Э.Нямхишиг: Өвөл малгайгүй явбал толгой өвдөж, тархины судас нарийсаж, мартамхай болдог

Н.Мижидмаа
2023/12/20

Уламжлалтын эмчилгээний "Наран М" клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.

- Ойрын хоногуудад хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Ийм байхад ялангуяа залуус малгайгүй, пүүзтэй явж харагдах юм. Дээр, доороосоо даарах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

- Хүйтэнтэй зэрэгцэж агаарын бохирдол аюултай түвшинд байна.

Агаарын бохирдол уушгийг маш их өөрчлөлтөд оруулж байгаа. Үүнээс болж ялангуяа залуус пульс, даралт өндөр зааж, шөнө унтахаа больж байна. Ийм байдлаар удаан явснаас цус өтгөрч зүрхний импакт болох эрсдэлтэй тулгардаг. Ер нь бол шөнө нойрондоо, унтаж байхдаа нас бараад байна гэдэг нь энэ юм.

Хүйтний улирлаас үүдэж олон төрлийн өвчлөл үүсдэг. Хоолой, үе мөч, бөөрний өвчин, дотор эрхтний өвчлөл огцом нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд, 13-17 насны охид, оюутнууд маш нимгэн хувцаслаж, шилэн тиркотой явж байна. Ингэж шилбээрээ даарснаар эмэгтэйчүүд болон бөөрний өвчний суурийг тавьж байгаа юм. Энэ нь цистит, эмэгтэйчүүдийн өвчин, даамжраад үргүйдэлд хүргэдэг.

Толгой нүцгэн яваа хүмүүсийг харахад ихэвчлэн 10 жилийн хүүхдүүд, залуус байх юм. Хүйтэнд толгойгоо дааруулах нь тархины судасны нарийсалт үүсгэдэг. Тархины судас нарийссанаар мартамхай болох, толгой их өвдөх зэргээр толгойн өвчнүүдийн суурийг мөн адил тавьж өгөөд байна.

Нойтон үстэй гадагшаа гарч болохгүй, усанд орчхоод үсээ хатаахгүй орондоо шууд орж болохгүй. Эдгээр нь мөн судасны нарийсалт өвчнийг үүсгэдэг. Монголчууд бөөр, шээс дамжуулах замын үрэвсэл өвчнөөр их өвддөг улс шүү дээ. Өвөл доороосоо эр, эмгүй даарахгүй явах нь ерөнхий эрүүл мэнд, дархлаа, бөөр, шээс дамжуулах замд маш их тустай.

Өвчин үүсгэгч таныг даарах, хөрөх, дархлаа сулрахыг л хүлээж байдаг гэж ойлгож болно. Гоё сайхан харагдах яах вэ, өвдөөд зовоод ирэхээр дулаан явах шиг зөв зүйл байхгүйг ойлгодог юм. "Залуудаа доороосоо их даардаг байж. Нимгэн явдаг байж дээ, гангараад" гэж ярьдаг ахмадууд бөөр, шээс дамжуулах замын асуудалтай байх нь элбэг.

- Малгайгүй гараад толгойгоо дааруулчихлаа гэвэл яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Халуун бүлээн юм их хэмжээгээр оочлоод уух нь судас тэлж, цусан хангамжийг сайжруулна. Үүний дараа сэргийлэх зорилгоор тангууд уувал зүгээр.

- Ямар тангууд?

- Сампилноров, Мана10, Мана4. Өвлийн улиралд Мана4. Норов7 танг өглөө, оройдоо уугаад байвал дархлаа сэргэж, цус шингэрдэг.

- Даарахаар нүүр, гар, хөл нь хавагнадаг хүмүүс бий. Энэ нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

- Албан байгууллагуудын халаалт бага байна. Сүүлийн үед манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь даарснаас болж үе мөч нь өвдөж, тулай өвчин нь сэдэрч байна.

Паарны халаалт муу, доороосоо даарснаас болж бөөрний өвчлөл нэмэгдэж, хавагнаж байна. Бөөрний үйл ажиллагаа алдагдахаар хавагнадаг. Болж өгвөл доороосоо даарахгүй, дулаан хувцаслаад бөөр, нуруугаа ч дулаалж, зориулалтын бүс, бэлхүүсэвч зүүх хэрэгтэй. Агаарын бохирдолтой энэ үед маск сайн зүү. Энгийн маскийг хоёр давхарлаж зүүгээрэй. Малгай, ороолтыг байнга зүүх хэрэгтэй. Өвөр, хаврын завсрын улирал гэж байдаг шүү дээ.

- Тийм, тийм.

- Тэр үед ороолтоо сайн зүүгээд байвал их сайн шүү. Ороолтоо сайн зүүж хэвшвэл хоолой өвддөггүй. Өөрсдөө ч, хүүхдүүддээ ч ороолт зүүлгэхгүй явснаас болж өвөл нь хоолой илүү өвдөж, идээлж, улайдаг. Өглөө, орой болгон жамц давсаар хоолойгоо зайлж хэвшвэл хоолойн өвчнөөс сэргийлнэ.

- Гадуур дэгдээд байгаа ханиад 20 хоногоос нэг cap хүртэл хугацаагаар эдгэхгүй байна гэцгээж байна. Ханиад юунаас болж ингэж ужгирч, удаан эдгэдэг юм бэ?

- Дархлааны өөрчлөлттэй холбоотой. Хүүхдүүдэд чихэр, шоколад, амттаны төрлийн юм их идүүлснээс цус нь өтгөрөөд байна. Үүн дээр эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэнгүүт шууд антибиотикийг их хэмжээгээр уулгадаг. Антибиотик нь эргээд дархлааг унагаагаад байна. Үүний оронд байгалийн цэвэр жимсний шүүсийг уулгаж. дархлааг нь дэмжиж, биеийн халуун нь 39 хүрвэл лаа хийж болно, хүйтэн жин тавьж болно, спирттэй хөвөнгөөр арчиж болно.

Ийм энгийн аргуудыг эхлээд хийхгүйгээр шууд антибиотик өгчихдөг. Үүнээс болоод энэ ханиадны эдгэрэлт удаашраад байна. Хүүхдийг багаас нь эмэнд дасал болгохгүйн тулд тан уулгах хэрэгтэй. Хүүхдэд тустай Үзэм7, Норов7, Ванжин15 гэсэн тангууд бий.

Томчуудын хувьд ч ялгаагүй, дархлаа сул байна. КОВИД-оос хойш нийтээрээ цус өтгөрсөн. Үүнээс болж ханиад эдгэхгүй удаад байгаа юм. Том, жижиг гэлтгүй бүгд тангуудаа ууж, дархлаагаа дэмжиж, өдөр шингэн юм сайн ууж, витамин С уу, D витамины тунгаа нэмбэл зүгээр.

Хүүхдүүд ядаж 1,000-тай D, томчууд нь D витамины шинжилгээ өгөөд хэрвээ бага гарвал 3,000-5,000-ын хоорондох тунгаар уугаад байх хэрэгтэй байна.

-11, 12 дугаар cap бол идэшний цаг. Монголчуудын хувьд энэ үед хүнсэнд нь мах их хэмжээгээр орж ирдэг. Үүнээс болж дотрын өвчин, тулайн өвчлөл огцом нэмэгддэг гэсэн. Танай эмнэлэгт тийм зүйл ажиглагдав уу?

- Сүүлийн хэдэн жил тулай өвчин залуужиж байна. 30-аас дээш насныхан тулайн өөрчлөлттэй орж ирж байна. Тулай гэдэг өвчин бол бодисын солилцооны алдагдал. Дээрээс нь удамшлын шалтгаантай байж болно. Мөн гэмтлийн шалтгаантай байж болно.

Манайд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бодисын солилцооны алдагдалд орсноос тулайдах нь их байна. Хоол ундыг замбараагүй идэж уугаад байна. Архи дарсыг их хэмжээгээр хэрэглэж байна. Махыг удаан чанаж идэж байна, ойр ойрхон идэж байна. Махны нитгэлийг шөлнөөсөө авч асгах ёстой. Нитгэлээс болж олон өвчин үүсдэг.

Хүнсний ногоо дундаас төмсний хэрэглээ их. Ерөнхийд нь буруу хооллолтыг л бодисын солилцооны алдагдал гээд байгаа юм. Үүн дээр нь цус өтгөрөл нэмэгддэг. Тиймээс хоолны дэглэмийг сайн баримтал. Зөв цагт, зөв хоолло. Дэглэм гэхийг мацагтай андуурч болохгүй. Өдөрт ядаж нэг удаа махан хоол ид. Хоолны цэсэндээ ногоо сайн оруул гэж зөвлөе.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 10 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 13 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 13 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 14 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг 14 цагийн өмнө
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн 15 цагийн өмнө
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ 15 цагийн өмнө
ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна 16 цагийн өмнө
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна 16 цагийн өмнө
АН-ын бүлэг: С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж байна 17 цагийн өмнө
“Монгол Улс-Ардчиллын баян бүрд”  сэдвээр ярилцана 17 цагийн өмнө
“Mongol Made” ноосон бүтээгдэхүүнээр олон улсад гарна 17 цагийн өмнө
Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага нэгдэн Тэрэлжийг цэвэрлэж, 40 тонн хог түүжээ 18 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ 18 цагийн өмнө
О.Батнайрамдал: БЗС-гаас зээл авсан албан тушаалтнууд өрөө төлж, сонгуульд нэр дэвшинэ шүү 18 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн Чандмань суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 19 цагийн өмнө
О.Номинчимэг: Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс эхлэн гэр хорооллыг шинэ концепцоор дахин төлөвлөж, орон сууцжуулна 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 20 цагийн өмнө
Өнөөдөр "Олон улсын эх дэлхийн өдөр" 20 цагийн өмнө