Г. Дамдинням: Дарханыг Монголын Ванкувер болгочих юмсан гэж боддог

О.Шүрэнцэцэг
2020/04/20

Манай улс бол уул уурхайн салбараас хамаарал бүхий эдийн засагтай орон. Эдийн засагт уул уурхайн оролцоо асар өндөр, энэ утгаараа сүүлийн үед байгалийн баялгийн засаглал, уул уурхайн бодлого судлалын асуудалд төр засаг хийгээд хувь хүмүүс ихээхэн анхаарал хандуулах болсон.. Тиймээс бид энэ чиглэлээр суралцаж, судалгаа хийдэг мөн өөрөө энэ салбарт бизнес эрхэлж, сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд хөгжлийн шинэ гарц санаа, шийдэл санал болгож буй  ГонгорынДамдинням хэмээх Дархан хотын уугуул залууг зочноор урьж ярилцлаа.

Сур: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны бага насны тухай яриагаа эхэлье?

Г. Дамдинням: Манай аав ээж хоёр 1960 аад оны эхээр Дархан хотын анхны иргэд болж ирээд гэр бүл болсон байдаг. Эгч ах бид нар бүгдээрээ найрамдлын Дархан хотод тѳрж ѳссѳн.  1999 онд Дархан хотын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийг төгсөөд МУБИС-ийн Нийгмийн судлаач-Эрх зүйч мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэг эзэмшсэн. Мөн МУБИС-даа 2007 онд Улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан.  Хэсэг хугацаанд олон нийтийн болон тѳрийн алба эрхэлж байгаад Канад улсын Бритиш Колумбын Их Сургуулийн Уул уурхайн сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Монголын олборлох салбар, түүний ард иргэддээ хэрхэн үр ѳгѳѳжѳѳ шударга, зѳвѳѳр хүртээх тухай сонирхон судалдаг. 6 ам бүлтэй айлын аав. Товчхондоо ийм байна.

Сур: Анх эзэмшсэн мэргэжил тань эрх зүйч юм байна шүү дээ. Ингэхэд яагаад эрх зүйч хүн маань уул уурхайн салбар луу орох болов, тэгээд яагаад Канад улсыг сонгох шалтгаан юу байв?

Г. Дамдинням: Гадаадад тэр дундаа өндөр хөгжилтэй оронд сурах юмсан гэсэн бодол надад их эрт төрсөн. Тэгээд ч бас их бодсон, ямар мэргэжлээр, хаана сурах уу? гээд л. Ирээдүйд би хаана амьдрах вэ? Үр хүүхдүүд мaaнь хаана үлдэх вэ? Мэдээж сайхан Монгол орондоо. Тэгэхээр энэ улсад ирээдүйд ямар ажил эрхэлж амьдрах боломж байна? Гээд л нэлээн судалж байгаад шийдвэр гаргаж байсан. Шуудхан хэлэхэд манай Монгол бол уул уурхайн орон. Улс орны эдийн засгийн ерөнхий дүр зургийг харсан ч ойлгомжтой. Уул уурхайн салбараас улс эх орны ирээдүйг салгаж бодох ямар ч бололцоогүй юм байна. Нэгэнт энэ салбартай гүнзгий зууралдсан орон мѳддѳѳ салдаггүй нь судалгаагаар харагддаг. Одоо ч улам л ойлгомжтой болж  байна. Ингээд миний сурах салбар бол уул уурхай юм байна гэсэн шийдвэр гаргасан. Нэлээд судалж, багагүй судалгааны ажлууд ч уншлаа. Уул уурхайг нийгэм хэрхэн хүлээн авч, ойлгодог, уул уурхай нь өөрөө нийгмийн бусад салбартай хэрхэн харилцдаг нь ихээхэн сонирхол татсан. Тиймээс уул уурхайн засаглал, бодлого судлалыг сонгосон. Харин хаана сурахын тухайд Америк, Австрали, Канад, Герман гэсэн орнуудыг “short list”-дээ юун түрүүнд оруулсан. Миний сонирхож байгаа чиглэлээр дэлхийд Австралийн Күэнсландын их сургууль, Канадын Бритиш Колумбын их сургууль хоёр дэлхийд тэргүүлдэг болохыг мэдэж авсан. Тэгээд цаг агаар, газар зүйн байрлал, гэр бүлээрээ очиж хэсэг хугацаанд байхад таатай байдал, дотоод гадаад хүчин зүйлээрээ манай улстай илүү ойролцоо Канадыг сонгож, Ванкувер хот дахь Бритиш Колумбын их сургуульд өргөдөл гаргасан маань тэнцсэн гэсэн хариу аваад л явах болсон доо.

Сур: Сонирхолтой л юм. Канад-Монгол хоёр улсын хооронд уул усны төдийгүй ерѳнхий ѳгѳгдѳлийн талаасаа адилхан шинжүүд байдаг байх нь. Та жаахан дэлгэрүүлж болох уу?

Г. Дамдинням: Канад бол эх газраараа АНУ гэдэг ганц том аварга хөрштэй хил залгадаг орон. Нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ бараг бид нартай ойролцоо. Дэлхийд 2т ордог том газар нутаг, үүнтэй нь харьцуулахад маш цѳѳн хүн ам, асар их байгалийн баялагтай. Энэ баялгаа ѳѳрийн хѳрштэйгѳѳ болон бусад хѳрѳнгѳ оруулагч улсуудтай хамтран маш ухаалгаар ашиглаж богино хугацаанд дэлхийн томоохон тоглогч болж босож ирсэн орон. Сурах юм асар ихтэй хүмүүс. Манай 2 орны эдийн засгийн хувьд хоёулаа дэлхийн хамгийн том 2 зах зээлтэй хөрш. Дѳрвѳн улиралтай, Уул уурхай туулсан зам нь бидэнтэй их төстэй гэх мэтээр ижил тѳстэй ѳгѳгдѳл олныг дурдаж болно. Манай тулгарч буй бэрхшээл саад, асуудлуудыг аль 100 орчим жилийн өмнө туулаад үзсэн туршлага, шийдэл Канадчуудад бий. Бас тэдэнд дэлхийн хамгийн шилдэг технологи,  шинжлэх ухааны мэдлэг чадвар байна.


Сур: Байгалийн баялаг ихтэй адилхан хоёр орны хувьд эдийн засгийн төвшин тэс өөр. Таны бодлоор манай улс юун дээр алдаад байна?

Г. Дамдинням: Дэлхийд байгалийн баялагтай улс орнуудын байгалийн баялаг дээрээ барьж буй бодлого, засаглалыг үнэлдэг тодорхой  хоёр, гурван индексүүд байдгаас хамгийн голлох нь Нью-Йорк хотод төвтэй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн гэж байгууллага бий. Бас Канадын Ванкувер хот дахь Фрэйзер институтийг нэрлэж болно. Тэдний хийсэн үнэлгээгээр бид дэлхийд дундаас нэлээн  хойгуур явж байгаа. Индекс нь мэдээж төрөл төрлөөрөө байгаа тэр дотор нь мэдээж ард иргэддээ байгалийн баялгаас олсон орлогоо хүртээмжтэй байлгаж байгаа байдал байгалийн баялгаа үр ашигтай, ашиглаж чадаж байгаа байдал байгаль орчин ээлтэй байлгаж чадаж байна уу гээд л олон үзүүлэлт байдаг. Ард иргэддээ хүртээмжтэй байх тал дээр бол асуудал байгаа. Баялгийн сантай болох талаар манай засаг төр, улс төрчид, судлаачид олон янзын нэртэй, хувилбартайгаар санаа бодлоо уралдуулж ирсэн. Манай уул уурхайн бүтээгдэхүүн гол бүтээгдэхүүн бол зэс, алт, нүүрс, төмөр. Хэмжээг нь хүн амтай харьцуулахад бид “Баялгийн сан” бий болгох бүрэн боломжтой. Манай төр сүүлийн хэдэн жил маш их хэмжээний мөнгийг халамж болгон тараасан. Уг нь байгалийнхаа баялгаас олж байгаа орлогыг хуримтлуулдаг түүгээрээ сан хийдэг, тус сангаа гадаад болон дотоод гэж 2 тусад нь авж яваад олборлох салбарын бус бусад бизнес рүү хөрөнгө оруулдаг, тэндээсээ ард иргэд нь ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьцааг чөлөөтэй авдаг, авсан хувьцаанаасаа ашиг хүртдэг систем хийх ёстой юм.  Ингэж байж л бид нэг салбараас буюу тодруулж хэлбэл уул уурхайн салбараас хараат бус эдийн засаг бизнесийн орчинтой болох ёстой юм. Үндсэндээ. Энэ салбараас олсон орлогоосоо шууд тарааж үрээд байхгүйгээр хөрөнгө оруулалт хийж ашиг олоод нэр  мөнгөнөөсөө хэрэглэж сурах тухай л асуудал юм. Яг ийм Норвегийн жишээ байна, мөн Саудын Араб, Казахстан, Канад энэ замаар алдаа, оноотой амжилт гаргаад явж байна. Мэдээж тэд  алдсан нь бага оносон нь их учраас амжилт нь нүдэнд харагдаад байгаа хэрэг.

Сур: Таны хэлсэн бэлэн мөнгө тараах нь буруу гэх байр суурин дээр олон иргэн санал нийлэх байх. Гэвч санг хэрхэн байгуулах, ямар зарчим дээр суурилах вэ гэдэг арга замыг олохгүй байна уу даа?

Г. Дамдинням: Тийм тийм манайд байсан сангууд бол шударга хэлэхэд сонгуулийн амлалт, иргэдийн саналд нөлөөлөх маягаар хийгдэж байсан улс төрийн ажиллагаа төдий зүйл. Нэг үгээр алсыг харсан, хөгжлийг тодорхойлсон бодлого биш. Хүүхдийн мөнгө, гэр бүл болсны мөнгө, сүүлдээ ямаанд, ботгонд хүртэл мѳнгѳ тараасан байх шүү. (инээв) Одоо энэ яригдаж байгаа зүйл бол эхлээд хуримтлуулъя, байгалийн баялгийн хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээрт хуримтлуулах. Энэ үйл ажиллагааг дотооддоо бас гадаадад хуримтлуулдаг. Түүний менежментийг мэргэжлийн баг улс төрөөс хараат бус багаар хийлгэж явдаг зарчимтай. Жишээ нь Казахстан бол Норвеги улсаас мэргэжилтнүүдийг нь авч ирээд яг загвараар байгуулаад ажиллаад амжилттай явж байна.

Сур: Энэ бүхнийг мэддэг судалдаг чадвартай хүмүүс улс орноо хөгжүүлэх цаг нь болсон гэдэг нь харагдаж байна даа. Ингэхэд яриагаа жаахан ѳѳр тийш нь залий та ээж аав, гэр бүлийнхнийхээ тухай яриач?

Г. Дамдинням: Миний аавыг Цэвэгдоржийн Гонгор гэдэг хүн байсан. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул. Насаараа тээврийн жолооч хийсэн, Тэжээл тээврийн 26-р авто бааз,  Дарханы Үйлдвэр дундын авто бааз, Сүүлд цементийн завод зэрэгт жолооч хийдэг, аймгийн заан цолтой бөх хүн байлаа. Сайхан дуулчихдаг, олонтой, хүнд тусархуу тийм л эр хүн байсан. Би айлын бага, хэнз шахуу хүүхэд дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Бага ах маань намайг 13 тай байхад ѳѳд болчихсон юм. Их санадаг. Аавыг маань Гонгор заан гэдэгээр нь манай Дарханы спортынхон болон жолооч, ахмад буурлууд мэддэг юм.  Ээжийг маань Пүрэвийн Басаа гэдэг одоо Дархан хотдоо амьдарч байна. Дарханы Цементийн завод, Нийтийн хоолний салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Миний эхнэр Уянга гэж сайхан эмэгтэй бий. Манайх 6 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Гэргий маань Утга зохиол, хэл шинжлэлийн мэргэжилтэй, боловсролын салбарт нилээд хэдэн жил ажилласан . Намайг бодоход олон хэлтэй, боловсролтой надад хамгийн сайн хань, хүүхдүүддээ хамгийн сайн ээж. Ёстой гэрийг минь гийгүүлдэг л хүн. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн албандаа.


Сур: Эзэмшсэн мэргэжлийн хувьд ч тэр одоо хийж байгаа ажлын хувьд ч тэр улс төрд хэрэгтэй хүн гэж дүгнэмээр санагдлаа. Харин таны улс төртэй холбогдсон шалтгаан юу байв?

Г. Дамдинням: Миний ажлын гараа өөрөөр хэлбэл анх цалин аваад нийгмийн даатгал төлсөн ажил маань Байгаль орчны яаманд сайдын зөвлөх. Дараа нь  Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яаманд сайдын зөвлөх. Шууд л улс төрчидтэй ажиллаж эхэлсэн. 2005 онд Зүүн тѳвийн үзэл баримтлал барьдаг учраас МАН-д элссэн. МАН-ын залуу гишүүний хувьд НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Их Хурлын тѳлѳѳлѳгч, Бага хурлын гишүүн, Хяналтын хорооны, Ёс зүйн хорооны гишүүн гээд намын олон сонгууль албыг хашиж байсан. Нэг их хол салбар биш л гэж боддог шүү (инээв)

Сур: Их эртнээс улс төрд бэлтгэгджээ. Гэхдээ улс төрийн олон нам бий. Яагаад МАН-ыг сонгох болов?

Г. Дамдинням: Ингэж хэлж болно оо. Ер нь манай үеийнхэн улс төрийн их идэвхтэй байсан. Намын зүгээс зохион байгуулдаг олон уралдаан тэмцээнд оролцож, ухуулах хуудас наагаад л явж байлаа. Монгол Ард Намыг сонгох болсон маань учиртай. Нэгдүгээрт түрүүнд дурдсан зүүн тѳвийн үзэл баримтлалтай нам. Энэ нь юу вэ гэхээр нийгмийн чинээлэг дундаж давхарагийг бий болгохын тѳлѳѳ явдаг улс тѳрийн хүчин гээд маш товчоор хэлчхэд болох байх. Хоёр дугаарт яг өнөөдөр улс төрийн нам гэх шалгуурт бүрэлдсэн систем, институц гэдэг утгаараа энэ намаас өөр тэнцэх нам, улс төрийн хүчин алга. Бусад нь эвлэлдэн нэгдээд намынхаа байрыг ч барьж чадахгүй байж, төр улс жолоодно гэхэд хэцүүг олон түмэн харж байгаа байх. Эсвэл хэн нэгэн мөнгөтэй хүний жижиг намууд байна. Сонгууль дөхөх үед амь ордог. Гурав дугаарт Монгол Ардын Нам бол шинэчлэгдэж чаддаг, залуу үедээ итгэл өгдөг нам. Хамгийн том нѳгѳѳ улс тѳрийн хүчин буюу барууны үзэл баримтлалтай, нийгмийн чинээлэг хэсэгт илүү таатай бодлого явуулах ёстой АН-ыг хар даа. Тэртээ 30 жилийн өмнө байсан ах нар, яг одоо хэвээрээ ахиад дарга болмоор байна, гишүүн болно, нэр дэвшинэ гээд яваад байдаг. Ийм байж болохгүй. Ийм увайгүй гэж хэлж болох бүлэглэлд нэмэр болох бодол надад байгаагүй бас байхгүй байна (инээв)

Сур: Хүнд ажлын анхны гараа, анхны хамт олон мартагддаггүй шүү дээ? Тэр хэрээрээ алдаа оноо гээд сурч мэдэж авсан зүйл олон байдаг гэж би боддог. Таны хувьд?

Г. Дамдинням:  Одоо бодох нээ би анхлан боловсролын салбарт илүү түлхүү ажилласан юм байна. БСШУЯ-нд одоогийн АНУ-д суугаа онц бѳгѳѳд бүрэн эрхэт элчин сайд Ё. Отгонбаяр сайдыг байхад зөвлөх нь байлаа. Монголд Кембрижийн стандартыг анх оруулж ирэхэд хамтарч ажиллаж байсан. Одоо Монголдоо хамгийн сайн сурлагын амжилтыг бидний, манай багийн байгуулж байсан Кембрижийн сургалттай төрийн өмчийн “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл”, “Шинэ эрин” сургуулиуд үзүүлж байна. Зарим хүмүүс шүүмжилдэг л юм. Гадаадын хөтөлбөр хууллаа гэж. Тийм биш дэлхийн хамгийн шилдэг сургалтын стандартыг Монгол уламжлал, онцлогтой тохируулан авч хэрэгжүүлсэн. Үр дүнгээ ч сайн өгч байгаа. Монгол улсын ирээдүйн иргэд Дэлхийн иргэдтэй хол нийлүүлж тэдэнтэй цуг ажиллаж амьдарч , ойлголцож явахад энэ хѳтѳлбѳр асар том хувь нэмэртэй. Миний бас нэг мөрөөдөл, хийх ажил маань Дархан хотынхоо нэг ерөнхий боловсролын сургуулийг Кембрижийн сургалттай лаборатори сургууль болгох. Эхнээсээ хөөцөлдөөд явж байна. Бүтэх байхаа.


ШУТИС-д бол Эдийн засаг Нийгмийн хѳгжлийн проректор гэж албан тушаалыг гурав жил хашсан. Анх ажил аваад нэг л том асуудал шийдээд хожим энэ байгууллага хамт олон түүгээр минь дурсаж байгаасай гэсэн бодолтой очсон. “Legacy” гэж ярьдаг даа Монголоор бол Үйлс гэж орчуулах юм уу.  Хүмүүс явдаг Үйлс үлддэг гэдэг дээ.  Тэгээд судалж үзсэн. ШУТИС бол Монголын хамгийн том их сургууль, хамгийн олон оюутантай, хамгийн олон багш ажилтантай. 2000 гаруй багш, ажилтан нарын бараг талаас илүү нь орон сууцны хэрэгцээтэй нь судалгаанаас харагдсан. Тиймээс багш нарыг орон сууцтай, амьдралын баталгаатай болгох ёстой гэдэг дээр анхаарлаа хандуулж ажиллах ёстой болсон. Анх энэ асуудлаа сэдэж байхад, газар нь ч хаана байгаа юм, мөнгө нь ч хаана байгаа юм гээд зарим нөхөд тоож өгөөгүй. ШУТИС-ийн мэдлийн газрууд байдаг  байнга л газрын наймаачдын гарт орчхоод буцааж шүүхдэж авдаг нэг тийм завхарсан байдалтай болчихсон. Цаашдаа бүрэн алдах нь ойлгомжтой болсон байсан. Тэрийг хөөцөлдөж, тухайн үеийн хотын дарга Г. Мөнхбаярдаргаар шийдүүлж авлаа. Банкуудтай ч тохирлоо. Ингээд л Сансарт, хуучин КТМС-ийн хойно ШУТИС-ийн багш, ажилтны 180 айлын “Эрдэм” хотхон бий болсон доо. Хэнд, хэрхэн ѳгѳхийг нь хүртэл бүгдэд тэгш нээлттэй байх зарчмаар хийж дуусгаж байлаа. Арын хаалгадаж олгоогүй гэсэн үг. Одоо хэрнь  тэнд орон сууцтай болсон багш нар маань надад их урам зориг өгдөг шүү. Дараад нь хоёр ч тийм жижиг тѳсѳл хийсэн. Орон сууцны хэрэгцээтэй хүмүүсийн талыг нь байртай болгоод үлдсэнд нь зуслангийн газартай болгоод ажлаа ѳгж байсан.  Тэр үйлсдээ одоо ч баяртай байдаг. Дараа нь Олон улсын судалгааны багт орж ажилласан. Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн Уул уурхайн сургуульд магистр хамгаалсан. Ажлын ч урилга авсан тэр нь төгссөн сургуулийнхаа Канадын Олон Улсын Судалгааны Институтэд докторын сургалтын судлаач болох байв. Уул уурхайн засаглал, бодлого судлалын чиглэлээр Монгол орныхоо жишээн дээр бичсэн магистрын ажлын маань шууд судалгааны ажил болж эргэлтэд орж эхэлсэн дээ. Үүнийхээ хажуугаар Канад Монголын хамтарсан хѳрѳнгѳ оруулалттай “ПроконМайнингМонголия” компани болон бусад компаниудыг байгуулан одоо заримд нь захирлаар, заримд нь хувь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байна.  

Сур: Дархан хотод Кэмбрижийн сургалттай сургууль байгуулах талаар ярьлаа. Үүнээс гадна Дархан хотод хийх зүйл ч олон байгаа байх?

Г. Дамдинням: Би Дарханы уугуул гэдгээ хэлсэн. Өндөр настай ээж минь, төрсөн ах минь энэ хотод амьдарч байна. Би өөрөө ч байнга ирэн очин байдаг. Нэг талаараа Дархан бол аж үйлдвэрийн хот, анхнаасаа социалист нийгмийн үед ч ингэж төлөвлөж, байгуулсан. Нөгөө талаараа залуучуудын хот. Тиймээс Дархан хотод их боломж байгаа гэж хардаг. Ажил, бизнес хийх хүн, хүч, газар зүйн ѳгѳгдѳл нь байна. Төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг л хэрэгтэй. Бодлогоор л дэмж. Тэрнээс татаас, санхүүжилтээр тэтгэ гэж гуйж гувшаад байгаа юм биш. Цаашдаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, Монгол улсын эдийн засагт ихээхэн үүрэгтэй байх боломж Дархан хотод, Дарханчуудад бий. Одоо ч улсын тѳсѳвт татаас ѳгдѳг аймаг байх шүү.


Сур: Тэгвэл энэ боломжийг бүрдүүлэхэд юу хэрэгтэй гэж та харж байна вэ?

Г. Дамдинням: Би шууд хөрөнгө оруулалт гэж хариулна. Жишээ нь хойд хөрштэй хамгийн ойр том хот бол Дархан. Улаан-Үдэ, Эрхүүгийнхэн заавал Улаанбаатар оролгүй Дарханаас бараа бүтээгдэхүүнээ татах бүрэн боломжтой. Дээр дурдсанчлан Дархан хот бол анхнаасаа аж үйлдвэрийн хот болж, бүс нутагтаа газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхээр төлөвлөгдсөн. Дарханд хавар Улаанбаатараас 2 долоо хоногийн ѳмнѳ ирж намар 2 долоо хоногийн дараа болдог. Үндсэндээ бүтэн сар дулаан байдаг. Тиймээс газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн гайхалтай ѳгѳгдѳлтэй газар. Бид энэ суурийг ашиглах ёстой. Дарханд илүү том хүнд үйлдвэр байгуулах бүрэн боломж байна. Эрдэнэт хоттой ойр, Шарын голын нүүрсний уурхай гээд эрчим хүчний суурьтай, бас төмөр замтай. Аймгуудын өрсөлдөх чадварын индексээс Дархан аймаг дунджаас дээгүүр үзүүлэлттэй буюу 4-р байрт жагсаж байгаа. Гол хойшоо татах үзүүлэлт нь эдийн засгийн чадамж дорой буюу иргэдийн худалдан авах чадвар, үйлдвэрлэл, үйлчилгээ сул хөгжсөн гэж тооцогдож байгаа. Ажлын байрыг олноор бий болгож байж энэ сул талаа арилгана.

Сур: Өсөж төрсөн нутагтаа хийж бүтээх мөрөөдөл залуу хүний хувьд их байна гэж санагдаж байна шүү?

Г. Дамдинням: Дархан хот бол Монгол улсын хүн амын тал нь оршин суудаг, шигүү давчуу Улаанбаатар биш. Зөв төлөвлөлт хийх юм бол юм бүхэн боломжтой. Жишээ нь нисэх онгоцны буудал, IT парк, хүнд хөнгөн үйлдвэрийн кластер, эрчимжсэн ХАА, органик бренд бүтээгдэхүүн үйлдвэр байгуулах гэх мэт  Ингэж хэлэхээр зарим нь мөрөөдөл гэдэг юм. Яагаад болохгүй гэж болох бүрэн боломжтой. Хүмүүс хөгжил, дэвшил гэдгийг их урт удаан, хугацааны асуудал гэж бодоод байх шиг байгаан. Жишээ нь Канад улс ердөө л сүүлийн 30-40 жил үсрэнгүй хөгжсөн. Бидний хамгийн сайн мэдэх Өмнөд Солонгос 1960 онд бүх үзүүлэлтээрээ манай улсын ард, өлсгөлөн дайны зовлон амссан орон байсан. Гэтэл өнөөдөр Азийн бар, дэлхийн 12 дахь том эдийн засаг, Монголчууд бид очиж ажиллаад ар гэрээ тэжээдэг орон болсон байна. Тэгэхээр бидэнд боломж байна. Дархан хотыг жинхэнэ залуучуудын, аж үйлдвэрийн хот болгох хэрэгтэй. Монгол орны өнцөг булан бүрээс Дархан хотод сурах гэж, Дархан хотод ажиллах гэж, хөрөнгө оруулж, бизнес хийх гэж ирдэг байх ёстой. Мѳн Он-лайн суурилсан бизнес хѳгжүүлэх ёстой газар. Монголд орж ирж байгаа интернет урсгалын салаалдаг нэг том тѳв. Энэ тал дээр дата тѳвүүд баригдаад шинэ үеийнхэн аль эрт боломжийг хараад байгуулаад эхэлсэн явж байна. Мултимедиагийн хамаг мундаг залуучууд энд амьдардаг, хүнд ээлтэй, эрүүл шинэ хүнстэй, түгжрэл, утаагүй, тайван. Ёстой л Монголын Ванкувер болгочих юмсан гэж боддог. Ванкувер гэж Канадын хот миний 7 жил сурч ажиллаж, амьдарсан хот нь Дэлхийн хүн амьдрахад хамгийн таатай хот юм л даа. Аливаа асуудлаа хамтаараа шийддэг, хамтаараа нэг зарчим дээр тогтож чаддаг болох соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Миний хувьд бас гадны хөрөнгө оруулалт татах тал дээр, хэд хэдэн ажил санаачлаад, хэрэгжүүлээд явж байна. Монголчууд бидэнд бас нэг итгэл эрмэлзэл байдаг даа. Тиймээс яг босоод, ажил бүтсэн хойно нь хэлнээ.

Сур:Бидний урилгыг хүлээн авч олон сэдвээр илэг далангүй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

Г. Дамдинням: Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. Их олон сэдвийг богинохон хугацаанд хөндлөө. Уншигч та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүгээрэй, гараа сайн савандаж угаагаарай . Энэ аймшигтай цар тахлыг Монголчууд бид хамтдаа даван туулж чадна аа.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Цахим эрүүл мэнд“ сургалтад хамрагдаж эхэллээ 6 цагийн өмнө
Э.Болормаа: Би ингэж хувцасла, тэгж хувцасла гэдэггүй 7 цагийн өмнө
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ 7 цагийн өмнө
Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 7 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 9 цагийн өмнө
ХҮН нам “Цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, иргэдээс санал авч байна 9 цагийн өмнө
"Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүллээ 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 9 цагийн өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 10 цагийн өмнө
Оршин суугчид: Улсын комисс зөрүүтэй мэдээлэл өгч байна, байраа нураалгахгүй 10 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Надад итгэдэг хүмүүсийн ард нь зогсох хөшүүрэг байхыг хичээдэг 10 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ 11 цагийн өмнө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна 12 цагийн өмнө
Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлалаа 13 цагийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа 14 цагийн өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ 14 цагийн өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороотой, 17 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө