Гучин долоо дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам дөрөв хоногийн өмнө болж өнгөрлөө. Уран зохиол, яруу найрагт дуртай монголчуудын хүлээдэг энэ наадмын сонин хачин, “цом” хүртсэн найрагч, түүний уншсан шүлэг яруу найраг сонирхогчдын ярианы сэдэв болсоор ирсэн. Энэ удаагийн “Болор цом”-д яруу найрагч Б.Жамбалдорж “Жамын цас” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн.
Харин үзэгч, сонсогчдын “чих тавьж” байсан найрагчдын нэг бол тавдугаар байрт тунасан яруу найрагч бол О.Цэнд-Аюуш. Тэрбээр оюутан ахуйдаа буюу 20 настайдаа “Болор цом”-ын тэргүүн дэд байрт шалгарч, энэ үеэс хойш мөн тус байрт нэг удаа, гэгчлэн жил жилийн наадамд айргийн тавд давхисаар ирсэн билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Сайхан өвөлжиж байна уу? “Болор цом” наадам сайхан болов уу?
Тавтай сайхан өвөлжиж байна. 37 дахь удаагийн “Болор цом” наадам Багануур дүүрэгт хэлэх юмгүй сайхан зохион байгуулагдлаа.
Шуудхан л асууя. “Болор цом” наадам үнэ хүндтэй, хүсэн хүлээж үздэг сайхан наадам байсан. Харин одоо үгүй шиг. Яруу найрагчдын шүлгийн чанарт өөрчлөлт байна уу?
Үнэхээр хүсэн хүлээдэг наадам байсныг маш сайн мэднэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхад “Болор цом” наадам зурагтаар гарна гэдэг тухайн жилийнхээ хамгийн гоё “юм”-ыг үзэж байгаа хэрэг болдог байлаа. Ер нь том наадмын хувьд маш сайхан наадам.
Сүүлийн үед орон нутгаар, аймгуудыг тойрон зохион байгуулагдаж байгаа учраас дуулиан шуугиан нь тэрүүхэндээ дарагдаад байж магад. Тэрнээс биш энэ наадамд уншиж байгаа шүлгүүд муудсан, яруу найрагч нар муудсан гэж би бол хэлэхгүй, тэгж хэлэх хэмжээний хүн нь ч би биш. Тэгж ярихын оронд өөрийнхөө хийх ёстой зүйлийг л сайн хийх ёстой гэж боддог.
Хүлээлт дор болдог байсан наадмын нэр хүнд муудсан нь үнэн. Сүүлийн жилүүдэд энэ наадамд түрүүлсэн шүлгүүд ч шүүмжлэл дагуулах боллоо. “Сайн шүлгүүд дарагдаж, шүүгчид нь шударга бус шүүж байгаа” хардлага ч хөвөрч л байна.
Би сайн мэдэхгүй байна, миний мэдэх ч асуудал биш. Мэдээж, өнгөрсөн цаг үеийн “бурхад”-тай бид өөрсдийгөө зүйрлэх боломжгүйг би хэлж чадна. Зүйрлэж чадахгүй. Эндээс үзвэл тэд нарт хүрэхгүй гэдэг нь тодорхой болно. Гэхдээ бид залуу байна. Бидэнд хийж бүтээх он жилүүд олон бий.
Өөрөө алдар нэрд гарах гэж, бусдын хүндлэлд өртөх гэж улайрахаас илүүтэй аугаа эртний уран зохиолд зүтгэх хувь тохиол надад оноосон. Энэ бол нэг насны минь нэр төрийн хэрэг байхгүй юу. Монгол монгол гэж цээжээ дэлдэгсэд олон болсон байна. Харин О.Цэнд-Аюуш тэгэхгүй. О.Цэнд-Аюушийн хувьд “эх орон” гэдэг ангид ойлголт.
Би “Монголын радио”-д ажиллаж, амьдарч байна. Ажлынхаа шугамаар Монголын түүхийг судлах хувь заяа надад тохиосон юм. Өнөө цагийн шилдэг эрдэмтэд, тэдний судалгааны ажлыг үзэх боломж надад олдсон. Өөрийнхөө хэмжээнд улсынхаа түүхийг судалсан, хайрласан. Эртний үлгэр домгоос үүдэлтэй нүүдэлчний уран зохиолд зүтгэх хувь тохиол олдсон байна. Түүнийгээ л нэр төртэй биелүүлж байвал тэгээд л болоо. Түүнээс биш өнөөдөр маргаашийн наадамд түрүүлүүлсэнгүй, дарлаа гэдэг юм яриад сууж болохгүй
Ер нь чи “дарагдаж” байсан уу?
Мэдэхгүй, ер нь дарагдаж байсан ч гоё ш дээ. Өөрийгөө ярих утгагүй, бусад нь дүгнэг. Хэрэв дарж байсан бол дарайгаад гараад ирэх ёстой ш дээ. Дарлаа гээд усанд орсон цаас шиг алга болох биш гараад л ирэх ёстой. Хатуудаа хатуу байх ёстой. Нэгэнт сонгосон зам юм бол өргөсөнд нь хатгуулаад, чулуунд нь бүдрээд, өвдгөө шалбалаад дахиад босоод л ирэх ёстой. Түүнээс ч айхтар бартаа байхыг мэдэхгүй. Явж байгаа бол явсан шиг явах ёстой.
Тэгж явж байгаа замынх нь эцийн зорилго юу юм?
Өөртөө сэтгэл хангалуун үлдэх. Бид мөнхийн ус уугаагүй юм чинь эцэст нь сэтгэл хангалуун л амьдрахсан. “Энэ насандаа тэдэн ном бүтээлээ, түүн дээр минь тийм зүйл байгаа даа. Тэр нь хүнд хэрэг болж мэдэх юм” гэгчлэн сэтгэл хангалуун үлдэхсэн...
Нэг гоё үг бий. Урлаг, утга зохиол байхгүй бол хүн төрөлхтөн амьдралын бэрхшээлд цохиулаад аль хэдийн үгүй болох байсан гэж. Тэр л амьдралын том тэнгис далайд өөрийнхөө дуслыг хийж чадсан бол тэгээд л болоо. “Өөртөө хангалуун амьдрах” гэж нэг юм бий. Гэхдээ энэ бол эд хөрөнгийн асуудал биш. Өөрт тавьсан нэг цензур байна аа даа. Түүндээхүрч чадах уу, үгүй юу гэдэг. Гэхдээ тэр цензурыг би тавиагүй шүү. Монголын утга зохиолын ах нар тавьсан юм. “Ийм байх ёстой” гэдэг цензур. Хүмүүс “ёстой гэдэг юм байхгүй” гэдэг. “Ёстой” гэдэг юм байхгүй юм бол нийгэм байхгүй, улс байхгүй. Надад тийм цензур бий.
Хүн цаг тутамд ахиж дэвшдэг. Тэр хэрээр өнөө цензур нь мэдээж томрох байх. Өнөөдрийн цензуртээ хэр хүрч чадаж байна?
Давгүй байх гэж боддог. Би ажилдаа хайртай. Хайртай учраас хамгийн сайхныг хийх гэж хичээдэг. Бичиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ ахиулна гэж боддог. Надад тийм уран бүтээлийн шунал бий.
“Болор цом”-ын тайзан дээр шүлгээ унших гээд хүлээж суух, уншиж байх үеийн мэдрэмжүүд ямар вэ?
Өөрийнхөө “уншина даа” гэснээ л уншаад буудаг. “Гоё” шүлэг уншихсан л гэж боддог. “Цом”-д очоод шүлэг унших сайхан шүү дээ. Оюутан ахуй насандаа тэр мэдрэмж гоё л байсан. Цаг хугацаа өнгөрч хүний бодол, мэдрэмж ч тогтуун болдог юм байна.
Яруу найргийг “Болор цом”-оор хэмжих хэцүү.
“Гоё” шүлэг гэж ямар шүлэг юм бэ? “Болор цом”-ын тайзан дээр “гоё”, эсвэл яруу найраг гэдэг утгаараа “гоё” шүлэг гэдэгт бас ялгаа ч байх шиг.
Уг нь нэг л юм байх ёстой.
Уг нь тийм л байх. Гэхдээ тэгдэггүй байх, өөрөө яадаг вэ?
Би “Болор цомын тайзан дээрх гоё шүлэг” гэж уншиж байгаагүй. Заримдаа зүгээр л уншмаар байгаагаа уншдаг, муу байсан ч хамаагүй. Дурсмаар байна ш дээ, зарим юмыг. “Болор цом”-ыг сайлж, муулдаг ч тэр тайзан дээрээс унших ёстой, дурсах ёстой юм гэж байна. Заримдаа тийм тохиолдол бий.
Миний энэ жил уншсан шүлгийг “муу шүлэг” гээд байгаа. Эл хаант улсын тухай юм. Эл хаант улс мөхөхөд маш харамсалтай үйл болсныг, түүхийг нь ажлаа хийж байхдаа судалсан юм. Түүнийгээ хэдэн бадаг шүлгэнд чадан ядан багтаахыг хүссэн. Тийм агуу том шүлэг биш байж мэднэ. Гэхдээ “дурсаач”гэж уншсан юм. Үгүй бол би хайрын тухай шүлэг унших л байсан. /инээв/
Тэгсэн бол чи цомын эзэн ч болох байсан байж ч магад гэж үү?
Түрүүлэхгүй байснаа би мэднэ ээ. /инээв/ Гэхдээ түрүүлэх гэж улайраагүйг маань бас хүмүүс мэдэх байх. Түрүүлэх гэж улайрсан бол бас өөр юм болох л байсан байх даа.
Тэгэхээр бүх зүйл зохиолтой байна уу?
Мэдэхгүй, Би зохиолтой байна гэж хэлэхгүй.
“Болор цом”-ын дэд байранд хоёр ч удаа орсон. Тухайн үед нас бага...
20-той...
20-той залуу “Болор цом” гэх нэр хүндтэй сайхан наадмын Дэд байранд орлоо. ...Үүүнийг олон ч ярисан л даа, Гэхдээ би асууя гэж бодож байна. Шүүгч нь АУЗ Б.Лхагвасүрэн гуай, Цомын эзэн нь түүний хүү Л.Хасар байсан нь бас л жиг жуг болсон. 20-той хүний мэдрэмж юу байсныг л асуух гээд?
Яг тэр мэдрэмжээ үнэнээр нь хэлье. “Миний юм” гэсэн бодол огт төрөөгүй. Оюутан хүүхдэд тун чиг хангалттай байсан. Харин ч намайг их сайхнаар гаргаж ирсэн.
Үнэнийг хэлэхэд их сонин цаг үед бид амьдарч байна. Ёс суртахуун нь эвгүй болсон ч юм шиг. Би цагаандаа гарсан хүн биш болохоор, ичих булчирхайтай болохоор тэрэнд юу ч боддоггүй, үнэхээр хангалттай. Хүмүүс янз бүрээр л ярьсан. Гэхдээ, Л.Хасар ах бид хоёрын сүүлд уншсан шүлгүүдийг харьцуулаад харах хэрэгтэй. Би “Он солигдох мөчийн шүлэг” гэж шүлэг уншсан. Харин Л.Хасар ах “Амт” гэж шүлэг уншсан. Тэр “Амт” гэдэг шүлэг минийхээс хамаагүй илүү байсан байхгүй юу. Тэгээд л түрүүлсэн.
Нөгөөтэйгээр “цээж өвчин” гэж нэг юм бий. “Би чадаж байна” гэдэг бодол. Тийм юмнаас агуу Б.Лхагвасүрэн ах, агуу Д.Урианхай ах, агуу Д.Галбаатар ах гурав намайг хамгаалсан, тийм юмгүй болгосон юм. Хэрвээ би тэр наадамд түрүүлсэн бол өөрийгөө өөд нь шидэж яваад өнөөдрийн хэмжээнд эглээрээ үлдэхгүй ч байсан байж магад. Мөн миний том том ах нар миний хажууд байсан. Тэд миний мөрөн дарж байсан. “Хөөрөхгүй ээ, энэ бол юу ч биш шүү” гэж дарж байсан.
Би бас таван нагац ахын дор өссөн. Нэг нь “морь чөдөрлө” гэхэд, нөгөө нь “мод хөрөөд” гэдэг, бас нэг нь “мотоцикльд бензин хийгээд ир” гэдэг... ингээд бүгдийг нь хийх гэж таван тийш гүйж өссөн. Би даруулганд өссөн.
Дараа нь уран зохиолд орж ирэхдээ том том ах нарын даруулганд бойжсон. Сагсуураад байх ч сайн биш. Галзуурч явахад гар хугарчихсан байдаг. Өөдөө дээшээ би, би гэж явахад өвдөг хугарчихсан байхыг мэдэхгүй шүү дээ. Б.Лхагвасүрэн ах, Долгорын Нямаа, Шаравын Сүрэнжав гуай зэрэг аваргуудын үгийг сонсох хувь тавилантай байсандаа баярладаг. Тэд надад “энгийн сайхан даруу байхыг, эр хүн шиг байхыг” захидаг байсан. Яруу найрагч байхаас илүү хүн байхыг тэд зааж захисан юм.
Өөрийн чинь ярианаас “даруулгатай байх, даруухан байх” гэдэг зүйл нэлээд цухалзаж байна. Даруухан байх сайхан байх. Гэхдээ даруухан зангаасаа болж орхигдох нэг асуудал бас бий. Энэ цагт.
“Цаг үе” гэдэг шар айрагны хөөс ш дээ. Хөөс хоромхон зуурт арилаад алга болно. Энэ цаг үед цээжээ дэлдээд яах юм бэ. Тэгвэл дараагийн цаг үед яах ёстой юм бэ. Тиймээс “энэ цаг үед” тэсэх л ёстой. Эхлээд хүндээ ойр байхсан, эхлээд хүн байхсан гэж боддог. “Олны талархлыг хүлээх гээд, бусдыг өөртөө татах гээд ингэж ярьж байна” гэж бодуузай.
Уур дүрэлзэх үеүд надад бий. Ширээгээ гөвөөд босох үе бий. Би тийм ч номхон даруухан хүн биш. Шударга бус юмыг үзэхээр л миний даруу зан үгүй болдог. зэвүү хүрдэг. Гэхдээ “шударга байя” гэдэг үгийг шударга бус хүмүүс хэлсээр байгаад үнэ цэнийг нь алдагдуулчихсан байна. Одоо залууст “шударга байя” гээд хэлэхэд “юу яасан” гэж л хүлээж авч байна ш дээ. Яг юу гэдэг үг нь ч тодорхойгүй болсон байна. “Шударга байя” гэдгийг хэлээд нэмэргүй боллоо. Тиймээс үйлдлээрээ үзүүлж, залууст үлгэр болох ёстой байна. Улс төрч ч тэр, урлаг соёлынхон ч тэр.
“Энэ цаг үед ингэж амьдрахгүй л бол болохгүй” гээд яагаад хуурмагаар амьдрах ёстой юм. Дюмагийн хэлсэн үг бий ш дээ. Энэ хорвоо дээр хүн байгаа учраас л зовлон байгаа. Хүн байхгүй бол юу ч байхгүй гэж. Өөртөө зовлон үүсгээд, “сайн хүн байх” гээд жинхэнэ мөн чанараа худалдаад байж болохгүй. Монгол эр хүн өөр шүү.
Эрэгтэй, эмэгтэй гэдэг хоёр хүйс байна. Гэтэл эр хүйсийг Монгол, Япон, Америкууд бас “өөр” байх уу?
Тэс өөр шүү. Япончууд бидний хувьд харь гарагийнхан. Япончуудын хувьд бид харь гарагийнхан. Дэлхий дээр мөнхийн хөдөлгүүр гэж байна. Тэр бол нүүдэлчид. Ингэж явахдаа үзэл суртлаа бий болгосон. Ахуй, уламжлалаасаа шалтгаалаад бүгд өөр.
Монгол эр хүний хувьд, хуучны хөгшчүүд ярьдаг байсан даа. “Даанч дээ монгол хүн байж...” Энэ үг одоо сонсогдохоо больсон байна. Энэ үзэл нь нэгнээ дарж зөв байлгадаг байж. Айлын хүүхдийг алгадчихдаг байсан. Айлын хүн намайг мөн алгадчихдаг байсан. Үүнд буруу юм байгаагүй. “Энэ миний хүүхэдтэй хамт амьдрах юм чинь зөв хүн байх ёстой” гэсэн үзэл нь нийтээр нь хүмүүжүүлдэг байж. Тиймээс энэ асуултанд чинь “Монгол хүн байж...” гэж л хариулъя. Үүний цаана “монгол хүн байж бусдаасаа арай өөр байгаасай, хүнлэг байгаасай” гэсэн санаа байна гэж би боддог доо.
Би чамайг багахан мэддэг. Чи эмээ өвөөгийн хүү болж өссөн. Хоёулаа ахуй, бага насны талаар дурсан яривал яаж байна?
Уудам талд дураараа давхиж, хонь хариулж, хөгшин аав, хөгшин ээждээ эрхэлж, үлгэр домог, сургааль сонсож өссөн. Миний хөгшин ээж Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 80 гарсан сайхан шар хөгшин суугаа. Хонь хариулаад явж байхад аргалийн сүрэг хоньтой ирээд нийлдэг тийм онгон дагшин байгальд би өссөн. Жимс түүж яваад хонио чононд өгдөг. Чоно гэж ямар амьтан болохыг үүд хоймрын зайнаас хардаг, тэгж миний бага нас өнгөрсөн. Америкчуудад, Япончуудад олдохгүй, тэдний үзэхсэн гэж мөрөөддөг тэр хувь заяагаар миний бага нас өнгөрсөн. Хонинд явахдаа юу хийх вэ дээ. Ном л уншина. Агуу яруу найрагч, зохиолчдын номыг үүрээд явна. Тэр л намайг урлаг, утга зохиол руу хөтөлсөн дөө.
Чи хэр их дурладаг вэ?
Дурладаг. Бүсгүй хүний гоо сайхныг цаасан дээр буулгах юм хааяа хийнэ ээ. /инээв/
Монголын ард түмний хайр хүндлэл дунд амьдарч байсан олон сайхан яруу найрагч нар бие биетэйгээ их ойрхон таалал төгслөө. Их том орон зай ханхайн эзгүйрч үлдсэн гэж бодож байна.
Их мэдэрсэн асуулт байна. Тэд маань яагаад нурчихсаныг мэдэхгүй. Дурсахаас өөр юм үлдсэнгүй дээ. Ярихад бас хэцүү сэдэв.
Гэхдээ тэдний орон зайг бид хоосон байлгаад байж болохгүй. Тэнгэрт байгаа тэднийгээ гонсйлгохгүйхэн шиг газарт байхсан. Яруу найрагчдад ар өврийн хаалга гэж байдаггүй. Нэг үгээр хамгийн шударга нь. Хийж байгаа, бичиж байгаа чинь сайн байвал тэгээд л болоо. Тиймээс л хичээж явна даа.
Тэдний дундаас А.Эрдэнэ-Очир найрагчтай илүү ойр байсныг чинь мэднэ.
А.Эрдэнэ-очир ахтай анх вагонд танилцаж байлаа. Ахынхаа дэргэдээс холдоогүй 10 жил болсон, арван жил нөхөрлөсөн. Маш их дурсамж бий. Дурсамжаараа ном бичиж байгаа. Удахгүй ахдаа зориулж хэвлүүлнэ.
А.Эрдэнэ-очир ах нэгт, агуу их яруу найрагч байсан. Хоёрт, агуу их хүн байсан юм. Тэр хүний дайнд хүрэх хүн чанартай, авьяас билэгтэй байна гэдэг ай хэцүү дээ. Очир ах ч сэрүүн тунгалагтаа хэлж байсан. “Сайн хүүтэй хүн тэднээрээ дамжаад урт амьдардаг юм” гэж.Ахын маань хүү Э.Цагаан-Уул гэж сайхан шүлэг бичдэг, сайн хүү бий. “Арлааны Эрдэнэ-очир” гэдэг сан байгуулаад аавынхаа өвийг авч яваа. Ах маань шүлгүүдээ уншаад үлдээсэн байсныг бид олж, нэгтгэн, гурван цуврал цомог гаргахаар зорьж байгаагийн эхнийх нь “Тунгалаг тэнгэрийн доор” гэж цомгийг нь бид гаргалаа. Удахгүй цомгийн нээлт болно. Сангийн гишүүний хувьд танай хамт олныг урьж байна.
Баярлалаа. уран бүтээлийн амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна