Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой “Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөл болон Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ, "Энэ жилийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, сээр шалгах тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд зохион байгуулагдана. Мөн нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үзэсгэлэн худалдаа гаргаж, нийслэлийн түүх, соёлыг сурталчлах гар зураг болон бусад үзэсгэлэн дэлгэнэ.
Үүнээс гадна олон зуун жилийн уламжлалт Хүрээ цам, Очирвааны тахилга, сор залрах зэрэг шашин, соёлын зан үйлүүд Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулалтаар болох юм.
Энэ жилийн тухайд малын шүлхий өвчний дэгдэлттэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр морин спортын зарим арга хэмжээг хассан.
Тодруулбал, гурван насны морины уралдаан, жороо морины уралдаан, морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ" гэв.
Харин Гандантэгчэнлин хийдийн зүгээс 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд цамын их дэг сургуулилалт үргэлжилж байгаа аж.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах юм байна.
Бүртгэлийг зургаадугаар сарын 20-26-ны хооронд цахимаар авч байгаа бөгөөд одоогоор 160 гаруй бөх бүртгүүлжээ.
Бөхийн барилдаан зургаадугаар сарын 27-ны 11:40 цагт нээлтийн ажиллагааны дараа нэгийн даваанаас эхлэх бол хоёр дахь өдөр буюу зургаадугаар сарын 28-нд дөрвийн даваанаас үргэлжлэх юм.
Зохион байгуулагчид замын ачаалал ихсэх, автомашины зогсоолоос наадмын талбай хүртэл алхах шаардлагатай байдгийг анхаарч, бөхчүүд болон оролцогчдыг цагийн зохион байгуулалтаа сайтар хангахыг зөвлөжээ.
Үндэсний сурын тэмцээн Хүй долоон худгийн сурын талбайд болно. Бүртгэлийг зургаадугаар сарын 20-25-ны хооронд цахимаар авч байгаа бөгөөд одоогоор 120 гаруй харваач бүртгүүлсэн байна.
Өмнөх жилүүдэд 800 орчим харваач оролцож байсан бөгөөд энэ жил ч мөн өргөн хүрээтэй зохион байгуулагдах төлөвтэй байна.
Мөн шагайн харвааны тэмцээнд 40 багийн 500 орчим харваач оролцохоор төлөвлөжээ.
Өнгөрсөн жилээс эхлэн Даншиг наадмаар бэлгэдлийн даншгийн цол олгохоо зогсоосон.
Өмнө нь олгодог байсан даншгийн цол нь зөвхөн тус наадамд хүчинтэй байсан бөгөөд улсын цолтой бөхчүүдийн эрэмбэд нөлөөлөх асуудал үүсгэдэг байсан учир энэ шийдвэрийг гаргажээ.
Харин бөхчүүдийн барилдаан улсын наадмын цол, эрэмбийн дагуу зохион байгуулагдах бөгөөд гуравын даваанаас ам авах журмаар үргэлжлэх юм.
Түрүүлсэн бөх 30 сая төгрөгийн шагнал хүртэнэ
Үндэсний бөхийн барилдааны шагналын сан өндөр байгаа бөгөөд,
Харин сурын харваанд эхний 10 эрэгтэй, 10 эмэгтэй харваачийг шалгаруулж, 200 мянгаас 8 сая төгрөг хүртэлх мөнгөн шагнал олгохоор болжээ.
Соёл-Эрдэнэ хамтлагийн 55 жилийн ойтой хамтарсан гала тоглолт болно
Нийслэлийн өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагаас Сүхбаатарын талбайд хаалтын тоглолт болно. Тус тоглолтыг Соёл-Эрдэнэ хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах бөгөөд үе үеийн рок, попын уран бүтээлчид оролцоно.Гавьяат жүжигчин Насантогтохын хэлснээр, 1971 онд байгуулагдсан Соёл-Эрдэнэ хамтлагийн урын сан дахь олон дуу бүтээл эгшиглэхээс гадна үе үеийн алдартай уран бүтээлчид нэг тайзан дээр нэгдэн тоглоно. Мөн хөгжмийн зохиолч Наранбаатарын бүтээл "Цэнхэр залаа" зэрэг олон бүтээл тоглогдож, нийслэлийн иргэдэд зориулсан баярын үдэш болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна