Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр автомашин явган зорчигч мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалт явуулахад “Делика” маркийн автомашины жолооч хөдөлгөөнд оролцож явах үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д “10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэрэг байдлаар авч явна” гэж заасан байдаг.
Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа аюулгүй байдлыг нь хангаж байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна