УИХ-ын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцсэн өдөр өнгөрлөө. Энэ хуулийн төсөлд чанартай орж ирсэн заалтууд маш их. Гэхдээ чуулганы тэнхимд зөвхөн асуудалтай заалтууд дээр л мэтгэлцдэг хойно ерөнхий гадаад хэлийг англи хэл байна гэж заасан заалт дээр УИХ-ын гишүүд тэнхимийн гадна ч тэнхим дотор ч мэтгэлцэж байна. Тэдний хоорондоо мэтгэлцэх нь ч зөв юм. Яагаад гэвэл хуулийн төсөлдөө орж ирэхдээ маргаантай байдлаар орж ирсэн. Учир нь чуулганаар батлуулах гэж орж ирсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хоёрдогч хэлийг англи хэл байна аа гээд заагаад өгчихсөн. Ингээд нэгдүгээр ангиас нь зааж эхлэх нь буруу, зөв гээд л маргаж эхэлсэн. Зарчмын хувьд юун дээр зөрөлдөөд байна вэ гэдгийг товчхон бичье. Хэсэг бүлгийн гишүүд за ер нь МАН-ын дийлэнх гишүүд хэрвээ энэ чигээр нь батлах юм бол Хятад, Япон, Герман зэрэг хэлийг бага ангиас нь заадаг сургуулиудын үүд хаагдах эрсдэлтэй. Мөн Монгол хүүхэд монголоороо ярьж чадахгүй өсөх, ирээдүйн Монгол иргэдийг бий болгох явцад саад учирна гэж ярьж байгаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрөөс тавьсан шаардлагад нийцүүлж хувийн сургууль ажиллуулж болно гэж байгаа юм. Англи хэлийг бүгд дэмжиж байгаа. Дэмжихгүй гэсэн нэг ч хүн, нэг ч нам байхгүй. Харин үүнийг улс төржүүлээд тэмээ бух хоёрыг зодолдуулж байгаа юм шиг ярьж байгаа нь өөрөө үндэсний эрх ашигт нийцэхгүй асуудал. Монгол хэлийг сурах ёстой. Хэрэв үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуульчлах юм бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа герман, франц, хятад, орос, япон, солонгос сургуулиуд хаагдахад хүрнэ.
-Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ахлан ажилласан. Тэрээр Монголчууд том өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн өөрийн байр сууриа хамгаалсан бол нөгөө талд Боловсролын сайд нь түүнийг ийм заалт оруулж ирэн алдаа гаргасан гэж яриад байгаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Англи хэлний чанараар авч үзвэл Азид Монгол улс 45 орноос 43 дугаар байрт байна. Дэлхийд үнэлгээнд орсон 136 орноос 72 дугаар байрт байна. Тиймээс бид зарчмын том өөрчлөлтийг хийчих хэрэгтэй байна. Гишүүд хар хайрцгийн бодлого геополитик гэж яриад байгаа. Үүнд Гадаад харилцааны яам хариуцлагатай хандах ёстой л доо. Тэгэхээр ГХЯ-наас 2020 оны 10-р сарын 23-ны өдөр бичгээр хүргүүлсэн санал дээр Англи хэлтэй холбоотой ямар ч үйл байхгүй. Дараа нь намын бүлгээр дэмжигдэж явсан байдаг.
Боловсролын сайд нь англи хэлний асуудлыг заавал хуульд тусгахгүйгээр боловсролын хөтөлбөртөө тусгаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэвч сөрөг хүчин болон Боловсролын ерөнхий хуулийн төслийг ахалж ажилласан гишүүн нь хуульд тусгаж өгөх нь зөв гэж үзсээр байна. Өдөржин үргэлжилсэн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг Байнгын хороо руу буцаах ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар үзлээ. Байнгын хороо муу ажилласан учраас зүйл, заалт бүр дээр дахин сайн ажиллах хэрэгтэй гэсэн юм. Уг санаа нь бол дээр яригдсан заавал хуульд тусгах ёсгүй зүйлийг хуульд тусган оруулж ирэн хэрүүл үүсгэлээ хэмээн Боловсролын ерөнхий хуулийн төслийн ахлагч Г.Дамдиннямд сануулж буй явдал. Ингээд УИХ-ын гишүүдийг төдийгүй Монгол улсыг хэд талцуулж байгаа хуулийн төсөл дахин хэдэн өдрөөр биднийг талцуулах нь ээ. Гэхдээ эргээд УИХ-аар орж ирэхдээ Г.Дамдинням гишүүний “Англи хэл нь хоёрдогч хэл байна” гэсэн заалт хасагдаж орж ирэх нь цаг хугацааны асуудал л болж байх шиг байна. МАН-ын гишүүд болон боловсролын сайдын яриад байгаагаар англи хэлийг улсын сургуульд гуравдугаар ангиас нь эхлэн заах юм бол боловсролын ялгаа гэдэг зүйл гарч ирэх нь гарцаагүй юм. Хувийн сургуульд сурч байгаа хүүхдүүд нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг үзнэ. Гуравдугаар ангидаа өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлдэг болчихсон байна. Харин улсын сургуульд сурдаг хүүхэд гуравдугаар ангиасаа эхлэн англи хэлний цагаан толгойгоо үзэж эхэлнэ. Өөрсдийгөө бүрэн илэрхийлж суртал дахин нэгээс хоёр жил. Барианд хэн түрүүлж орох вэ. Боловсролын зээлийн сан, гадаадын тэтгэлэгт хэн түрүүлж очих вэ гэдэг асуултад хариулах хэрэггүй болов уу. Түрүүлж оосорноос атгасан хүн л түлхүүрийг атгадаг гэдэг дээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна