Оросын виз хугацаа хэтрүүлээд хилчдээс зугтан Монголд ирж амьдралаа өөрчилсөн франц эр


Хишаме Гезули нисэх онгоц ашиглалгүй, очсон газар болгондоо зөвхөн нутгийн иргэдийн дунд амьдарч, тун ч их адал явдалтайгаар дэлхийг бараг бүтэн тойрсон жинхэнэ нүүдэлчин аялагч. Тэрээр Оросоор хөндлөн гулд аялж, Монголд орж ирэхийн тулд орос хилчдээс зугтан хүн хэцүү адал явдалтай тулгарсан тухайгаа өгүүлжээ.

***

Оросууд туйлын ширүүн ч нэг сэтгэлээ дэлгэсэн хүндээ ил цагаан хүмүүс

Орос бол маш содон сонин хүмүүстэй гайхалтай газар болохоор амьдралынхаа туршид тийшээ очиж үзэхийг мөрөөдөж явсан. Тэр дундаа Транссибирийн төмөр замаар аялж, Сибирийн онгон дагшин байгалийг тольдохыг маш ихээр хүсдэг байв. Даан ч энэ улстай танилцсан зам бодож байсан шиг дардан байсангүй. Би Францаас замд гарч, дан автобус, замын машинд дайгдан Зүүн Европыг туулсан. Тэгээд Санкт-Петербург хүрч, тэндээсээ Москва ороод, төмөр замаар Сибир хүрэх мөрөөдлөө биелүүлэх замд гарсан юм. Ний нуугүй хэлэхэд хэлийг нь мэдэхгүйгээр Орост байна гэдэг зөвхөн том хотуудаар дайраад явахад л аймшигтай хэцүү байсан. Яагаад гэвэл намайг очих үед бүх гудамж, зогсоолын нэр хаяг зөвхөн кирилл дээр бичигдсэн. Нутгийнхны сэтгэлгээ, бодол санааг ойлгож авахын тулд тэдэнтэй ярилцах гэж олон үзсэн ч оросоор нэг үг хэлэхээр л эргэн тойрны хүмүүс бүгд элгээ хөштөл инээд алддаг. Маш ихээр хичээж бүгдийг зөв хийж байна дээ гэж бодож байхад ч ялгаагүй. Орос хэл маш хэцүү. Хэлнээс гадна өөр бас бус асуудал тулгарсан.

Хоёр дах том хориг бол нутагт нь 30 хоногоос илүү хугацаагаар байхыг зөвшөөрдөггүй Оросын виз. Үүнээс болж жинхэнэ солиотой адал явдалтай таарсан даа. Галт тэргээр Якутск хүрээд хэсэг удсан юм. Шөнөдөө зөвхөн нутгийнхны гэрт хонож, тоотой хэдэн удаа л хостелд унтсан. Хэл мэдэхгүй, бараг нэг ч хүн танихгүй байж яаж айлд хоноод байна гэж асуухаар би “Нүүдэлчин болж аялаад ирэхээр танд өөр сонголт байхгүй” гэж хариулдаг юм. Тэр үед Якутскт хасаг 30 градус байсан тул гудамжинд унтах боломжгүй байсан.

Яг ийм үед осгож үхэхгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой гэдгийг хүний тархи ойлгоод, биедээ янз бүрийн түлхэц, тушаал өгч эхэлнэ. Хүн эхлээд илүү нээлттэй, найрсаг харилцаатай, инээмсэглэдэг болж ирэх тул хүмүүс хараад л байдлыг чинь ойлгож, гэртээ ганц хоёр хоног хонуулдаг юм. Ер нь ингэж л ажилладаг гэмээр юм уу даа.

Миний хүрэх дараагийн улс нь Монгол байсан бөгөөд би тийшээ хоёр замаар л очих боломжтой байв. Нэг нь, жирийн жуулчид шиг галт тэргээр хил давах /энэ бол надад огт тохирохгүй/, нөгөөх нь жижигхэн бүхээгтэй ачааны машинд суугаад нутгийнхныг дагаж тийшээ явах, тэд ч надад энэ хувилбарыг найрсгаар санал болгоход би ч зөвшөөрсөн. Тэр машинд суугаад хартал ард талд 12 хүн суусан байсан. Бүгд Монголын иргэд, нутаг руугаа буцаж яваа гэсэн.

Тэд энэ тээврийг сар болгон шахуу ашигладаг тул нэгнээ сайн мэддэг болжээ. Тэгээд ч бүгд нэг хэлээр ярьдаг хүмүүс. Харин би бол танихгүй, гаднын хүн байсан болохоор тэд замын турш харь гарагийн хүн үзсэн мэт намайг мэлэрч явсан, би ч үүнд нь нэг их юм санаагүй. Улс хоорондын хилийг нэг бус удаа давж байсан тул ямар ч стресс, сэтгэл хөдлөл гэхээр зүйл байсангүй. Аялсан арвин их тохиолдлын цуглуулгад бас нэг өвөрмөц тээврийн хэрэгсэл нэмэгдээ л биз. Гэтэл юм гэдэг бодож байсан шиг амар биш болж таарсан даа.

Хил дээр хүрэхэд залуус машинаасаа буугаад хилчид суусан цонхонд чөлөөтэй очиж байх юм. Харин намайг тусад нь салгаад хүлээ гэлээ. Монголчууд тэр цонхны цаана байгаа ажилтнуудтай ээлж дараалан юм ярилцаад машиндаа буцаж сууж байгаа анхандаа тайван хараад сууж байлаа. Гэтэл сүүлийн хүн шалгуулаад суумагц машин хөдлөөд яваад өгөхөд би тэвдэж эхэллээ.

Дараа нь яг л таагүй зүйд шиг зүйлс болж өнгөрсөн.

Намайг ганц ширээ, сандлаас өөр зүйлгүй умгар хүйтэн өрөөнд оруулав. Насанд туршаа үүрч яваа үүргэвчийг минь тусад нь тавиад паспортыг хураагаад авчихдаг юм байна. Хаалганы хажууд Калашниковын автоматтай зогсох харуул намайг хөдлөх, босохыг хориглоно. Ийм байдлаар хоёр цаг суулаа. Дараа нь өрөөнд хэдэн хилчид бас нэг эмэгтэй орж ирлээ. Би Оросын нийгэмд эрчүүд гол төлөв ноёрхдог гэдгийг ажиглаж мэдсэн гэж дүгнэсэн ч заримдаа аймшигтай хүчирхэг хүүхнүүд бас цөөнгүй тааралддаг. Ганц харц чулуудахад нь л шууд айдаст автаж эхлэн тийм их нөлөөтэй, нугаршгүй хатуу хүүхнүүд.

Гэтэл яг тийм хүүхэн ширээний ард суугаад хуудас цаасан дээр юу ч юм бэ бичээд эхэлсэн. Тэд надтай дан оросоор ярьж байсан тул миний ярьснаас юу ч ойлгоогүй бас англиар хэлсэн ганц ч үгэнд итгээгүй гэдэг нь харваас илт. Намайг сүрдүүлж, сэтгэл санаагаа тоглож, алдаа гаргуулахыг хичээж байсан нь эргэлзээгүй. Би болохоор хуруу гараагаа савчуулаад л яриад байдаг, нөгөө хүүхэд юу ч мэдэгдэхгүй баахан юм үг өгүүлбэрийг цаасан дээр бичээд л байдаг.

Тэр үед аялалд гарахын өмнө аялагчид “Lonely Planet” гэдэг сайтыг их уншдаг байсан, би ч ялгаагүй. Тэгээд тэндээс Орост ирээд визийнхээ хугацааг хэтрүүлчхээд дөрвөн жил жил шоронд суусан африк залуугийн түүхийг уншсан байсан юм. Тэгээд нөгөөхийг чинь санаад бүр ч сандралаа. Яагаад гэвэл надад тохиолдсон зүйл миний уншсантай улам бүр л адилхан болоод байсан.

Хилчид байцаалт авч дуусаад яваад өглөө, би харуулын хамт өрөөнд үлдэв. Дараа нь өрөөнд ахиад тав зургаан цаг суусан. Идэх юм юу ч өгөөгүй, босох эсвэл унтахаар хэвтэхийг хориглож, өөрийнхөө эд зүйлийг ашиглаж болохгүй гээд товчхон хэлэхэд миний хүний эрх тэр өрөөнд үгүй болсон. Энэ хооронд би ганцхан удаа л гудамжинд гарч жорлон орсон, бусад үед нь толгойд хамгийн аймшигтай бодол ээрээд.

Гэв гэнэт хилчид өрөөнд ахин орж ирэхэд би ёстой жинхэнэ шалдаа буусан. Тэд нөгөө хүүхний бөглөж байсан цаасыг барьж ирээд надаар гарын үсэг албаар зуруулсан. Тэнд бичсэн зүйлээ ч юу ч ойлгохгүй байсан ч тэд шаардаж байв. Тэгж байтал буутай залуу Калашниковоороо нуруу руу ёвроод “А ну, подписывай давай!” гэлээ. Тэгээд л надад сонголт үлдээгүй болохоор би хэлснээр нь л хийлээ. Шоронд орохыг огт хүсэхгүй байсан тул хэлсэн болгоныг нь л хийгээд байсан хэрэг. Дараа нь хилчид намайг хөдөлж болохгүй гээд шөнийн турш ганцаар үлдээв.

Тэгээд өлсөж, нойргүйдээд хагас дэмийрсэн амьтан сууж байтал өглөө тавын үед буутай харуул өрөөнд ороод ирсэн. Тэр паспортыг минь ширээн дээр шидчихээд арилаад өгдөг юм байна. Намайг яв эсвэл үлдэх ёстой гэсэнгүй. Зүгээр л паспортыг ширээн дээр миний өмнө орхиод өрөөнөөс гарсан. Яг тэр агшинд би зугтах ёстой юм байна гэж дотроо шийдсэн дээ. Би өөрийгөө солиорсон гэж бодохгүй байгаа ч хамаг бие махбод маань туйлдаа хүртэл ядраад ямар үр дагавар гарах нь хамаагүй болсон байв.

Ална уу байна уу дураараа болог гэж бодсон. Ер нь энэ бүхэн бушуухан нэг тийш болоосой гэж л бодож байсан. Гэхдээ хаалганы цаана юу хүлээж байгааг мэдэхгүй байсан тул түр хүлээзнэхээс өөр арга байсангүй. Өрөөнөөс гарч байгаагүй болохоор цаана нь юу байгааг төсөөлж чадахгүй байлаа. Хилчид нохойтой юм чинь зүгээр гараад зугтаж болохгүй гэж бодсон.

Дээр нь аль зүгт явах ёстойгоо ч мэдэхгүй. Якутск руу буцаж очоод визээ сунгаад, Сибирийн шинэ найз нараасаа тусламж хүсэж болохоор. Гэхдээ энэ чөтгөрийн хилийг бушуухан даваад Монголд хурдан очмоор байдаг. Тэгээд цаг гаруй хөдөлгөөнгүй суулаа.

Тэгээд ухасхийн босож, цүнх паспортоо шүүрч аваад өрөөнөөс ухаан жолоогүй үсэрч гараад гүйчихсэн. Зүгээр л гүйгээд байлаа. Эргэж ч харалгүй гүйсэн. Бут сөөг, цасан хунгар, хөлдүү горим, мөс гээд юу юун дээгүүр ч гүйв. Арваад удаа унасан ч босоод л гүйгээд байсан. Аль зүг рүү гүйгээд, хаа хүрэхээ ч мэдэхгүй байсан ч гэлээ яг тийм үед амьд үлдэх юм сан гэхээс өөр юу ч бодож чаддаггүй юм билээ.

Ингээд цаг гаруй тасралтгүй гүйсний эцэст зогсоод амьсгаа дарахдаа л нэг ч удаа амсхийгээгүй гэдгээ ойлгосон. Би бараг бүтэн хоног юу ч идээгүй, уугаагүй бас унтаагүй атал бие маань хаанаасаа ч юм бэ гүйх эрч хүч шавхаад гаргаад ирж. Гэнэт нүдний өмнө төмөр зам гам, төмөр замын өртөө гараад ирлээ. Цагийн хуваарийн дагуу Улаан Үд хүртэлх галт тэрэг энд хоногт ердөө хоёр удаа зогсдог ч тэр удаад яг сайхан зам дээр зогсоод, хажууд нь хөтөч хүүхэн байж байх юм.

Оросын галт тэрэгний хөтөч хүүхнүүд гэдэг бол галт тэргийг хянаж байдаг хүмүүс. Тэдэнтэй ер нь зууралдах хэрэггүй гэдгийг бүгд мэднэ. Маргалдаж, хэрэлдэж ер болохгүй тун ч их эрх мэдэлтэй эмэгтэйчүүд байдаг юм.

Гэвч энэ хөтөч хүүхэн бусдаасаа өөр байж таарсан. Шууд л харайлгаад хүрч очтол миний нүүр царайг хараад бүгдийг ойлгосон доо. Айсандаа болоод гар нь салгалж, хөл нь чичирсэн амьсгаадаж бөглөрөх шахсан цагаан арьст залуу өмнө нь зогсож байсан хэрэг. Надад тохиолдсон бүхний харцнаас минь уншив уу гэлтэй намайг вагон доторх өөрийн жижиг тасалгаандаа юу ч дуугаралгүй оруулаад дуугүй суу гэж дохисон. Ингэхэд байна аа, оросууд маш ойлгоход маш хэцүү хүмүүс. Миний л уулзаж учирч явсан хүмүүс дотроос хамгийн хэцүү, ширүүн. Гэхдээ тэд заримдаа таны өмнө сэтгэлээ дэлгэнэ, тэгээд байгаа бүхнээ танд тэр чигээр нь өгдөг юм шүү.

Ингээд Улаан Үд хүрч, тэндээсээ замын унаанд дайгдаад өмнө нь нэг хонож байсан Якутскээс холгүйхэн байдаг хостел орлоо. Англиар ярьдаг хүнтэй таарах байх гэж найдаж байсан минь ёсоор болж, тэнгэр бурхан миний залбирлыг сонссон байсан. Ресепшн дээрх бүсгүй миний түүхийг анхааралтай сонссон төдийгүй урьд нь өөр нэг хүнд яг ийм явдал тохиолдож байсныг хэлэв./Уау, би цор ганцаар солиотой биш юм байна./ Гэхдээ ийм тохиолдолд яах ёстойг огт мэдэхгүй байв. Миний визийн хугацаа дууссан тул энэ улсаас гарч явж чаддаггүй бас дотор нь байгаад байж болохгүй. Ядаж байхад Якутскт Францын Элчин сайдын яам байхгүй тул би занганд орсноос өөр өөрцгүй.

Гэхдээ л хотод надад тус болж чадах бас нэг танил эмэгтэй байсан юм. Намайг анх Якутскт ирэх үед  төмөр замын өртөөн дээр танилцаад, гэртээ хэд хоног амьдрахыг зөвшөөрч байсан хүн л дээ. Түүнд хандахад нэг тийм сонин саарал байшинд дагуулж ирсэн. Тэнд надад тохиолдсон зүйлийг сонссон баргар царай нэг эртэй уулзав. Тэр хүн намайг ахиад нэг умгар өрөөнд суулгаад хүлээ гэлээ.

Хаалганы цаана тэр хүн миний танил эмэгтэйтэй юу ч юм бэ их түрэмгий байдлаар ярилцаж байгаад эрэгтэй нь орж ирэхдээ “За яах вэ, би Москва дах Францын элчин рүү залгая, тэд чамайг онгоцонд суулгаад чи гэртээ харина” гэж байна. Би одоо тэгээд Европын бүхэлд нь туул Оросоор нэвт аялж, Сибирь хүрээд Монголд очдогийн даваан дээр онгоцонд суугаад буцаад Франц орох болж байна уу? Тэр хүмүүс надад туслахын тулд чадах бүхнээ хийж байгааг нь би ойлгож байсан ч миний хувьд энэ бол хамгийн таагүй хувилбар байв.

Би бараг л сөгдөж мөргөөд өөр ямар боломж юу байгаа талаар асуулаа. Тэгтэл баргар царайтай залуу намайг хэдэн маягт бөглөөд торгууль төлсний дараа хилээр нэвтэрч болно гэв. Би юунд дээр гарын үсэг зурж байгаагаа ахиад ер төсөөлөхгүй байсан ч энэ удаад бол орчуулагчтай байв. Нөгөө бүсгүй маань гарын үсэг зурснаар ойрын таван жил Орост нэвтрэх эрхгүй болно л гэж байна. Ийм юм давж туулсан өөрийгөө үүнд нэг их гутарсан гэж би хэлэхгүй.

Бичиг баримт бэлэн болтол хоёр долоо хоног болсон тул тэр хооронд Орост байж, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нуур болох Байгаль нуур руу аялах боломжийг хорвоо өөрөө надад бэлэглэсэн гэж болно. Тийшээ заавал очих ёстой байсан гэдгээ би одоо бол ойлгодог бөгөөд миний оюун санааны өсөлт өөрчлөлт яг тэндээс эхэлсэн юм.

Тэнд би хоёр долоо хоног орчим амьдарч нэг бөөтэй танилцсан. Тэр хүн хүмүүсийн энерги, хүн бүрийг хүрээлж байдаг гэрлэн бүрхүүл, сүнс биеэс биеийн хооронд аялж явдаг тухай гэх мэт өмнө нь огт тааж чадахгүй оньсого шиг олон нууцлаг зүйлийн талаар ярьж өгсөн. Ингээд л би тэндээс шашнаас өөрчилсөн дөө. Одоо бол би юм болгонд өөрийн гэсэн шалтгаан бий, хамгийн таагүй сөрөг гэсэн үйл явдал ч амьдралын чинь хамгийн сайхан туршлагад хүргэж болдог юм шүү гэж ярьдаг болсон.

Гэхдээ миний адал явдал ингээд дууссангүй. Оросоос гарч явна гэсэн бодол намайг зовоосон хэвээр байсан бөгөөд ер нь бол тэр үед миний хамгийн их хүсэж байсан зүйл тэр л дээ. Байгаль руу аялаад ирсний дараа нөгөөх л хилийн шалган руугаа замын унаагаар хүрч, тэр удаад харин элдэв асуудалгүй хил давсан даа. Тэгээд юу болсон гээч?

Монголын нийслэл Улаанбаатарт хостелт буучхаад  байж байтал өрөөний хөршүүд маань намайг огт танихгүй атлаа миний талаар ярилцаж байхыг олж сонсдог юм байна. Хилчдээс зугтаасан паянг манайхны аялагчдын дунд ам дамжин яригддаг байсан болж таарлаа. Визнийх нь хугацаа дууссан солиотой франц эр хил давах гэж яаж оролдсон тухай түүхийг баахан давслаад нэг нэгэндээ ярьж байдаг юм байна. Өөр өөр үндэс ястай хүмүүс, огт өөр улсад, огт өөр хотод, огт өөр хостелд суучхаад яг миний тухай ярилцаж байдаг байна шүү. Ингэж л би нэр алдартай хүн болсон юм даа!

Гэхдээ бодит амьдрал дээр бүх зүйл өөрөөр байсан гэдгийг хэлж залуусын сэтгэлийг гонсойлгохоос өөр арга надад байсангүй. Гэхдээ л би тэдний анхаарлыг татаж, Францаас явган явсаар Монголд ирсэн, надаас ч илүү зэрлэг нутаг нэгтэнтэйгээ танилцсан. Бид ч хоёр тэр даруй дуу дуугаа авалцаад цаашаа хамт аялахаар шийдсэн талаар олон зүйл нурших хэрэггүй биз.

Улаанбаатар хангалттай орчин үеийн хот ч гэлээ Монголын олон хүн урьдынхтай адил гэр  амьдардаг юм билээ. Бид ч тэдний соёлыг судалж мэдэхийг маш ихээр хүсэж байсан. Ямар ч төлөвлөгөө үгүй, аль зүгт явахаа ч мэдэхгүй байсан тул зөн совингоо дагаад зүгээр л баруун урагшаа явахаар шийдсэн юм. Энэ тухайгаа бусдадаа дуулгатал бүгд хэрэггүй гэж ятгаж эхэлдэг юм байна. Харанхуй болохоос өмнө гэрүүдэд хүрч чадахгүй бол осгож үхнэ үгүй бол чонын хоол болно гэж ирээд л ятгасан. Тэгэхэд нээрээ Монголд хасах 40 градус орчим хүйтэн байсан юм шүү.

Гэвч намайг, миний хамтрагчийг юу ч айлгаж чадаагүй. Бид өглөөний автобусаар Улаанбаатараас гараад туйлын үзэсгэлэнтэй нэг том хөндийн аман дээр бууж үлдсэн. Тэндээсээ ойролцоо таарах гэр хүртэл алхаад, гуйж хоног төрүүлнэ гэсэн бодолтой байлаа. Гэтэл нэлээд хэдэн цаг явган явсны дараа ч хөндийнхөө дунд хүрсэн ч нэг ч амьд амьтантай таардаггүй. Нар жаргатал дөрвөн цаг үлдээд байсан тул бид хоёр цаашаа гүйх ёстой гэж шийдсэн.

Харин одоо та төсөөлөөд бодоорой. Өвлийн аймаар том куртк, нүсэр нүсэр хүнд гутал, үүргэвчтэй хоёр аварга том залуу хасаг 40 градусын хүйтэнд гурван метрийн гүн хунгарласан цасан дуунд гүйх гээд төсөөлөөрэй. Магадгүй миний амьдралдаа хийж байсан зүйлсийн дотроос энэ үйлдэл хамгийн тэнэг нь байж болох ч тэр үед бид хоёр амьд үлдэхийг л хүсэж байсан юм.

Хэрэв гадаа байгаад шөнө болсны дараа түүдэг асаавал чоно шууд л бид хоёрыг олох байлаа. Харин тэгж болохгүй. Бид хоёр байгальтай тоглож, байгалиас илүү ухаалаг, зальтай байх ёстой байсан юм.

Тэгж гүйсэн хэдэн цагийн дотор би шинэ хамтрагчаасаа маш их зүйл сурч авсан. Тэр сэтгэлийн асар их тэнхээтэй, санаагаа унана гэж байдаггүй, юм болгоноос сайныг нь олж хардаг хүн. Харин би болохоор байнга эргэлзэж, тээнэгэлзээд, амжилтад хүрнэ гэдэгтээ итгэж чадахгүйн дээр байнга амьсгаа давчидна. Дээр нь, нүдээ анивчихаар хоёр зовхи хоорондоо агшин зуур наалдаж, цан цохиж байсан тул анивчиж чадахгүй болсон. Дараа нь хамгийн аймшигтай зүйл болсон. Бид чонын улилдахыг сонссон.

Тэд хаанаас гараад ирсэн, биднийг яаж үнэрлэж олсныг мэдэхгүй ч янз нь бид хоёр араатнуудаас нуугдахаар хангалттай хурдан явж чадаагүй бололтой. Маш аймшигтай байсан. Олж харахгүй атлаа ард байнга улилдаад. Тэгээд хоёр хамаг чадлаараа хурдалж байтал хөндийн нөгөө талд гэрүүд байхыг олж харсан.

Бид ч хоёр ч хүйтэн ба чононуудаас аврагдахын тулд тэнхээ мэдэн харайлгав. Эхний гэр рүү шууд ортол дотор нь 12 орчим насны жаал байсан. Монгол жаал намай, найзын минь хамт нэг ч үг дуу гаралгүй дотогш оруулсан. Оруулахгүй бол бид хоёр шууд үхнэ гэдгийг тэр ойлгож байсан. Ингээд бид дохио  зангаагаар ярилцаж нэгнээ маш сайн ойлгож байтал арай ахимаг насны бас нэг жаал ороод ирэв. Тэр хоёр биднийг нутгийн хоол, цайгаар дайлаад нутгийн соёлоос сонирхуулж эхэлсэн. Тэр шөнө Монголын нутгийн хөндийд болсон зүйл нэг нэгэнгүй ой тойнд минь үүрд зурагдан үлджээ.

Бид ярилцаж, бүжиглэж, бараг нүцгэн шахуу гадаа гүйн гарч уламжлал хөгжмийн аян дор хунгарласан цас руу үсрэн орж байлаа. Ямар ч хар тамхи, архи уулгүйгээр тэр бүхнийг хийсэн. Ийшээ ирэх гэж туулсан бүхний минь дараа энэ үдэш миний хувьд жинхэнэ том бэлэг байсан юм. Ийм бэлэг авахын тулд л би аялалд гарсан хүн. Би Монголын дараа Ази, Австрали гээд олон газраар аялсан ч тэр үдэштэй адил зүйл надад ахиж тохиолдоогүй юм. Тэр шөнө намайг үүрд өөрчилсөн.

Хүмүүс надаас яагаад намайг ингэж аялдаг, ийм галуу солиотой гэмээр замд яах гэж гардаг юм бэ гэж асуух нь олон. Тэр бүхэнд би жинхэнэ өөрийгөө хэн болохыг  мэдэх гэж оролдсон юм гэж хариулах нь хамгийн зөв байх. Орчин үед ганц товчлуур дараад л ширээн дээр хоол, унд хүссэн болгоноо гаргаад ирдэг болж. Энэ зуршлаас болоод бид хариуцлага гэгч зүйлийг мартаж байна. Харин бүх зүйл зөвхөн чамаас, өөрөөс чинь шалтгаалж, хамаардаг, маргааш амьд мэнд явах эсэхэд гаргасан шийдвэр болгон чинь нөлөөлдөг нөхцөл байдалд ороод ирэхээр хариуцлагын мэдрэмж эргээд сэргэдэг юм байна. Зөвхөн ингэж байж л чи өөрийгөө хэн болохыг ойлгомж мэдэрнэ шүү. Зөвхөн ингэж байж л энэ амьдралын үнэ цэнийг ойлгож бүгдийг чаддаг гэдгээ ухамсарладаг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Цахим эрүүл мэнд“ сургалтад хамрагдаж эхэллээ 16 цагийн өмнө
Э.Болормаа: Би ингэж хувцасла, тэгж хувцасла гэдэггүй 16 цагийн өмнө
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ 17 цагийн өмнө
Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 17 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 18 цагийн өмнө
ХҮН нам “Цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, иргэдээс санал авч байна 18 цагийн өмнө
"Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүллээ 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 19 цагийн өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 19 цагийн өмнө
Оршин суугчид: Улсын комисс зөрүүтэй мэдээлэл өгч байна, байраа нураалгахгүй 20 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Надад итгэдэг хүмүүсийн ард нь зогсох хөшүүрэг байхыг хичээдэг 20 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ 21 цагийн өмнө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна 21 цагийн өмнө
Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлалаа 22 цагийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа 23 цагийн өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ 23 цагийн өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ Өчигдөр
Улаанбаатарт бороотой, 17 хэмийн дулаан байна Өчигдөр