Мөн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 1993 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тухайлбал уг журамд Хоёрын 9 дэх буюу "Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг (нанжвандан) дээр залж шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээрээ зална" гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Түүнчлэн "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ын Нэгийн 1 дэх заалт, Хоёрын 7 дахь заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан аж.
Мөн "Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам"-ын Нэгийн 2 дахь заалтын "Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн" гэснийг "Их танхимын тайзны" гэж, Нэгийн 4 дэх заалтын "Төрийн ордон цогцолборын өмнө тусгай зассан талбайд" гэснийг "Их танхимд" гэж, Хоёрын 11 дэх заалтын "16 дахь" гэснийг "9 дэх" гэж, Хоёрын 12 дахь заалтын "Их эзэн Чингис хаан хөшөөний өмнө" гэснийг "Их танхимын тайзнаа" гэж, Хоёрын 13 дахь заалтын "ширээндээ залармагц" гэснийг "төрийн тамгыг ширээн дээрээ залмагц" гэж, Хоёрын 18 дахь заалтын дугаарыг "16" гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авсаны дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин баталлаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна