“Малчдыг сайн бизнесмен болгох төслийг бид хэрэгжүүлж байна”


“ШИМТ СҮРЭГ” төслийн захирал О.Тэгшбуянтай тус төслийнх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө та төслийнхөө талаар танилцуулна уу?

- Манай “Шимт сүрэг” төсөл нь мэдээллийн технологид суурилсан хөдөө аж ахуйн төсөл юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн шийдлийг ашиглан мал аж ахуй, хөдөө аж ахуй болон хүнсний салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл гэж ойлгож болно. Бид компанийн засаглалд суурилсан, бизнесийн зарчимд үндэслэсэн, малчид болон бусад оролцогч талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарын нуруун дээр тогтож байгаа. Харин ирээдүйд малын гаралтай бүтээгдэхүүний экспорт болон мал аж ахуйн салбарын хөгжил, үүнийг дагалдаж гарах баялаг нь Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн томоохон хэсэг болно. Тийм учраас бид 2018 оноос эхлэн “Шимт сүрэг” төслийн судалгаа хөгжүүлэлтийг хийж эхэлсэн. Одоо төслийн бүрэлдэхүүн хэсгийн эхний үйлчилгээ болох мал аж ахуйн салбарын арилжааны цахим захыг олон нийтэд хүргэхэд бэлэн болсон.

-Төслийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

 - Дээр хэлсэнчлэн, бид “Shimtsureg.mn” веб сайт буюу мал арилжааны цахим захыг хөгжүүлж дуусаад хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Одоо төслийн дараагийн бүрэлдэхүүн хэсэг болох  “Шимт сүрэг” малын бүртгэл, тооллого, мөшгилтийн систем, гар утасны аппликейшныг хөгжүүлж байна. Бид төслийн менежментээ зөв зохистой хэрэгжүүлэх үүднээс хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч ажилладаг. Мөн хамгийн чухал зүйл болох систем хөгжүүлэлтийн даалгаварыг боловсруулахдаа малчдын санал, сэтгэгдэл, хүсэлт бүрийг тусгаж ажилладаг. Үүний үр дүнд систем маань амьдралд ойр, хэрэглэхэд хялбар болно гэсэн үг.

Shimtsureg.mn  веб сайтын хувьд мал арилжааны цахим платформ юм. Зар байршуулах, маш богино хугацаанд хайх боломжийг бий болгож өгсөн хялбар талбар юм.  Ингэснээр малчид болон фермер, хоршоодын өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй, шаардлагатай үйлдлүүдийг цахимжуулах, хот суурин газрын иргэд мал арилжаанд оролцох боломжтой.  Мөн ганц мал арилжааны зар тавигдах бус мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л талууд өөр өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд санал болгон зараа тавих, нөгөө талаас хэрэглэгчид хэрэгцээт бараагаа хялбараар хайх боломжийг бүрдүүлж худалдагч, худалдан авагч хоёрыг шууд холбож байна. Хэрэв та эмээл хайж байгаа бол манай сайтад маш олон эмээлийн зар байршсан байх жишээтэй. Малчдын цахилгаан бараа, тэжээл, малын хэрэгсэл зэрэг зарууд ч бий. 

Мөн “Шимт сүрэг” гар утасны аппликейшны хувьд тун удахгүй малчин, фермерүүдэд зориулсан хэсгийг цацахад бэлтгэж байна. Энэ нь мал мөшгилтийн систем бөгөөд одоогоор манай улсад тулгараад буй хүнсний эрүүл ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлуудад шийдэл болж чадахуйц томоохон систем юм.

 -Малын мөшгилтийн систем гэдгийг энгийнээр тайлбарлавал?

Малаа хэрхэн өсгөж, хэзээ вакцин тарилгыг нь хийлгэх, таны малыг хэн худалдан авч, хэзээ, хаана ямар үе шатыг дамжин явж байгаа зэрэг тэр бүх процессийг бүртгэх систем юм. Өөрөөр хэлбэл, тухайн малыг эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгоход оролцсон бүх талыг баримтжуулан хөтлөх үйл явц. Махны нийлүүлэлтийн сүлжээний эхлэлийн цэг болон төгсгөлийн цэгээс аль ч тал руу мөшгөн тогтоох боломжтой болно гэсэн үг. Жишээ нь бэлэн бүтээгдэхүүн худалдан авлаа гэхэд түүхий эдийг нь ямар малчин, малчны хоршоо бэлтгэн нийлүүлж, хаана үйлдвэрлэсэн бэ гэдгийг мөшгих боломжтой болно. Цаашлаад мал эмнэлэг, лабораторын оролцоог хангаснаар хүнсний баталгаат байдал бий болно.

-Системийн судалгаа хөгжүүлэлтийг 2018 оноос эхлүүлснээс хойш одоогоор ямар үр дүн гарсан бэ?

-Мэдээллийн технологийн үйлчилгээнд судалгаа, хөгжүүлэлт болон туршилтын явц бол амин сүнс нь гэж хэлж болно. Тийм ч учраас бид үйлчилгээгээ хөгжүүлж эхэлсэн цагаас хойш Төв аймаг, Хэнтий аймгийн дөрвөн сумтай байнгын хамтын ажиллагаа өрнүүлж, системээ малчдаар туршуулж санал, хүсэлтийнх нь дагуу хөгжүүлж байна. Цаашдаа ч мөн туршилт, тест дээр тулгуурласан хөгжүүлэлт үргэлжилнэ.

Мөн бид үйлчилгээнээс гадна бог, бод маланд зориулсан чиптэй ээмэг, чип унших зориулалттай төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдтэй.  Өөрөөр хэлбэл бидний хөгжүүлж буй аппликейшн нь ээмэг болон унших төхөөрөмжийн хамт нэг цогц үйлчилгээ болж байна гэсэн үг. 

-Малыг ээмэгжүүлэх нь өөрөө тодорхой технологитой ажил шүү дээ. Ээмгээ хэрхэн сонгосон бэ?

-2021, 2022 онд Төв аймгийн Баянцагаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдуудад бүтэн улирал 1000 гаруй маланд таван төрлийн ээмэг ашиглаж, туршсан. Үүнээс бидний сонгон аваад байгаа ээмэгний үзүүлэлт хамгийн өндөр буюу 90 хувийн амжилттай гарсан.

Хэрвээ буруу цаг агаарын нөхцөлд, буруу технологиор ээмэглэвэл малын чих өтөх, тасрах зэрэг хүндрэл тулгардаг. Мөн ээмэгний хэмжээ, материал, чанараас хамааран малын чихнээс унах, унахдаа малын чихийг сэтлэх зэрэг аюултай. Эдгээр эрсдлийг хамгийн бага түвшинд байлгахад бид анхаарсан. RFID уншигч төхөөрөмжийн хувьд өөр дээрээ ухаалаг үйлдлийн систем бүхий гар утастай, ээмэг доторх чип буюу дахин давтагдашгүй кодыг уншиж, хайж, бүртгүүлсэн малаа хялбараар олох болон мал тооллогын явцыг хурдасгаж хялбаршуулах зориулалт бүхий бүтээгдэхүүн. Мөн цаашлаад малын байршил тогтоогч буюу GPS төхөөрөмжийг системдээ оруулж, малчдад байнга тулгардаг малын хулгайтай тэмцэх шийдлийг бий болгохоор зорьж байна.

          -Улсын болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд танайх хэр хамрагдаж байна вэ?

-“Шимт сүрэг” төслийн хувьд салбарт хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтой. Урт хугацааны төлөвлөгөөнд олон талт менежментийг баримтлан үйлдвэрлэгчийн хэсэг, мал эмнэлгийн хэсэг цаашлаад экспортод гарахад бэлэн шаардлага хангасан бүтээгдэхүүний суурь датаг бий болгох замаар төсөл маань 2025 он хүртэл хэрэгжинэ.

Танай төслийн бусад давуу тал нь?

-“Шимт сүрэг” төсөл нь бэлчээрийн даац хэтрэлтийг даган гарч буй асуудлууд, хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгаа цаашлаад малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргахад тулгарч буй асуудлуудыг шийдэх шийдэл болж байгаа юм.

Бизнесийн аливаа хамтын ажиллагаа аль аль талдаа харилцан ашигтай байх зах зээлийн зарчим дээр тулгуурладаг. Манай бүртгэлийн үйлчилгээний гол ялгарах давуу тал бол малчид малаа ээмэгжүүлснээс үл хамаарч манай үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж улмаар үр ашгийг хүртэх нь бидэнд чухал. Малыг бүртгэлжүүлэх, ээмэглэх ажил яагаад одоог хүртэл сайн хийгдэхгүй байна вэ гэвэл малчдадаа буруу өгдөг явцгүй тогтолцоо бий болсонтой холбоотой. Малчдад технологийн талаар мэдээллүүдийг зааж зөвлөхийн хажуугаар бизнесийн зарчмын дагуу малчдад үүсэж болох ашиг, хамтын ажиллагаа зэргийг үр ашигтай байлгах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, бид малчдад  "Манай системийг ашиглаад сайн бизнесмен болооч” гэсэн саналыг тавьж байна гэсэн үг. 

-Та бүхний ирээдүйн зорилго?

  - Энэ ондоо shimtsureg.mn цахим захаа хэрэглэгчдэд дадал болгох нь бидний хувьд маш чухал. Нөгөөтэйгүүр программ хангамж гэдэг утгаараа судалгаа, хөгжүүлэлтийг байнга хийж хэрэглэгчдэд хялбар байлгах боломжийг эрэлхийлж байна. Мөн мал бүртгэл, тооллого, мөшгөлтийн системийн хувьд эхний ээлжид малчид, фермерүүдэд зориулсан хэсэг болон малын бүртгэлээ хөтлөх, хялбар тооллого хийх, байршил илрүүлэх системийг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна.

 


5
angry
2
care
1
haha
34
liked
6
love
2
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 9 минутын өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 18 минутын өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 48 минутын өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 1 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 1 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 1 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 1 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 2 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 3 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 4 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 5 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 5 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 6 цагийн өмнө
С.Тулга: Морь хүртэл уяачтай уралддаг, би 3х3-ийн шигшээ багаа авч Парисын олимпт орох хүсэлтэй 6 цагийн өмнө
Б.Биндэръяа: Берклигийн их сургуульд орох мөрөөдлийнхөө төлөө би өдөр бүр хичээсэн, тэнцсэндээ маш их баяртай байна 6 цагийн өмнө
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд 7 цагийн өмнө