Г.Ганболд: Хүнээ дархлаажуулж байгаа шигээ малынхаа 80 хувийг вакцинжуулснаар шүлхий өвчин арилна

М.Төгөлдөр
2022/01/28

Т.Амартүвшин

УИХ-ын ээлжит намрын чуулганаар хэлэлцсэн зарим хуулийн төсөл болон улс орон, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлаар УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.

-УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаж өндөрлөлөө. Та намрын чуулганаар ямар хуулийн төслүүд дээр ажиллав?

-УИХ-ын намрын чуулган хуулийн дагуу амжилттай хуралдаж дууслаа. Намрын чуулганаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд УИХ онцгой анхаарал хандууллаа. Цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд эдийн засаг хүндэрч байна. Улс орнуудын мөнгөний ханш суларсан. Монголд төдийгүй дэлхий нийтэд агаар, усан тээвэр, авто тээвэр, ложистикийн үнэ асар их өсөж байна. Тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ ч өссөн. Тиймээс УИХ нь Засгийн газраас оруулж ирсэн “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн томоохон хөтөлбөрийг баталлаа.

Хоёрдугаарт, эдийн засгаа эрчимжүүлэхэд УИХ анхаарал хандууллаа. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн том төслүүдийг явуулах ёстой. Тавантолгой, Оюутолгой төслүүдээс гадна улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн уул уурхайн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна.

Гуравдугаарт, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Монгол Улс эрчим хүчний хувьд хараат байна. Оюутолгой төсөл, баруун бүсийнхэн болон Улаанбаатар хот өндөр ачааллын үед гаднаас эрчим хүч импортоор авдаг. Тиймээс Тавантолгой ДЦС, Эрдэнбүрэнгийн ДЦС-ийг нэн яаралтай ашиглалтад оруулж байж, бид эрчим хүчээ бүрэн хангана. Цахилгаан эрчим хүч бол улсын стратегийн өндөр ач холбогдолтой учраас дотоодоосоо бүрэн хангая гэж байгаа юм. Тэгэхээр уул уурхай, эрчим хүч, төмөр зам, хил гаалийн асуудлаа эхний ээлжид яаралтай шийдэх юм бол улс орны эдийн засаг өсөх өргөн боломж байгаа гэж харж байна. Тиймээс ч дээрх асуудлуудад УИХ-ын гишүүд намрын чуулганы хугацаанд ач холбогдол өгч ажилласан.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад шүүхийн реформын шинжтэй хуулиудыг баталлаа. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг томилж, ажилдаа ороод байна. Шүүхийн Сахилгын хороо зарим нэг алдаа гаргасан, нийгэмд шүүмжлэл дагуулсан шүүгч нарт хариуцлага тооцлоо. Ёс зүйгүй шүүгч нарт хариуцлага тооцох нь зөв ажлын эхлэл. Шүүхийн тухай шинэ хуулиас асар их зүйл хүлээж байна. Анхан шатны шүүхээр таван жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хэрэгсэхгүй болгочихдог тохиолдол байсан. Эсвэл анхан шатанд нь ял оноогоогүй хэргийг давж заалдах шатны шүүх дээр таван жилийн хорих ял болгодог. Нэг ижил хэрэг дээр шүүгч нар эрс тэс шийдвэр гаргана гэдэг бол мэргэжил ур чадварын алдаа нэг нь гаргасан байж таарна. Эсвэл ёс зүйн алдаа гаргасан байж болно. Тиймээс шинэ хуулиар цаашид шүүгчид эрс тэс шийдвэр гаргахгүй, хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгалаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг УИХ өмнө нь баталсан. Орон нутгийн суурь хууль. Энэ хуулийг дагаж олон журмууд гарах ёстой. Энэ хүрээнд орон нутгийн иргэдийн хурлын зөвлөлийн ажиллах журмыг намрын чуулганаар баталлаа. Мөн УИХ дээр Иргэдийн хурлын төлөөлөгчийг эргүүлэн татах журмыг боловсруулах ажил явж байна. Төсвийн эрх мэдэл, боловсон хүчний эрх мэдэл нэмэгдэж байж, орон нутаг хөгжинө. Түүнийгээ дагаад хотын төвлөрөл саарна гэж үзэж байгаа.

Мөн намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын тухай хууль, Их, дээд сургуулийн тухай хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллалаа. Олон аймгуудад хэлэлцүүлэг хийсэн. Хаврын чуулганаар Боловсролын багц хууль батлагдах ёстой.

-Оюу толгойн гэрээний асуудал нь үеийн үед эрх баригчдын анхаарлын төвд байдаг сэдэв. Та Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны гишүүнээр ажилласан. Оюу толгой төсөлтэй холбоотой сүүлийн үеийн шийдвэрүүдийн тухайд ямар бодолтой байна вэ?

-Намрын чуулганаар анхаарал хандуулсан гол асуудлын нэг нь Оюу толгой төслийн асуудал байлаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулсан. Би тус Түр хорооны гишүүнээр ажиллахын сацуу дэд ажлын хэсгүүдэд орж, хаалттай, нээлттэй олон удаагийн мэдээлэл солилцон ажилласан. УИХ-аас Оюу толгой төсөлтэй холбоотой тогтоолын төслийг баталлаа. Энэ бол олон жил яригдсан маш чухал асуудал. Оюу толгойн гэрээг байгуулснаас хойш 2.3 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Монгол Улс Оюу толгой төслөөс жилд татвар шимтгэл хураамжаар 450 сая орчим ам.долларыг аваад, эсрэгээрээ 2.3 тэрбум ам.долларын зээлийн хүүнд 270 сая ам.доллар төлдөг байв. Нэг ёсондоо татвар шимтгэлээр орлого олоод байгаа юм шиг мөртлөө алдагдалтай явж байсан. Ажлын хэсэг танилцахад , цаашдаа энэ өр даамжрах юм бол 20 тэрбум гаруй ам.доллар болж нэмэгдэх нөхцөл байдал бодитой үүссэн байсан. Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээрүүд явагдаж, Монгол Улсад ногдож байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн нь хамгийн чухал юм. Иймээс Монгол Улсад жилд ногдож байсан 270 сая ам.долларын хүүгийн өр цаашид бодогдохгүй. Оюу толгой төсөлтэй холбоотой өр гэдэг зүйл байхгүй болсон. Нэгэнт өргүй болсон учраас одоо орж ирж байгаа орлогоос Монгол Улс ногдол ашиг авах ёстой гэдэг байр суурьтай байгаа. УИХ-ын тогтоолд гол тусгасан зүйл нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн 34 хувьд ногдож байсан 2.3 сая ам.долларын өрийг тэглэж байгаа төдийгүй, “Оюу толгой” ХК дээр ямар нэгэн байдлаар бичилтээр дээрх өрийг нэмж тооцохгүй гэдэг байр суурьнаас хандаж, тогтоолын төсөлд тусгасан. Тиймээс одоо “Оюу толгой” ХК болон “Эрдэнэс Оюу толгой” компани дээр ямар нэгэн өр байхгүй.

Ер нь Оюутолгой төсөл дээр бидний тавьж байгаа гол асуудал бол үйл ажиллагааны зардлыг бууруулах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр дээр бид ажилласан. “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компани яг адилхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр ижил үнээр борлуулдаг. “Эрдэнэт” үйлдвэр нэг төгрөгийн орлого олохын тул 0.64 мөнгөний зарлага гаргадаг юм байна. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр 36 хувийн ашигтай ажиллаж байгаа. Гэтэл ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт” үйлдвэрээс гурав, дөрөв дахин том Оюу толгойн уурхай нь хөрөнгө оруулалтын зээлийн хүүгээ тооцохоор зарлага нь орлогоосоо давчихсан. Нэг төгрөгийн орлого олоход түүнээс илүү зарлага гаргаж байна. Тиймээс өр үүсээд буй юм. Иймд Оюутолгой ордын үйл ажиллагааны зардал нь дэлхийн жишигт нийцэх ёстой гэдэг агуулга руу чиглэсэн тогтоолын төсөл болсон. Цаашид Оюутолгойгоос Монголчууд ашиг хүртэх бүрэн боломж нээгдсэн гэж үзэж байна.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ төдийгүй бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Цаашид инфляцыг өсгөхгүй байх, эдийн засгаа тогтвортой байлгах тал дээр ямар бодлого баримтлах шаардлагатай вэ?

-Инфляц нь зөвхөн Монгол Улсын ч асуудал биш болчихоод байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч энэ хямралд өртөж байгаа. Турк улсын инфляц хоёр дахин нэмэгдсэн. БНСУ-д инфляц асар хурдацтай өсөж байна. Манай бүс нутгийн хувьд гол эдийн засгийг нуруундаа үүрч яваа БНХАУ өвлийн олимп, намын хурал зохион байгуулахтай холбоотойгоор хилийн хорио цээрээ чангатгасан. Иймд хил, гаалийн нэвтрэх чадвар муу байна. Дээр нь тээвэр ложистикийн үнэ асар их өссөн. Дэлхий дээр хамгийн хямд өртөгтэй байсан усан тээврийн үнэ хүртэл маш их нэмэгдсэн. Тиймээс өргөн хэрэглээний үнэ өслөө. Үнийн өсөлт цаг зуурын байгаасай гэж хүсэж байна.

Манай улсын хувьд импортын нийлүүлэлт дээр зөрчил дутагдал ч гарч байна. Хамгийн их тулгамдаж буй асуудал нь хилийн нэвтрэх чадварыг сайжруулах явдал юм. Өнгөрсөн жилүүдэд манай улс Тавантолгойн төмөр зам, Зүүн баян чиглэлийн төмөр зам гээд төмөр замын олон төслүүдийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, бүгдээрээ мухар төмөр замууд байна. Гашуун сухайтын төмөр зам хоёр талаасаа холбогдсон боловч, өргөн нарийн төмөр замыг холбох асуудал байна. Зүүнбаянгийн төмөр замын ажил дууссан ч мөн л үндсэн төмөр замын царигтай холбох асуудал хүлээгдсэн. Мөн Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбох шаардлагатай. Үндсэндээ манай улс Замын-Үүд, Гашуун сухайт, Ханги-Мандалын гэсэн гурван боомтоор байгалийн баялгийг экспортлоход чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байна.

Нөгөө талаас цар тахал бидэнд эрүүл мэнд, эдийн засгийн хүнд байдлыг бий болгож байгаа ч нааштай зүйлийг ч авчирч байгаа. БНХАУ-ын эдийн засгаас шууд хамааралтай байдаг манай улсын хувьд урд хөрш хилээ хаангуут хүнс, бараа, барилгын материалыг Турк, Европын зах зээлээс оруулж ирж байна. Нөгөөтэйгүүр хил хаагдвал юу хомстож болохыг судалгаа хийхгүйгээр дэлгүүрийн лангуунаас харж болох юм. Тиймээс төр стратегийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой юм байна. Жижиг дунд үйлдвэрийн бодлого тийшээ чиглэх ёстой. Хил гаалийн нэвтрэх байдал хэвийн болохоор татвар, гаалийн бодлогоор дэмжих ёстойг харуулав. Би УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, БОХХАА-н байнгын хорооны гишүүний хувьд энэ чиглэлд зээл тусламжийн бодлого хэрэгжүүлэх хуулийн төсөл санаачлах бодолтой байгаа.

-Та Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүнээр ажилладаг. Утааг бууруулахад бодитой ямар ажлууд хийх ёстой гэж та үздэг вэ?

-Агаарын бохирдол нь нийслэл хот төдийгүй аймаг, орон нутагт ч гамшгийн хэмжээнд очсон. Сайжруулсан түлш нь утааг бууруулахад богино хугацаанд авч буй арга хэмжээ. Агаарын бохирдлоос салах үндсэн арга нь орон сууцжуулах. Орон сууцуудыг цогцоор нь барьж, ипотекийн зээлийн хүүг бууруулснаар агаарын бохирдлыг углуургаар нь шийднэ. Гэхдээ урт хугацааны шийдлийг хүлээлгүй богино хугацаанд хэрэгжүүлэх ажил нь сайжруулсан түлш. Сайжруулсан түлш тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын утаа багассан байсан. Гэтэл энэ жилийн хувьд эргээд огцом нэмэгдсэн. Энэ нь айлууд гал их түлээд, эсвэл машинаа өглөө удаан хугацаанд халааснаар бий болсон зүйл огт биш. Сайжруулсан түлшний чанар муудсантай холбоотойгоор утаа нэмэгдсэн. Цар тахалтай холбоотой сайжруулсан түлшний барьцалдуулагч, медлинг ховордсон. Үүнтэй холбоотойгоор шахмал түлшний чанар, стандарт алдагдсанаас утаа нэмэгдсэн гэж шууд оношилж болно. Барьцалдуулагчийг янз бүрийн зүйлээр хийж байна. Тэр тусмаа улаан буудайгаар барьцалдуулагч хийсэн. Улаан буудай нь өртөг өндөртэй хэрнээ агаарыг хамгийн их бохирдуулдаг зүйл юм билээ. Юун түрүүнд үйлдвэрлэлийн явцыг сайжруулах ёстой. Барьцалдуулагчийн чанараас болоод зун шахмал түлшээ үйлдвэрлэж чадахгүй байна. Стандартын чанар хангасан барьцалдуулагчаа аваад зун, намартаа үйлдвэрлээд нөөцөө бүрдүүлэх байтал барьцалдуулагчийн чанараас болоод намар үйлдвэрлэсэн. Хэрвээ зун шахмал түлшээ үйлдвэрлэчих юм бол барьцалдуулагчийн чанар муу учраас удахаараа үүрчихдэг. Ийм ийм зовлон байгаа юм. Тэгээд дөнгөж үйлдвэрлэсэн хөлдүү шахуу түлш хэрэглэгчийн зууханд очихоор уугиж утаа гарах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр зэрэг сайжруулсан түлшний үйлдвэртээ онцгой анхаарах шаардлагатай. Чанартай түлш үйлдвэрлэж чадвал утаа буурах боломжтой.

-Өвөрхангай аймаг сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нь эрс нэмэгдсэн. Иймээс “Баянтээг”-ийн уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэр барьж байгаа. Сайжруулсан түлшийг Арвайхээр хотын иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил ямар түвшинд байгаа вэ?

-Өвөрхангай аймгийн хувьд агаарын бохирдол нэмэгдсэн. Гэхдээ бид сүүлийн жилүүдэд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Саяхан БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт барих Дулааны станцын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж, гэрээ хийгдсэн. Энэ хүрээнд Арвайхээр хотын ДЦС-ын ажил 2022 ондоо багтаж эхэлнэ. ДЦС ашиглалтад орсноор Арвайхээр хотын агаарын бохирдол 30 орчим хувиар буурна. Ил харагдаж байгаа бага оврын нам даралтын зуухнаас гарах утаа арилна. Цаана нь байгаа 8000 - 9000 гэр хорооллын айлын яндан агаарын бохирдолд нөлөөлж байна. Иймд “Баянтээг”-ийн уурхайг түшиглэж жижиг оврын сайжруулсан түлшний үйлдвэр барьсан. Ирэх оноос сайжруулсан түлшийг Арвайхээр хотын нийт өрхөд хэрэглэх төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ түлшний үйлдвэр нь Улаанбаатар хотын түлшний үйлдвэртэй харьцуулбал их төвөгтэй. “Баянтээг”-ийн уурхайн нүүрс нь эрчим хүчний нүүрс, коксжих нүүрс биш. Эрчим хүчний нүүрсийг шатааж, гар аргаар кокс гаргаж аваад түүнийгээ буцаагаад нүүрстэйгээ хольж гаргаж байгаа түлш. Иймээс зардал өндөртэй, үйлдвэрийн процесс төвөгтэй байгаа юм. Гэхдээ ДЦС баригдаад, мөн сайжруулсан түлшний үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал Арвайхээр хотын агаарын бохирдол ойрын жилүүдэд эрс буурна.

-Нийт 16 аймагт шүлхий өвчин тархаад байна. Шүлхийтэй тэмцэхийн тулд малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах шаардлагатай. Энэ чиглэлд ХХААХҮЯ сайн ажиллахгүй байна уу даа гэж харагддаг?

-ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газрын зөвлөгөөгөөр аймгууд шүлхийтэй тэмцэж байна гээд жил болгон малынхаа 10 гаруй хувьд вакцинжуулах ажлыг хийж ирсэн. Гэтэл жил болгон л шүлхий гарч, тархдаг. Яагаад олигтой үр дүнд хүрэхгүй байна гэж боддог байсан. Гэтэл “ковид 19” халдвартай холбоотойгоор энэ асуудал их ойлгомжтой болж ирж байна. Цар тахлын үед хүн амынхаа 80-аас дээш хувийг вакцинжуулж байж сүргийн тархлаа тогтдог юм байна гэдгийг бид мэдэж авлаа. Тэгэхээр жилд малынхаа 10 гаруйхан хувийг вакцинжуулах бус 80 хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа гэдэг зүйл тогтох нь байна. Нөгөө талаар вакцины чанар гэдэг ойлголтгүй явж ирсэн. Хүний биед пфайзер, синафарм, спутник вакцины аль нь сайн нөлөөлж байна вэ гэдгийг эсрэг биетийн шинжилгээгээр тогтоож болж байна. Аль вакцин нь хэдэн хувийн дархлаа тогтоодгийг мэддэг боллоо. Гэтэл Монгол Улс малдаа хийж буй вакцин хэдэн хувийн дархлаа тогтож байгааг шинжилдэг лаборатори байхгүй. Аль вакцин сайныг мэдэхгүй хийдэг. Энэтхэг, Казахстанаас ч авчраад, ОХУ-аас ч оруулж ирж малдаа вакцин тарьдаг. Тэгэхээр цаашид дэлхий дээр вакцин үйлдвэрлэгч компаниудын вакциныг малдаа авчирч туршаад, эсрэг биетийн шинжилгээ хийж, монгол малд  аль вакцин тохирохыг тогтоох ёстой юм. Дараа нь нэг жилд бүх малынхаа дийлэнх хувийг вакцинжуулах шаардлагатай. Гэхдээ мэдээж идшинд хэрэглэх, эдийн засгийн эргэлтэд оруулах малаа вакцинжуулахгүй авч үлдэж таарна. Ингэж малаа эрүүлжүүлэх шаардлага байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусгасан “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль нь Үндсэн хууль зөрчинө гэж байхгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцийн хувьд Үндсэн хуулийг бусад хууль, тогтоомж нь зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага. Харин Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж байна гэж үзэж байгаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Нөгөөтэйгүүр Засгийн газрын гаднаас томилогдсон зарим гишүүн нь ажил хариуцах чадварын хувьд, УИХ-д салбарынхаа асуудлыг ойлгуулж хөрөнгө мөнгө татахын хувьд учир дутагдалтай зүйл байгаа юм шиг. УИХ дээрх асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол энэ бүрэн эрхийн хугацаанд хэрэгжихээр баталж болохгүй. Өөрөөр хэлбэл дээрх асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал 2024 оноос хэрэгжихээр тусгавал дэмжиж болох юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хот байгуулалтын үндэсний форум болно 21 минутын өмнө
Ц.Лоохууз агсан мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно 38 минутын өмнө
Өв соёл, сүр хүчийн бэлгэдэл “SplendorPlus” алтан картыг танилцуулж байна 1 цагийн өмнө
Хэмжил зүйн зөвлөл хуралдлаа 1 цагийн өмнө
Хятад иргэнийг буудсан хэрэгт дөрвөн хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэллээ 2 цагийн өмнө
​Онцгой байдлын байгууллага 30 автомашинаар парк шинэчлэлт хийлээ 3 цагийн өмнө
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 3 цагийн өмнө
Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ 4 цагийн өмнө
Томуугаар өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байна 4 цагийн өмнө
24-р цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгав 5 цагийн өмнө
Л.Төр-Од: 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ 5 цагийн өмнө
Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Б.Тулга: Засгийн газар анхаарлаа хандуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх талаар бүх түвшинд хэлэлцсэн 6 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын цахим хуудас шинэчлэгдэв 7 цагийн өмнө
ОБЕГ-т аюулт үзэгдэл, ослын 94 дуудлага бүртгэгджээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
О.Хангай: Жил ирэх тусам уушгины хорт хавдар нэмэгдэж байна Өчигдөр
Тэтгэврийг 2025 оны төсөвт 6 хувиар нэмэхээр тусгажээ Өчигдөр
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина Өчигдөр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хэлэлцэнэ Өчигдөр