Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Ш.АДЪЯАМАА
2021/05/24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 09-нд орон даяар явагдана. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Энэ дагуу өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өгснөөр сонгуулийн сурталчилгаа явуулах эрх хуулийн дагуу нээгдэж байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх,  АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар дэвшиж буй. У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан. Харин АН-ын тухайд нам дотроо тус  тусдаа дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчээ тодруулсан. Улмаар О.Цогтгэрэлийн талын АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгатын талаас С.Эрдэнэ нар тус тус тодорсон. Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг албан ёсны нэр дэвшигчээр бүртгэсэн.

"Зөв ХҮН электорат" эвсэл олон нийтээс санал асуулга авч нэр дэвшүүлэлтийг явуулсан. Тодруулбал, таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг тавьсан. Улмаар Д.Энхбат олонхын санал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.Д.Энхбат нь Ногоон намын дарга байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН МАН-тай нэгдэж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл угшил гарал, түүх нэгтэй МАН, МАХН 10 гаруй жилийн өмнө зам мөр нь салсан ч эргэн нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаагаараа онцлог.

Мөн өөр нэг онцлог нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу явагдаж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Энэ зохицуулалтын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлт явагдсан.

Нам, эвслүүдийн нэр дэвшигчийг тус бүрээр нь танилцуулбал,

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
  • 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
  • 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
  • 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
  • 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
  • 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
  • 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
  • 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
  • 1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
  • 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 2000 онд МоАН-ын дарга
  • 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
  • 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
  • 2017-2021 онд Ардчилсан Намын дарга

 "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
  • 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
  • Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
  • 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
  • 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
  • 1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
  • 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
  • 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын ногоон намын дарга
  • 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 09-ний өдөр улс орон даяар явагдана. Энэ удаагийн сонгууль цар тахлын үед явагдах учраас сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журмыг Засгийн газраас баталсан.Уг журам мөн өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.Журамд зааснаар сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгасан байна.

 Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой. Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна. Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг  тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.

34 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

34.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

34.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

34.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

34.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

34.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

34.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

34.2.5.ухуулах байр ажиллуулах;

34.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

34.2.7.цахим орчин ашиглах;

34.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

34.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

34.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.

34.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

34.6.Энэ хуулийн 34.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

36 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

36.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

36.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

36.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

36.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

36.2.Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ.

36.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 36.2-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

36.4.Ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна энэ хуулийн 36.2-т заасны дагуу тогтоосон байршил дахь нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулж болно.

36.5.Ухуулах хуудас нь нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

36.6.“Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

36.7.Төрийн улс төрийн албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох ба үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.

36.8.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

36.9.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нэр дэвшигчийн ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

36.10.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сонгуулийн сурталчилгааны материал энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

36.11.Энэ хуулийн 34.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.

37 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглах

37.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна.

37.2.Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй. Хөдөлгөөнт самбарыг энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд ашиглана.

37.3.Зурагт самбар, дэлгэцийг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулах бөгөөд зурагт самбар байрлуулах гудамж, талбай, олон нийтийн газрын байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ.

37.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй.

37.5.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар, дэлгэц байрлуулахгүй.

37.6.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно.

37.7.Зурагт самбар, дэлгэц байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

39 дүгээр зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

39.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

39.2.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, нэр дэвшигчдэд тэгш хандах үүрэгтэй.

39.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:

39.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

39.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

39.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.

39.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 39.3 дахь хэсэг хамаарахгүй.

39.5.Энэ хуулийн 39.3-т шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна 12 минутын өмнө
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 44 минутын өмнө
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ 1 цагийн өмнө
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа 1 цагийн өмнө
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана 2 цагийн өмнө
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ 2 цагийн өмнө
Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно 3 цагийн өмнө
''Өдөрт 10 гаруй хүүхэд бөөсөө цэвэрлүүлэхээр ирж байна'' 5 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 5 цагийн өмнө
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа 5 цагийн өмнө
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 6 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 19 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 19 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 20 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 20 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 20 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 23 цагийн өмнө