Британид үйл ажиллагаа явуулдаг талх, нарийн боовны "Greggs" сүлжээ 2019 оны нэгдүгээр сард вегануудад зориулсан шинэ бүтээгдэхүүн сэдэн, зах зээлд нэвтрүүлсний ачаар зургаан сарын дотор 2,4 тэрбум долларын хөрөнгө цуглуулж чадсан тухай "Forbes" өгүүлжээ.
2019 оны эхээр Британид "Veganuary" гэж нэрлэгдсэн флэш моб эхэлж байгаатай холбогдуулан шинэ төрийн хавчуургатай талхыг тус сүлжээнийхэн бүтээсэн байна. Энэ флэш мобын оролцогчид нь оны эхний сарын туршид зөвхөн ургамлын гаралтай хоол идэх ёстой байсан юм. Иймд флаш мобыг англи хэлний Vegan (веган) ба January (нэгдүгээр сар) гэсэн үгийг нийлүүлэн гаргасан байж.
Шинэ хавчуургатай талх нь мах орлуулагч "Quorn" ба тосоор зуурсан гурилаар хийгджээ. Ийм хавчуургатай талх нь 1 фунтын үнэтэй байсан нь ердийнхөөс 5 пенсээр үнэтэй. Гэвч амт чанар, махнаас татгалзсан байдал зэрэг нь үнэхээр донжтой болсон тул хэрэглэгчдийн сэтгэлд туйлын ихээр хүрчээ. Улмаар долоо хоногт 1,5 саяыг борлуулдаг болсон байна. Бүтээгдэхүүн нь ийм эрэлттэй болохыг дагаад "Greggs" сүлжээний хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр 53 хувиар өссөн нь ийнхүү 2,4 тэрбум долларын хөрөнгө цуглуулах боломж олгожээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ бүтээгдэхүүнийг сонирхох үзэгдлийг дагаад хувьцааны үнэ хэдийн дээд цэгтээ хүрсэн, цаашид хэрэглэгчдийн сонирхол буурахыг дагаад хувьцааны үнэ ч буурна. Иймд хувьцаа эзэмшигчид нь үнэ буурахаас өмнө зарж бодит ашиг олох нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна