Төр үнийг зохицуулах нь юунд хүргэдэг вэ?


Төрийн оролцооны улмаас эдийн засгийн уналт тохиох тоолонд үнийг зохицуул гэх дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрт цуурайтдаг. Нийтийн дунд хүндтэй байр суурийг эзэлдэг үнийн хяналтын мөн чанарыг таниулах нь энэ нийтлэлийн зорилго. Үнийн хяналт гэж юу вэ гэдгийг онолоор тайлбарлан, гадаад, дотоодын жишээг хавсарган, эдийн засгийн хуулийг ёс зүйн номлолоор няцаах боломжгүйг нотлов.

ҮНИЙН ХЯНАЛТ 

Үнийн хяналт гэдэг нь бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох арга хэмжээ. Үнийн хяналтын хэлбэрүүд болох үнийн дээд хязгаар (үнийн тааз), үнийн доод хязгаар (үнийн шал) нь бүхий л бараа, үйлчилгээнд ижил үйлчлэх ба хэр өндөр, хэр нам тогтоогдсоноосоо шалтгаалж нөлөөтэй байх эсэх нь шийдэгдэнэ. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшнээс доогуур, үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоосон тохиолдолд л үнийн хяналт нөлөөгөө үзүүлэх юм.

Аливаа бараа, үйлчилгээн дээр үнийн тааз зах зээлийн түвшнээс доогуур тогтоогдвол үйлдвэрлэгчид, худалдаачид буюу нийлүүлэгчид нийлүүлэлтээ бууруулахтай зэрэгцэн тухайн зүйлийг худалдаж авах хэрэглэгчдийн чадавх нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн тоо багасаж, эрэлтийн тоо өснө. Уг үзэгдлийг эдийн засгийн ухаанд "хомсдол" хэмээдэг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс үнийн хяналтгүй салбарууд руу шилжиж, үнийн тааз тавиулсан барааны олдоц ховордох тул хэрэглэгчид орлох барааг хайж эхэлнэ.

Үнийн шал зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоогдвол үйлдвэрлэгчид, худалдаачид нийлүүлэлтээ нэмэгдүүлэхтэй зэрэгцэн тухайн зүйлийг худалдаж авах хэрэглэгчдийн чадавх буурдаг. Нийлүүлэлтийн тоо өсөж, эрэлтийн тоо цөөрнө гэсэн үг. Үүнийг эдийн засгийн ухаанд "илүүдэл" гэнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс үнийн доод хязгаар үйлчилж буй салбар луу шилжиж, үнийн шаланд өртсөн барааны нийлүүлэлт нэмэгдэх хэдий ч эрэлт нь багассан учир зарагдаж чадахгүй.

Ийм байдлаас хууль бус наймаа үүсдэг. Хар зах, далд эдийн засаг гэх ойлголтууд нийтэд сөргөөр ойлгогддог боловч энэ бол төрийн дарамтаас зайлсхийх гэсэн хүн хоорондын арилжааны үйл явц.

ҮНИЙН ЕРӨНХИЙ ХЯНАЛТ БУЮУ социализм

Төр үнийн дээд хязгаарыг ард түмний сайн сайхны төлөө, үнийн доод хязгаарыг хувийн хэвшлийг дэмжихийн тулд гэх зөвтгөлөөр хэрэгжүүлсээр ирсэн нь эдийн засгийн түүх. Харин үнийн хяналт төрийнхний зорьсон зорилгод хүргэхгүй төдийгүй эсрэг үр дүнг авчирдаг нь эдийн засгийн хууль. Тухайн нэг бараа, үйлчилгээний үнийг хянах гэсэн оролдлогоосоо татгалзаагүй төр үйл ажиллагаагаа улам лавшруулж дараа дараагийн үнэд халдах нь бий. Төрийн оролцоо гаарсаар төр бүх үнийг шийддэг болох үеийг социализм гэж нэрлэж болно. Тус системд төр үйлдвэрлэлийн хэрэгслийг албан ёсоор өмчлөхгүй байж болох ч үйлдвэр, дэлгүүрийн эздэд юу хийхийг нь зааварлах юм.

Эрх баригчид үнэ бүрийг байгаагаас нь доошлуулахад (үнийн ерөнхий дээд хязгаар) мөнгөний нийлүүлэлт нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс хэтэрнэ. Хүмүүс гар дээрээ хэрэглэж чадахгүй мөнгөтэй үлдэнэ. Мөнгөтэй ч бараагүй. Илүүдэл мөнгөн тэмдэгтээ ашиглах цор ганц боломж нь хахууль, хууль бус арилжаа. Үнийг хөдөлгөхгүйгээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь адил үр дагавартай. Цаасан мөнгө хэвлэж байсан 20-р зууны социалист блокийн орон бүрт ажиглагдсан эл байдлыг Унгарын эдийн засагч Янош Корнаи дарагдмал инфляци, албадан хадгаламж гэж нэрийджээ.

Үнийн ерөнхий доод хязгаарыг Монголд ерөнхий сайд Д.Бямбасүрэн 20-р тогтоолоороо хэрэгжүүлсэн. Бүх үнийг 2 дахин өсгөх шийдвэр нь төгрөгийн худалдан авах чадварыг тэр хэрээр унагасан нь илэрхий. Уг арга хэмжээ нь иргэдийг хохироосон хэдий ч нутаг буцаж байсан Зөвлөлтийн цэрэг, мэргэжилтнүүдийг Монголыг хоослохоос нь сэргийлсэн байна.

Мөнгөний нийлүүлэлт, үнийн ерөнхий дээд хязгаараас төрөх илүүдэл мөнгийг (инфляци, албадан хадгаламж) үнийн ерөнхий доод хязгаараар үгүй хийж болно гэж сөргөж магад. Гэлээ ч социализмын суурь асуудал нь үйлдвэрлэлийн бүтээмжгүй байдал, хомсдол. Үнийн түвшин, мөнгөний нийлүүлэлт өөрчлөгдөөгүй байлаа ч барааны тоо багасах нь илүүдэл мөнгийг бий болгох болно. Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, ашгийн төлөөх хувийн санаачлагыг хориглодог нь социализм ядууралд хөтөлдгийн учиг.

ГАДААД ДАХЬ ҮНИЙН ХЯНАЛТ 

Төр үнэд хөндлөнгөөс оролцдог явдал нь эртнээс улбаатай гэдгийг эдийн засагч Роберт Шюттингер, Эймон Батлер нар "Үнийн хяналтын дөрвөн мянганы түүх"[1] номоороо харуулсан билээ. Энэхүү номонд дурдагдсан баримтуудаас дурдъя.

Эртний Египетийн Птолемейн династийн (МЭӨ 305-30) үед бүхий л үнийг хатуу барьж байв. Байцаагчдын арми тариачдыг чангалсаар тариачид эцэст нь тариан талбайгаасаа зугтаж байсан аж. МЭӨ 300-аад оны төгсгөлд Египетийн эдийн засаг сүйрчээ. Эртний Вавилонд нийтдээ 282 хуулиас бүрдсэн Хаммурапи хааны хууль (МЭӨ 1755–1750) үнийн дээд хязгаар, цалингийн доод хэмжээг зааж өгөв. МЭӨ 2350 орчим жилийн өмнө Эртний Шумерийн хаан Урукагина үнийн хяналтыг болиулсан нь дээрх хоёр түүхээс зөрсөн тохиолдол. Хүний түүхэнд эрх чөлөө (амаги) гэдэг үг анх удаа бичигдэж үлдсэн нь энэ.

Эртний Хятадын Жоу улсад (МЭӨ 1050–221) Күнзийн (МЭӨ 551-479) номлолд суурилсан эдийн засгийг хэрхэн зохицуулах талаарх гарын авлага байсан бөгөөд тусгай байцаагчид дэлгүүрүүд дэх үнийг хянадаг байж. Өлсгөлөн, тахлын цагт ч төрийн зааварласан үнээр зарахыг шаардана. Эртний Энэтхэгт Чандрагупта хааны (МЭӨ 350-295) зөвлөх Чанакя үр тарианы гэлтгүй мах, архи, янхны үнийг хүртэл хянахыг санал болгож байв.

МЭӨ 400-аад жилийн өмнө Эртний Грекийн Афинд үр тарианы үнэ өсөхөд худалдаачдыг, тэднийг хянаж чадаагүй төрийн албатуудыг мөн цаазаар авч байлаа. Үнийн инфляцийг үнийг хязгаарлаж дарах гэсэн Эртний Ромын хаан Диоклетианы (224-312) оролдлого бүрэн бүтэлгүйтсэн.

Дундаж зууны үед ч үнийн хяналт газар сайгүй байв. Бичээд дуусахгүй тул орчин үеийн түүх, баримтуудтай танилцацгаая.

1929 онд эхэлсэн санхүүгийн уналт цааш гүнзгийрэн Их хямрал болсон нь ерөнхийлөгч Херберт Хувер хөдөлмөрийн зах зээлд оролцон цалинг зах зээлийн түвшин рүү нь буулгаагүйгээс шалтгаалсан.[2] Түүнийг ажлаа авсан жил болох 1929 онд 3.2% байсан ажилгүйдлийн түвшин ажлаа өгсөн 1933 онд 23.6%-д хүрсэн байв.[3] Цалингийн доод хэмжээг хэт дээгүүр тогтоох нь гамшиг дагуулдаг.

2013 онд 25%-тай гарсан инфляцитай тэмцэх гэж 2014 оны 1-р сарын 1-ээс Кристина Киршнерээр толгойлуулсан Аргентины засгийн газар 302 бүтээгдэхүүний үнийг хянаж эхлэв.[4] Тухайн оны 9-р сард Аргентины Конгресс засгийн газарт үнэ тогтоох, ашгийн хэмжээг шийдэх, үйлдвэрлэлийг хянах эрх мэдэл олгожээ.[5] Өмнөх ерөнхийлөгчөөсөө арай аядуу бодлого баримталсан Маурисио Макри 2019 оны 4-р сард цахилгаан, дулаан, ус дээр нэмээд 60 бүтээгдэхүүний үнийг өсгөхийг хориглолоо.[6] 2021 онд жилийн 50%-д дөхсөн үнийн ерөнхий өсөлтийг Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандес 10-р сард нь 1432 төрлийн бараанд үнийн дээд хязгаар тогтоосноор шийдвэрлэх гэж үзэв.[7] Нэмэргүй байсан нь Аргентины инфляцийн түвшин 2022 оны эцсээр жилийн 95%-д хүрснээр нотлогдсон юм.[8] Мөнгө хэвлэснийхээ горыг үнийн өсөлтөөр мэдэрч байсан аргентинчууд зовлонгоо гэтлэхийн тулд үнийн хяналт руу хандсаар байсан боловч тухай бүртээ эдийн засгийн хуульд дийлджээ.

Аргентины асуудал дарагдах боломжтой. Чөлөөт зах зээлийн бодлого явуулсан тохиолдолд. Ваймарын Герман (1919-1933), Нацист Германаас (1933-1945) өвлөгдөж ирсэн инфляци, үнийн хяналтын арга хэмжээг Баруун Германы Эдийн засгийн зөвлөлийн захирлаар томилогдсон Людвиг Эрхард зогсоосон. Эрхард 1948 оны 6-р сард гиперинфляцид өртсөн рейхсмаркийг халж, шинэ мөнгөн тэмдэгт дойчмаркийг нэвтрүүлэхийн сацуу бараг бүх үнийг чөлөөлөв. Ингэснээрээ Германы эдийн засгийн гайхамшиг гээчийг бүтээсэн болно.[9]

Харамсалтай нь, эдийн засгийн ухаантай танилцаагүй Германы шинэ үеийнхэн түүхийг ч үл хэрэгсэв. 2020 оны 2-р сард Берлин хотын засаг захиргаа түрээсийн дээд хязгаар тогтоолоо. Үр дүнд нь түрээслүүлэгчид орон сууцнуудаа түрээслэхээс татгалзав, түрээсийн зорилгоор ашиглагдаж байсан сууцнууд зарагдав, орон сууц шинээр барих сэдэл багасав, нөхцөл байдал дордов.[10] Түрээсийн хэмжээнд үнийн тааз тавих нь сууцны өнөөгийн болоод ирээдүйн нийлүүлэлтийг бууруулдаг учраас Шведийн эдийн засагч Ассар Линдбек "Бөмбөгдөлтийг эс тооцвол хотыг сөнөөх хамгийн шалгарсан арга бол түрээсийн хяналт." гэж хэлж байжээ. Түрээсийн хуулийг 2021 оны 4-р сард Германы Үндсэн хуулийн шүүх хүчингүй болгосон[11] ч мөн оны 9-р сард Берлин хот бүх нийтийн асуулга явуулан томоохон сууц өмчлөгчдөөс өмчийг нь албадан хураахаар шийдсэн[12] нь социализмыг ардчиллаар байгуулж болдгийн илрэл.

Татвараар санхүүжих төр зарим үйлчилгээг "үнэгүй" үзүүлдэг. Тэдгээрийн нэг нь эрүүл мэндийн үйлчилгээ. Үнийг тэглэх нь үйлчлүүлэгчдийн тоог өсгөх нь тодорхой. Нэг талаас нийлүүлэлт хүрэлцэхгүй, нөгөө талаас эрэлт нэмэгдсэнээр "очередь" үүснэ. Ковидоос өмнөх буюу 2018 онд Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Төвийн (National Health Service) хүлээлгийн жагсаалтад 4 сая хүн байв. Хагалгаанд орох өвчтөнүүдийн 33% нь 4-өөс дээш сар хүлээдэг. Зүрхний өвчтэй хүмүүсийн 25% нь эмчилгээгээ хүлээж байгаад үхдэг. Уушги, бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүд эмчилгээгээ хийлгэж эхлэх үед 20%-ийнх нь өвчин эдгэшгүй үе дээрээ очсон байдаг. Өрхийн эмч дээрээ цаг авч уулзах хүлээлгийн дундаж хугацаа нь 14 хоног.[13]

Японд зээлийн хүүгийн дээд хэмжээ 1983 оноос өмнө 109% байсан бол парламент нь тогтвортойгоор бууруулснаар 1983 онд 40%, 2000 онд 29.2%, 2010 онд 15%-20% болжээ.[14][15] Төрийн оролцоог дэмжигчид Япон улсыг мөнгө хүүлэлттэй амжилттайгаар тэмцсэн, зээлийн хүүгийн тааз зээл олголтыг хязгаарлаагүй хэмээн магтдаг авч мэдээжийн хэрэг зээл олголт татарсан. Саракин гэгддэг томоохон хэрэглээний зээлийн компаниуд дампуурсан, банкнуудтай нэгдсэн, Солонгос зэрэг орнууд руу гарахаар шинэ зах зээл хайж буй.[16][17] Зээлийн хүүгийн тааз зах зээлийн түвшнээс өндөрт тогтоогдсон байсан болохоор урьд нь харьцангуй нөлөөгүй (ineffective) байсан юм. Хязгаар нь доошилсоор нийлүүлэлтийг таслах чинээнд очив.

Вьетнамын Хүнсний Холбоо Вьетнамын цагаан будааны экспортын доод үнийг тогтоосон хэдий ч тус шийдвэрийг экспортлогчид огтоос тоодоггүй. Яагаад? Хэрэглэгчдээ, орлогоо алдахгүйн тулд.[18] Үүнтэй төстэй явдлыг Кот-д'Ивуарын какаоны фермерүүдээс харж болно.[19]

Кенийн ерөнхийлөгч асан Ухуру Кениата 2022 оны сонгуульд зориулан эрдэнэ шишийн гурилын үнийг 2 дахин багасгав. Ингэхдээ гаалийн татвар бууруулж, бизнесүүдэд татаас өгсөн байна.[20] Компаниудад татаас өгч үнэ бууруулах нь үнийн дээд хязгаар үнэ бууруулдаггүйг хүлээн зөвшөөрсний шинж юм.

МОНГОЛ ДАХЬ ҮНИЙН ХЯНАЛТ 

1996 оны 9-р сард Монгол улсын засгийн газар үнэ чөлөөлсөн гэдэг ч хэд хэдэн зүйлсийн үнэд төр өдийг хүртэл оролцоотой хэвээр. Нийтийн тээвэр, эрчим хүч, шатахууны салбаруудын үнийг төр зохицуулдаг бол, боловсрол болон эрүүл мэндийн салбар төрийн мэдлийнх.

Нийслэлчүүдийн нүүр тулдаг хамгийн ярвигтай асуудал бол нийтийн тээврийн хүртээмжгүй байдал. Удаан хүлээлгэдэг, орчин бохир, бөөгнөрөл өндөртэй нь хувь хүмүүсийг автомашин худалдаж авахад нөлөөлдөг ба энэ нь эргээд замын түгжрэлийг даамжруулдаг. Үнийг төр зохицуулдаг нь зовлонгийн шалтгаан юм. Үнэ чөлөөтэй болчихвол компаниуд үнэ, орчин, чиглэлээрээ өрсөлдөж эхэлнэ. Сегментээрээ сална. Хэрэглэгчид худалдан авах чадвараа харгалзан чөлөөт сонголт хийнэ. Хүмүүс автобус хэзээ ирэхийг ширтэн жиндэж зогсохгүй, автобусны завааныг гайхахгүй, чихэлдэхгүй. Хамгийн гол нь автобус нэмэгдэж, автомашин цөөрснөөр түгжрэл саарна. 2022 оны 9-р сарын байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 950 автобус 105 чиглэлд гарч байна.[21] Билетийн үнэ нь 300-500 төгрөг буюу хэт хямд, 1/3 нь үнэгүй зорчдог нийтийн тээврийн салбар дахь 19 компанийн 2022 онд авсан татаасын хэмжээ 171 тэрбум төгрөг.[22]

Үнийн дээд хязгаар тавьдгаас нь болоод хувийн компаниуд зүглэдэггүй удаах салбар бол эрчим хүчний салбар. Өнгөрсөн он дахь эрчим хүчний төрийн өмчит компаниудын алдагдал 168.2 тэрбум төгрөг.[23] Алдагдалтай ажиллах нь хөрөнгө оруулалт хийх бололцоог хаах төдийгүй хүний нөөцийн хомсдолд оруулдаг. Насжилт нь дөхсөн эсвэл хэтэрсэн тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй, ажилчдыг цалингаар татаж хүчрэхгүй салбар бүрэн дампуурах нь цаг хугацааны асуудал. Үнэ чөлөөлдөггүй юм гэхэд төсөвт суусан бусад зардлыг танан эрчим хүчний салбарт шилжүүлэхгүй аваас Улаанбаатар хот тун удахгүй цахилгаан, дулаангүй хоцорно. Аль нь ч үнийг хянадаг, нөөцийг буруу хуваарилдаг төрийн төвлөрсөн төлөвлөгөөний үр дүн.

НҮБ-ын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд, Монгол улсын Үндсэн хуульд үнэгүй боловсролыг хүний эрх хэмээн тусгасан байдаг. Монголд сургуулийн өмнөх, бага, дунд боловсролыг төр үнэгүй олгодгоос өнөөдөр хүүхдүүд нэг ангид хэт олноороо хичээллэж буй. Нийлүүлэлт бага, эрэлт их. Иймээс төрийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлууд хүүхэд элсүүлэхдээ хахууль авдгийг ёс суртахууны бус, эдийн засгийн ухааны өнцгөөс тайлбарлавал зохилтой. Төлбөр нь тэг, элсэлтийн тоо нь хязгаартай үед хүүхдээ баттай оруулах гэсэн эцэг, эхчүүд удирдлагуудын гарыг цайлгах нь зайлшгүй. Эрхлэгч, захирлууд нийт хүүхдийн тоог хасаагүй. Анги дүүргэлтийг хууль бусаар нэмлээ гэж тэднийг буруутгаж болно. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянган орчим хүүхэд"-ээр анги дүүргэлтийг хууль ёсоор өсгөжээ.[24]

Төр нь үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг орон болгонд өвчтөн, үзүүлэгсдийн дараалал урт байдаг. Хэрвээ улс нь Монгол шиг гуравдагч ертөнцийнх бол эмч, сувилагчдын цалин нам байна. Хахууль эндээс гаралтай. Эмч өөрийнх нь бие, оюуны тэсвэрээс давсан олон тооны өвчтөнүүдийн хэнийг нь түрүүлж үзэхээ хэн эрт ирснээр нь, санамсаргүй тохиолдлоор, хэн мөнгө өгснөөр нь шийдэх боломжтой. Мөнгө, эд зүйл санал болгосон нь шилэгдэх хандлага давамгайлна. 10 хүн үзсэн ч, 100 хүн үзсэн ч ижил цалингаа авах эмч хахуульгүй бол цөөн өвчтөн үзэх магадлалтай учир хахууль гэдэг нэг талаараа эмчийг ажиллуулах эдийн засгийн өдөөгч, урамшуулал. Эмчийн тоог олшруулах ёстой гэдэг дээр хүн бүр санал нийлэх байх. Харин төрийн тогтоосон цалингийн хэмжээ одоогийн ажиллагсдыг нь ажлаа орхиход түлхэж болж, ирээдүйн төгсөгчдийг эмчийн мэргэжил эзэмшихээс сэргийлдэг. Төр эрүүл мэндийн салбарыг хувьчилж, үнэ чөлөөлвөл иргэд эрүүл мэнддээ илүүтэй анхаарал тавьж, эмч нарын цалин мэдлэг, туршлага, ажилласан цагийнх нь хэмжээгээр нэмэгдэж, салбар дахь өрсөлдөөн үнийг буулгаж, чанарыг сайжруулж үйлчлүүлэгчид эцсийн бүлэгт хожих юм.

Үнийн хяналт ба ёс зүй

Үнийн хяналтыг гол төлөв ёс зүйн хэм хэмжээгээр зөвтгөдөг. Худалдагч тал шуналаа татах нь зүйтэй, байгалийн гамшиг, тахлын үед үнийг барих нь зөв гэсэн санаанууд хүсэлт бус, шаардлага болж хувирах нь олонтаа.

Бусдын хувийн өмчийг хямд авах гэсэн нь шунал биш үү? Төрийн заналхийллээр далайлгаж үнийг өөрийн хүссэн түвшинд аваачих нь ёс зүйтэй хэрэг мөн үү? Ёс суртахуун, ёс зүй гэдэг субъектив шинжтэй учраас хэнийх нь ёс суртахуун зөв, буруу эсэхийг объектив байдлаар дүгнэхэд хэцүү. Ёс зүйн шаардлагаас ургасан аливаа арга хэмжээг чиглэсэн зорилтдоо хүрч чадах уу гэдгээр нь хэмжих нь объектив хэмжүүрт ойртох арга.

Гамшиг, өвчний цагт үнийг буулгах гэж оролдох нь тухайн бүс дэх нийлүүлэлтэд муугаар нөлөөлнө. Үнийн дээд хязгаар тийш очих байсан бүтээгдэхүүний тоог цөөлөхөөс өөр шидгүй. Австрийн аугаа эдийн засагч Людвиг фон Мизесийн бичсэнээр "Зөрчсөнийх нь төлөө цаазаар авдаг байсан император Диоклетиан хийгээд Францын хувьсгалын үед ч үнийн хяналт ажиллаж дийлээгүй. Эдийн засгийн ухаан үнийн хяналтыг муу муухай, шударга бус гэх шалтгаанаар бус, харин зорилгынхоо эсрэг үр дүнг авчирдаг учраас үгүйсгэдэг юм."

Эдийн засгийн хууль нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаардаг универсал шинжтэй. Эдийн засгийн хуулийг юу ч үл хүчирнэ.

Төгсгөл

Ардчилсан тогтолцоонд ард түмний эдийн засгийн ухааны мэдлэгтэй, мэдлэггүй эсэх нь улсын хөгжил, уруудлыг тодорхойлдог. Монгол ядуу нь иргэд эдийн засгийн ухааны мэдлэггүй, эдийн засгийн ухааныг үл тоомсорлодогтой холбоотой. Ганц үнийн хяналт биш, бусад төрлийн төрийн оролцоонууд ч доройтолд хөтөлдгийг монголчууд ойлгох, цаашлаад тэмцэх ёстой. Тэгж байж амьжиргааны түвшин нь сайжирна.

 Нийтлэлийг бичсэн: Мизес Монгол ТББ

 Эшлэлийн жагсаалт

1. Butler, Eamonn F.; Scheuttinger, Robert L. 2009. "Forty Centuries of Wage and Price Controls". Ludwig von Mises Institute.

2. The Great Depression, hoover.archives.gov.

3. Margo, Robert A. 1993. "Employment and Unemployment in the 1930s." Journal of Economic Perspectives, 7 (2): 41-59.

4. La lista de Precios Cuidados, cfkargentina.com, 2014.04.10.

5. Argentina passes contested price control law, france24.com, 2014.09.19.

6. Macri freezes food prices in move to appease voters, batimes.com, 2019.04.17.

7. Argentina freezes goods prices after talks break down, reuters.com, 2021.10.20.

8. Argentina's inflation rate at 95%, highest since 1991, reuters.com, 2023.01.13.

9. Henderson, David R. "German Economic Miracle", econlib.org.

10. Berlin’s failed rental revolution, exberliner.com, 2022.08.08.

11. Berlin rent cap overturned by Germany's top court, dw.com, 2021.04.15.

12. Berliners vote 'yes' on property expropriation, dw.com, 2021.09.27.

13. An Uber-Like Service Might Help Patients Escape Britain’s Socialist Health System, mises.org. 2018.08.28.

14. Two new Japanese credit laws taking a bite out of loan sharks, csmonitor.com, 1984.06.28.

15. 5 お借入れの上限金利は、年15%~20%です, j-fsa.or.jp.

16. In a World of Negative Rates, These Lenders Get 18%, wsj.com, 2016.06.17.

17. Japanese Loan Sharks Rush to Local Market, koreatimes.co.kr, 2009.12.13.

18. Ignoring floor price, rice exporters still sell at low prices, vietnamnet.vn, 2013.02.07.

19. It’s difficult to feed our families’: Volatile cocoa prices are pushing West African farmers further into poverty, cnbc.com, 2021.11.02.

20. Kenya elections 2022: President Kenyatta halves cost of maize flour, bbc.com, 2022.07.20.

21. УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН СИСТЕМ, 2022.09.09.

22. Татаасаар амь зуудаг нийтийн тээврийнхэн зээл төлнө гэв үү, unuudur.mn, 2022.05.19

23. Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар 2022 онд 168.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна, gogo.mn, 2022.08.23.

24. Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт элсүүлдэг тогтолцоог халсан, eagle.mn, 2022.08.09



0
angry
0
care
0
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 15 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 15 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 15 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 16 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 16 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 17 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 17 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 18 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 18 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 18 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 19 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 19 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 20 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 21 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 21 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 21 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 22 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 22 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 23 цагийн өмнө