Хонконгт эсэргүүцлийн жагсаал тасралтгүй үргэлжилж байгаа тухай "South China Morning Post" сонин мэдээлсэн байна. Долоодугаар сарын 27-нд гэхэд л хэсэг жагсагчид эрх баригчдаас зөвшөөрөл авалгүйгээр Yuen Long дүүрэгт эсэргүүцлийн жагсаал явуулжээ. Нэгэнт л Засгийн газраас зөвшөөрөөгүй тул цагдаа нар жагсагчдын олон тооны гудамж, уулзвараас шахан гаргаад дүүргийг бүхэлд нь цэвэрлэх ажил хийсэн. Сүүлийн үед жагсагчдын зарим нь саваа мод, гар аргаар хийсэн бамбайгаар зэвсэглэн түрэмгий авир гаргах нь нэмэгдээд байгаа.
Долоо хоногийн өмнө хотын төвд жагсаалд оролцоод буцаж явсан хэсэг хүн рүү Yuen Long дүүрэг дэх метроны буудлын орчим арматураар зэвсэглэсэн этгээдүүд дайрч, олон хүнийг хамарсан зодоон болж байсан юм. Тэр зодооны үеэр 45 хүн шархадаж, 12 хүн баривчлагдсан. 27-нд болсон жагсаалыг энэ зодооны эсэргүүцэн зохион байгуулсан аж.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн зарим нь долоо хоногийн өмнөх зодооныг Бээжингийн төв Засгийн газраас санаатайгаар зохион байгуулсан гэсэн. Ийм замаар жагсагчдыг Хонконгийн эрх баригчид номхотгож чадахгүй бол эх газрын Хятад ямар арга хэмжээ авахыг сануулсан юм гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна