Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.” гэсэн 4.8 дахь хэсэг, 27 дугаар зүйлд “Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэсэн 27.12 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 28 дугаар зүйлд “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ”, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй.” гэсэн 28.6, 28.11 дэх хэсэг, мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ журам нь Төрийн албаны тухай хуулийн 54.2, 55.2-т заасан журмаар зохицуулах харилцаанд хамаарахгүй.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишшүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “115.2.18.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг Төсвийн байнгын хороо жил бүр” гэсэн агуулгатай 115.2.18 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин Улсын Их Хурлын Б.Пүрэвдоржоос төслийн 9 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын гишүүн тойрогт ажиллаж иргэдийн гаргасан санал, хүсэлт, гомдлын талаар 4 минутаар 2-оос дээшгүй удаа нэгдсэн хуралдаанд үг хэлж болох ба Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэлээ бичиж ирүүлнэ.” гэсэн 9.18 дахь хэсэг нэмэх санал дэмжигдсэнгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 15 дугаар зүйлд “15.1.18.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг жил бүр.” гэсэн 15.1.18 дахь заалт, төслийн 33 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй.” гэсэн 33.3 дахь хэсэг тус тус нэмж, төслийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 15.5 дахь хэсгийг “15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор мэдээллийн нэгдсэн сан болон Улсын Их Хурлын цахим хуудаст нийтэлж, байршуулна. 15.4.Энэ хуулийн 15.1-д заасан тайланд ажлын 10 өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.15.5.Байнгын хороо энэ хуулийн 15.1-д заасан тайлан, илтгэл, мэдээллийг энэ хуулийн 15.4-т заасан дүн шинжилгээний хамт хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав
Хуралдаан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэсэн заалт нь 2021 онд шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгалаа олж, уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж тогтоосон. Дээрх зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хуралд уламжилсан гэж байлаа.
Мөн Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй гэж үзээд нийт 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичиг байхаар боловсруулсан.
Тухайлбал, Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх; Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх; Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг хөгжүүлэх; Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх; Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх; Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх; Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан гэв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүд Монгол Улсын хөгжлийн дүр төрхийг шүүхийн байдлаас харагдана гэдгийг тодотгоод шүүхийн ачаалал, ажиллах орчин нөхцөл, хуульчид бэлтгэж байгаа их, дээд сургуулийн чанарын талаар төсөлд тусгасан зохицуулалтын талаар тодруулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг хариултдаа, сүүлийн 10 жил хөрөнгө оруулалт огт байхгүй. Үүнтэй холбоотойгоор ажиллах нөхцөл байдал, байр байхгүйгээс нэг хуралдаан сараар хойшилж байгааг дурдаад хөгжлийн бодлогоор энэ асуудлыг засч иргэн төвтэй шүүх болохын төлөө зорьж ажиллана гэв. Мөн тэрбээр "Монгол Улсад 526 шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулж, нийт 1400 орчим захиргааны албан хаагчидтай. Нийслэлд гэхэд нэг шүүхийн байранд гурван шүүх байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны мэдээллээр бид 106 мянган хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад жил тутам 1.6 дахин хэргийн тоо өсөж байна" гэж байлаа.
Ажлын хэсгээс Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын 3.2.3 заалтад эрх зүйч болон хуульч бэлтгэх тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллана гээд 284 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд төлөвлөсөн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Байнгын хорооны саналаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.1 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар үг хэлсэн. Тэрбээр, Сүүлийн жилүүдэд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах бодлогын эрх зүйн үндсийг энэ удаагийн УИХ хийснийг дурдаад энэхүү бодлогын баримт бичгийн зорилт хараат бус, шударга мэдлэгтэй, ур чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн, нээлттэй шүүх, шүүгчтэй байхад чиглэж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн өнгөрсөн 30 жилийн хугацаанд шүүх эрх мэдлийн хууль эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоо зохион байгуулалт, шинэчлэгдэн өөрчлөгдөж ирсэн боловч шүүхийн бие даасан хараат бус байдлын суурь нөхцөл болсон шүүхийн эдийн засгийн баталгааг хангах ажил үндсэндээ орхигдож ирснийг Улсын Их Хурлын дэд дарга тодотгоод анхан болон давж заалдах шатны 116 шүүх зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, энэ хэрээр иргэд шүүхийн үйлчилгээг шуурхай чанартай авах эрх хөндөгдөж, цаашлаад шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдлаас хамааран хуралдаан хойшлох үндсэн шалтгааны нэг болж байна. Энэ нь хэрэг маргааныг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд зарим талаар сөргөөр нөлөөлж байна гэлээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, шүүхийн байгууллагад учирч байгаа эдийн засгийн баталгааны асуудал болон шүүгч хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг байх, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэх, шүүх эрх мэдлийн цаашдын 10 жилийн хугацааны хөгжлийн бодлогыг баталснаар шүүхийн үйлчилгээний чанар, шуурхай байдалд ахиц дэвшил гарах ёстойг онцлон тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Дараа нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаярт танилцуулав. “Монгол Улсын хөгжлийг боомилон сааруулагч, ард түмний жаргалтай амьдралаас хулгайлагч хүчин зүйл болсон авлигатай тэмцэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах нь Та бидний хамтын эрхэм зорилго” хэмээн тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлоод тийм ч учраас 2023-2024 оныг Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан гэв. Энэ хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг арилгаж, бүх шатад авлигатай тэмцэн, хүний эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газраас хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгон, иргэд олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Засгийн газраас нэн тэргүүнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.
Авлигатай тэмцэх гол арга замын нэг нь төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал гэдгийг онцлоод “Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулан амжилттай хэрэгжүүлж ажилласан” гэв. Үүний үр дүнд Монгол Улс НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр 18 байраар урагшлаад байгаа аж. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дууссантай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний төсөлд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 295 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр авлигагүй төр-нийгмийг цогцлоож, шударга ёсыг тогтоон, ард түмний алдагдсан боломж эрхийг сэргээхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн байна.
Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уг тогтоолын 2 дахь хэсэгт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад Байнгын хорооноос уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Монгол Улсад Трансперенси Интернэйшнл байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх асуудлыг уг төлөвлөгөөнд тодорхой тусгасан эсэх, цаашлаад төрийн зарим албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг нь халдашгүй дархан байдал гэдгээр нэрийдэн ял завшиж буй байдалд өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг илүүтэй лавлаж байв.
Ажлын хэсгээс, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023-2030 оны хооронд найман жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд авлигын төсөөллийн индексийг бууруулах чиглэлээр бүх шатанд ажиллахаар төлөвлөсөн гэж хариулж байлаа. Мөн энэхүү үндэсний хөтөлбөрийн наймдугаар зорилго бүхэлдээ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ зорилгын хүрээнд авлигын төсөөллийн индексийг үнэлэх үед гарсан зөвлөмжид хамаарах заалтууд тусгагдана. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд болон нийт төрийн албан хаагчдын зарлагыг хянах тухай асуудал төлөвлөгөөнд тусгагдсан гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Уг тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийлээ. Тус байнгын хороо 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.
Ингээд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр төсөл батлагдлаа.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдаан Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар тус тус танилцуулав.
Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтад Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тусгасан. Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлэх шаардлага үүссэн талаар танилцуулгад дурдсан байлаа.
Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг 8 удаа, ажлын дэд хэсгүүд 20 гаруй удаа хэлэлцэж, 8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулжээ. Нээлттэй хэлэлцүүлгийг спортын 68 холбоо, судалгааны 5 байгууллага, аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын 30 удирдах ажилтан, 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, хувийн хэвшлийн 20 орчим төлөөлөл, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчдийг оролцуулан зохион байгуулж, дэвшүүлсэн саналын 72 хувийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг "Алсын хараа-2050"-д уялдууулан “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтыг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд “Сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох”, “Зөв дадал хэвшлийг дэмжих” гэж тусгасан нь зөвхөн төрийн бодлого, дэмжлэгээс гадна хувь хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо чухал болохыг тодорхойлж, “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл” гэсэн шинэ бүлгийг нэмжээ.
Спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, аргазүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөхөөр хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд заажээ. Тухайлбал, спорт холбоо бүр өөрийн ёс зүйн зөвлөлтэй байх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх, бусад арга хэмжээ авах зэрэг заалт оруулсан. Монгол Улсын Засгийн газраас допингийн эсрэг үйл ажиллагаанд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгаж, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, ажлын уялдаа холбоо, хяналт, тэнцлийг боловсронгуй болгох, допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулах бүлгийг боловсруулсан. Ингэхдээ Дэлхийн допингийн эсрэг байгууллага буюу WADA-тай харилцан зөвшилцсөн хэмээн танилцууллаа.
Спортын салбарт хөрөнгө оруулж буй компаниудад аж ахуйн нэгжийн орлогоос төлөх татвар, гаалийн тарифын хөнгөлөлт зэрэг 6 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодын үйл ажиллагааг зохицуулсан 8 заалтыг шинээр оруулсан. Мөн сум, дүүрэг бүрт биеийн тамирын аргазүйч ажиллуулна. Улсын хэмжээнд 430 орчим спортын аргазүйч ажиллуулах хэрэгцээ үүснэ. Биеийн тамирын үйлчилгээг иргэн бүрд хүргэх боломж нээгдэнэ хэмээн танилцуулгад дурдаж байлаа.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсныг Т.Аубакир гишүүн онцлоод Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар олимпын төрлийн спортыг хөгжүүлэхийн сацуу бүх нийтээрээ эрүүл чийрэг, амьдралын зөв дадал, хэвшилтэй болох, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх орчинг бүрдүүлэх, хууль тогтоомжийг гардан хэрэгжүүлэх салбарын мэргэжилтэн, боловсон хүчин буюу хүний нөөцөө бэлтгэж, чадавхжуулна гэж хууль санаачлагч үзсэнийг дурдав. Мөн хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэнийг дурдахын зэрэгцээ уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд допингийн асуудлаас үүдэлтэйгээр монголын баг тамирчид Парисын олимпын тоглолтод цагаан туг дор оролцохоор болсныг хэрхэн шийдвэрлэснийг тодруулахын зэрэгцээ аливаа спортыг хөгжүүлэх, тэмцээн уралдаанд оролцоход баг тамирчдын санхүүжилтийн асуудлыг хуулийн төслөөр шийдвэрлэх эсэх, ялангуяа орон нутгийн спортын байгууллагын материаллаг бааз, санхүүжилтийн бэхжүүлэх чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалт туссан эсэхийг тодруулж, хариулт авсан юм.
Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Мөн өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийсэн.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсныг онцлохын зэрэгцээ хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэв. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Төсвийн Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасаж, 3 дугаар зүйлийг 2 гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 51.4 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна