Малайзын оршин суугч олон сарын турш хамгаалалтын шил нь цуурсан утас ашигласны улмаас хуруугаа тайруулах шахсан тухай "Asia One" сайт мэдээлж байна.
Азуан Икбал Абдулла Сани гэгч 23 настай залуугийн ухаалаг утасны хамгаалалтын шил нь цуурсан атал солилгүйгээр дөрвөн сарын турш ашиглаж. Утсаар ярихаас гадна байнга тоглодог байж. Гэтэл тоглож байгаад баруун гарынх нь эрхий хуруу хавдан хар толбо үүссэн байхыг олж харсан байна.
Хуруугаа үзүүлэхээр эмнэлэгт хандахад халдвар орсон гээд өвчин намдаагч, антибиотик уухыг зөвлөж. Зөвлөсний дагуу уусан ч өвдөлт нь намдаагүй төдийгүй улам хавагнасан тул хувийн эмнэлэгт үзүүлэн, нарийвчилсан шинжилгээ хийлгэжээ. Ингэхэд утасны нь цуурсан шилний өчүүхэн жижиг хэлтэрхийнүүд хуруу руу нь шигж ороод бохирдуулсан болохыг тогтоосон байна. Улмаар хагалгаа хийж хэлтэрхийг нь авснаар залуу хуруугаа тайруулалгүй үлдсэн. Ахиад жаахан удсан бол хурууг нь тайрахаас өөр аргагүй болох байсан тухай эмч нар түүнд ярьсан аж.
Тэрээр "Хамгаалалтын цуурсан шилийг ядах юмгүй солиулах байтал залхуураад солиулаагүй тул 100 хувь миний буруу. Бусад нь надаас сургамж аваасай" гэж ярьсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна