ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ТАМИРЧДАД ЯМАР ШИЙТГЭЛ НОГДУУЛДАГ ВЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/13

Тамирчин сэргээш хэрэглэсэн асуудалд яагаад спортын тухайн төрлийн хүрээнээс хальж, улс орон цаашлаад дэлхийн нийтээр хэлэлцэх сэдэв болж хувирдаг вэ? Сэргээш нь ганц тамирчны нэр хүнд, эд хөрөнгө, эрүүл мэндийн хэрэг төдий байсан бол ингэтэл анхаарахгүй байх байсан биз. Харин олон зуун мянга, сая шүтэн бишрэгчидтэй, дагагчидтай спортын төрөлд ялагчаар тодорч од болсон хүн сэргээш хэрэглэнэ гэдэг юун түрүүнд тэр олон хүнд муу үлгэр дуурайлал үзүүлж байгаа хэрэг. Хэрэгтэй үед нь хүчтэй сэргээш хэрэглээд ялаад байж болдог юм байна гэсэн буруу ойлголттой болсон тэр олон мянган сонирхогчдын эрүүл мэнд хохирно. Ийм байтал тоохгүй орхивол үр дагавар нь бүр ч таагүй. Яваандаа хэн сайн дасгалжуулагчтай, бэлтгэл сайтай, өөрийгөө дайчилсан нь ялдаг байхаа болиод хэн нь хүчтэй сэргээш хэрэглэсэн нь ялдаг болно. Энэ бол яваандаа спортын өрсөлдөөн бус эмийн үйлдвэрлэл, химийн том компани корпорацууд хоорондын зах зээлийн төлөөх тэмцэл болж хувирах юм. Спортын үнэр ч байхгүй болно. Ялсан тамирчин бус ялалтад хүргэсэн хүчтэй сэргээшд хамаг анхаарал төвлөрч, түүний хэрэглээ тэнгэрт тулж, эмийн компаниудын борлуулалт хаданд гарна. Гэтэл сэргээшийг нарийн мэргэжлийн эмчийн удирдлагаар байнгын хяналттай хэрэглээгүй тохиолдолд эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй нь хэдийн батлагдсан. Ингээд сэргээш хэрэглэгчдийн тоо хэдэн мянга бус хэдэн зуун мянга, саяар тоологдоод ирэхээр сэргээшийг хориглоогүй улс орон нь бохир спортыг тоохгүй орхисон улс орны эрх баригчид нь иргэдээ, түүнд дотроо ажиллах чадвар хамгийн өндөртэй, IQ хамгийн сайн залуучуудаа санаатайгаар хордуулсан болж таарах юм. Харин энэ бол тухайн улсын ирээдүйд тун сөргөөр нөлөөлнө.

Ийм ч учраас сэргээш, допингийг дэлхийн бүх улс оронд хориглож, спортын цэвэр байлгахад дээд зэргээр анхаардаг. Допинг хэрэглэсэн тохиолдолд ямар улсад яаж шийтгэдэг талаар зарим баримт тоочин сонирхуулъя.

АВСТРИ

Авсрийг допинг хэрэг хэрэглэсний төлөө хариуцлага ногдуулах асуудалд хамгийн ул суурьтай хандсан улс гэж болно. Хуульчид нь "спорт дахь луйвар" гэсэн тусгай ойлголт бий болгоод, түүний төлөө хатуу шийтгэл ногдуулдаг болгосон. Тодруулбал, дурын хүн, түүний дотор мэргэжлийн тамирчин нь Европын допингийн эсрэг конвенцээр хориглосон бодис ба аргыг ашиглан ялихгүй хохирол учруулсан спортын луйвар хийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлнэ. Ялихгүй хохирол гэдэг нь 100 евро ба түүнээс дээш хохирол. Хохирлын хэмжээ нь 50 мянган евро ба түүнээс дээш бол улсын яллагчаас хэрэгтэнд 10 жил хүртэл хорих ял хүсэх боломжтой. Хохирлын хэмжээ өсөхийг дагаад тамирчнаас гадна, дасгалжуулагчид, тариа хийж хяналт тавьсан эмч, сувилагч нарыг хүртэл шоронд хорих боломжтой болж ирнэ.

Допинг хэрэглэсэн тамирчин нь торгууль төлж, шоронд суухаас гадна спортын тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр, Австрийн төсвийн бүх л төрлийн хөтөлбөрөөс санхүүжих боломжоо бүх насаараа хасуулна. Үүнээс гадна допинг хэрэглэхийг мэдэж байсан, оролцсон хүмүүст шүүхэд гэрчээр орж хэрэглэсэн тамирчны эсрэг мэдүүлэг өгөхгүй бол хам хэрэгтэнд тооцон эрүүгийн хариуцлага тооцож байхаар болсон.

ИТАЛИ

Италид 2000 оноос эхлэн допинг хэрэглэсний төлөө эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Хуулийн дагуу энэ хүрээнд багтах гурван төрлийн гэмт хэргийг ялгаж өгсөн. Эхний хоёр нь хэрэглэсэн тамирчин ба түүнд үйлчилж байсан ажилтнуудад шууд хамааралтай. Допинг хэрэглэх, допинг хэрэглэхэд албадах болон тэмцээн уралдаанд давуу тал олж авахын тулд спортод хэрэглэхийг хориглосон бодисуудтай холбоотой хууль бус үйлдэл хийсэн бол тамирчин, эмч, менежер нь гурван сараас гурван жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 50 мянган еврогийн торгууль төлнө.


Гурав дахь төрлийн гэмт хэрэг нь хориотой эм бэлдмэлийн эргэлттэй холбоотой. Допингийг худалдсан, тээвэрлэсэн, хадгалсан, зуучилсан хүмүүст холбоотой гэсэн үг. Ийм гэмт хэрэг үйлдсэний төлөөх шийтгэл нь хоёроос найман жил хүртэл хорьж, 80 мянган еврогоор торгоно. Энэ хэсгийн гэмт хэргийг илүү хүнд гэж үздэг тул мөрдөн байцаах албад сэжигтнүүдийн утасны яриаг нууцаар чагнах зөвшөөрөл хүсэх эрхтэй.

ФРАНЦ

Францын Спортын тухай кодекс болон бусад хууль журмын дагуу допинг хэрэглэсэн тамирчинд эрүүгийн хариуцлага тооцно. Эндэхийн шийтгэл бүр ч хүнд гэж болохоор. Учир нь, спортын луйвар хийсэн, хийлгэсэн, нийлүүлсэн хүмүүсээс гадна энэ талын мөрдөн байцаалт явуулах үеэр хамтран ажиллахаас татгалзаж мэдүүлэг өгөхгүй гэвэл эрүүгийн хэрэг үүсгэн шийтгэх боломжтой.Допинг хэрэглэсэн хүнд таван жил хүртэл хорих, 75 мянган еврогийн торгууль төлөх шийтгэл ногдуулна. Допингтой холбоотой хэрэгт бүлэг этгээд ажиллаж байсан нь тогтоогдвол ногдуулах ял шийтгэлийн хэмжээг хоёр дахин нэмэгддэг.


ГЕРМАН

Герман 2015 оноо эхлэн допинг хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Шинэ хуулиар допинг хэрэглэсэн, хадгалсан тохиолдолд тамирчин, эмч, албаны хүмүүс, дасгалжуулагчид нь гурван жил хугацаагаар шоронд сууж, их хэмжээний торгууль төлнө. Мөн шинэ хуулиар Германы нутаг дээр допинг хэрэглэсэн гадаадын тамирчдад ч эрүү үүсгэн шийтгэдэг болсон. Допинг хэрэглэхтэй холбоотой бүлэг этгээд ажилласан, насанд хүрээгүй хүүхдийг допинг хэрэглэхийг албадсан бол хорих ялын хэмжээ 10 жил болж нэмэгддэг.

Мөн энэ хуульд "өөрийн сэргээшийг ашиглах" гэсэн заалт бий. Энэ нь манайд "цус солих" гэж нэрлэгддэг үйлдэл хийх замаар спортын үзүүлэлтээ ахиулахыг хэлдэг. Гэхдээ ийм арга хэрэглэвэл зөвхөн мэргэжлийн тамирчдыг л шийтгэнэ. Харин сонирхогчид ба хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг шийтгэхгүй.

ИСПАНИ

Испанид допинг хэрэглэсэн, тараасан, хууль бусаар наймаалсан, өөрийн цусыг сэлгэх аргыг хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шоронд суулгадаг.

КЕНИ

Допинг хэрэглэсний төлөө эрүүгийн хариуцлага ногдуулдаг Европы тивийн бус анхны улс нь Кени болсон. Марафон гүйлтийн тамирчдаараа алдартай энэ улс сэргээштэй холбоотой элдэв хэрэгт нэр холбогдох нь сүүлийн үед нэмэгдээд байгаа. Иймд 2016 оноос эхлэн допинг болон Допингийн эсрэг дэлхийн агентлагаас хорьсон бодистой холбоотой хэрэгт холбогдвол гурван жил хүртэл хугацаагаар хорьж, 30 мянган доллараар торгодог болсон. Мөн допингийн сорил өгөхөөс татгалзсан тамирчдыг 1 жил хүртэл хорих ялатай.

ОХУ

Орос нь 2016 оноос эхлэн тамирчдыг допинг хэрэглэхэд албадсаны төлөө эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Тамирчныг допинг хэрэглэхэд албадсан албан тушаалтан, эмч, дасгалжуулагч болон бусад этгээдэд 5 мянга доллар хүртэл торгууль ногдуулж эсхүл нэг жил хүртэл хугацаагаар хорьно.

Допингтой холбоотой гэмт хэргийг бүлэг этгээд, урьдчилан тохиролцож үлдсэн бол торгуулийн хэмжээ 8 мянган доллар болж давхар 1 жил хорих ял ногдуулна. Насанд хүрээгүй тамирчныг допинг хэрэглэхэд албадсан, хэрэглүүлэхийн тулд хүч хэрэглэсэн, сүрдүүлсэн бол мөн л 1 жил хорьж, 8 мянган доллараар торгоно. Харин тамирчинд мэдэгдэлгүйгээр сэргээш сэм өгч байсан нь тогтоогдвол 16 мянган доллараар торгоод 3 жил хорино.Өөрийн хүслээр хориотой бодис хэрэглэсэн бол эрүүгийн хариуцлага тооцохгүй.

АНУ

АНУ-ын Конгресс нь 2019 оны эхээр "Родченковын хууль" гэгчийг санал нэгтэйгээр баталсан. Энэ хууль ёсоор допингийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Хуулиар олон улсын чанартай спортод допинг хэрэглэх янз бүрийн арга мэх хэрэглэсэн нь нотлогдвол 1 сая доллараар торгож, 10 жил хүртэл хугацаагаар хорьно. Энэ хуулийг спортын янз бүрийн төрлөөр зохиогддог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Олимпын тоглолтуудад ч хамаарна гэдгийг онцолсон. Допингийн луйвраас болж хохирсон тамирчид ба бусад этгээд нь нөхөн төлбөр авах боломжтой.

Өөрөөр хэлбэл Америкийн газар нутгаас гадна америк тамирчин оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гадаадын тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдвол түүнд Америкийн хуулиар хариуцлага тооцно. Үүнээс болоод америк тамирчин сэтгэл санааны болон бусад хохирол амссан гэж үзвэл гадаадын тамирчнаас түүнээ төлөхийг шаардах боломжтой гэсэн үг юм. Ямар ч өрсөлдөгч үгүй дэлхийн №1 хүчирхэг гүрэн болохоор л ийм хууль баталж, бусдад тулган хүлээлгэсэн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биз.

WADA –ийн байр суурь

Допингийн эсрэг олон улсын агентлаг 2015 онл мэдэгдэл гарган допинг хэрэглэсэн тохиолдолд оноон ял шийтгэлийн талаар ямаршуу байр суурь баримталж байгаагаа танилцуулсан. WADA нь допинг хэрэглэсэн тамирчдад ногдуулдаг одоогийн систем нь үр дүнтэй байгаад тул эрүүгийн хариуцлага тооцохгүй заавал байх ёстой шийтгэл гэж үзэхгүй байгаа. Мөн өөрийн улсад тохирсон хууль батлах Засгийн газруудын хууль ёсны эрхэнд хөндлөнгөөс оролцох бодолгүй байгаа. Допинг хэрэглэсэнд сэжиглэгдсэн тамирчдын зүгээс Олон улсын спортын арбитрын шүүхэд хандан давж заалдах эрхтэй байгааг нэгэнт тогтсон зүйл гэж үзэж байгаа. Мөн сэргээш хэрэглэсэн тамирчныг тэмцээнээс хасах жилийн тоог хоёр байсныг дөрөв болгож нэмэгдүүлэхийг дэмжсэн. Иймд дөрвөн жил хүртэл хугацаагаар тэмцээн уралдаанаас хасч байгаа тул допинг хэрэглэхийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа аж.

Гэхдээ WADA нь хориотой бодис үйлдвэрлэдэг, наймаалдаг, тамирчид дамжуулан өгөх ажил хийдэг хүмүүсийн эсрэг илүү хатуу батлахыг улс орнуудын Засгийн газарт хандан уриалсан байгаа. Өөрөөр хэлбэл допинг хэрэглэсэн тохиолдолд илрэхэд тамирчнаас гадна түүнд допингийн сурталчилсан, тайлбарласан, худалдан авч хүргэж өгсөн, хэрэглэх аргыг заасан хүмүүс байгаа тэдэнтэй илүү хатуу тэмцэхийг уриалсан хэрэг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 9 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 10 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 10 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 11 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 11 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 13 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 13 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 14 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 15 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 15 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 15 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 15 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 17 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 17 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 17 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 18 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 18 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 18 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 18 цагийн өмнө