Монголын анхны хиймэл дагуул "Мазаалай" ирэх сарын 2-нд Улаанбаатрын цагаар үүрийн 05:50 минутад АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс "SpaceX" компанийн" Falcon 9" пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон Улсын сансрын станцад хүргэгдэхээр боллоо.
Энэ өдөр манай улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг орны хиймэл дагуулыг зөөгч пуужингаар тойрог замд оруулах юм байна. Япон улсад докторантурт суралцаж буй МУИС-ийн гурван эрдэмтэн уг хиймэл дагуулыг гардан бүтээсэн юм. Тэд анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, турших, гардан угсрах зэрэг бүх шатны ажлыг өөрсдөө хийсэн байна.
Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран "BIRDS" төслийн хүрээнд бүтээсэн билээ. Энэ нь ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна