РЕДАКЦИЙН ЗУРВАС

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сайн байна уу? Эрхэм уншигч, үзэгчдээ

Нарангийн Өнөрцэцэг миний бие сэтгүүл зүйн салбарт сурвалжлагчаас албаны дарга хүртэл нэлээд олон жил ажиллаж, туршлага, мэдлэг хуримтлууллаа.

Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид нь нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндийн энхийн манаач. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид бид үүргээ ухамсарлаж, нийгэмд бугшаад байгаа асуудлыг бодитоор олон нийтэд хүргэх ёстой.

Зариг.мн сайт нь цахим сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх нэмэн орж ирж байна. Манай сайтын контентуудын ихэнхи нь видео хэлбэрээр уншигч та бүхэнд хүрэх бөгөөд та хаана ч, хэзээ ч бидний мэдээллийг гар утас, компьтерээсээ цаг алдалгүй үзэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно.

Зариг гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? гэдгийг та бүхэн сонирхож байгаа байх. Энэ бол бид хэрэглэгдэхээ больж, мартах шахсан үг. Энэхүү үгийг Монгол хэлний талбар бичигт эгэл энгийн гэж тайлбарласан байдаг. Эгэл, энгийн гэдэг маань бодит мэдээллийг та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэнэ гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм.

Сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах учиртай сэтгүүлчид бид салбартаа байгаа алдаа дутагдлыг дуугүй хараад сууж болохгүй. Тиймдээ ч салбарынхаа алдаа дутагдлыг хэнээс ч айж, эмээлгүй өдийг хүртэл шүүмжилсээр ирсэн билээ. Шүүмжлээд гар хумхиад сууж болох ч өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэхийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байх ёстой. Ямар мэдээллийг хэрхэн уншигчдад хүргэх ёстойг Зариг.мн сайт та бүхэнд харуулах болно.

Мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд сэтгүүл зүйн салбарыг бизнес болгон үндсэн үүргийг нь гуйвуулах болсонд сэтгэл эмзэглэж явдгийн хувьд өөрийн хүч, хөдөлмөрөөрөө Зариг.мн сайтыг нээгээд байна. Менежерүүд, улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлж, өөрийн нам болон бүлэглэлийн эрх ашигт нийцүүлсэн мэдээллийг захиалгаар бэлтгэн хүргэх, өөрсдийгөө хамгаалах, бусдыг гүтгэж, гүжирдэх хэрэгсэл болгоод байна. Тиймээс бусдын халаасанд багтаагүй, жинхэнэ бодит мэдээллийг хүргэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулан ажиллаж байна.