НЭГ СУРАГЧИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛД 400-500 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/16

"Холдоорой. Хажуугаар чинь зөрөе. Миний охин сайн бариарай, төөрөв. Болгоомжтой яваарай. Х у л г а й ч б а й н а ш ү ү " хэмээн шаагилдах хүмүүс хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахаар "Нарантуул" захыг зорьжээ. "Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас зэргийг 400- 500 мянган төгрөгөөр бэлдэж байна. Гурав, дөрвөн хүүхдийн юм бэлдвэл хоёр сая төгрөг давах бололтой. Энэ жил хичээлийн хэрэгсэл болон хувцас өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн жилийнхээс ялгагдах юм алга. Сарвайсан болгоноо авах гэвэл төлөвлөснөөсөө их мөнгө зарцуулах бололтой" хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Юу юугүй хичээл сургууль орох цаг хаяанд ирж. Энэ үеэр зах худалдааны төвүүд хөл гишгэх зайгүй болдог. Өдөр ирэх бүр хичээлийн хэрэгсэл болоод гутал хувцасны үнэ ч өсдөг. Иймд "Нарантуул" зах дээр хичээлийн хэрэгсэл болоод өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа.

"НАРАНТУУЛ" ЗАХ ДЭЭР ДҮРЭМТ ХУВЦАС 35-65 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

"Нарантуул" захыг зориход гаднаасаа эхлээд машины түгжрэл үүсчээ. Захын хаалгаар ормогц цүнхээ урдаа барьж хүүхдээ хөтөлсөн хүмүүс бишгүй л их харагдана. Худалдаа эрхлэгчид хажуугаар зөрөх хүн бүрт "Юу авах вэ асуугаарай" гэж хэлнэ. Сар гаруйн өмнө нам жим байсан тус зах нь олны хөлд дарагдсаныг худалдаачид хэлж байна. Хөдөө орон нутгаас нийслэлийг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа бололтой. Хүний түгжрэл үүсчээ. Бид ч тэдний дунд орж явсаар хамгийн түрүүнд дүрэмт хувцасны тасгаар ороод гарсан юм. Худалдагч нар "Дүрэмт хувцас өмсөөд үзээрэй" гээд ам уралдан ярина. Энэ үеэр бяцхан хүүгээ сургуульд оруулах гэж догдлон хичээлийн шинэ жилд бэлдэх аав ээжтэй таарсан юм. Тэднээс хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг хэчнээн төгрөгөөр базааж байгааг асуухад "Саяхан хөдөөнөөс орж ирээд байж байна. Ямар ч гэсэн 500 мянган төгрөгт багтана гэж бодож байгаа. Өнгөрсөн жил эгчийнх нь хичээлийн бэлтгэлийг базаахад 500 мянган төгрөг хангалттай хүрсэн. Тийм учраас тооцоотой ирсэн" гэсэн юм. Цааш явтал өмд өмсөж толинд эргэн тойрон харах хүүтэй таарлаа. Мяраалаг хүү дүрэмт хувцас авах гэж нэлээд явсан аж. Түүнээс хэддүгээр ангийн сурагч болохыг асуутал "Хоёрдугаар ангид орно. Дүрэмт хувцас өмсөж үзээд авах гэтэл таарах размер олдохгүй байна. Би одоо яанаа" гээд сэтгэл дундуур ярих хүүг хараад битүүхэн эгдүү хүрсэн нь тэр. Ойр хавийн хүмүүсийг нир хийтэл инээлгээд авсан хүү цааш явж дахин өөр хувцас өмсөж үзэхээр шийдэв. Ийн зах дээр худалдаалж буй дүрэмт хувцас хямд байгааг олон хүн олзуурхаж байсан юм. Үнэ дагаад чанар гэдэг чухам чанартай эсэхийг нь лавлан асуух нэгэн ч байлаа. Худалдагч бүсгүй "Чанарын хувьд ярих юм байхгүй. Бөөсрөхгүй, хүүхдийн биед зөөлөн, өнгөө алдахгүй" гээд рекламдаж гарав. "Энэ жил авсан дүрэмт хувцас дараа жил өмсөж болно хамгийн гол нь эцэг эхчүүд арчилгаан дээр анхаарах хэрэгтэй" гэдгийг худалдаачид хэллээ. Нарантуул захын сурагчийн дүрэмт хувцас зардаг лангуунууд бага болон дунд ангийн хүүхдүүдээ дагуулсан ээж, аавуудын хөлд дарагдсан харагдав. Хятадаас оруулж ирсэн бага ангийн эрэгтэй, сурагчийн дүрэмт хувцсыг 40 мянга, охидынхыг 35 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Харин ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцас 60-65 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Цагаан болон цэнхэр сорочкон цамц нь 12-15 мянган төгрөг, зангиа нь 3000- 5000 төгрөгийн ханштай байв. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчийн хийсэн дүрэмт хувцсаас хэд дахин бага үнэ ханш юм. Худалдан авагчдаас дүрэмт хувцасны сонголтын талаар тодруулахад "Хямд үнэтэй учир "Нарантуул" захаас дүрэмт хувцас авахыг илүүд үздэг" хэмээн хариулах хүмүүс цөөнгүй байв. Өртгөөс хамаарч сонголтоо хийдэг байх нь. Тэрбээр "Энд зарж буй дүрэмт хувцасны ихэнх нь урдаас оруулж ирсэн. Хувийн үйлдвэрийн ганц хоёр лангуу бий. Урдаас ирж байгаа дүрэмт хувцасны хөвөн даавуу нь бага учраас бөөсөрдөггүй. Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хөвөн даавуу ихтэй тул хэд угаагаад л бөөсөрдөг гэж худалдан авагчид ярьдаг. Урдаас оруулж ирсэн дүрэмт хувцас үнэ ханшийн хувьд ч Монголд үйлдвэрлэж байгаагаас харьцангуй хямд байдаг юм. Тиймээс эцэг эхчүүд худалдан авдаг болов уу. Юанийн ханш өсөөгүй учраас дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийнхээс нэмэгдээгүй. Харин буурсан" гэлээ. Харин юбка болон брюкэн өмд дангаараа 20 мянган төгрөгийн үнэтэй байв.Цааш явсаар цүнхний тасгаар орлоо. Багачуудын дуртай үлгэрийн баатруудын дүр шингээн урласан цүнхнүүд хаа сайгүй өлгөөстэй. Өнгө үзэмж, чанар,хэмжээнээсээ хамаарч үнэ нь өөр өөр байлаа.Ахлах анги болон оюутан залууст зориулсан цүнх 30-85 мянга, дунд ангийн сурагчийн цүнх 30-60 мянга, бага болон цэцэрлэгийн насны хүүхдийн цүнх 6-50 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Цүнхний тасгаар эргэлдэх багачууд "Би элса, аннатай цүнх авна, тоботтой цүнх авмаар байна" гээд эцэг эхээсээ шалан гуйна. Эцэг эхчүүд "Цүнх авахдаа элдэв өнгөнд хууртахгүйгээр ядаж нэг жилийн эдэлгээ даах цүнх харж явна" хэмээн ярьж байлаа. Гарт таарсан цүнхээ эргүүлж тойруулж нэг бүрчлэн шинжих аж. Энэ тасгаас худалдан авалт хийж буй 40 орчим насны залуу дээр очиж хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хэчнээн төгрөг зарцуулж байгааг асуухад "Манайх таван хүүхэдтэй бүгд сургуулийн насных. Энэ жил хамгийн бага нь нэгдүгээр ангид орох гэж байна. Өнгөрсөн жил дөрвөн хүүхдийн хичээлийн хэрэгсэл гутал, хувцас бэлдэхэд гурван сая төгрөг зарцуулсан.Энэ жил дөрөв, таван сая төгрөг зарцуулж байна. Юмны үнэ харьцангуй тогтвортой хямд байна" гэсэн юм. Тэрбээр худалдаачид "Энэ жил даавуун материалтай хөнгөн цүнх эрэлттэй" байгааг онцлов. 5-10 насны хоёр хүүхдээ дагуулж яваа бүсгүй худалдагчид хандан "Хоёр цүнх авъя. Яриа хөөрөө байна уу" гэв. Худалдагч "Хоёр цүнх авбал нэгнээс нь 2000 төгрөг хасаад өгчихнө" гэлээ. Цүнхний тасгаас гарч Баялаг ундраа төвийн урд талын бичиг хэрэгслийн худалдаагаар очиход "Өнгө алагласан дэвтэр, харандаа, өнгийн будаг" зэргийг төрөл төрлөөр нь өрсөн харагдана. Худалдагч нар нь ч тун завгүй байх аж. Учир нь лангуу бүр дээр 3-4 хүн худалдан авалт хийж дараалал үүссэн байлаа. Худалдаачид эд ачаалалтай үеэр хүн бүрт нэг бүрчлэн үнэ хэлэхгүйн тулд хичээлийн хэрэгслийн үнийг бичиж тавьжээ. Захын лангуун дээр очиж үнийг нь хартал "Улаанбаатар дэвтэр 12 хуудастай нь 150-300 төгрөг, 24-32 хуудастай дэвтэр 280-380 төгрөг, 48-60 хуудасатй дэвтэр 480-580 төгрөг, 96 хуудастай дэвтэр 900 төгрөгийн үнэтэй байгаа бол польш дэвтэр хуудаснаасаа хамаарч 380-1000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа. Харин бусад жижиг хэрэгслүүд өнгө, дүрс хэлбэр хэмжээ гээд элдэв зүйлээс хамаарч өөр өөр үнэтэй байсан юм.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН БАГЦ 35-60 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Худалдагч нараас сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл ойролцоогоор хэд орчим төгрөг болж байгааг лавлахад "Цэцэрлэгийн хүүхдийн багц 35-45 мянган төгрөг, сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл 30-60 мянган төгрөг болж байгаа. Хүүхэд бүрийн сонголтоос шалтгаалж байна" хэмээн ум хумгүй хариуллаа. Өмнөх жилийнхтэй харьцуулбал дэвтрийн үнэ 30-100 төгрөгөөр нэмэгдсэн байгаа аж. Бум бужигнаж түм түжигнэсэн бичиг хэрэгслийн тасгаас цааш явж гутлыг зорилоо. Гутлын худалдаачид нарийхан урт талбайд лангууныхаа урд гарч зогссон байх бөгөөд хажуугаар нь гарах хүн бүрийг "Сонирхсон гутлаа өмсөөд үзээрэй. Арьсан , чийг татаахгүй чанартай, размер өнгөний сонголттой гуталнууд байна"гээд рекламдана. Ийн худалдаачид гуталныхаа шороо тоосыг гял цял болтол арчиж ам уралдана үнэ хаялцан зогсоно. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутлын үнэ ханшийг сонирхоход "Өнөг үзэмж, загвар хийц зэргээсээ 20-65 мянган төгрөгийн үнэтэй. Пүүз ч мөн ялгаагүй 20-40 мянган төгрөгөөр худалдаалагдах аж. Энэ тасаг бусад тасгийн адил хүний хөлөөр дүүрсэн байх аж. Хүн бүрийг "Манай лангуунаас гутлаа ав 50-10 мянган төгрөг татаад өгье "хэмээн худалдан авагчдыг уяраана. Хямд үнэ амласан нэгэн лүү нь шуурах хүмүүс ч байсан юм. Зарим нь нэг лангуунаас гурав, дөрвөн хүүхдийн гутал бөөндмөөр байна. Нэг дороос худалдан авбал илүү хямд авна" гээд шивэр авир хийх нь сонсогдов. Ийн худалдан авсан зүйлээ том цүнхэнд түнтийтэл чихсэн хүмүүс явахад хэцүүхэн байгаа бололтой. "Бушуухан явъя. Хурдан гутлаа ав" гээд хүүхдээ зандрах нэгэн ч байв. Өнгө үзэмж, загвар зэргээрээ бусад лангуунаас элт ялгарах лангуун дээр очиж худалдагчаас нь худалдан авалт ямар байгааг асуухад "Худалдан авалт сайн байна. Өдөрт гурав орчим сая төгрөгийн орлоготой байгаа" гэдгийг хэлэв. Хүн олноор цугларсан гутлын тасгаар орсон хүмүүс гарч ирэх гэж хөглөж байлаа. "Алив зөрөөтхөе, Яасан халуун юм бэ. Хурдан яваач" гээд хажуугаар түлхэж унагах шахам зөрнө. Гутлын тасагтай залгаа орших бие тамирын хувцас худалдаалж буй лангуунууд дээр очиход "Эрэгтэй хүүхдийн биеийн тамирын хувцас 30-65 мянган төгрөг, харин охидынх нь 25- 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. "Нарантуул" захад олон жил худалдаа эрхэлж буй хүмүүс наймдугаар сарын 20-ноос хойш олширдог байна. Энэ үеэр барааны үнэ хөөрөгддөг жишээний. Нэг талаараа хүн олноор цугларахыг худалдаачид анддаггүй. Авахаас яахав гэсэн шиг тэнгэрт хадсан үнэ хэлдэг. Одоохондоо ч юмны үнэ хямд байна. Хичээл орохоос 10 хоногийн өмнө "Нарантуул" захыг зоривол хямд юм олж авах уу гэдэг эргэлзээтэй.Иймд хичээл сургуулийн бэлтгэлээ эртхэн шиг базаасан дээр гэдгийг дашрамд хэлье. Бид хэсэг явж гарах хаалгийг чиглэн явахдаа охидын гангараа болсон үсний боолт, тирко зэргийн үнэ ханшийг сонирхолоо. Цагаан тирко нимгэн зузаанаасаа шалтгаалан 50-10 мянган төгрөгийн ханштай байсан юм. Харин үсний цагаан боолт 2500-5000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Ямартай ч хүн олноор цуглардаг "Нарантуул" захад сурагчийн дүрэмт хувцас хаа ч байхгүй хямд үнээр худалдаалагдах бөгөөд өнгөрөгч жилийнхээс 10-20 мянган төгрөгөөр хямдарсан байх жишээний. Дан ганц дүрэмт хувцас ч гэлтгүй бусад барааны үнэ илүү хямд байна. Хичээлийн хэрэгслийг нэгийн үнээр хоёрыг авах боломж байгааг худалдан авагчид хэлж байлаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Б.Оюунжаргал




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 34 минутын өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 1 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 2 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 3 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 4 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 4 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 4 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 5 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 5 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 6 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 8 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 8 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 8 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 10 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 10 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 10 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр