Ажилд орохын тулд, ажилд авахын тулд авлига өгдөг, авдаг жишиг манайд тогтсон гэхэд болно. Тэгвэл яг ийм асуудлаар гурван хүн шүүхээс ял сонслоо. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэлийг албан тушаалын байдлаа ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан, мөн давтан үйлдлээр бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан, Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүх шийтгэжээ.
Хэрэг явдлын талаар тодруулбал, Д.Батхүрэл нь 2014 оны дөрөвдүгээр сард С.Батцэцэгийг ажилд авахдаа түүнээс 1.000.000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авсан, 2015 оны нэгдүгээр сард иргэн Ө.Мөнхтуяаг Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажилд томилохдоо 1.000.000 төгрөг нэхэж хясан боогдуулах замаар хээл хахууль авсан юм байна.
Тэрчлэн шүүхээс Д.Батхүрэлийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 1,6 жилийн хугацаагаар хорих, Ө.Мөнхтуяагаас 300.000 төгрөг хурааж, 1,2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч С.Батцэцэгийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэлээ.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна