2019 оны 8-р сарын 8 –ны өдөр ОХУ-ын Архангельск мужийн Нёнокса суурины ойролцоо болсон ослоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тодруулбал, ослын үеэр цацагдсан цацраг хүйтэн агаараар дамжин монголд орж ирэх боломжтой гэх мэдээлэл байгаа юм. Бид энэ талаар ЦУОШГ-аас тодруулахад "хилийн зурваст цацраг хэмждэг суурин харуул төхөөрөмжүүд бий. Зохих түвшнээс хэтэрсэн үзүүлэлт заагаагүй" гэсэн мэдээлэл өглөө.
Тэгвэл энэ асуудлаар Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр дараах мэдээллийг өгч байна. "ОХУ-ын ус цаг уур, хүрээлэн буй орчны мониторингийн хүрээлэнгийн (РОСГИДРОМЕТ) мэдээлснээр осол болсон өдрийн 12 цаг 30 минутад тус мужийн Северодвинск хотын 8 ш хэмжилтийн пунктээс 6-д цацрагийн хэмжээ дэвсгэр төвшнөөс 4-16 дахин ихэссэн ч 2 цаг 30 минутад 0,13-0,16 мкЗв/ц хүртэл буусан байна. Сонирхуулахад уг хотын цацрагийн дэвсгэр төвшин 0,11 мкЗв/ц юм. Түүнчлэн ОХУ-ын Архангельск мужийн Онцгой байдлын газраас Нёнокса суурины ойр орчмоос авсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийхэд альфа, бета бөөм болон гамма цацрагийн тун байгалийн дэвсгэр төвшнөөс даваагүй болохыг мэдээлжээ (МЧС России по Архангельской обл.). Дашрамд дурдахад, ОХУ ын нутаг дэвсгэр дэх цацрагийн хяналтын автоматжуулсан системүүдийн одоогийн заалтуудтай дараах холбоосоор орж танилцаж болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна