Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ны үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог байна. Гэтэл энэ сарын 13-14-нд шилжих шөнө үргэлжилсэн борооны улмаас нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр очиж хяналт тавьж, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгчээ. Одоогоор хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр рүү шилжүүлэх ажил хийгдэж байгаа аж.
Үүнээс гадна нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна.
Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна