"Баянгол дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Д.Пүрэвдагва өөрийн эрх хэмжээнээс давсан тогтоол гаргасан" гэх асуудлаар иргэн О.Баярмагнай манай редакцид хандсан юм.
Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 15-ны өдөр "Сайн" авто ломбардаас 48-66 УНЭ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 52 сая төгрөгөөр худалдан авсан байна.
Тухайн автомашины эзэн Э.Тэмүүлэнд мөнгийг бэлнээр төлж, Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан автомашины бичиг баримтыннэр шилжүүлжээ. Ингээд автомашиндаа 11 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн байна. Гэвч арав хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн газраас автомашиныг нь битүүмжлэн, журмын хашаанд байрлуулаад өнөөдрийгхүрчээ.
Учир нь тухайн автомашины эзэн гэх Н.Энхтөр нь иргэн В.Гантулгад өглөгтэй бөгөөд тухайн хоёр иргэний маргаан таслах, төлбөр төлөх хэрэгсэл нь аль хэдийн нэр шилжсэн 48-66 УНЭ дугаартай автомашин болжээ. Үүний үр дагаварт гуравдагч иргэн болох О.Баярмагнай хохироод байгаагаа хэлж байна.
Тэрбээр ланд маркийн автомашинаар жуулчинд үйлчилдэг бөгөөд өнгөрсөн жил орчим хугацаанд ажил үйлчилгээ явуулж, орлого олж чадаагүй байна. Мөн тухайн автомашиныг худалдан авахдаа аав ээжийнхээ орон сууцыг банкны зээлд барьцаалжээ.
Уг хэргийг жил орчим хугацаанд шалгасны эцэст наадмын өмнөх өдөр буюу 2019.07.10-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор Д.Пүрэвдагва "Гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох" тогтоол гаргасан байна. Мөн "Эд мөрийн баримтаар хураагдсан 48-66 УНЭ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Гантулгад хүлээлгэн өгөх" шийдвэр гаргажээ.
Харин энэ шийдвэр нь прокурорын эрх хэмжээнээс давсан, өөрөөр хэлбэл шүүх байгууллагын гаргах шийдвэрийг гаргасан хэмээн иргэн О.Баярмагнай Баянгол дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, АТГ-т өргөдөлөө гаргасан байна..
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна