ЕРӨНХИЙЛӨГЧ АСЕМ-ЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ


Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр эхлэв. Монгол Улс 2017 онд Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсны хувьд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

"Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Ноёд хатагтай нар аа,

Юуны өмнө Ази-Европын Дээд түвшний 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Европын Холбоо, түүний дотор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарт баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Мөн АСЕМ-ын түнш орнуудын төлөөлөгчдийг эртний түүхт, үзэсгэлэнт Брюссель хотдоо элэгсэг дотноор хүлээн авч байгаа Бельгийн Засгийн газарт гүн талархалаа илэрхийлье.

Өнөө үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж байна.

1996 оноос хойш АСЕМ нь зөвшилцөлд суурилсан хамтын ажиллагаа, яриа хэлцээний үр ашигтай талбар байж чадсан тул Ази, Европ тивийн хамтын ажиллагаа нь улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын үндсэн гурван тулгуурын хүрээнд асар их өргөжин тэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн " өргөө гэр" байж чадсан бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаас гадна "хүмүүс хоорондын харилцаа", "уялдаа холбоо" түүний дотор "хатуу болон зөөлөн" уялдаа холбоо, "хамтын ажиллагааны гарт баригдаж нүдэнд харагдахуйц чиглэлүүд" зэрэг ойлголт, зарчим нь АСЕМ-ын бусад механизмаас ялгагдах шинж чанар, АСЕМ-ын хамтын ажиллагааны онцлог "нэрийн хуудас" болж хөгжлөө.

Хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо "Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь" сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ.

Дээд түвшний 11 дүгээр уулзалтаас баталсан "Даргын мэдэгдэл", "Улаанбаатарын Тунхаглал" нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг.

Түүнчлэн Улаанбаатарын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд байгуулсан "Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг" өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа амжилттай хуралдаж, уялдаа холбооны тодорхойлолт гаргах, АСЕМ-ын түнш орнуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг зөвшилцөн тогтоох үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Ахлах албан тушаалтнуудын уялдаа холбооны хэсэг нь хамтын ажиллагааны чиглэлүүдийг улам бүр хөгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.

Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь "Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл" сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм.

Эдгээр өдрүүдэд бид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог идэвхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт бэрхшээлийг даван туулах, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэх тул АСЕМ-ын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж хөгжүүлэх талаар бодит үр өгөөж бүхий санал, шийдлүүд агуулсан төгсгөлийн баримт бичгүүдийг баталж чадна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж монгол ардын хэлц үг байдаг. Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг түүний дотор Ази, Европын парламентчид, залуучууд, бизнес, хөдөлмөрийн чуулга уулзалтууд, соёлын фестивалийн үр дүнг өндрөөр үнэлж байна.

21 дүгээр зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм.

АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 4 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 6 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 7 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 8 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 9 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 10 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 13 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05