Архичдын амардаг газар буюу ''Энэрэл'' эмнэлгийн нэг шөнө

Н.Мижидмаа
2020/01/07

00:45 цаг. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, “Энэрэл” эмнэлэг хоёрын голд цагдаагийн алаг машин дуут дохиогоо хангинуулан зогсов. Хойд талын хаалганаас өмссөн хувцас, нүүр царай нь тааруухан, нэлээн согтуу 50-55 орчим насны хоёр эрэгтэй бууж “Энэрэл” эмнэлгийн үүдэнд үлдлээ. Учир нь тус газар нь орон гэргүй, харьяалалгүй, эмзэг бүлгийн өөрөөр хэлбэл, “бөбө”-чдөд тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг аж. Эмнэлгийн хаалгаар өнөөх хоёр эр орж ирэхдээ “Хөл, гар хөлдчихлөө. Авраарай, туслаарай” гэж орь дуу тавин хашгирав. Саарал цамц, урт нэхий, хар өнгийн өрөөсөн пүүз зүүн хөлөндөө өмсөж, нэг талдаа хар өнгийн оймс хагас дутуу углаж, баруун гартаа өрөөсөн гутлаа барьсан тэр эрэгтэй лааз, архины шил түүж амьдралаа залгуулдаг ч олсон хэдээрээ уучихдаг гэмтэй. Ингэж явахдаа цементэн шалан дээр унаж, гарын арван хуруугаа нэгийг нь ч үлдээлгүй хөлдөөсөн гэнэ. Гарын хуруунууд нь хөлдөж, хүн харахын эцэсгүй идээ бээр болсон байв. Мөн хөлөө хугалж, хадаас хадуулж, Гэмтлийн эмнэлгээс тав хоногийн өмнө гарчээ. Харин эмч, асрагч нар түүнийг тосож аваад, “Гараа харуул даа. Сүрьеэгийн эмээ хэдэн сар тасралтгүй уусан бэ. Одоо гараа тайруулахаас өөр сонголтгүй. Яалтай билээ, ямар ч урамгүй, үр дүнгүй хүмүүс юм аа” хэмээн хэзээний таньдаг аятай согтуу өвчтөндөө бухимдана. Сураг сонсох нь ээ, өнөөх эр өмнө нь “Энэрэл” эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээний хугацаа дуусаагүй байхад оргож байжээ. 

Харин үүнээс хойш хэсэг хугацааны дараа хар цүнх үүрсэн, цагаан эрээн хүрэм, хүрэн өмд, саарал цамц өмссөн 30 орчим насны залуу эмнэлгийн хаалга тогшив. Асрагч бүсгүй С.Өнөрмаа хаалга нээгээд ихэд гайхаж байгаа аятай “Огт танихгүй шинэ хүн байна даа” гэж дуу алдав. Тэр залуу Хөвсгөл аймгаас ажил хийх гэж Улаанбаатар хотод зургаан сарын өмнө ирсэн гэнэ. Ингэхдээ таньдаг айлындаа байрлаж байгаад архи ууж, агсам тавьж, хулгай хийсээр байх аргагүй болж, хөөгджээ. “Таньдаг хүн маань эмнэлгийн гадаа авчирч өгөөд явлаа. Энд хонож болох уу” гэж тэр залуу яах ийхийн зуургүй хэлээд л шалан дээр унтсан дүр үзүүлээд унаад өгөв. Жижүүр эмч даралтыг нь үзээд, аяга шингэн уулгаад “Өглөө эрт гараарай” гэж хэлээд орхив. Энэ газар эрүүлжүүлэх байр биш, эмнэлэг гэдгийг ирж байгаа хүмүүс бүгд мэддэг бололтой.
Төд удалгүй дахиад л хаалга тогшиж, “Ганбат байна аа. Мийгаа эмч байна уу, би оръё, хэвтье” гэж гэртээ ирж байгаа аятай хаалганы цаанаас нэг хүүхэн дуугарлаа. Хаалга нээтэл 40 орчим насны эхнэр, нөхөр бололтой хос зогсоно. Нөхрийнх нь гар хөлдөж, хугарсан хөл нь бүрэн эдгээгүй болохоор хэвтэх гэж ирж байгаа нь энэ гэнэ. Жижүүр эмч үзээд “Хэвтүүлье дээ. Усанд оруулаад хумсыг нь ав” гэж асрагч эмэгтэйд хэлэв. Өмдөндөө шээчихсэн, гадуур хувцаснаас нь ойр зогсохын аргагүй өмхий үнэр ханхалсан тэр эрийг асрагч аваад усны өрөө рүү орлоо. “Хувцсаа тайл, наад савандаа хөлөө угааж бай. Би үсийг чинь удахгүй угаана” гэж хэлэх нь тод сонсогдов. Асрагчийн өмнөөс өнөөх эр “Үхлээ, эм ууя, хэвтмээр байна” хэмээж байлаа. 2х2 ам метр хэмжээтэй усанд ордог жижигхэн өрөөнд ийм яриа 15 минут үргэлжилсэн юм. 15 минутын дараа тэр залуу эмнэлгийн хувцас өмсөж, үүдний хонгил руу байн байн эргэн харж 124 тоот тасаг руу оров. Харин эхнэр нь эмнэлгийн хонгилын баруун мухарт хурхиран унтана. Биднийг ирэхээс өмнө хонгилд унтаж байсан дөрвөн залуутай нийлээд энд есөн хүн болов. Үнэр танар гэж авах юм биш. Тэд унтах гэж бас багагүй юм болно. Баяр гэх эр “Би энд 2012 оноос хойш үйлчлүүлж байгаа. Чи шинэ хүн байж цаашаа бай. Сувилагчаа шээлээ, баалаа” гэж хашгирна. Харин нэг нь “Доогуур дэвсэх юм байна уу. Оймсоо өмсөж чадахгүй, хөл өвдөж байна. Идэх юм өгөөч ээ” гэж хүртэл агсам тавив. 
 Мөн энэ эмнэлэгт өнөөх есөөс гадна “бөбө”-чид гэх тодотголтой орон гэргүй, архины гүн хордлоготой 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Бүгд л гудамжны гэх  харьяалалгүй хүмүүс. Зарим нь харьяалалтай ч дүүргийн эмнэлэг тоодоггүйгээс болж, харьяалал байхгүй гэж худал хэлж, арга буюу энд ирдэг гэнэ. Өнгөрсөн 2015 оноос орон гэргүй, тэнэмэл хүмүүсийг түр саатуулах байранд авчралгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон. Ингэхдээ зөвхөн харьяалалтай хүмүүс л дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой. Уг захирамж гарснаас хойш дүүргийн эмнэлгүүд ачаалал ихтэй үедээ тэр хүмүүсийг үздэггүй байна. Үзсэн ч наад зах нь агсам тавьж, өмдөндөө бааж, шээдэг гээд асуудал ар араасаа хөвөрнө. Гэхдээ тэд дүүргийн эмнэлэгт олон очдоггүй. Учир нь харьяалалгүй гэсэн ганцхан үгээр хязгаарлагдаж, дүүргийн эмнэлэгт очих хориотой.  
“Энэрэл” эмнэлгийн хажуу талд байрлах Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Яаралтай хүлээн авахын өрөөний сандал дээр  00.30 цагийн үед 30-50 насны гурван эрэгтэй унтаж байсан юм. Сувилагч бүсгүй амин үзүүлэлт нь хэвийн учраас үзэх шаардлагагүй гэж хэллээ. Харин тэр хүмүүс ямар ч үг, үйлдэл, гаргалгүй, сандал дээрээ дуг нойрондоо умбана. Түргэн, цагдаагийнхан хэр баргийн хүнийг дүүрэг рүү авчирдаггүй, зөвхөн “Энэрэл” эмнэлэг рүү зөөдөг гэнэ. 
03:10 цаг. 127 дугаартай өрөөнөөс асрагч дуугаа өндөрсгөж, чанга дуугарав. “Идэх юм болохоор тасгийнхаа гадаа гараад авдаг биз дээ. Хажуу талын бие засах өрөө рүү орж чадахгүй байна уу. Орондоо шээчихсэн байна. Алив хурдан бос” гэв. Эрээн пудволк, бариу хар өмд өмссөн 50 орчим насны эр хөлнийхөө идээ бээр, цусыг гойжуулан ёолж, ёгшсоор хана налж, гарч ирэх нь харагдана. “Энэрэл” эмнэлгийн Яаралтай хүлээн авах тасгийн нэг шөнийн амьдрал өнгөрч, үүр цайхтай золгов. Ээлжинд хоносон сувилагч “Цөөхөн хүнтэй амгалан шөнө байлаа” гэж хэлсэн нь тэднийг ямар их ачаалалтай ажилладгийг илтгэнэ. 

А.ЖАРГАЛСАЙХАН: ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭД ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ХҮМҮҮС 

“Энэрэл” эмнэлгийн Яаралтай тусламж, хүлээн авахын их эмч А.Жаргалсайхан “Жилд хэдэн зуун хүн давтагдсан тоогоор ирж үйлчлүүлдэг. Манай эмнэлэг 1998 онд байгуулагдаад 2004 оноос хойш энэ хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс ямар ч үнэ төлбөргүйгээр эм тариа хэрэглээд л гардаг. Гэхдээ ямар ч нэмэргүй, үр дүн гардаггүй. Хордлого болоод үхэх гэж байгаа юм ирээд, 7-10 хоног хэвтэж, эмчлүүлээд гарна. Эмнэлгээс гараад гурав ч хонохгүй эмнэлгийн хонгилд ирж, хоног төөрүүлж, идэх уух юм нэхдэг. Манайхаас гарахад нь төрийн бус байгууллагууд хүлээн авдаг. Орон байр, идэж, уухаар нь хангаад байрандаа байлгая гэхээр архиа уух гээд тэндээс зугтчихдаг юм билээ. Тэгээд л ийшээ дайраад байдаг. Энэ хүмүүсийг хүлээн авдаг ганцхан төрийн байгууллага нь Нийгмийн хамгааллын хангамжийн хангамжийн тусгай төв гэж бий. Тэндээсээ мөн л оргочихдог. Энэ хүмүүсийн олонх нь шорон оронгоор явж байсан, хэцүү хүмүүс. Олонх нь ямар ч харьяалал, орон гэргүй, төрсний гэрчилгээнээс өөр бичиг баримт харж үзээгүй, ургийн овог, нэрээ ч мэдэхгүй. “Гэр чинь хаана байдаг вэ” гэж асуугаад ч хэрэггүй. Харин аль хавиар байдаг вэ гэвэл Барс, Чулуун-Овоо, Нарантуул, Дарь-Эх гэж хариулна. Монгол Улс гурван сая хүн амтай л гэдэг. Тэр тоонд нь энэ хүмүүс ороогүй байх гэж би боддог. Регистрийн дугаар, овог нэргүй ямар ч төрийн үйлчилгээ хүртдэггүй хүмүүсийг энэ улсын иргэн гэж хэлэхэд хэцүү. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв өвлийн улиралд ачаалал ихтэй байдаг учраас харьяалалтай байсан ч энэ хүмүүсийг үзэхгүй манайх руу явуулдаг. Манайх эндээ шинжилгээ хийгээд, шаардлагатай бол дүүрэг, ХӨСҮТ рүү шилжүүлдэг” гэв. Мөн “Хүлээн авах төвд заримдаа ганц, хоёрхон хүн хонодог бол зарим үед 20,30-аараа хонох үе бий. Өвлийн улиралд осгож, хөл гараа хөлдөөж ирдэг. Тэр үед ГССҮТ-рүү явуулдаг” тухай ярьсан юм.  

Ж.НЯМСҮРЭН: ЗАРИМ ХҮН ЗУН ӨТЧИХӨӨД ИРДЭГ

“Энэрэл” эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах, эрчим эмчилгээний сувилагч Ж.Нямсүрэн “Энэ тэнд согтоод, тасраад уначихсан, биедээ ямар ч бичиг баримтгүй хүнийг цагдаа нар манай эмнэлэгт авчирдаг. Үнэр танар ч яах вэ гэхэд агсам тавьж, сувилагч, асрагч нарыг зодох гэж хөөх үйлдэл цөөнгүй. Үүдний хонгилд зүгээр унтаж чадахгүй, өмдөндөө шээнэ, баана, хоорондоо зодолдоно гээд асуудал мундахгүй. Өмдөндөө шээчихсэн нэгнийг нь манай эмнэлэг усанд оруулж, үзлэгт хамруулдаг. Тэгээд усанд оруулаад гайгүй болохоор нь Улаан загалмай нийгэмлэгээс тусламжаар ирсэн хуучин хувцас өмсгөөд л явуулдаг. Одоо хэвтэж байгаа болон үүдэнд хонож байгаа 30 гаруй хүмүүс дунд нэг л эмэгтэй байгаа. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд ааштай, ууртай, хэцүү санагддаг. Орилж, хашгирч, эрэгтэйчүүдийг зодох зэрэг асуудлыг өдөөдөг. Өвлийн цагт хөл, гараа хөлдөөх, унаж, бэртэх хүн олон болдог ч зун бүр хэцүү. Учир нь архи ууж, гудамжинд хэвтэж байгаад харвачихдаг. Оймс өмсөхгүй, гутал нь холгож, хөл гараа шалбалж, шархтай удаан явснаас болж өтчихсөн ирнэ. Амьдаараа “өтнө” гэдэг чинь аймшигтай. Хөл, гарын шархнаасаа болж бие засах өрөө орж чадахгүй, өмдөндөө бие засах тохиолдол бишгүй гарна. Тэр болгоныг манай асрагч нар угааж, цэвэрлээд тохь тухтай хэвтэж эмчлүүлэх боломж, бололцоог бүрдүүлэх гэж хичээдэг. Өөрөөр хэлбэл, аав, ээж, үр хүүхдээ асарч үзээгүйгээрээ л энэ хүмүүсийн баас, шээстэй хутгалдана. Гэхдээ өргөсөн тангараг, хийх ёстой ажил болохоор хэнд ч бухимдаж, уурладаггүй юм. 1998 онд манай эмнэлэг анх Франц Улсын сүмийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг. Харин 2004 оноос тэр хүмүүс нь гэрээгээ цуцлаад, улсаас санхүүжилтээ авах болсон юм билээ. Энэ хүмүүс ямар ч даатгалгүй, даатгалын мөнгөөр санхүүжих боломжгүй болохоор хоёр давхартаа эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүс хэвтүүлдэг тасагтай болж, даатгалын сангаас мөнгө авдаг болсон. Нэг ёсондоо энэ хүмүүс даатгалтай эмнэлэгт хэвтдэг хүмүүсийн мөнгөөр амь зууж, эмчилгээ хийлгэж байна.Толгой нь битүү бөөстсөн, хамуу, сүрьеэтэй ч хүмүүс олон ирнэ. Эмчилгээ хийлгээд гарахад тосоод авдаг ах, дүү, хамаатан садан, гэр бүл, очих гэр орон байхгүй учраас дахиад л архиа уудаг нь хамгийн харамсалтай. Бидний ажлын үр дүн байхгүй болчихдог” гэлээ. 

Энэ тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Баатар гуай 61 настай. Тэрбээр “Би залуу насандаа сангийн аж ахуйд түлээ хагалдаг байсан юм. Ийм байдалтай амьдраад 21 жил болж байна. Хоёр эгч, нэг ахтай. Тэднийдээ байдаг байсан ч нялх хүүхэд, гэр бүлээс нь болоод удаан хугацаанд очсонгүй. Хүнтэй сууж байгаагүй, хүүхэд ч байхгүй. Дарь-Эх хавиар л хоног төөрүүлж, хоёрдагч түүхий эд түүдэг байсан юм. Харин нэг өдөр гараа хүнд зүйлд даруулснаас болж гэмтчихээд хэвтэж байна. Эмч нар тайрахаас өөр аргагүй гэж хэлсэн” хэмээн жижигхэн өрөөний баруун талын орноос хоёр нүдээ бүлтийлгэн өндийж чадахгүй ярилаа. 

Үүдэнд хоносон арав орчим хүн 07.00 цагтай уралдан эмнэлгийн хаалгаар хаашаа ч юм яаран гарч одов. Манай улс гурвахан сая хүн амтай. Хамгийн сүүлийн хүн амын тооллогоор зөвхөн Улаанбаатар хотод гэхэд орон гэргүй 800 гаруй хүн бий гэж тоолсон байдаг. Харин эдгээр хүнд буюу эмзэг бүлгийнхэнд туслана, тэднийг хооллоно гэж улсаас санхүүжилт хүртдэг олон ТББ бий. Гэхдээ тэднийг үнэгүй хооллосон, хоног төрүүлсэн нэр зүүж, улсын мөнгийг дэмий урсгаж байхаар энэ хүмүүсээр өөрөөр нь албадан ажил хийлгэж, амьдрах орон байр хоол хүнснийх нь мөнгийг олуулдаг баймаар байна. Нэгэнт л Монгол Улсын иргэн учраас эдгээр хүнийг бичиг баримтжуулж, хараа хяналттай болгоё. Нэг шөнө ирж унтахдаа, нэлээн хэд хоног эмчилгээ хийлгээд гарахдаа тэд ямар ч үр дүнгүй, өөрөөр хэлбэл, улсын мөнгийг салхинд хийсгэж байна гэхэд хилсдэхгүй. Харин үүнийхээ оронд энэ хүмүүсийг нийгэмшүүлэх, амьдрах зорилготой болоход нь дэм болох ажил санаачилмаар байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан Д.Чанцалдулам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 7 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 7 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 7 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 8 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 8 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 11 цагийн өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 11 цагийн өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 12 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 12 цагийн өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 13 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 13 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 14 цагийн өмнө
СЕХ: Ажил олгогч санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ​ 15 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 15 цагийн өмнө
СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд 15 цагийн өмнө
Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ 16 цагийн өмнө
Х.Ганцоож: Ээжийгээ хорт хавдартайг мэдэж байсан ч өөд болчихно гэж санаагүй, ажил бүтэхгүй үед ээжийнхээ дээлийг нөмрөөд унтахаар ажил бүтээд л явчихдаг 16 цагийн өмнө