Э.Одбаяр: НҮБ-ын ЕНБД айлчилсан нь манай улсын олон улсад эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харууллаа

М.Ариунжаргал
2022/08/10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын ач холбогдол, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын гол зорилгын талаар ярина уу. 

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 08 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Аливаа өндөр дээд түвшний айлчлалыг хүлээн авах болон төрийн тэргүүний гадаадад хийх айлчлалыг зохион байгуулахад олон байгууллагын хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт нэн чухал байдаг. Бид Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам,  Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн ёслолын газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар болон бусад холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллаж бэлтгэлээ хангасан гэдгийг юуны өмнө хэлье. Монгол Улс НҮБ-ын сүүлийн гурван Ерөнхий нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаанд нь урин айлчлуулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Айлчлалаар бид харилцаа, хамтын ажиллагааны олон сэдвээр ярилцлаа. Үүн дотор бүс нутгийн аюулгүй байдал, энх тайван, найрамдлыг хэрхэн цогцлоох, байгаль орчин, болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар голлон ярилцлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга А. Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгчид урьдчилан захидал илгээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолсныг та бүхэн мэдэж байгаа. Айлчлалын үеэр дээрх санал, санаачилгын талаар гүнзгийрүүлэн ярилцлаа. Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд манлайлал үзүүлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан болон, эдгээр орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг онцлон авч үзлээ.

 -Энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 Өмнө нь 1977 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм,1987 онд Перес де Куэльяр, 2002 онд Кофи Аннан, хамгийн сүүлд Бан Ги Мүн Монгол Улсад айлчилсан.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлал 13 жилийн дараа  болж буйгаараа онцлогтой. 

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Сүүлийн хоёр  жил үргэлжилж буй  цар тахлын нөхцөл байдал олон улсын уулзалт, арга хэмжээ, айлчлалыг зохион байгуулахад саад учруулж байсан. Гэсэн ч бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлалыг НҮБ-д элссэний 60, 61 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.   

 НҮБ-ын гишүүн болсон нь манай улсын орчин цагийн гадаад харилцааны түүхэн дэх томоохон амжилтын нэг. НҮБ нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах, үндэсний аюулгүй байдал, олон улсын байр суурийг улс төр-дипломатын аргаар бэхжүүлэх нэн чухал тавцан юм.

 Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг үнэнчээр даган мөрдөж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүч чармайлтад хувь нэмрээ оруулсаар ирсэн.

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцдэг 20 орчим асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулж, 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирлээ. 

Энэ айлчлал манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жилийн ойтой давхцаж байна.Манай улсын НҮБ дахь идэвхтэй оролцоо бусад олон оронд үлгэр жишээ болж байдаг бөгөөд энэ удаагийн айлчлал манай улсын олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харууллаа.Олон улсын нөхцөл байдал хурцадсан энэ цаг үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилж буй нь дэлхийн улс төр, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай улсын гүйцэтгэж буй үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, нэр хүндийг өргөх, бодлого, байр суурийг дэлхий дахинаа таниулахад өндөр ач холбогдолтой.

 Нийт хүн төрөлхтний өргөн хүрээтэй асуудлуудыг хамардаг олон улсын Засгийн газар хоорондын хамгийн том байгууллага болох НҮБ-ын тэргүүний хийж буй айлчлал нь Монгол Улс нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж ирсний бодит үр дүн гэж үзэж байна.

 -Монгол Улс НҮБ-ын хүрээнд сүүлийн жилүүдэд ямар санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа вэ?

 Олон улсын улс төр, аюулгүй байдал тодорхойгүй нөхцөл байдалд орж буй өнөө цагт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард манай улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Цаашид ч цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн  зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард долоо дахь удаагийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зохион байгууллаа.

Энэ санаачилга нь Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх үйл хэрэгт манай улсын оруулж буй томоохон хувь нэмэр гэж дүгнэж байна. Энийг ч НҮБ болон бусад орон харж байгаа.

Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд 11 ажиллагаанд 20,000 гаруй энхийг сахиулагчаа оролцуулж, өнөөдрийн байдлаар 878 энхийг сахиулагч НҮБ-ын мандаттай  ажиллагааны таван газар оронд үүрэг гүйцэтгэж байна.

 НҮБ-ын зүгээс манай энхийг сахиулагчдын сахилга, хариуцлага, үүрэг гүйцэтгэлтийг өндрөөр үнэлдэг. Энэ талаар НҮБ-ын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар нээлттэй ярьж, манай улсын зүгээс дэлхийн энх тайван, найрамдлын төлөө хийж гүйцэтгэж буй ажлыг нэг бус удаа сайшааж, олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байсан.

Цаашид бид НҮБ-ын энхийн ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх, тэр дундаа эмэгтэй энхийг сахиулагчийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд  “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг энэ оны зургаадугаар сард санаачлан зохион байгуулсан. Энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч дарга  Жан Пьер Лакруа оролцсон.

Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачилгатай ажилладаг. Дэлхийн зах зээлээс алслагдсан, дамжин өнгөрөх тээвэр нь өртөг өндөртэй, эрсдэл ихтэй,  далайд гарцгүй хөгжиж буй 32 улс бий.

Эдгээр орны эдийн засаг, экологи, хөгжлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадавхыг нэмэгдүүлэх, ингэснээр худалдааны өрсөлдөх чадавхыг нь нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс ДГХБО-ын Олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг гаргасан.

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд манай улсад айлчлах үеэрээ тус төвийг нээж байлаа. Тус төв 2017 онд Монголд төвтэй анхны Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болж,  2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болсон.

 Манай улс НҮБ-ын хүрээнд хүний эрх, хүн ам, нийгмийн хөгжил, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн асуудлаар идэвхтэй ажилладаг. Тухайлбал, 1965 онд “Эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг ролийн тухай” олон улсын семинарыг Улаанбаатар хотноо НҮБ-тай хамтран зохион байгуулж, 2012 оныг дэлхий нийтээр “Олон улсын хоршооллын жил” болгон тэмдэглэх санаачилга гаргасан гээд олон ажлыг дурдаж болно.

 -Айлчлалаас хүлээгдэж буй үр дүнгийн талаар товч мэдээлэл өгнө үү?

 Айлчлалын хүрээнд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа, хүний эрх, аюулгүй байдал, тэр дундаа Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо. 

НҮБ-ын хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны үр ашгийг улам нэмэгдүүлэх, тухайлбал Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүний дотор “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх,  2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж, “Дижитал үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.Энэ айлчлал Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, манай орны ёс заншил, түүх, соёл, ард иргэдийн аж байдал болон Монгол Улсын дэлхийд эзэлж буй байр суурь, ач холбогдлыг харуулсан үр дүнтэй айлчлал боллоо. 

-Монгол Улс НҮБ-ын цаашдын хамтын ажиллагааны хүрээнд ямар шинэлэг санаачилга гарган ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

 Манай улс шиг жижиг орнуудын хувьд олон талт хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын баталгаа болж ирсэн.Харамсалтай нь олон улсын хэмжээнд талцал, хуваагдмал байдал бий болж, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт томоохон сорилт учруулж байна.Өөрөөр хэлбэл улс орнуудын хувьд аюулгүй байдлын баталгаа болж ирсэн НҮБ болон бусад олон улсын байгууллага энэ талцал, хуваагдлын аль талд нь зогсож байгааг ялангуяа санал хураалтын үеэр харуулах талбар болж байна.

Иймд бид цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албатай нягт хамтран ажиллана. Талцал, үл ойлголцол болон зэвсэгт мөргөлдөөний шинэ эрин үед олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь нэн чухал юм.

Бид ирэх жилүүдэд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хоёр том ажил төлөвлөөд байна.

Манай улсын хувьд байгаль орчин, ногоон хөгжил, нэн ялангуяа хөрсний доройтол, цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Үүнд олон улсын анхаарлыг хандуулах үүднээс 2023 онд Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай Бонны конвенцын талуудын 14 дүгээр бага хурал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоолыг оруулж батлуулсан. 2026 онд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарна.

Ингэснээр бид олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Монгол Улсын зүг хандуулж, дэлхийн улс орнуудтай дээрх сэдвүүдийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх орноо сурталчлах зорилт тавиад байна. Ерөнхийдөө бид НҮБ-ын түвшинд оролцоогоо ямагт нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлж, өргөн цар хүрээтэй ажиллана.

 Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдаж байгаа.


0
angry
0
care
3
haha
7
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 7 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 9 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 9 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 10 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 11 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 11 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 11 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 12 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 12 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 12 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 13 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 15 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 15 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 16 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 17 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 17 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 17 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр