"Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Уг хэлэлцүүлэг цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийг албаныхантай уулзаж асуудлаа ярих гүүр болохыг зорьсон юм. Хайртай хүүгээ, ах дүүгээ, ханиа эр цэрэгт явуулчихаад эрэмдэг зэрэмдэг хүлээж авдаг, эсвэл энэ хорвоод байхгүй болсон уйтай мэдээг сонсдог эмгэнэлт явдал эртнээс эхтэй, өнөөдөр ч энэ байдал байсаар байна. Жилд хэд хэдээрээ цэрэг үхдэг гашуун мэдээ сонсоод халаглаад өнгөрөхөөс илүү байж чаддаггүй энэ байдлыг өөрчилж, цэргийн алба байгууллагад буй алдааг засч сайжруулах нь айл бүрт хамаатай асуудал юм.
Хэлэлцүүлэгт амь насаа алдсан цэргүүдийн аав ээж, ах эгч дүү нар, цэргийн алба хааж байхдаа зодуур дэглэлтийн улмаас хохирогч болж насаараа тахир дутуу, ажил хөдөлмөр хийх чадвараа алдсан, унаж татдаг өвчтэй болсон залуус, тэдний ар гэрийнхэн нийлээд 30 гаруй хүн оролцсон юм. Нөгөө талаас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс болон улс төрийн намуудын төлөөлөл 20 гаруй албаны хүмүүс оролцож асуудлаа хэлэлцлээ.
"Надад хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл явах зориг байна, харин зүрх алга, зүрхээ сугалуулчихсан шүү дээ"
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид найм хоногийн өмнө амь насаа алдсан талийгаач "Д"-н аав н.Ганбат: "Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэдэг л ганцхан хүсэл байна. Ер нь камержуулалтыг яагаад цэргийн анги танхимынхаа булан тохой бүрт тавьж болдоггүй юм бэ. Нууж хаагаад байх юу байдаг юм бэ, тэртээ тэргүй цэрэг татлагын үеэр шалдан нүцгэн оруулдаг л биз дээ. Дан эрчүүд байгаа газар ариун цэврийн өрөөнд ч гэсэн камержуулалтыг хийх хэрэгтэй шүү дээ. Тэр газрууд чинь зодуурын цэг болчихоод байна. 326 дугаар ангийн камерийн бичлэгийг үзэх гээд цагдаагийн газар очиход цас цэвэрлэж байгаа гадна зураг, үүдний зургийг л үзүүлэх гэж байгаа байхгүй юу. 4-5 цагдаа камерийн бичлэг үзвэл нууцын гэрээнд гарын үсэг зураач гэж гуйж байсан. Би гарын үсэг зураагүйдээ өнөөдөр энд яриад зогсож байна. Надад зориг байгаа, харин зүрх байхгүй шүү. Зүрхээ суглуулчихсан. Би хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явна. Камерийн бичлэг байсан бол би хүүгээ хагалуулахгүй аваад л явах байсан шүү дээ. Ингэж өнөөдөр хэл ам хийгээд явахгүй байсан" хэмээлээ. Түүний биеийн байдал тавгүй, эмчид хандахыг хүсэн танхимаас гарсан юм.
Нас барсан сонсогчийн ээж: Хүүг маань эмчдээ үзүүлэх гээд ортол аранзаа аваад зайл гэсэн
2022 онд хүү нь Дотоод хэргийн их сургуульд элсээд суралцаж байх хугацаандаа амиа алдсан хүүгийн ээж Хөвсгөл аймгаас ирж хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэрээр, “Миний хүү 2022 онд Дотоод хэргийн их сургуульд элссэн. Энэ хугацаанд надад маш олон кейсийг хэлдэг байсан. Жишээлбэл, хоолой нь өвдөж сургуулийнхаа эмнэлэгт үзүүлэхээр ороход аранзаа аваад зайл, чамаас гадна бие нь өвдөхгүй залуус олон бий. Энд ирж хэвтэх гээд байх хэрэггүй гээд үзээгүй байсан. Дараа нь цагаан сараар гэртээ ирэхэд хацар нь халцраад хөхөхрчихсөн байсан. Үүнийг асуухад та хүнд битгий хэлээрэй, уулзвал намайг ална, болохгүй. Хүү нь эр хүний сургуульд сурч байгаа шүү дээ гэсэн. Энэ мэтээр олон зүйл бий. Хүүг маань эмчдээ үзүүлэх гээд ортол аранзаа аваад зайл гэсэн" гэв.
"Миний дүүгийн үхлээр цэргийн үхэл дуусаг"
Энэ сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар очоод нас барсан байлдагч Д-ийн хамаатан н.Эрдэнэтуяа: "Цэрэг арми, шорон хоёрын ялгаа юу вэ, ялгаа байдаг уу. Би үүнийг асуух гэж ирсэн. Надад бол ялгаа харагдахгүй байна. Та нар хийж байна, шалгаж байна, төлөвлөж байна гэж ярихаас өөр юу хийж байгаа юм бэ. Эцийн үр дүнд нь цэргүүд амь насаа алдаж байна. Та нар хүн юм уу. Хүүгээ эр цэргийн албанд явуулсан эцэг эхчүүд үүргээ хүлээж л эх орноо хамгаалуулахаар явуулсан. Гэтэл амьд явах эрх нь хаана байна, би үнэхээр харамсч байна. Хийж байна, судалж байна гэж ярьдгаа боль та нар, ард түмэн тэнэг биш. Миний дүүгийн үхлээр цэргийн үхэл дуусаг, тэр хүртэл эцсээ хүртэл тэмцэнэ. Эр цэргийн алба гэдэг хувийн байгууллага биш. Бүх газар нь тайлангаа тавь, Та нар иргэддээ нээлттэй ажлаа тайлагна. Миний дүү болон бусад амиа алдсан цэрэг эрс босч ирэхгүй. Бид насаа сэтгэл санааны дарамтад орж байна. Та нар нөхөн төлбөрийг нь олгох ёстой" гэлээ.
"Хүссэн зүйл хүзүүгээр гэгчээр цэрэгт өөрийн хүсэлтээр яваад, унаж татдаг өвчтэй болсон"
Цэргийн албанд татагдаад эрүүл мэндээрээ хохирсон иргэн би өөрийн хүсэлтээр цэргийн албанд явсан. Гэтэл хүссэн зүйл хүзүүгээр татна гэгчээр цэргийн ангидаа зодуулж тархиндаа гэмтэл авч унаж, татдаг өвчтэй болсон. Одоо би зургаан хүү, нэг охинтой. Өнөөдрийг хүртэл 12 жил ээж минь, хань минь л намайг асарч тойлж, энд ирсэн. Би зургаан хүүдээ цэрэгт яваад аав шигээ болоод ир гэж хэлэх үү үгүй юу, цэрэгт явуулах юм уу үгүй юм уу гэж асуумаар байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна