Анхны үлээвэр найрал хөгжим, Монгол улсын “сүлд дуу” эгшиглүүлсэн нь…


ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жилийн ойд.

20. АНХНЫ ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМ, МОНГОЛ УЛСЫН “СҮЛД ДУУ” ЭГШИГЛҮҮЛСЭН НЬ…

Монголчууд 1911 онд Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан нь Монгол үндэстний түүхэн сэргэлтийн үе байсан юм. Тусгаар улсын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, төрийн сүлд дуулал байдаг нь олон улсын жишиг байдаг тул шинэ тулгар төр улсаа эмхлэн цэгцэлж буй монголчууд төрийн сүлд дуутай болох зайлшгүй шаардлага бий болсон юм.

Тиймээс монголчуудыг төрийн сүлд дуутай болгож үндэсний нэгдмэл бахархал омогшлыг төрүүлэх үүрэг монголын төрд, тэр дундаа Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд оногдох нь гарцаагүй байсан юм.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй бүрэн эрхт төлөөлөгчид 1913 оны 10 дугаар сарын 10-наас 1914 оны 1 дүгээр сарын 24 хүртэл Хаант Орос Улсад Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж гадаад харилцаагаа тэлэх, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд цэрэг, улс төр, эдийн засгийн тусламж авахаар айлчилсан юм.

ЛИВАДЫН ОРДОНЫ ҮҮДЭЭР…
Ерөнхий сайд Хаант Орост айлчилж байх үедээ уйгагүй хичээл зүтгэл гаргаж олон удаагийн дээд хэмжээний уулзалт хийсний үр дүнд Хаант Оросын тал хэдийгээр түүний хүссэнээр хангалттай хариу өгөөгүй ч эхний ээлжинд мөнгө, буу зэвсгийн тусламж үзүүлэхээр болсон юм. Ингээд 1913 оны 11 сарын 15-ны өдөр Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид Оросын эзэн хаан II Николай хаанд бараалхах ёслол болжээ. Хаанд бараалхах ёслолын дараа 14 цагийн үед ордоны тэрэг ба хааны хамгаалах түшмэл цэрэг хориод хүн ирж Монголын төлөөлөгчид, Оросын талаас Г.А.Козаков, штабын ахмад Гаврик, Хааны ордоны хурандаа К.Киреев нарын хамт Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнг тусгайлан бэлтгэсэн хос морь бүхий сүйх тэргэнд суулган Ливадын ордонд хүрэлцэн иржээ. Ливадын ордоны үүдээр ёслолын цэргүүд жагсаж хөгжим дуу болон ёс төртэйгээр угтан авсан байна.

СЭТГЭЛ ТАТСАН ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМ…
Үүний дараа Ерөнхий сайд Т.Намнансүрэнд Санктпетербург дахь үхэр бууны сургуулийг цэргийн үлээвэр хөгжим үлээн ёс төртэйгөөр үзүүлсэн гэдэг. Ингээд Хаант Оросын тал буу зэвсэг бүхий тусламжийн барааг хүлээлгэн өгөх үедээ ёслолын ажиллагаа зохион байгуулж, үлээвэр хөгжмийн аялгуу эгшиглүүлсэн бөгөөд өвөрмөц хэлбэр хийцтэй гуулин хөгжмийн аялгуу эгшиглүүлжээ. Тэрхүү өвөрмөц хэлбэр хийцтэй гуулин хөгжмийн зэмсгүүдээс дуурьсах цоглог аялгууг сонссон Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн сонирхсон, хүсэмжилсэн сэтгэл хөдлөлөө нуугаагүй аж. Улмаар Т.Намнансүрэн дагалдаж явсан Хаант Оросын ноёдод “зэр зэвсэг өгөхдөө ийм цэргийн үлээвэр хөгжимтэй байвал их сайн сан” гэсэн утга бүхий үг цухуйлгасан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

ТАВАН ТӨРЛИЙН 8-10 ТООНЫ ХӨГЖИМ…
Ерөнхий сайд Хаант Орост айлчилж байх үедээ улс орны эв нэгдэл, үндэсний бахархал тусгаар тогтнолын бэлгэ тэмдгийг илэрхийлэх гол хүчин зүйлүүдийн нэг яахын аргагүй цэргийн сүр хүч, тэр дундаа цэргийн ёслол төгөлдөр бүхий найрал хөгжим, цэргийн парад юм гэдгийг ойлгосон болтой байна. Ингээд түүний хүслийн дагуу Хаант Оросоос Монгол улсад зэр зэвсэгтэй цуг таван төрлийн 8-10 тооны хөгжмийг тусгай бэлэг болгон өгчээ.

“ЗУУН ЛАНГИЙН ЖОРОО ЛУУС”…
Иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй болсон тул Ерөнхий сайд Т.Намнансүрэн тусгайлан мэргэжилтэн урьж ажиллуулах хүсэлт тавьжээ. Ингээд түүнээс тусгай захиалга өгсний дагуу Оросын хөгжмийн зохиолч, Марины театрын (Мариинскийн театр) тэргүүлэх хөгжимчин А.В.Кадлец ажиллажээ.
Хөгжимчин А.В.Кадлец Монголын Жирмийн чуулганаа дэлгэрч байсан дууны аяыг монголчуудын дуулж байсан “Зуун лангийн жороо луус” гэдэг дууны аялгуутай хослуулан үндсэн ая болгож, үлээвэр найрал хөгжимд тоглоход зориулсан “сүлд дуу”-ны эгшгийг туурвиж ноотлон, найруулгын товчоо зэргийг хөгжмийн мэргэжилтний түвшинд хийж өгчээ. Ингээд хөгжимчин А.В.Кадлец уг шинэчлэн найруулж бэлэн болгосон ноотыг Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд гардуулан өгсөн байна. Тиймээс “Зуун лангийн жороо луус” дууг төрийн дуулал болгон эгшиглүүлсэн явдал нь Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн зүтгэл санаачилга байсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

ЭРДЭНИЙН ОЧИР ОДОНГ КАДЛЕЦД ГАРДУУЛАВ…
Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгээс Хаант Орост айлчилж байх үедээ “Эрдэнийн очир” одон тэмдгээр хаант Оросын II Николай хаанаас аваад 38 хүнийг шагнасан байдаг. Энэ 38 хүний нэрсийг тэмдэглэхдээ:

“3 дугаар он өвөл цаг, Петербургийн газраа “Эрдэнийн очир” олгосон хүмүүн нарын нэрс” гэсэн бичиг дунд “Оросын цэргийн хөгжим сургагч Андрей Вячеславич Кадлец” гэсэн байдаг. Ийнхүү тусгаар тогтносон Монгол Улс шинэ цагийн өрнөдийн соёлыг шингээсэн сүр жавхлантай “төрийн сүлд дуу”-тай болсон юм. Хаант Орос уг төрийн сүлд дууг түүхэнд тэмдэглэхдээ ”Сэргэн мандаж байгаа монгол үндэсний сүлд дуулал”-ыг (Новое время. 8 июня 1914 г) гэсэн байдаг.

ЦЭРГИЙН ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖМИЙН САЛАА БАЙГУУЛАГДАВ…
Ингээд Олноо өргөгдсөн Монгол улсад шинэ цагийн хөгжмийн зэмсэгтэй болж, шинэ сүлд дуутай болсон тул Богд Живзундамба хааны зарлигаар 1914 оны 11 дүгээр сард Богд хааны 86 хүнтэй торгон цэргийн бүрэлдэхүүнд 9 хүний орон тоотой цэргийн үлээвэр найрал хөгжмийн салаа байгуулжээ.

Энэ салааг түшмэл Ваанчиг захирч байжээ.
“Зуун лангийн жороо луус” хэмээх дууны аялгууг найрал хөгжимдөө найруулан хөгжимдөж эхэлсэн нь Монгол улсын төрийн ёслол хүндэтгэлийн гол аялгуу болж төрийн аливаа ёслолын арга хэмжээ, Богд хаан залрахаас эхлээд долоон хошуу даншгийн наадам зэрэг томоохон баяр цэнгэлд эгшиглэх болжээ.

Тухайлбал, Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт Богд хаанд Бат-Оршил өргөх ёслолыг хэрхэн хийх тухай хуульчлан тусгахдаа: “Олон сайд, ван, гүн, түшмэд энгийн яамлах хурах ёслолын хувцас өмсөж хуримлаар ирэхэд угтаж үдэгтүн. Хурим хуримлахад урьдаар Эрдэнэ шанзудба, да лам нар, олон сайд, хан, ван, гүнгүүдэд ёслолын цай, идээ, хадаг, айраг, аарцыг өргөн ерөөх зайсан лам ерөөлийн үгийг хэлж, хөгжмийн түшмэд хөгжим үүсгэсний хойно олон чуулганы дарга босч, Хамба номун хан, дэд хамба, Эрдэнэ шанзудба, да лам нарт ёслолын цай, идээ, хадаг, айраг, аарцыг өргөн аймгийн түшмэд ерөөлийн үгийг хэлж хөгжим үүсгэж харилцан ёслон хуримласны хойно аймаг шавиас шашин төрийн хэрэгт сайнаар зүтгэгсдийг хөхүилэн хөгжүүлж цол хишиг хүртээхийг хуучин ёсоор явуулагтун” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс харахад аливаа төр шашны зүтгэлтнүүд олноор цугларсан төрийн болон шашны томоохон ёслол болоход эхлээд найрал хөгжим эгшиглэсний дараагаар ёслол, арга хэмжээ эхэлдэг байсан байна.

МОНГОЛЧУУД “НООТА” СУРАВ…
Мөн уг “Сүлд дуулал”-ийг эгшиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол тэр үед монголд амьдарч байсан Орос Улсын харьяат, хар лам Анатолый Алексеевич Кольцов юм. А.А.Кольцов шинэ тутамд байгуулагдсан үлээвэр хөгжмийн салаанд багшилж, өрнөдийн хөгжмийн соёлыг монгол оронд нэвтрүүлж, хөгжмийн ухааны алтан түлхүүр буюу дуу хөгжимд суралцах гол хэрэглүүр болсон ноотыг анх монголчуудад зааж сургасан гавьяатай хүн юм. Энэ үеэс цэргийн хөгжимчид итали гаралтай “ноота” гэдэг хөгжмийн шинэ бичлэгийг анх Монгол Улсад хэрэглэж эхэлжээ.

А.А.Кольцовын удирдлагаар тэр цагийн төрийн ёслол, олны цуглааны үед Төрийн дууллаас гадна “Ная хүрсэн настнууд”, “Гунан хар”, “Гандан уул” зэрэг дууг үлээвэр хөгжмөөр хөгжимдөж ард олны сэтгэлийг хөдөлгөж байсан тухай мэдээ баримт байдаг. Тухайн үед монголд хүрээ хийдийн бишгүүрээс өөр үлээдэг хийлдэг хөгжмийн аялгууг монголчууд мэдэхгүй байсан учир шинэ хөгжмийн уянгалаг яруу дуугарах нь нэгэн гайхамшиг байсан нь гарцаагүй юм.

ТҮҮХИЙН ТАШАА ТӨӨРӨГДӨЛ…
Зарим түүхчид орчин цагийн дуу хөгжмийн урлагийн үндэс нь 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын нөлөөгөөр бий болсон гэж үздэг. Энэ нь 1922 оны 4 сард Ардын журамт цэргийн бүрэлдэхүүнд үлээвэр хөгжмийн хамтлаг, нэгж байгуулах шийдвэр гаргаж “Монгол ардын хувьсгалт Цэргийн үлээвэр хөгжмийн салаа” байгуулагдсаныг орчин цагийн хөгжмийн урлагийн үндэс тавигджээ гэж үзсээр иржээ. Энэ тухай түүхэнд тэмдэглэхдээ:

“Жанжин Сүхбаатар 1922 оны хавар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн тэргүүн хороонд өөрийн биеэр хүрэлцэн очиж тус хорооны цэргийн бэлтгэлтэй танилцаж Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт цоо шинээр байгуулах үлээвэр хөгжмийн салбарт бүрээчин элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тэрбээр бусад дарга нарын хамт нийт цэргүүдийн уруул, шүд зэргийг сонжоод цэрэг Тогоочийн Балданцэрэн, Мөнхийн Даваа, их бага хоёр Дашзэгвэ, Самдан, Мишиг, Намсртай нарын 7 хүнийг сонгож авчээ” гэсэн байдаг. Энд тэмдэглэгдсэн “цоо шинэ” хэмээх үгнээс болж магадгүй огт байхгүй зүйлийг шинээр байгуулсан мэт ойлгож болох юм. Гэвч эдгээр 7 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн хамтлагийн хөгжмийн багшаар дээр дурдсан 1914 онд Богд хааны зарлигаар байгуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хөгжмийн хамтлагийн багш А.А.Кольцов ажиллаж байжээ.

ОРЧИН ЦАГИЙН ЦЭРГИЙН ХӨГЖМИЙН ИХ СУУРЬ…
Иймээс түүхэн баримт сурвалжийн мэдээнээс харахад Олноо өргөгдсөн Монгол улсын үед буюу анх 1914 онд албан ёсоор “Зуун лангийн жороо луус” хэмээх дууг төрийн дуулал болгон эгшиглүүлж ирсэн нь монголын орчин цагийн цэргийн хөгжмийн эх суурь болсноор үл барам өрнийн сонгодог хөгжмийн урлаг Монгол үндэстний урлагт нөлөөгөө өгч цаашид хөгжин дэвжих үндсийг тавьсан монголын хөгжмийн урлагийн түүхэнд гарсан шинэ эрин үе байсан юм.

Ийнхүү Олноо өргөгдсөн Монгол улс Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олж төрийн сүлд дууллаа зохиолгосон нь монгол төр бүрэн бүтнээр оршин тогтнохын сүр хүчний бэлгэдэл, олон улсын дипломат харилцааны зүй ёсны хүндэтгэл болсон юм. Мөн шинэ цагийн хөгжил дэвшлийг ашиглан, дэлхий дахины жишигт нийцсэн төрийн сүлд дууг эгшиглүүлсэн түүх нь Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гавьяа юм.

Ашигласан материал
1. ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921 ) эмхэтгэсэн О.Батсайхан. УБ.,2003 он

2. Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам (1911-1915) баримт бичгийн эмхэтгэл УБ.,2014

3. Монголын ард түмний 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл (баримт бичгийн эмхэтгэл) УБ.,1982 он

4. Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл) УБ.,1998 он

5. “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн -140” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.,2019 он

6. А.Дашням Халхын Сайн ноён хан Намнансүрэн УБ.,1990 он

7. Ж.Энэбиш Бүх нийтийн хөгжмийн боловсролын хөтөч УБ.,2019

8. Монгол Улсын Шинжлэх ухаан Хөгжмийн урлаг судлал Дугаар 22 УБ.,2009

9. Ж.Энэбиш Монголын хөгжмийн их нүүдэл УБ.,2017

10. Нүүдэлчдийн өв судлал Tomus XIII Fasciculus 1-39 УБ.,2012 он

11. Ж.Энэбиш Орчин цагийн Монголын хөгжмийн түүх (тэргүүн боть) УБ.,2011

12. Ё.Доржсүрэн Монголын соёлын түүх УБ.,2011

13. Ж.Даваа Миний мэдэх Монгол цэргийн хөгжим УБ.,2010

14. Ш.Цогтгэрэл Монгол цэргийн хөгжим уламжлал орчин үе УБ.,2011

15. БНМАУ Сүлд далбаа дуулал соёмбо нийслэл УБ.,1986

16. Х.Мөнхбаяр Монгол баяр наадам Түүхэн товчоо УБ.,2019 он

Буянаагийн Ган-Очир (Ph.D)
2022.07.11


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 9 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 10 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 12 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 12 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 13 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 17 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 17 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр