. Дараа нь огцруулах асуудлаа УИХ-д өргөн мэдүүлж, хууль журмын дагуу шийдэх учиртай. Тэгээд та хоёр "хятадын талд хамаг юм тавиад туух гэж яваад огцорсон хоёр" гэх хочийг бүх насаараа зүүх болно.

Гэхдээ та хоёрыг огцруулахбодол надад алга. Та хоёроос болж Засгийн газраа дэнжигнүүлэх сонирхол бүр ч алга. Тиймээс та хоёр одоо маш шуурхай ажиллах хэрэгтэй болж байна. Нэгд, Хятадын тэр яам, тэр дэд сайдтайгаа яаралтай холбогд. Хэлэлцэх, шийдэх эрхгүй асуудлаа бид Санамж бичиг ном журмаар нь байгуулъя гэдгээ амла. Хоёрт, энэ бүхнийг Бээжинд суугаа манай элчин сайдад мэдэгд. Зурсан баримт бичгийг хүчингүй болгох шуурхай арга хэмжээ авахыг Гадаад харилцааны яамтай хамтарч гүйцэтгэ. Гуравт, энэ бүх ажлыг өнөөдрийн 23 цаг гэхэд дуусгаад надаа илтгэ. Амжвал та хоёрын аз. Амжихгүй бол түрүүний миний ярьсан муу ёрын хувилбар маргааш өглөө хэрэгжээд эхлэхээс өөр аргагүй болно. Ойлгосон уу гэхэд " ойлголоо" гээд тэр хоёр суудлаасаа босож байна.

-Май, энэ балай цаасаа ав.Та хоёрын байтугай Засгийн газрын ялын төлөвлөгөө шиг энэ аймшгийн юмаа яаралтай устга. Хэнд ч бүү харуул. Хувийг нь ийш тийш арай алдчихаагүй байгаа биз дээ, та нар. Яамны холбогдох хүмүүстээ сайн анхааруул. Би Хятадын элчинтэй уулзаж асуудлыг ойлгуулахыг бодъё гэхэд тэр хоёр "за" гэж хэлээд өрөөнөөс гарав.

Тэр өдрийн 15 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзав. "Манай Зам тээврийн яам танай Төмөр замын яамтай хамтран ажиллах чин хүсэлтэй байдгийн илрэл бол өнөөдөр гарын үсэг зурсан Санамж бичиг юм. Харамсалтай нь манайхны чин хүсэл нь хэтрээд, ажлын туршлага нь дутаад яамныхаа эрх мэдлийг хэтрүүлсэн асуудал түүндээ тусгажээ. Тиймээс түүнийг хүчингүй болгож, шинэ Санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллая" гэж учирлав.

Элчин сайд туршлагатай дипломат учраас нүүрний хувирал ч харуулсангүй. Тэрээр "Ерөнхий сайд таныг би сонслоо. Таны хэлснийг би төв рүүгээ уламжилъя" гэж байна. Тэр дор нь сэдвээ өөрчилж, удахгүй болох Баоагийн форумд оролцох, тэрний өмнө Бээжинд төлөвлөсөн БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зябаотай хийх уулзалтын талаар санал солилцсоноор бид хоёрын уулзалт өндөрлөв.

22 цагийн алдад Х.Баттулга Их тэнгэрт хүрээд ирлээ. Баргийн юманд барьц алдаад байдаггүй тэр нэлээд сандарсан, сэтгэл түгшсэн байдалтай зочны өрөөнд сууж харагдана. "Болчихлоо, Ерөнхий сайд аа. Таны хэлснээр бүх юмаа хийлээ. Хятадын талд хэлсэн, элчин сайдын яамандаа мэдэгдсэн. Хятадын Гадаад яам нь энэ тухай мэдсэн байсан. Бодвол элчин сайд нь эндээс ярьсан байх. Санамж бичгээ хоёр талдаа хүчингүй болгоё гэдгээ тохирсон" гэж байна.

Би олон юм ярьсангүй. Бодоод л суугаад байлаа. Баттулга өөрөө зуруулсан тэр балай Санамж бичгээ өөрөө хүчингүй болгосон нь сайн хэрэг. Гэхдээ энэ нөхөр эхнээсээ ямар учраас үүнийг санаачлах болов уу? Хятадуудтай цаагуураа "найрсан" юм болов уу? "Найрсан" байлаа ч эцсийн дүндээ тэр нь яасан ч бүтэхгүй гэдэг нь дэндүү ойлгомжтой баймаар. Эсвэл хэн нэгний захиалга, хатгасаар хамтарсан Засгийн газраа дотроос нь унагах ийм мангар сэжүүр зориуд гаргаж ирэв үү? Арай ч үгүй баймаар. Хамтраад зүтгэж байгаа нөхрөө арай ч ийм юманд хардаж болохгүй л дээ гэж бодогдож байв.

Хэсэг бодож сууснаа би түүнд " Сайн байна гэж чамд хэлэх нь хаашаа юм. Тэр аймаар цаасаа хүчингүй болгосон чинь яамай. Иймэрхүү балай юманд хайран цаг зав, нэр нүүрээ бид хэд барах ёсгүй шүү, Тулгаа. Төрийн ажилд, тэгэх тусмаа гадаад харилцааны ажилд хариуцлагатай ханд" гээд түүнийг явуулсан. Үнэхээр шаналж, сандарч яваа бол ийм хүнд яг тэр мөчид нь олон юм хэлээд нэмэргүй. Өөрөө сайн бодог, ойлгог, ухаараг гэж тэр үед бодож билээ.

Харин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх дээр дурдагдсан зүйл хариу тайлбар бичлээ.

С.БАЯРЫН "ЖАР ХОНОГ", "ЖАРАН БУТАРХАЙ" НОМЫН ДУТУУ ОРХИГДСОН ХЭСГИЙГ ҮАБЗ-ИЙН А.ГАНСҮХ ГҮЙЦЭЭН БИЧЖЭЭ


"Энд ирээд хоёр хонов. Энд гэдэг нь хэцүү нэртэй газар. Газарсах юмгүй шорон. Хуучнаар бол Ганц худаг. Одоогийнхоор бол цагдан хорих 461-р анги…" Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног", "Жаран бутархай" ном дээрх хэсгээр эхлэх аж.

Энэхүү ном нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэг "Жаран хоног" нэртэй. Энэ хэсэгт Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл оржээ. Номын хоёрдугаар хэсэг нь "Жаран" бутархай нэртэй. Харин энэ хэсэгт хүний хорвоод нэгэн жарныг туулан амьдрахдаа уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэл багтсан байна.

С.Баярын "Жаран хоног", "Жаран бутархай" номын нээлтийн ёслол энэ сарын 05-ны өдөр Сөүл ресторанд болсон. Уг ном 1,000 хувь хэвлэгдсэн ч нээлтээсээ өмнө дуусч, уншигчдын сонирхлыг хэдийн татаад буй энэхүү номонд өнөөгийн болон өнгөрсөн үеийн түүхийн хамгийн сонирхолтой эргэлтүүд, бодит баримтуудыг нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ааш араншинтай хослуулан өгүүлжээ.

ҮАБЗ-ийн А.Гансүх "Жар хоног", "Жаран бутархай" номын дутуу орхигдсон хэсгийг гүйцээн бичсэн нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байна. Тиймээс бид уг бичвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ҮАБЗ-ийн А.Гансүх: Ерөнхий сайд асан С.Баяр ном бичиж, миний тухай дурьджээ. Төрийн ажил хийж байхад улс орны язгуур эрх ашгийг хөндсөн олон чухал үйл ажиллагаа хийгдэж байдаг. Тэр бүрийг нийтэд дэлгээд байдаггүй бөгөөд дэлгэх байсан ч цаг хугацаатай байдаг билээ. Учир нь Монгол Улсын язгуур ашиг сонирхолтой холбоотой бодлогыг улс төрийн зөрчилд ашиглаад эхэлбэл хэрэгжүүлэх гэж байгаа удаан хугацааны алсын зорилгод хохирол учруулдаг. Гэхдээ Ерөнхий сайд байсан хүн тэр цаг хугацаа нь болсон гэж бодоод олон нийтэд ил болгож байгаа юм байна. Тэгвэл би ч бас энэ түүхийн С.Баярын бичээгүй хэсгийг нь ил болгохоос өөр аргагүй боллоо. Учир нь Ерөнхий сайд асан маань бодит түүхийг дутуу бичжээ. Тиймээс түүний далдалсан хэсгийг нийтэд хүргэе.

Одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулга бид хоёр С. Баярын Засгийн газарт Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд С. Баярыг их үнэлж, хүндэтгэж ажиллаж байлаа гэдгийг хэлэх нь шударга байх. Тухайн үед юу болов…

Энэ үйл явдал 2009 оны 7 сард болсон. С. Баяр номондоо 2009 оны 3 дугаар сар гэж андуурчээ. Энэ бол түүний эхний алдаа. Техникийн шинжтэй л алдаа юм даа.

Хятадын төмөр замын дэд сайд Монгол Улсад айлчлав. Мэдээж, Зам, тээврийн яам дээр ирж уулзалт хийж, ирсэн зорилгоо танилцуулав. Дараа тэрээр нь Монгол Улсын Ерөнхий сайд С. Баярт бараалхав. Дэд сайд хүнийг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч байгаад жаахан гайхсгээд Ерөнхий сайдын уулзалтад орлоо. Уулзалтаар Хятадын дэд сайд төмөр замын болон уул уурхайн салбарт хамтран ажиллаж саналаа танилцууллаа. Ерөнхий сайд С.Баяр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай хэлэлцээр хийгээрэй гээд биднийг заалаа.

Уулзалтын дараа Х. Баттулга сайд бид хоёр Ерөнхий сайдтай өрөөнд нь 3-аа үлдээд түүнд хэллээ: "энэ дэд сайд уул уурхайн асуудал ярьж байна, уул уурхайн хамтарсан компани, төмөр замын хамтарсан компани байгуулах саналтай гэнэ, бас нарийн царигаа ч ярьж байна, яах уу" гэж асуулаа. Ерөнхий сайд "Баттулгаа чи оны өмнө Хятад явахдаа тэдний сайдтай муудалцаад ирсэн, одоо энэ хүнийг хоосон буцааж болохгүй шүү, би өөрөө урьж авчирч байгаа юм шүү" гэлээ. Ингээд би яагаад Ерөнхий сайд өөрөө Хятадын дэд сайдыг хүлээж авсныг ойлгож авав. Бас Х. Баттулга сайдыг яагаад зэмлээд байгааг ч ойлгов. Учир нь Х. Баттулга сайд 2008 оны 11 сард Хятадад айлчилж, Хятадын төмөр замын сайдтай нарийн царигийн асуудлаар санал нийлээгүй, "муудалцсан" байв.

Бид хоёр дахиад л Ерөнхий сайдаасаа асуулаа: "Уул уурхайн асуудлыг яах вэ, манай яамны хариуцах салбар биш шүү дээ" гэлээ. Ерөнхий сайд маань "Оросуудтай барьцаж байна тээ, аргагүй л дээ, эд тэгнэ л дээ" гэж хариуллаа. Учир нь Ерөнхий сайд С. Баярын тэргүүлсэн Засгийн газар Оросын талтай тохиролцож "Дэд бүтцийн хөгжил" ХХК хамтарсан компани байгуулж, төмөр зам, уул уурхай, тэр дундаа "Тавантолгойн" ордыг хамтран ашиглах талаар ярьж байв.

Ингээд би ажлын хэсэг ахалж хэлэлцээ эхлүүллээ. Харин Засгийн газраас бичгээр удирдамж өгөөгүй билээ. С. Баяр номондоо удирдамжтай байсан мэтээр андуурч бичжээ.Энэ бол түүний номон дахь хоёр дахь алдаа. Удирдамж гэвэл зөвхөн Ерөнхий сайдын хэлсэн "энэ хүнийг хоосон буцааж болохгүй, тавьж байгаа асуудлаар нь муудалцаж болохгүй" гэдэг чиглэл байлаа. Бид мэргэжлийн түвшинд ажилласан, манай ажлын хэсэгт салбарын хамгийн сайн, туршлагатай мэргэжилтнүүд ажилласан. Хэлэлцээний явцад хэд хэдэн удаа "муудалцаад" авсан. Ерөнхий сайдынхаа удирдамжийг зөрчсөн гэсэн үг. Эцэст нь нэг төсөлтэй боллоо. Айлын тал их шахлаа, бид ч "муудалцахгүйг" хичээж улс орны эрх ашгаа хамгаалсан, зөв томьёолол оруулах гэж зүтгэв. Ер нь Ерөнхий сайдынхаа зочныг гомдоохгүй байх гэдэг дээр их хэцүү байлаа. Зочин маань нарийн цариг дээр л "гомдох" гээд эмзэг байлаа.

Ингээд гурван өдрийн хэлэлцээний үр дүнд төсөлд гарын үсэг зурах боллоо. Би Х.Баттулга сайдад орж Санамж бичгийн төсөл, айлын талын санал, манай байр суурийн тухай танилцуулав. Сайд "нарийн царгийн асуудлаа яасан" гэж асуув. Би хэллээ "Нарийн цариг, уул уурхай компани байгуулах гэх мэт ер нь энэ санамж бичигт тусгасан асуудлыг төрийн эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ, Засгийн газар шийдвэрлэнэ" гэж томьёолж оруулж байгаа гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С. Баяраас өгсөн "энэ хүнийг хоосон буцааж болохгүй, муудалцаж болохгүй" гэсэн удирдамжийг хэрэгжүүлэх зөв томьёолол нь бидний хувьд үүнээс өөр байсангүй. Энэ үед бид "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт"-ыг боловсруулж байсан бөгөөд энэ баримт бичиг 2010 оны 6 дугаар сард УИХ-аас батлагдан гарснаар Хятадын талтай байгуулсан энэ Санамж бичиг хүчингүй болсон билээ.

Санамж бичиг байгуулсны маргааш өглөө Ерөнхий сайд дуудаж би ганцаараа очсон. С. Баяр номондоо Х. Баттулга бид хоёр хамт очсон гэж бичсэн нь мөн алдаа. Учир нь тэр өдрийн өглөө Х.Баттулга сайд Баянхонгор аймагт тойрогтоо ажиллахаар явчихсан, эзгүй байсан. Үүнийг амархан баталж болно. Ерөнхий сайд руу ороход үүдэнд нь төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хэн, хэдэн цагт орсныг бүртгэдэг. Энэ бүртгэлийг харахад л батлагдана. Тэгээд ч намайг ганцаараа Ерөнхий сайд руу орсныг С. Баярын туслах Х. Алтай батлах биз.

Энэ асуудалтай холбоотой төрийн урт хугацааны бодлого, алсын хараа, төлөвлөгөө, үйл ажиллагааны тухай зарим зүйлийг би ил болгосонгүй. Зөвхөн Ерөнхий сайд асан С. Баярын бичээгүй хэсгийг л нөхөж бичив" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 1 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 2 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 3 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 3 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 3 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 18 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 18 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 19 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 19 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 19 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 19 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 20 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 21 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 22 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 22 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 22 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 22 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 23 цагийн өмнө