О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хорих ял эдлүүлэх ажлын хүрээнд хоригдлуудыг нийгэмшүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулан явуулдаг. Үүнд боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх улмаар хорих ялаа эдэлж дуусахад нь ажлын байранд зуучлах, зан үйлийг засах зэрэг олон чиглэлээр ажил зохион байгуулдаг. Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн О.Эрдэнчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

       Хоригдлыг мэргэжилтэй болгох ажлын хүрээнд та олон жил ажилласан хүн. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцана уу?

            1996 онд тухайн үеийн Хууль зүйн сайд Ж.Амарсанаа миний үзэсгэлэн дээр тааралдаад надтай уулзах хүсэлт тавьсан. Бид уулзах үеэрээ уран дарханы үйл хэргээр дамжуулж хоригдлуудыг нийгэмшүүлж, мэргэжил эзэмшүүлэх ажлын талаар ярилцсан юм. Тэгээд тэр үеийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал Л.Гарамжил, хурандаа Л.Санжаасүрэн нарын санаачилга шийдвэрээр энэ хөтөлбөрийн суурь тавигдсан. 24 жилийн  хугацаа өнгөрчээ. Уран дарханы үйл бол маш нарийн чухал ариун зүйл юм. Сургалтад хамрагдсан хоригдлууд бүгд сэтгэл дүүрэн байдаг. “Биднийг нийгэмд гарч амьдрахад туслалцаа үзүүлж, Монгол Улсын өв соёл болсон уран дарханы сургалтад хамруулсанд баярлалаа” гээд л талархал илэрхийлэх нь олон. Мэдээж хоригдол бүрт уран дарханы арга ухааныг заагаад байх боломжгүй. Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих байгууллагаас суллагдаад сайхан амьдрахад нь тус дэм болох үүднээс гарын эв дүйтэйг нь сонгон сургалтад хамруулдаг. Би дархан хүн худалч хуурмаг байж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Тиймээс сургалтандаа залилангийн гэмт хэрэгтэй хоригдлуудыг хамруулдаггүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Санаандгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүн ч байдаг. Гэхдээ тухайн хүн өөрөө нийгэмд гараад цаашдаа зөв хандлага, төлөвшилтэй амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тийм л хүмүүсийг би сонгож сургадаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулга бол хоригдлыг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, зөв хандлагатай иргэн болгоход чиглэсэн ажлуудыг тасралтгүй зохион байгуулдаг. Тиймээс хүнийг хөдөлмөрөөр болон сурсан эрдэм мэдлэгээр нь хүмүүжүүлж дахин нийгмийн харилцаанд ороход нь бэлдэх ёстой. Миний хувьд шавь нартаа энэ эрдмийг сураад нийгэмд гараад мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдраарай гэж ерөөгөөд үдэн гаргаж өгдөг дөө.

      Дарханы  мэргэжлийг ямар хугацаанд эзэмшдэг вэ? Ял эдлэх хугацаандаа энэ эрдмийг таниар заалгаж суралцсан олон хүн байдаг уу ?

            Сүүлийн 15 жилийн хугацаанд уран дарханы мэдлэг эзэмшүүлэх хөтөлбөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад явагдаж байна. Миний хувьд энэ хугацаанд 60 хоригдолд уран дарханы мэргэжил эзэмшүүлсэн. Уран дархан болохын тулд маш их цаг, хугацаа шаардагддаг. Нэг хоригдол ойролцоогоор таван жилийн хугацаанд уран дарханы эрдэмд суралцдаг. Сургалтад хамрагдсан хоригдлуудаас олон сайн дархчууд төрөн гарсан. Өнөөдрийн байдлаар 21 дархан ажиллаж байна. Мөн гурван хүн баг бүрдүүлсэн. Таван хүн урлангийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Хувиараа болон мэргэжлийн  урлан, аж ахуй нэгжүүдэд 13 хүн ажиллаж байгаа.

             Ял эдэлж байх хугацаанд нь хоригдлуудад цахилгаанчин, мужаан, барилгачин, өрлөгчин, гагнуурчин зэрэг олон төрлийн мэргэжил эзэмшүүлдэг. Тэгвэл уран дарханы мэргэжил олгох сургалтын онцлог юу вэ ?

            Хоригдлууд шүүхийн тогтоолоор ял эдэлж байгаа ч сурч, хөгжих эрх нь нээлттэй. Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлж, алдсан ч гэсэн эргээд зөв амьдралаа олоход уран дарханы сургалт үр нөлөө үзүүлж л байвал энэ хөтөлбөрийн үр дүн гарч байгаа юм. Би амьдралынхаа 40 гаруй жилийг монгол дарханы үйл хэрэгт зориулсан. Уран дархан, дархны үйл бол миний амьдралын утга учир юм. Тэр дундаа сүүлийн 20 орчим жилийг хүмүүнлэгийн ажилд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж монгол дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна.

              Уран дарханы мэргэжлийг эзэмшихэд хувь хүн өөрөө авьяастай байх хэрэгтэй юу ?

            Өөрийн мэддэг чаддаг бүхнээ хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдэг бол уран дархан хүн бүрийн эрхэм үүрэг гэж хэлж болно. Миний гурван хүү уран дархан. Шавь нараас маань хүүхдүүдтэй минь хамтран ажиллаж байгаа. Тэд маань одоо ч гэсэн уран дарханы үйлд суралцаж яваа. Хүн ер нь өдөр бүр л суралцдаг юм байна.

            Хорих ангид байх хугацаанда уран дарханы мэргэжил эзэмшээд суллагдсаны дараа үргэлжлүүлэн ажиллаж байгаа хэдэн хүн байдаг вэ?

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлсэн уран дарханы мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр олон хүнд үр өгөөжөө өгсөн. Миний сургасан 60 хоригдлоос 21 нь энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Үлдсэн хэд нь ямар ч л байсан өөрийнхөө бүсийг дархлаад зүүчихдэг, мөнгөн аягаа хийчихдэг л болсон. Шавь нараас маань хоёр нь Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөмжлөлийг хүртсэн бол нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байдаг. Мөн 2004 онд хоёр жил тутамд зохион байгууллагддаг хорих байгууллагуудад ял эдэлж байгаа хүмүүсийн урлал, бүтээлийн олон улсын үзэсгэлэнд хорих ангид ял эдэлж байсан хоёр шавь маань бүтээлээрээ оролцож тэргүүн дээд гранпри шагнал авсан. Зөв сайхан амьдарч яваа шавь нараа хараад бахархаж суудаг.

            Таны яриаг сонсож байхад хүнийг сурсан эрдэм мэдлэг хүмүүжүүлдэг гэх санаа төрж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан үеэ эргээд нэг харахад юу гэж бодогдож байна?

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан цаг хугацаа маань үр дүнтэй, өгөөжтэй сайхан он жилүүд байсан. Байгууллагынхаа нэг хэсэг нь болж үе үеийн дарга, удирдлагуудтай мөр зэрэгцэн гар нийлэн ажилласандаа баярлаж явдаг. Хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ер нь муугаар бодох тал бий. Шорон гэх өөрийнхөө төсөөллөөр хараад байдаг. Манай байгууллага бол хүмүүнлэгийн нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргээ явуулдаг газар гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдийгээр эрхээ хязгаарлуулж, ял шийтгэл эдэлж байгаа ч тэнд ч гэсэн нийгмийн харилцаа хором бүрт явагдаж байдаг.

            Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны урласан бүтээл болгон өнө мөнхөд өвлөгдөн үлдэх болтугай. 

            Та бүхэнд ч их талархаж байна. Нийгэм харилцаан дээр тогтдог. Харин харилцаа гэдэг зүйлд хүн өдөр бүр суралцаж байх хэрэгтэй. Зөв хүн гэж аливаад шударга, сэтгэл зүрхнээсээ ханддаг хүнийг хэлдэг юм шүү гэж захимаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд 6 градус дулаан байна 47 минутын өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 13 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 15 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 17 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 17 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 17 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 17 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 18 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 18 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 19 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 20 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 20 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 21 цагийн өмнө