​УЛСЫН УНААГ ХУВЬДАА АШИГЛАХТАЙ ЯАГААД ТЭМЦЭХ ЁСТОЙ ВЭ?

О.Шүрэнцэцэг
2019/08/15

XXI зууны эхний хорин жилийг дэлхий даяар дарангуйлал, хүнд суртал, авлига, албан тушаалаа урвуулан ашиглахын эсрэг ардчилал, шударга ёс, тэгш эрхийн төлөөх тэмцлийн жилүүд гэж болно.

Улс орных нь элитүүд гэж өөрсдийгөө зарласан этгээдүүд төрийн эрх барьж байхдаа хуулийн нэрээр улсаа хувьчилж аваад, иргэдийн хөдөлмөрийг хамжлага боолуудаа зарж байгаа мэт шулж иддэг олон оронд хувьсгал гарч, төр эргэсэн. Ард олны тэвчээр туйлдаа хүрсэн тулдаа л төр эргэж үймээн самуун дэгдэж байгаа хэрэг. Үүний гол буруутан нь "улсын юм бол миний юм" гэсэн зарчмаар ажил хийсэн дүр үзүүлж суудаг албан тушаалтнууд. Жишээлбэл, улсын машиныг хувийн мэт ашиглаж дураараа дургидаг албан тушаалтнууд. Хувьсгал гарч төр эргэх ба улсын машинаар хувийн зугаа цэнгэл хөөцөлдөх хоёр ямар хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Энэ хоёрын холбоог тайлбарлахын өмнө "хагархай цонхны нөлөө" гэж нэрлэгдсэн нийгмийн нэгэн үзэгдлийг дурдах хэрэгтэй. Энэ үзэгдлийг "Хэрэв байранд хагархай цонх ганцханыг л хэн ч сольдоггүй, шиллэдэггүй байлгавал удалгүй энэ байшингийн бүх цонх хагархай болно" гэж тодорхойлдог.

Тодруулбал, жижиг хогийг гудамжинд ил задгай хаях, гудамж талбайгаар согтуу явах, нийтийн өмчийг эвдлэх зэрэг жижиг хэрэг зөрчлийг зөнд нь орхивол хүмүүс удалгүй эдгээр хэрэгтэй адил төдийгүй арай илүү хүнд хэрэг олноор үйлдэж эхэлдэг. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл "Энэ шүлсээ хаяж байгаа юм бол би яагаад хог хаяж болохгүй гэж. Энэ хог хаяж байгаа бол би яагаад гудамжинд морь харж болохгүй гэж г.м." гэсэн үйл явц хөвөрдөг. Бусад хүний хийж байгаа жижиг зөрчлийг таслан зогсоохгүй, хариуцлага тооцохгүй байхыг харсан хүн ер нь жижиг гэлтгүй бүх л дүрэм журамд захирагдах хэрэггүй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэнэ. Ингэж явсаар үйлдэгддэг гэмт хэргийн хамрах хүрээ, учрах хохирлын хэмжээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгддэг.

Ийм нөхцөлд хамгийн жижиг хэрэг зөрчлийг ч идэвхтэй, хариуцлагатайгаар таслан зогсоож, үйлдсэн этгээдэд зохих хариуцлага тооцож явах нь жижиг гэлтгүй бүх л хэрэг зөрчлийг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бий болгох замаар бүр ноцтой, хүнд гэмт хэрэг гарахаас сэргийлж, гэмт этгээдийн хэрэг үйлдэх нөхцөл боломжийг нь хязгаарлаж өгч байдаг.

Энэ утгаараа хаа нэгтэй хайхрамжгүй орхисон хагархай цонх байгаа бол удалгүй хажууд нь өөр нэг цонх хагарч бас удалгүй ойрхон нь нууцхан 00 үүсч, тэгээд тэр хавиар явсан хүмүүс дээрэм тонуулд өртдөг болно гэсэн үг. Улсын машиныг хувийн зорилго, зугаа цэнгэлд ашиглахтай тэмцэх нь үүнтэй агаар нэг юм. Өнөөдөр улсын машин өөрийн юм шиг унах нь хэвийн үзэгдэл болбол маргааш хувьдаа ашиглаж байгаад эвдлэхийг тоохгүй өнгөрч, нөгөөдөр нь эд зүйлийг нь хулгайлж, түүний дараа улсын машиныг ялихгүй шалтгаар актлаад хувьдаа авах нь хэвийн зүйл болох зэргээр эцэст төгсгөлгүй юм болно.

Үүнийг мэдрээд эрчимтэйгээр арга хэмжээ авсан жишиг улс нь Сингапур. Энэ улсыг бүгд л амаа олохгүй магтаж, хэзээ ийм болох бол гэцгээдэг. Тэгвэл Сингапурын гудамжинд зажилж явсан бохио, татаж явсан тамхиа хаявал юу болдог тухай та лав сонссон биз. Асар хүнд шийтгэлтэй. Тэглээ гээд тэнд хэн ч ганц муу бохины төлөө арай хэтэрнэ гэх хүн нэг ч байхгүй. Тийм тулдаа авлигын түвшин хамгийн бага, амьдралын түвшин хамгийн өндөр, амьдрах орчин хамгийн таатай, баян улс болсон.

Ийм ч болохоор Европ, Америк гээд өндөр хөгжилтэй орнуудад улсын машиныг албан тушаалтнууд хувьдаа ашиглахтай тун хатуу тэмцдэг. Албан тушаалтнууд улсын унаа тэргийг хэрхэн ашиглаж байгаад хяналтад тавих ажилд олон нийт, сэтгүүлчдийг өргөнөөр хамруулдаг гэж болно.

Жишээлэхэд, Францын сурвалжлагч нар сайд дарга нарын унааг сэм даган шалгалт хийж тэр тухайгаа олон нийтэд мэдээлэх нь хэвийн үзэгдэл. Ингэлээ гээд тэнд хэн ч сурвалжлагчийг "хүний муу үзлээ" гэж элдэв үгээр дайрдаггүй, харин ч татвар төлөгчийг мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаад хяналт тавилаа гэж сайшаадаг. Ийм ч учраас Францад улсын албан газрын дарга нь жолоочоо зарж хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авахуулдаггүй, эхнэрээ шопинг хийлгэхэд нь хөл залгуулдаггүй. Хувьдаа ашиглаж байгааг нь сурвалжлагч илрүүлж, олны хүртээл болговол хамгийн багадаа тушаал бууна, цаашилбал халагдаж, ахин өндөр тушаалд томилогдох боломжгүй болдог.

Бразильд гэхэд л албан тушаалтнуудыг улсын унааг ашиглаж буйд тавих хяналтыг олон нийтэд ил болгох, олныг хамруулах зорилгоор тухайн машины харьяалагдах яам, тамгын газрын нэрийг томоор бичсэн дугаартай, мөн хаана ч явсан тод ялгаран харагдах шар өнгийн тод наалтыг наасан байдаг. Иймд хаа нэгтээ баарны гадаа даргаа хүлээн зогсох улсын унааг хүмүүс тэр даруй ялган таниад зохих мэдээллийг өгдөг. Ийм мэдээлэл батлагдвал албан тушаалтанд халах хүртэл хатуу хариуцлага тооцно. Дугаарыг нь түр авсан байлаа ч тод шар өнгийн том наалтыг яах ч аргагүй юм. Шар өнгө нь өөрөө холоос ялгарч харагддаг, хүний анхаарлыг татдаг нь батлагдсан тул сонгож авсан байна.

Улсын машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаад эсэхэд хяналт тавиад зогсохгүй ямар төрлийн, ямар загварын машин унаж байгаа, унавал зохистой талаар маш хатуу хяналт тавьдаг. Албан тушаалтан нь унахыг зөвшөөрсөн, заагдсанаас илүү тансаг зэрэглэлийн машин худалдан авсан тохиолдолд л мөн л ажлаас халагдана. Германд хэдэн жилийн өмнө Доод Саксон мужийн хөдөө ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Удо Пашеда гэдэг нөхөр "Ауди 6" унах эрэмбэтэй атлаа илүү тансаг "Ауди-8"-ийг мужийн мөнгөөр авч унасныг сурвалжлагч илрүүлэхэд асуудлыг улсын хэмжээнд авч хэлэлцээд огцруулсан байх жишээтэй.

Шведийн Мальмё хотын захиргааны шийдвэрээр бүр эрс арга хэмжээ авч албан тушаалтнуудаа хот дотор албан ажлаар явахдаа дугуй унадаг болгосон. Энэ зорилгоор албан тушаалтнууддаа зориулан цахилгаан хөдөлгүүртэй дугуй худалдан авсан байдаг.

Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд ч мөн адил. Их Британийн "Хатан хаан Елизавета" нисэх онгоц тээгчийн ахмадыг албаны машины хувьдаа хэргэлэсэн, ажлын цагаар эхнэрээ зөөсөн, заримдаа эхнэр нь албаны машиныг дур мэдэн унаж байсан нь илэрснээр албан тушаалаас нь халсан хэрэг гарч байсан. Түүний захирдаг усан цэргүүд нь энэхүү шударга бус үйлдлийн талаар мэдээ хүргэснээр ахмад халагдсан байж.

Эцэст нь, Өрнөдийн орнуудад улсын унааг хувьд ашиглахад яаж ханддагийг харуулсан нэг жишээ татъя. 2016 онд Германы Бранденбург мужийн Хууль зүйн сайд Хельмут Маркоф гэдэг хүн улсын унааг хувьдаа ашигласан гэж ажлаасаа халагдсан хэрэг гарч байв. Гэтэл улсын унааг хувьд ашигласан хэрэг нь 6 жилийн өмнө буюу 2010 онд гарсан хэрэг байсан. Тэр үед Хельмут Маркоф нь Бранденбургийн Сангийн сайд байхдаа хувийнх нь мотоцикл эвдрэхэд мужийн мэдлийн ачааны машинаар засварын газар хүргэж өгсөн юм байна. Үүнийг нь 6 жилийн дараа "Tagesspiegel" сонинд ил болгоход олон нийтийн ихэд бухимдсан. Иймд Маркоф нь хууль зөрчөөгүй хэдий ч олон нийт түүний 6 жилийн өмнөх үйлдлийг ёс суртахууны үүднээс байж боломгүй зүйл гэж үзэж байгаа тул гээд албан тушаалаасаа огцрох ёстой гээд огцорсон байдаг. Зүгээр ч нэг огцорсонгүй мужийг хөгжүүлэх олон нийтийн санд 1 мянган еврогийн хандив өргөж байж маргааныг намжаасан гээд та төсөөлөөд үзээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 13 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 14 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 15 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 16 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 16 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 19 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 19 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 20 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 21 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 23 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 23 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр