20-ИОС ДЭЭШ НАСНЫ ХҮМҮҮСИЙН 90 ХУВЬ НЬ ХЕЛИКОБАКТЕРИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ


Хеликобактерийн халдварын тухай ерөнхий ойлголт

Хеликобактерийн халдвар нь ходоодны улайлт, шарх улмаар ходоодны хавдар үүсгэн өвчтөний амьдралын чанарыг бууруулдаг төдийгүй урт хугацааны өртөг ихтэй эмчилгээ нь хувь хүн, улс орны эдийн засаг, эрүүл мэндийн салбарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.

ДЭМБ -ын 2012 оны статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын 50% хеликобактерийн халдвартай болохыг тогтоосон байна. Хөгжингүй орны хүн амын 30%, хөгжиж буй орны 20 хүртэл насны залуусын 75% хүртэл, 20 - иос дээш насны хүмүүсийн 90% хүртэл хеликобактерийн халдвар авсан гэж үздэг.

2013 оны "H.Pylori судлал Монголд" сэтгүүлд бичсэнээр манай орны нийт насанд хүрсэн хүмүүсийн 74 - 82% (Х.Оюунцэцэг, 2003), Улаанбаатар хотын насанд хүрсэн хүмүүсийн 69% (Н.Бира, 2001), өсвөр насны хүүхдүүдийн 63.5% (Н.Туул, 2002) хеликобактеритай, ходоод гэдэсний замын өвчлөлийн 68% нь хеликобактерийн гаралтай болохыг тодорхойлсон.

Судлаач Ц.Сарантуяа (2005) нарын судалгаагаар 72-90%, Б.Сувд нарын 2006 онд хийсэн молекул биологийн судалгаагаар хүн амын 68% хеликобактерийн халдвар илэрсэн. Б.Цэрэндаш, Х.Оюунцэцэг (2003) нарын судалгаагаар ходоодны шархлааны үед хеликобактерийн халдвар 60-70%, дээд гэдэсний шархлааны үед 83-97% илэрч байгаа нь шархлаа өвчин үүсэхэд хеликобактери онцгой нөлөөтэйг баталж байна.

Мөн хеликобактерийн гаралтай эмгэгийн 20-30% хавдарт шилждэг. Хеликобактери нянгийн халдвар ходоодны архаг үрэвсэл, ходоод - дээд гэдэсний шархлаа, МАLT лимфома, ходоодны хорт хавдар зэрэг эмгэгүүд үүсгэх шалтгаан болж байна.

Эмгэгших жам

H.pyloriнь 7 төрөл, 20 зүйл, 1.5 – 10.0 мкм урт, 0.3 – 1.0 мкм тойрог, грам сөрөг нян бөгөөд 266695 геномтой, 1600 гаруй гентэй бөгөөд эсийн хананы уураг нь эрчлээс хэлбэртэй, нэг талдаа багц 4 - 5 шилбүүр бүхий хөдөлгөөнтэй нян юм (Зураг 10) .

Шилбүүрийн гадуур бүрхэж тогтсон уураглаг эд нь төгсгөл хэсэгтээ тахиралдсан цагариг хэлбэртэй болж өргөсдөг, шилбүүрээрээ ходоодны салст бүрхэвчийн хучуур эсэд нягт шигдэн бэхлэгдэж өсч үрждэг.

Эсийн хана нь 19-C циклопропионы хүчил, липид агуулсан дотор, гадар мембранаас тогтоно. Эдгээр бактерийн төрөл зүйлийг каталаз, цитохромоксидаз, гамма - глютаминпептидаз, уреаза зэрэг биохимийн шинжээр нь өөр хооронд нь ялган таньж оношилдог.

Хеликобактерийн удмын шинжийг тодорхойлогч ДНХ-ийн бүтцийг секвенцийн аргаар судлан хромосом нь омог тус бүртээ өвөрмөц хетероген тогтоцтойг илрүүлсэн. Хеликобактериас ялгарч байгаа уреаза фермент нь моноцит, лейкоцит эсүүдийг цочроосноос тэдгээрээс хортой цитокин бодис ялгарах ба тосны хүчлийн алкиль язгуурыг үүсгэж, липидийн хэт исэлдэлтийг өдөөдгөөс гадна аммоний йон, гастрины шүүрлийг ихэсгэн соматостатины шүүрлийг дарангуйлснаас давсны хүчил ихэсч ходоодны шүүсний хүчиллэг нэмэгдэн "хөнөөх" хүчин зүйлийг нөхцөлдүүлнэ гэж үздэг.

Хеликобактери нь ходоодны хучуур эсийн салс ялгаруулагч гадаргууд орших хүлээн авагчтай холбогдон хучуур эсийг гэмтээж тэжээлийн дутагдалд оруулан хэвийн үйл ажиллагааг алдагдуулснаар хучуур эсээс интерлейкин - 1, интерлейкин - 8 ялгардаг ба энэ нь H.pylori - ийн нэгдүгээр хэлбэрийн штаммуудад илүү хүчтэй илэрдэг.Интерлейкин – 1, интерлейкин - 8 нь нейтрофил эсийн хемотаксис үүсгэх ба ходоодны салстыг гэмтээн тэдгээрээс чөлөөт радикал үүсгэхийг сэдээдэг.

IL - 1b ходоодны шүүрэл ялгарах процессыг хүчтэйгээр дарангуйлдаг. IL - 1b протоны шахуургын саатуулагчаас 100 дахин, хистамины Н2 саатуулагчаас 6000 дахин ходоодны хүчлийн ялгарлыг саатуулдаг. Интерлейкин IL-1b түвшин их байх ньH.pylori - оор халдварлагдсан үед үрэвслийг ихэсгэх ба хатангирших үйл явцыг даамжруулдаг. IL - 1b ген диалектикийн 3 хэв шинжтэй, -511, -31 болон +3954 гэсэн транскрипцийн эхлэх хэсэгт байрлана. IL - 1b антагонист ген IL - RN нь интрон хувьсамхай тоог агуулдаг. Энэхүү ялгааны дагуу H.pylori халдварлагдсан IL - 1B - 511 T, IL - 1B - 31C болон IL - RN*2 аллель IN - 1b - ийн түвшинг бусад генотипийг бодвол илүү ихээр агуулдаг. Мөн хеликобактери халдварлагдсан IL - 1B - 511C бүхий аллельтэй харьцуулахад ходоодны хүчлийн шүүрлийн хэмжээ багатай байдаг. Судалгаагаар IL - 1B - 511 T, IL - 1B - 31C аллель юмуу IL - 1RN*2/*2 генотип нь IL - 1B - 511C, IL - 1B - 31 T юмуу IL - 1RN*2 - гүй аллельтэй харьцуулахад ходоодны хатангир, гэдэсний шарх болон ходоодны хавдарт өртөх эрсдэл өндөр байдаг нь тогтоогджээ.

Түүнчлэн хеликобактерийн гадаад бүрхүүл дэх липополисахарид (LPS) нь ходоодны хучуурын суурь бүрхүүлийн гадаргуугийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулан, эсийн апоптозыг сэдээж, салс - бикарбонатын хоригийн тэсвэрлэх чадварыг бууруулан, гликопротеины нийлэгжилтийг саатуулж, салст дээр бичил гэмтэл үүсгэснээс интегриний холбоо тасарч, хучуур эсүүд ба суурь бүрхүүлийн холбоос ховхрон салст бүрхэвчийн гадаргууд бичил цоорхой үүсгэдэг. Ийм гэмтсэн хэсгээр дамжин устөрөгчийн йоны эргэн нэвчилт ихэсч лизосомын энзимүүд ба дархлааны эсүүдийг хэт идэвхжүүлэн сэдээснээс цитокинүүд ялгарч, эдгээр нь саармаг эсийг идэвхижүүлэн өөртөө татдаг зэрэг эмгэгших жамын олон зүй тогтлоор ходоод, дээд гэдэсний салстад шархлаа үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Хеликобактери нь супероксиддисмутаз (COД), супероксиданион язгуур (О2) зэрэг хоргүйжүүлэх идэвхитэй антиоксидант ферментийг ялгаруулдаг тул цагаан эсүүд түүнд аюулгүй бөгөөд энэ үед идэвхижсэн эзэн биеийн цагаан эсээс миелопероксидаз ба хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрүүд үүсч ходоодны хучуур эдэд шалбархай, шарх, хатангир, гэдэсжих метаплази, дисплази, хорт хавдар зэрэг хүнд хэлбэрийн бүтцийн өөрчлөлтийг үүсгэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон.

Халдварлах зам

Хеликобактерийн халдвар1) ам - амны, 2) баас - амны, 3) эмнэлгийн нөхцөлд тархах гэсэн үндсэн 3 замаар халдварлана. Халдвар тархахад амьдралын хэв маяг, ахуйн нөхцөл, ариун цэвэр чухал нөлөөтэй ба эхний 2 зам нь хүн амын дунд халдвар тархах гол зам болдог. Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг. Ялангуяа эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдэл илүүтэй байдаг.

Ам - амны зам:Аяга, халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хуваан идэх, амнаасаа хүүхдэд хоол өгөх, нэг савнаас унд уух, хооллох үед халдвар дамжина. Судалгаагаар хүний шүлс, шүдний өнгөр зэрэгт хеликобактериилэрсэн бөгөөд нэг тавагнаас хооллодог заншилтай зарим үндэстний дунд хийсэн судалгаагаар хоол идсэн савхнаас нь уг нян илэрсэн.

Баас - амны зам:Хүн амьтны баасаар бохирлогдсон эд зүйлс, төв суурин газрын ахуй хангамжийн ус, бохир гараар дамжин халдварлахыг хэлнэ. Перуд хийсэн судалгаагаар нийтийн ундны усанд хеликобактериилэрсэн байна. Хөгжиж буй орнуудад халдвар дамжих хамгийн гол зам юм.

Эмнэлгийн нөхцөлд: эмнэлгийн багаж хэрэгсэл, ялангуяа ходоод дээд гэдэсний дуран, ходоодны шүүрлийн шинжилгээний уян гуурс зэргээр халдвар дамжих боломжтой. Багажийн ариутгалыг зөв хийвэл халдвар дамжихгүй.

Халдвар авсан тохиолдолд хеликобактерийнгаралтай хоол боловсруулах замын шархлаа үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:

· Сэтгэл санааны хямрал, хүнд мэс засал, их хэмжээний түлэгдэлт, олон эрхтэний дутагдлын үед цусан хангамж буурсантай холбоотой.

· Тамхидалт дангаараа нөлөөлөл бага ч бусад хүчин зүйлийн үйлчлэлийг нэмэгдүүлдэг. Тамхи нь ходоодны хүчлийн ялгарлыг өдөөдөг нэг хүчин зүйл билээ.

· Архи ойр ойрхон эсвэл хэтрүүлэн хэрэглэх нь салстыг гэмтээдэг. Мөн дарс, шар айраг уух нь ходоодны шүүрэл улмаар бусад гэмтээгч хүчин зүйлийг ихэсгэдэг.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 8 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 8 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 8 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 8 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 9 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд 11 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 14 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 14 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 14 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр