Танил хүн: МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан Дэд захирал Ч.Ундрам оролцлоо


 “Танил хүн” нэвтрүүлгийн шинэ дугаартаа МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан Дэд захирал, профессор Ч.Ундрамыг урьж оролцуулж байна.

-Энэ жил танай сургууль хэдэн хүүхэд авсан бэ?

-Энэ жил бид нар 2400 орчим хүүхэд авсан.

-Өнгөрсөн жилийнхээс буурсан уу?

-Буурсан. Ер нь бид оюутны тоог бууруулах бодлого барьж байгаа. Нэгдүгээрт, нэг профессорт 15 оюутан ногдох хэмжээнд хүргэхийг зорьж байна. Одоо идэвхтэй оюутнуудаа харахаар 18 ногдож байгаа юм. Чанараа анхаарах бодлого барьж байна. Гаднын том сургуулиудад 10-15 байдаг юм байна лээ. Тэгэхээр 2024 он гэхэд 15 оюутан болгохоор төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө талаас энэ жил ЕБС-ийг 18  мянга орчим хүүхэд төгссөн. Гэтэл ихэвчлэн 38 мянга, 39 мянган хүүхэд төгсдөг байсан юм.

-Бараг хоёр дахин бага тоо байна.

-Тийм. Энэ бүхэн хүн амын төрөлттэй холбоотой. Дээрээс нь боловсролын системд өөрчлөлт гараад 10 жил сурдаг байсан бол 12 жил сураад, зарим хүүхдүүдийг анги дэвшүүлсэн зэрэг асуудлаас болоод энэ жил цөөн хүүхэд төгссөн. Эдгээр хүүхдүүд ЭЕШ өгөөд хотын их сургуулиудад орох хэмжээний дүн авсан хүүхдүүд 10 мянга орчим байна.

-Танайх жилд сургалтын төлбөрөөр  хэд орчим төгрөг төвлөрүүлдэг юм. Үүнээс хэдэн хувийг нь оюутнуудынхаа суралцах орчныг сайжруулахад зарцуулдаг юм бэ?

-Ерөнхийдөө сургалтын төлбөрөөс жилд40 орчим тэрбум төгрөг орж ирдэг. Манайх 1500 орчим багш, ажилтантай. Манай хамгийн өндөр зардал бол цалин. Эргээд л нөгөөхөө цалиндаа зарцуулдаг гэсэн үг. Манайд маш өндөр боловсролтой профессорууд ажилладаг. Амьдралынхаа ихэнх цагийг өөрсдийгөө боловсруулахад зориулж ирээд энд ажилд орсон хүмүүс. Профессорын зэрэглэлд ажиллаж байгаа хүнд боломжийн цалин өгч ажиллуулахгүй бол /тархины урсгал гэж ярьдаг/ мундаг профессоруудыг гаднын аль ч том их сургууль уриад ажиллуулах бүрэн боломжтой байдаг. Тэгээд энэ хүмүүсийг тогтоохын тулд тодорхой хэмжээний цалин тавьж өгч байгаа. Тэгэхээр манай үндсэн том зардал бол цалингийн зардал байдаг, 60 хувь нь. Эргүүлээд бид оюутнуудад зориулан тэтгэлэг маш их өгдөг. Өөрийн эх үүсвэрээс ч өгдөг, гаднын эх үүсвэрүүдийг ч олж авчирдаг. Оюутанд чиглэсэн манай зардал бараг 10-аад хувь байдаг. Номын баяжилт хийхээс авхуулаад л оюутны тэтгэлэг, оюутны клубүүдтэй хамтарч гэх мэтэд маш их мөнгө зориулдаг. Тэгээд үлдсэн  мөнгө бол... Манайх 1942 онд байгуулагдсан сургууль, энэ байшин гэхэд 1945 онд ашиглалтад орсон. Тэгээд 20 мянган оюутны хөлийн тоосонд бүтэн өвөлжин өдөр шөнөгүй хичээллэхэд дарагдаад эвдрэх нь эвдрээд үлддэг тул хичээлийн жилийн төгсгөлөөр засвар маш их хийх шаардлагатай болно.  Дээр нь оюутны байр гэхэд л хамаг тавилга нь эвдэрсэн байдаг. Тэгэхээр бүх тоног төхөөрөмж, тавилгуудаа шинэчлэх, сайжруулахад үлдсэн мөнгөө зарцуулаад тэгээд л есдүгээр сарын 1-тэй золгодог.

-Профессорын өрөөтэй танилцъя. Профессор гээд судлаад үзтэл та их залуу хүн байсан.

-Би 26 насандаа доктор хамгаалсан юм. Эдийн засгийн ухааны доктор л доо. Нэлээд залуу байхдаа хамгаалаад МУИС-д ирээд арван жил болж байна. Энэ бол дэд захирлын өрөө л дөө. Өмнө нь профессор байхдаа арай жижиг өрөөд суудаг байлаа. Дараа нь сургалтын нэгдсэн албаны дарга 5 жил хийсэн. Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг хийж байгаад одоо Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал хийж байна. Тэрнээс өмнө багш, ахлах багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгч профессор гээд их сургуульд хашиж болох бүх л албан тушаал зэрэглэлд ажиллаж байсан. Миний өрөөний хувьд бас их түүхтэй тавилгатай өрөө л дөө. Үе үеийн дэд захирлууд байрлаад, ажил хэргээ эрхэлж байсан. Миний өмнө Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат гэж профессор энэ өрөөнд байж байсан. Намайг сургалтын албан дарга байхад миний шууд удирдлага байсан л даа. Тэгээд тэр хүнийхээ өрөөнд нь үргэлжлүүлээд байрлаж байгаа даа бэлгэшээдэг. Тавилгын хувьд бол Богд хааны хэрэглэж байсан тавилга гэж хүмүүс ярьдаг. Манай МУИС-ийн эд хөрөнгийн бүртгэл дээр “Богд хааны тавилга” гэж явдаг. Түүхийг нь судлаад асуухаар настай багш нар маань анх Гэгээрлийн яам гээд 90-ээд жилийн өмнө байгуулагдахад Богд хаан хуучин тавилгаа илүүчлээд өгсөн гэж ярьдаг. Тэр үед тавилга хомс байсан биз. Тэгээд дайны дараа МУИС-ын энэ байр ашиглалтад ороход Гэгээрлийн сайд энэ тавилгаа өгсөн юм байна лээ. Дайны дараа гэхээр бүх юм маш хомс байсан байж таараа. Тэгээд энэ тавилга нь үе үеийн захирлуудыг дамжаад, дараа нь дэд захирлууд хэрэглэдэг болоод тэгээд миний өрөөнд ирсэн байдаг юм. Энэ ширээ, энэ шкаф байна. Модны чанар нь маш сайн, гар хийцийн. Нэг удаа сэргээн засварлуулсан. Энэ ширээ байна. Тэнд толь, тэр авдар байна. Авдрыг онгойлгоод үзэхээр дотор нь хуучин оросоор бичсэн лого маягийн юм байдаг. Ямар ч байсан сэргээлгээд маш ариг гамтай хэрэглэе гэж бодож байгаа. Сая 75 жилийнхээ ойгоор манайх “Эрдмийн музей” гэж байгуулсан. Тэр музейдээ байрлуулъя гэж бодож байна. Өрөөнд өөр хүндтэй зүйл гэвэл манай МУИС-ын туг байна. Тэр бол манай Эрдмийн зөвлөлийн гишүүний өмсгөл байна. МУИС-ын Эрдмийн зөвлөл гэдэг бол манай эрдмийн хамт олны хамгийн дээд байгууллага. Эрдмийн зөвлөлөөрөө хамгийн чухал том, дүрэм журмаа хэлэлцдэг. Эрдмийн цол өгөх үү үгүй юу, профессор цол, дэд профессор цол өгөх эсэхийг ярьдаг, нь үндсэн гол академик бодлогын асуудлуудаа ярьдаг байгууллага. Энэ бол ахмадын холбооноос надаа дурсгасан. Анх ахмадын холбоог байгуулъя гэхэд нь дэмжсэн. Ахмад багш нар л гэсэн үг шүү дээ. Тэд нар ийм холбоотой болсноор нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээнд оролцдог болсон. Тэтгэвэртээ гарсан ч гэлээ тэдний үгийг нийгэмд хүргэхэд хэрэгтэй. Нарангэрэл профессор, академич гээд ... Эдгээр хүмүүс Ахмадын холбоо байгуулахад тусалсан гээд ийм хайчилбар дурсгасан. ...Уг нь дөрвүүлээ юм. Би бүр залуу багш байхдаа авхуулж байсан зураг юм. Манай хүн, охин хоёр байна. Хүүгийн зураг байхгүй байна. Манай гэр бүлийн хүний хувьд бид хоёр бүр 13-14-дээ танилцаад, найзууд явж байгаад би 15-тай АНУ яваад hi school төгсөөд 17-той Англид очиж бакалавр, магистр хамгаалаад, дараа нь Японд доктор хамгаалсан юм. Тэгээд энэ хугацаанд манай гэр бүлийн хүн бид хоёр найзын холбоотой, байнга нэгэндээ имэйл, захиа бичдэг байсан. Манай хүн Хятадад очиж сурсан. Зуны амралтаараа маш их таардаг байж байгаад сүүлдээ үерхдэг болоод тэгээд суусан. Багын найзтайгаа суусан болохоор бид хоёр одоо ч гэсэн найзууд шиг бүх юм аа мэддэг. Ээж аавууд маань нэг нэгнээ мэддэг, бид хоёрыг багаас маань мэддэг нь бас их амар байдаг.

-Танайд ээж, аав хоёр хаанахын хүмүүс вэ?

-Аав маань Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, өссөн. Маш сайн сурдаг байсан. Тэндээсээ Орос руу, Свердловск дах Уралын политехникийн их сургуульд геологичээр сурсан. Ээж болохоор хотынх. Багануурт төрөөд хотын 50 дугаар сургуульд бас онц сурлагатан байсан. Тэгээд төгсөөд бас Орос руу, Свердловск руу хуваарилагдсан байдаг. Тэнд улс төрийн философийн ангид орсон. Тэнд манай аав ээж хоёр танилцаад, гэрлэлтээ батлуулаад би төрсөн байдаг юм. Оюутан айлд төрсөн. Тэгээд хамт Монголд ирж байсан.

Энэ зуны амралтаараа би гэр бүлийнхээ хувьд жижиг төсөл хэрэгжүүлсэн. Ээжийнхээ аавыг судалсан юм. Ээж маань 12 настайгаа эцгээ алдсан. Тэгээд эмээ, эгчтэйгээ гурвуулаа үлдсэн байдаг. Манай эмээ дайны дараа цэргийн оёдолчин хийж байгаад бие нь их муу байсан тул ажил хийгээгүй. Тэгээд хоёр өсвөр насны охинтойгоо үлдсэн байдаг юм. Түүнээс хойш амьдралын төлөө зүтгээд  явж байсан учраас өвөөгийн тухай яриа л үлдсэн байсан “Сайн хүн байсан. Халхын голын дайнд байлдаж явсан. 1945 оны Чөлөөлөх дайнд байлдаж явсан”  гээд түүнээс цааш сайн мэддэггүй байсан. Иймд илүү ихийг олж мэдэхийг хүсдэг байсан. Тэгээд хоёр жилийн өмнө гэр бүлээрээ хөдөө явж байгаад ээжийгээ Завхан аймгийн Ургамал сум гээд өвөөгийн төрсөн нутаг байдаг, тэнд аваачиж үзүүлсэн. Тэр үед Ургамал сум үнэхээр эмх цэгцтэй, их гоё сум байсан. Ээж их баярлаад төрсөн нутагт нь ирж үзлээ гэж байсан. Дараа жил нь гэр бүлээрээ Халх гол явсан. Халх гол сумаар ороод, тэндхийн түүх дурсгалын газруудаар ороод, дайны хөшөө музейтэй танилцаад өвөөгийнхөө талаар судалъя гэж бодсон. Тэгээд энэ зуны амралтаараа Үндэсний төв архив, Цэргийн архив, ТЕГ-ын тусгай архив зэрэг архивуудаар ороод өвөөгийнхөө  материалыг шүүж үзсэн. Тэгээд өвөө маань ямар мундаг хүн байсныг гэр бүлээрээ нээж илрүүлсэн. Манай гэрт өвөөгийн бүх медалиуд нь байсан. Х.Чойбалсан гуайн гарын үсэгтэй шагнуул байсан. Өвөө маань 1939 оны дайнд оролцоод авто сумангийн дарга, штабын дарга, 8 дугаар дивизионы дарга, нууцын дарга, эх зохиогч гээд чухал ажлуудыг хийж байсан юм билээ. Эх зохиогч гэхээр өвөө маань бичиг үсэгтэй байсан байна. Дээрээс нь бас орос хэлтэй байсан гэж тодорхойлолт дээр нь байсан. Мөн оньсон технологи сайн эзэмшсэн гэж тодорхойлсон байсан. Тэгэхээр танк, авто машин гээд авто суман хариуцаж байсан. Хамгийн сүүлд 1945 онд дайн дуусаад 10 –р сард Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар ажиллаж байсан. Тэр Олзлогдсон цэргийн газар нь энэ МУИС ба Дуурийн театрыг барьсан байдаг. Тэгэхээр манай МУИС-ын байрыг хариуцан бариулж байсан хүн. Тэгээд бариулж байсан байшинд нь одоо зээ охин нь ажиллаад явж байгаа гэдгийг би их бэлгэшээж хүлээж авсан. Өвөөгөө ингэж илүү сайн таньж мэддэг болсондоо их баяртай байгаа. Ирэх жил аавынхаа аавыг судлах гэж байна. Би аавынхаа аавтай бас л уулзаж байгаагүй. Манай аав “Их  мундаг хүн байсан” гэж ярьдаг юм. Архангай аймгийн Хашаат суманд төрсөн хүн. Ю.Цэдэнбал даргатай анх Орос руу сургахаар явуулж байсан хүмүүсийн нэг байсан юм байна лээ. Ю.Цэдэнбал дарга болохоор 18 настай ч байсан гэсэн. Харин манай өвөө 40 настай байсан хүн. Тэр үед гадаадад сургана гэхээр бичиг үсэгтэй, суурь мэдлэгтэй хүн байж л явуулна. Тийм хүн цөөхөн олдсон, 40 настай өвөөг маань хамт явуулахдаа ангийн дарга маягаар явуулсан юм байна лээ. Хамгийн настай нь юм чинь гээд. Тэгээд тэнд очоод малын эмчээр сураад нутагтаа ирээд тэтгэвэрт гартлаа малын эмчээ хийгээд, дараа нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд САА байгуулагдахад нь тэтгэвэртээ гарсан байлаа ч хүн хүч хэрэгтэй гэж тийшээ очоод тэнд нь манай аав төрсөн байдаг. Ирэх жилээс Архангай аймгийн архив орж материал цуглуулна гэж бодоод байна.

-Та сургалтын төлбөрийг төвлөрүүлэх, түүнийг эргэн захиран зарцуулах бодлого боловсруулж ажиллаж байгаа. Танай сургалтын орчин сайжирсан гэдгийг хүмүүс мэднэ. Түүнийгээ үзэгчдэд очиж харуулъя. Би номын санг хэлээд байна л даа.

-Тэгье.

**

-Ер нь ногоон байгууламжаа аль болох авч үлдэхийг хичээж байгаа. Манайх анх кампусаар баригдсан байдаг юм билээ. Гэтэл нэг хэсэг маш их газрыг нь хүмүүс авчихсан. Манай удирдлагын баг ажиллаж эхэлснээс хойш газрын гэрчилгээгээ хашаагаараа авсан. Баталгаажуулсан. Ингэхгүй бол хуучин барилгынхаа сууриар өгдөг байсан. Тэгэнгүүт хашаан доторх газрыг нь өөр хэн нэгэн авчихдаг. Нэг мэдэхэд л авчихсан айдаг. Хангамж үйлчилгээний газрын хамт олон ба Ой судлалын танхимын хамт олон, багш, оюутнуудтай нь хамтраад цэцэрлэгт хүрээлэнгээ аятайхан болгосон.

-МУИС-т 10 жил болжээ. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Би доктор хамгаалахынхаа өмнө MCS-т ажиллаж байсан, Голомт банканд бас ажиллаж байсан.

-Хувийн байгууллага их сургуул хоёрын ялгаа их үү?

-Сургуулийн хувьд ирээдүйг бүтээх гэж байгаа оюутнууд бэлдэж байгаа гэдгээрээ их сайхан. Ирээдүйд эд нар Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болно, УИХ-ын гишүүд болно, салба салбарынхаа манлайлагчид болно шүү гэж бодохоор их сайхан. Гэхдээ бас илүү хариуцлагатай санагддаг.

-Би нэг зүйлийг их гайхдаг. Мянга мянгаараа их дээд сургууль төгсөөд гараад байдаг. Ажил олгогч нар ажилтнаа хайгаад байдаг. Энэ хоёр хоорондоо ер уулзаж өгдөггүй, бодлого нь зохицдоггүй. Үүний алдаа нь юундаа байна вэ? Эсвэл та нар муу бэлдээд ажил олгогчдоо гологдоод байдаг юм уу?

-Олон асуудал байна. Хамгийн том асуудал гэвэл бид нар ажил олгогч нараас асуух ёстой, судлах ёстой. “Ямар мэргэжил, чадвартай хүн та нарт хэрэгтэй байна вэ?” гээд. Манай хөтөлбөрийн шинэчлэл ийм учраас явагдсан. Шинэ хөтөлбөр нээхдээ ажил олгогчоос асууж, ямар мэдлэг чадвартай хүн хэрэгтэй байгааг мэдээд түүнийхээ агуулгыг сургалтын хөтөлбөртөө шингээгээд, түүнийхээ дагуу заая. Тэгээд төгссөнийх нь дараа эргээд “Одоо болж байна уу” гээд санал асуулга авч байя. Байнга эргэх холбоотой ажиллая гэсэн үндсэн зарчим дээр суурилж манай МУИС-ын хөтөлбөр шинэчлэгдсэн. Үүн дээр дээд бодлого чухал байна. МУ-д 98-99 дээд сургууль ажиллаж байна. Хувийн байгууллагууд болохоор зардал хамгийн багатай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Тэр нь болохоор нийгмийн шинжлэх ухаан, бизнес, хэл, хууль гээд...  Манайх шиг байгалийн шинжлэх ухаанаар явъя гэхээр лаборатори олон хэрэгтэй, тэр нь хэдэн сая доллароор яригдах өртөгтэй. Дээрээс нь урвалж худалдаж авна. Нөгөөхөө хэрэглэснийхээ дараа хаяхдаа хүртэл мөнгө төлнө. Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийг авч явна гэдэг маш их зардалтай. Маш олон жил ажилласан, туршлагатай профессорууд ирж ажиллаж байж хэрэгжүүлэх боломжтой. Нийгмийн шинжлэх ухаанд лаборатори хэрэггүй шүү дээ. Анги, танхим, компьютер гэх мэт зүйл байж байхад болчихдог. Үүн дээр чанараа мэдээж ярих ёстой ч харьцангуй бага зардалтай. Тэгэхээр нийгмийн чиглэлийн хувийн маш олон сургууль байна. Тэгээд нэг хувийн сургууль гэхэд жилд 700 хуульч бэлдэж байна шүү дээ. Гэтэл манай МУИС жилдээ 120-150 хуульч л бэлддэг. Үүнээс олон бэлдэх шаардлагагүй. Тэгээд манай төгсөгчид бүгд ажлын байртай.

Энэ олон их сургууль, зарим нь үнэхээр чанаргүй. Багшлах боловсон хүчнийг нь харах ёстой, боловсрох орчныг нь харах ёстой. Номын санг нь харах ёстой. Хөтөлбөрийг нь харах ёстой. Ер нь бол боловсролын байгууллага чинь стратегийн байгууллага юм шүү дээ. Ийм чухал салбарт шаардлага хангахгүй сургуулиудад эрхийг нь өгөөд байгаа нь асуудал. Саяхан гэхдээ Боловсролын яам магадлан итгэмжлэхээр яваад аттестатчлаад заримыг нь хааж байна л гэж байна. Шаардлага хангаж байгаа хувийн сургууль байгаа. Гэхдээ л 3 сая хүн амтай, 100 мянган оюутантай газар 98-99 дээд сургууль байх шаардлагагүй. Оюутнууд мэргэжлээ, их сургуулиа сонгож байхдаа хариуцлагатай байх ёстой. Өөрийнх нь амьдрал шүү дээ.Өөрөө амьдраад, өөрөө ажилд ороод, өөрөө цалин авна. Тийм болохоор ямар мэргэжил ирээдүйд хэрэг болохыг судлах хэрэгтэй. Өнөөдөр аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал явагдаж байна. Технологинэкспоненциал өсөлтийн үе гэж яриад байна. Тэгээд үүнийг дагаад ирээдүйд ямар ажлын байр бий болох гээд байна, ямар нь үгүй болох гээд байгааг өөрсдөө судалж байж мэргэжлээ, сургуулиа сонгох хэрэгтэй.

-Одоо ямар мэргэжил хамгийн эрэлттэй байна вэ?

-Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн инженерингийн мэргэжлүүд хамгийн их хэрэгтэй, эрэлттэй байна. Тийм ч учраас энэ чиглэлээр улсаас болон олон улсын байгууллагаас, мана сургуулиас маш их тэтгэлэг олгож байна. Эдгээр хүмүүс чинь жинхэнэ инноваци мэдлэг гээч юмыг бүтээх хүмүүс. Жинхэнэ шинэ бүтээгдэхүүнийг гаргаж ирнэ. Энэ чиглэлийн хүмүүс цаашид ч эрэлттэй байх болно. Дээрээс нь хиймэл оюун ухаан нэвтэрснээр роботууд бидний зарим ажлыг хийдэг болсон. Эдгээр роботуудтай хамтарч ажиллах мэргэжилтнүүд хэрэгтэй. Роботуудын хийж чаддаггүйг хийдэг хүмүүс. Жишээлэхэд, Мона Лизаг хүн л эхлээд зурж чадна. Харин дараа нь робот дуурайгаад зурж чадна. Тиймэрхүү шинийг санаачилж чаддаг, юманд эергээр шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж чаддаг. Тийм оюутнууд хэрэгтэй байна. Бас нөгөө талаас роботуудыг сайжруулдаг, хөгжүүлдэг мэдлэг чадвар хэрэгтэй. ...2000 онд төрсөн хүүхдүүд одоо ингээд манайд ороод ирж байна шүү дээ. Сүүлийн үеийн хүүхдүүд нэлээн өөр болж байна. Хүүхдүүдийн үнэт зүйл, зарчим нь ч өөр болж байна. Миний үеийнхэн бол ажил хэрэгч, ажил дээрээсээ маш их аз жаргалыг авдаг, ажилгүй л бол өөрийгөө төсөөлөхгүй тийм залуучууд. Дээшээ ч тийм хандлага өндөр. Доошоо болохоор амьдралын үнэ цэнийг арай өөр зүйлээр төсөөлөөд байгаа юм. Яг өөрийнхөө хоббиг хийх сонирхолтой ч гэдэг юм уу. Би гэдэг үзэл нь давамгай, өөр дээрээ төвтэй үе гээд байгаа юм. Нэг талаас “би” төвтэй хүмүүс гэр бүлдээ зарцуулах цаг ихтэй байдаг. Тэгээд яг өөрийнхөө сонирхлоор явбал амжилтад хүрнэ. Нөгөө талаас яг өөрийнхөөрөө байх гээд байдаг.

-Хүмүүжлийн юм сургуулиудад байх ёстой юу?

-Байх ёстой. ЕБС ялангуяа энэ тал дээр анхаарах ёстой гэж боддог. Хүмүүжил маш олон зүйлээс хамаарна. ХиллариКлинтоны бичсэн ном байдаг “Хүүхдийг өсгөхийн тулд бүхэл бүтэн тосгон ажилладаг юм” гэж. Гадаа гарлаа цагдаа ямаршуу ааштай байна,  эмнэлэгт очлоо эмч ямар ааштай байна гэдэг хүртэл нөлөөлдөг. Хүүхдийн хүмүүжилд нийгэм тэр аяараа нөлөөлдөг. Тэгэхээр нэгдүгээрт нийгмээрээ хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, ээж аав суурь хүмүүжлийг олгодог. Ээж, аав хүүхдэдээ цаг зарцуулах ёстой. Хүүхдэдээ юу сургамаар байна? Ямар хүн болоосой гэж боддог вэ? түүнийгээ маш сайн анхаарч, түүн дээрээ төвлөрч хүмүүжүүлэх ёстой. Дараа нь хүүхэд ЕБС-д орно. Тэр үед багш нар боловсролын байгууллагаар батлагдсан, хүмүүжилд чиглэсэн хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ зааж хүмүүжүүлэх ёстой. Өөрсдөө бас үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Ингээд нэлээд төлөвшсөн хүүхэд их сургуульд орж ирж байгаа юм. Их сургуульд орж ирсэн хүүхдэд бид өөрийнх нь хүмүүжил гэхээс илүүтэйгээр нийгэмдээ сайн сайхныг бүтээдэг, дараагийн шатны хүмүүжлийг нь олгомоор байгаа юм. Нийгмийн иргэн учраас нийгэмдээ сайн сайхан юм хийх ёстой, өгөх ёстой. Үзэл бодлоо бас ингэж илэрхийлэх хэрэгтэй гээд нийгмийн хүн болоход нь төлөвшүүлэх ёстой байдаг. Гэтэл ЕБС-аас бүрэн төлөвшөөгүй хүүхэд ороод ирдэг. Нөгөө хүүхдэд чинь тийм маягийн төлөвшил олгох ёстой болдог. Ерөнхий суурь хичээлүүдийг бид загварчлахдаа мундаг профессорууд ярьж байгаад хийсэн. Ерөнхий суурийн хичээл нь нэгдүгээрт дээд боловсрол бол хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл судалж, нээж ирсэн шинжлэх ухааны ололтуудыг мэдэх ёстой гээд байгалийн, нийгмийн, хүмүүнлэгийн хичээлүүд ордог. Тэгээд дээрээс нь харилцааны ур чадвар гээд хичээл орно. Дээд боловсролтой хүн бол өөрийгөө зөв илэрхийлдэг, захиа биччихдэг, ажлын тайлан бичдэг г.м. ийм чадвартай байх ёстой. Мөн дээд боловсролтой хүн судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх ёстой гээд судалгааны арга зүй, тоон шинжилгээ гээд хичээлүүд орж ирж байна. Эрүүл байх ёстой гээд эрүүл мэндийн боловсролын хичээл орж ирж байна. Дээрээс нь англи хэлийг заавал зааж байна. Англи хэл бол хүн төрөлхтний өнөөдрийн нийгэмд болж байгаа онцгой үйл явдлуудын хамгийн хурдтай, бодитойгоор хүргэж байгаа юм. Өөрийгөө гадаад ертөнцөд илэрхийлэх бол англи хэл бас л хэрэгтэй болно. Монгол улсын иргэний хувьд иргэний боловсрол олгож байгаа. Үндсэн хууль болон түүхийн хичээлүүд ордог. Эдгээр зүйлсийг бид Ерөнхий боловсролоор өгч, бэлдэж байгаа гэсэн үг. Үүний дараа оюутан мэргэжлээ сонгоод мэргэжлийнхээ ур чадварыг эзэмшиж байгаа юм.

-Энэ бол танай нэлээд том бүтээн байгуулалт...

-Энэ номын сан байхгүй байхад хичээлийн байруудад хэдэн жижигхэн өрөөнүүдээс бүрдсэн номын сантай байсан. Тэр үед багш нар номын санд суух нь бага байсан. Харин энэ бүтээн байгуулалтаас хойш манай оюутнууд номын сандаа багтахаа байгаад, багш нар нь хүртэл дүүрэн суудаг болоод... Эндээс юу харагдсан бэ гэхээр хүнд суралцах орчныг нь өгөх ёстой юм байна. Тэгж чадвал хүн өөрөө хүсээд сурдаг юм байна. Орчин нь бүрдээгүй үед хэцүү юм байна гэдгийг ойлгосон.

-Хүүхдүүд их сайн ордог юм байна. Номын санг ямар төсвөөр бүтээв?Номын сангийн хүртээмж нь хэр вэ?

-Номын сан өөрөө 16 тэрбум төгрөгөөр боссон. Үүнээс хоёр тэрбумыг нь улсын төсвөөс бусдыг нь өөрсдийн эх үүсвэрээс манай үе үеийн удирдлагууд маш олон жил цуглуулаад, Хөгжлийн сан гэж сан байгуулаад тэндээ цуглуулаад, валютын ханшны өсөлт дээр тоглоод, хадгаламжийн хүү гээд өөрийн эх үүсвэрийг үүсгэх гэж маш их мэрийсэн. Ялангуяа, манай санхүү хариуцсан захирлууд, санхүүгийн хамт олон энэ дээр нэлээн алсын хараатай ажилласан. Тэгээд өөрсдөө цуглуулж байгаад л энэ бүтээн байгуулалтыг хийсэн. Ийм ч учраас бид шинэ номын сангаараа бид маш их бахархдаг. Энд нэг дор 700 хүүхэд сууж боломжтой. Гэсэн хэдий ч багтахгүй байна. Ахиад номын сан хэрэгтэй байна. Номын хүртээмжийн хувьд диссертаци бүх юмтайгаа нийлээд 500 мянган номтой. Дээрээс нь бид нар байнга баяжуулалт хийдэг. Номын хувьд бид 10-аас илүү ном авдаггүй. Яагаад гэвэл дээр үед хүмүүс номоо шахна гэж ярьдаг тийм зүйл бас байсан. Одоо бол мэргэжлийн танхим нь өөрсдөө хүсэлтээ өгдөг болсон. Танхимаараа хуралдаад, хэлэлцээд, энэ ном яагаад манайд хэрэгтэй юм бэ гэдгээ ярилцаад түүний дараа бид хэвлэсэн ном 10-ыг авдаг эсвэл онлайнаар номыг нь худалдаж авдаг. Бас оюутнуудыг улсаас ямарваа нэг тэтгэлэг өгөхөд номоо л түрүүлж авдаг байгаасай гэж хүсдэг. Өөрийн номыг хүн гэртээ уншаад, дээр нь тэмдэглээд уншвал илүү юм шиг санагддаг. Би өөрөө тэгж сурдаг байсан оюутан. Лондонд сурч байхад маш өндөр өртөгтэй газар. Тийм газар гоо сайхны зүйл амттан авалгүй номоо л хамгийн түрүүнд авдаг байсан.

-Бидний урилгыг хүлээн аваад ярилцсан танд баярлалаа. Таны ойрын зорилго юу байна вэ?

-Би Монголын дээд боловсролын ууган байгууллагад 10 жил ажиллаа. Энэ хугацаанд удирдлагын багтайгаа, үе үеийн захирлуудынхаа удирдлага дор хийж гүйцэтгэлээ. Их зүйл сурсан. Энд математик, хими, физик, хууль, бизнес гээд маш олон чиглэлийн эрдэмтэдтэй хамтарч ажилладаг давуу талтай. Эдгээр хүмүүсээс маш их зүйл сурсан. Ингээд явж байхад нийт боловсролын тогтолцоогоор нь харахгүй бол болдоггүй юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Бүр цэцэрлэгээс нь авхуулаад, дунд боловсрол, дээд боловсрол гээд том зургаар нь харж, залгамж холбоотойгоор сайжруулах ёстой юм байна гэж бодсон. Энэ чиглэлээр санаа нийлсэн эрдэмтэдтэй хамтарч ажиллая гэж бодож байна. Боловсролын салбарт концепцийн хувьд өөрчлөлт хийгээд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлдэх ёстой гэж бодож байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын босгон дээр ирсэн байхад манай ард түмэн боловсролын хувьд бэлэн биш байна. Энэ бол маш аюултай. Ажлын байргүй, хэнд ч хэрэггүй боловсон хүчин бэлтгэгдээд гараад  байвал жинхэнэ ядуурал болно, ажилгүйдэл жинхэнээсээ бий болно. Иймд салбар салбарын найз нөхөдтэйгөө нийлээд ийшээ маш яаралтай анхаарч ажиллая гэж бодож байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 14 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 14 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 15 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 15 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 15 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 15 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 16 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 16 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 17 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 17 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 18 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 18 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 18 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 19 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 19 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 20 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 20 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 21 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 22 цагийн өмнө