Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа

О.Шүрэнцэцэг
2024/05/05

"Сайн байна уу" ярилцлагын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулна уу. Бага нас нь хаана хэрхэн өнгөрөв. Эзэмшсэн боловсрол, гэр бүл, улс төрд анх хөл тавьсан гээд өнгөрсөн цаг хугацааны дурсамжаасаа хуваалцвал?

-Намайг Цагаанхүүгийн Мөнхбат гэдэг. 1980 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Бага, дунд боловсролоо аймагтаа дүүргээд Улаанбаатарт оюутан болж, төгсөөд нутагтаа ирсэн.  Миний аав Цагаанхүү биеийн тамирын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан. Манайх ам бүл долуулаа, тав нь хүү учраас чанга гараар барьж өсгөсөн гэж хэлж болно. Гэр орны өдөр тутмын ажил ямар байдаг билээ. Модоо хагалж, усаа зөөх тэр бүхнийг хийнэ. Эрэгтэй хүүхдийн хувьд харьцангуй чанга талдаа өссөн. Мөн айлын том хүүхэд айл гэрээ авч явах, дүү нараа сургаж хүмүүжүүлэх үүрэг хүлээнэ. Тэр бүгдийг гүйцэтгэж ирсэн.

Ээжийг маань Сэлэнгэ гэдэг. Банк санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй. Аймгийн Төв банканд тэтгэвэрт гартлаа ажилласан. Дүү нар маань ээжийн мэргэжлийг уламжлан ажиллаж байгаа. Аав, ээж хоёр маань төрийн жинхэнэ албанд насаараа ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс. Эхийн хайр үргэлжийн мөнхөд одоо хэр нь л үр хүүхдээ гэдэг. Зөв явбал баярладаг буруу явбал зовдог эмзэг хайр. Ээж маань үргэлж мөнхөд захиастай. Хэзээ ч миний хүү болж байна, сайн явж байна гэхгүй. Аль болох буруу зүйл битгий хий гэдэг. Эхийн хайр хэзээ ч өтөлдөггүй. Манай аав, ээж нар нийгмийн шилжилт Монголд өрнөж байсан 1990 оны ардчилсан хувьсгалын зах зээлийн үеийн дундаж сэхээтнүүд.  Тэд маань аливаад тууштай байх ёстой гэдэг зан чанар, хүмүүжлийг суулгасан юм болов уу гэж боддог. Миний спортод дурлах болсон шалтгаан бол миний аавын нөлөө. Аав маань чөлөөт бөхөөр улсын шигшээ багт хичээллэдэг байсан. Ид амжилт үзүүлэх насандаа ар гэрийн шалтгаанаар дүү нар, ээжийгээ асрахын тулд амьдралын эрхээр спортоо орхисон юм. Миний хувьд тэвчээртэй, эр хүнд байх мөн чанарыг спорт бий болгож өгсөн гэж боддог. Хүүхэд байхад аав, ээжийн суулгасан  хүмүүжил амьдралд насан туршдаа хэрэг болж явдаг юм байна. Мөн өдий зэрэгтэй явахад үргэлж хажууд зөвлөж, нөмөр нөөлөг болж, ар талыг маань даан авч явж, амар тайван ажлаа хийх  бүхий л боломжоор хангадаг, эрч хүч, баяр баясал авдаг хүн маань миний гэргий. Бид гэр бүл болоод 25 жил болжээ.  Эхнэрийг маань Ганцэцэг гэдэг. Бид гурван хүүхэдтэй. Хар багаасаа арван жилийн ширээнээс нийлсэн хоёр доо. Тиймээс эхнэрээрээ бахархаж, аль болох бага гомдоох юмсан гэж хичээж явдаг.

Ер нь Цагаанхүүгийн гэж нэрлэгдэх, овоглох энэ нэр хүнд, нийгмийн байр суурийг миний аав бий  болгосон. Цагаанхүү гэдэг нэрийг нэрийнхээ өмнө зүүж алхаж байхад аавын маань гүйцэтгэсэн үүрэг маш их. Тиймээс аавынхаа нэрийг муугаар дуудуулчихгүй, нэр хүндийг нь өндөрт авч явах юмсан гэж хичээж явдаг. Мөнхбатыг олон хүчин зүйл бий болгосон. Төрүүлж өсгөсөн аав ээж, дүү нар, арван жилийн болон оюутны нөхөд маань байна. Олон улсын байгууллагын найз нөхөд мөн намын журмын нөхөд, багийн гишүүд  энэ бүгд нийлж байж өнөөдрийн Мөнхбатыг бий болгосон байж таарна. Сүүлийн жилүүдэд эрхэлж байгаа ажилтай холбоотойгоор улс төрийн намын нөхөд маань намайг хөгжүүлж, олон зүйлд сургаж яваа нь гарцаагүй юм.

Төрөлх газар нутагтаа хүчээ өгье, өөрчилье, хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж хэзээнээс шийдэв?

-Миний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд нутагтаа хэсэг хугацааны дараа ирээд эргээд харахад өөрчлөгдсөн зүйл байгаа ч бидний багад байсан зүйл хэвээрээ. Тухайн үед ер нь яагаад өөрчилж болдоггүй юм бэ гэж аймаг удирдах хэмжээнд ирэх хүртлээ бодож явж ирсэн. Аймгийн Засаг даргаар томилогдоод ажиллаж байхад аймгаа санаснаараа хөгжүүлэхэд олон саад, хүчин зүйл нөлөөлж байна. Аймаг орон нутгийн ард иргэдийн хандлага санаачилгыг хэрэгжүүлэхэд санаснаар болохгүй юм их гарна. Өнгөрсөн дөрвөн жилд Дундговь нутагт ажиллаж, амьдарч байгаа залуусын хандлагыг зохих хэмжээнд өөрчилсөн болов уу гэж найдаж байгаа. Цаашлаад бүсчилсэн хөгжил бий болоод аймгууд хоорондоо уялдаж, хөгжлийн бодлогоо явуулах нь давуу тал үүсгэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Миний хувьд улс төрийн, намын сонголтоо их орой хийсэн хүн. Засаг даргын ажил алба өдөр тутамдаа асуудлыг шийдэхийг зорилго болгодог.

Нэг нам олон жил эрх бариад ирэхээр харьцангуй дарангуйллын гэж хэлж болох шинж рүүгээ явдаг юм байна. Тиймээс бусад  нам эрх барьж, ардчилсан хувьсгалын хамгийн том эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллыг сонгож яваа нь хамгаас  чухал. Мэдээж, ачаалал ирнэ. Хүн юм стресстэнэ. Энэ болгоны ард тайвшруулах зүйл нь гэр бүлдээ очих. Хүү маань ороод гарахад “Аав аа,эрт ирээрэй” л гэдэг. Ядаргаа тайлсан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг юугаар ч сольшгүй юм. Орон нутгийн сонгуульд өрсөлдөөд АН-д нэг суудал авчраад аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан. 2017 онд АН дүрмээ шинэчлээд бүх сумаараа орж, намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тийм өргөн хүрээний  сонгууль болоод сонгогдсон. 2020 оны орон нутгийн сонгуульд АН анх удаа олон суудал авч, аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Намайг энэ ажилдаа ороход дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрсэн хөл хориотой үеийн амаргүй нөхцөл байдал угтсан. Дээр нь шил даран байгалийн гамшигт үзэгдэл шороон болон цасан шуурга болж, эрдэнэт хүний амь нас, олон тооны мал сүйдээд ажил эхэлж байхад амаргүй угтаж байсан. Бидэнд хангалттай төсөв хөрөнгө байгаагүй. Засаг даргын ажил алба гэдэг Дундговь аймгийн нийт ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангахын тулд ажиллах, хэн нэгэнд давуу эрх олгохгүйгээр төрийн үйлчилгээг хүртээмжтэй түргэн шуурхай хүргэхэд оршино. Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх. Аймгийн Засаг даргын албан тушаал гэдэг хүндэтгэлтэй алба юм. Дарга байх нэг талаасаа олон түмний хүндлэлийг хүлээгээд сайхан  ч нөгөө талаас хэцүү зүйл их. Өдөр тутмын амьдралд мэдэх мэдэхгүй олон сэдэв, асуудал байна. Мөн найз нөхдөө гомдоох “Үгүй” гэж хэлэх зайлшгүй шаардлага гарна. Энэ бүгдийг зохицуулж, жин панг нь тааруулаад явж чаддаг хүний хийх ажил юм уу гэж боддог. Хэл амгүй ажил гэж үгүй. Олны нүдэнд бүгд ил байна, хийж буй үйлдэл, үг болгон хариуцлагатай байх ёстой. Сүүлийн үед сошиал орчин хөгжчихсөн. Тиймээс зарим хүн буруу ойлгосноо мушгих юм их гардаг. Тиймээс ч бид мэдээллээ ид тод, нээлттэй байлгах гэж сошиалд санал асуулга явуулдаг болсон. Нөгөө талаас амаргүй юм байна. Хүн болгонд таалагдах шийдвэр гаргаж чадахгүй. Гэтэл хувийн харилцаагаар хандах гэж оролдоно. Энэ мэт хэцүү зүйл их байна. Хууль тогтоомжийн хүрээнд үүнийг оролдоод үзье гэсэн зарчмаар ойлголцоод явахаас аргагүй.

 -Дуу хуурын өлгий Дундговь хэмээн монголчууд бахархдаг ч үнэндээ хөгжлийн хувьд хоцрогдоод байгаа нь нууц биш. Яагаад тэр вэ?

-Анх энэ ажилд томилоход маш олон мөрөөдөлтэй байлаа. Нүд ирмэх, алга урвуулахын төдийд өөрчилчих юм шиг санаж байлаа. Эргээд харахад бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй олон зүйл байна. Аймаг орон нутгийн онцлог төсвийн хуваарилалт байна, мөн дутуу дулимаг харсан зүйлүүд ч байна.  

Манай аймагт эдийн засгийг бүрдүүлдэг томоохон  уул уурхай алга. Тиймээс бусад аймагтай өрсөлдөхөд юу хийж чадах юм гэдгийг хамгийн түрүүнд бодсон. Мэргэжилтэй, боловсролтой, зөв хандлагатай, сэтгэлтэй Дундговийн хүн л нутгаа хөгжүүлэх юм байна гээд хүнийхээ хөгжил рүү илүүтэй анхаарч, төрийн албан хаагчдаа чадавхжуулах, их, дээд сургууль төгсөж байгаа орон нутгийн залуусаа дэмжиж, орон нутагтаа ирж ажиллах зорилтот хөтөлбөрийг боловсруулан дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Бидний бодлого зөв байжээ гэдэг нь одоо харагддаг. Төрийн алба хаагчдын нөхөн хангалт 85 хувьд хүрсэн. Дундговьчуудыг боловсролтой, эрүүл зөв хандлагатай сэтгэлтэй хүмүүсээр бүрдүүлж, аймгийн хөгжлийг ахиулах гол зорилго тавьсан. Хөрөнгө оруулалт хийн нийгмийн асуудалд зарцуулж байсан нь бахархалтай ажлын нэг болсон. Миний хувьд аймгийн дарга болоод спорт цогцолбор хийчих юмсан гэж бодож ирсэн. Хөрөнгийг улсын төсөвт суулгахаар манай аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүд маань дэмжээд яваа. Чөлөөт цагаа өнгөрүүлчихдэг цэцэрлэгт хүрээлэнтэй болохсон гээд ажлаа эхэлчихсэн явна. Бодит ажил хэрэг болоод явж байна. 

Олон хүчин зүйл нөлөөлж байна. Мэдээж тодорхой хөгжлийн бодлого чухал. Хоёрдугаарт, түүнийг давсан төсвийн хөрөнгө оруулалт, хуваарилалт их чухал. Манай аймагт томоохон уул уурхай, үйлдвэр алга. Төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байдаг юм байна. Дундговьд хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрсний 50 гаруй хувь байна. Ийм үйлдвэр баривал татварын орлого орж ирнэ. Жижиг аж ахуйн нэгжүүд бий болно. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хамгийн дээд тал нь 15 тэрбум  байлаа. Талыг нь аймгийн төвд, талыг нь сумдад хуваачихна. Ганц сургууль барихад хүрэхгүй мөнгө. Гэтэл зарим аймагт нэг их наяд, заримд нь 700 тэрбумыг төсөвлөж байна. Аль аймаг олон сайдтай, Засгийн газрын кабинетад хэр олон хүн байна тэр аймагт  төсөв өндөр. Энэ мэт төсвийн шударга бус хуваарилалтаас болоод зарим аймаг үнэхээр хоцорсон. Ямартай ч, Улаанбаатарынх шиг  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болох ёстой. Нийт ес орчим тэрбумаар босох байх. Өдрөөс өдөрт үнэ ханш нэмэгдээд байгаа учраас төсөв нэмэгдэх байх. Үүнийгээ дуусгачихвал иргэд чөлөөт цагаа гэр бүлээрээ энд л өнгөрүүлдэг болох юм. Нэлээн их мод тарьж, усалгааны систем нэвтрүүлсэн. Спортын хэсэг, худалдаа үйлчилгээ, тоглоом, гүйлтийн замаас гадна тарьсан мод шилжүүлж суулгаад арчлаад аваад явах юм. Төсвийг 2022 оноос улсын төсөвт суулгах гээд барсангүй. Санхүүжилтийг 2023 оноос орон нутгийн хөгжлийн сангаас хийж байгаа. Үүнийг бид заавал хийнэ. 2025-2026 онд дуусгачих санаатай байна. Дан ганц өөрсдөө бие даан шийдэхээр үнэхээр хүч хүрэхгүй байна.

Сүүлийн дөрвөн жилд “Дундговио ногооруулъя” хөтөлбөр боловсруулсан. Өнөөдрийн байдлаар 220 мянган мод тарьж ургуулсан байна. 2024 он хүртэл хоёр дахин нэмэгдүүлэн 500 мянган мод тарьж ургуулъя гэдэг зорилт тавьсан. Өнөө жил зорилтдоо хүрчих байх. Монгол Улсын Ерөнхийлөгчид 30 сая мод тарина гэж амлалт авчихсан. Тарих нэг хэрэг, гэтэл  арчилж ургуулна гэдэг хамгийн амаргүй ажил. Замын хажуугаар мод тарьсан. Эхний жилүүдэд сургууль цэцэрлэгийнхэн усалж, арчилж, тордоод явсан. Алаг цоогтой байна. Тарьсан модоо сайн ургуулах талд яалт ч үгүй хүний нөөц дутагдаж байна. Өдрийн 40-50 мянган төгрөгөөр мод арчлах, зэрлэг түүлгэх хүн ажилд авах гэхээр олдохгүй байна. 2023 оноос манайд алим чавга ургаж байна. Монос, хармаг жимс ургаж байна. Хэдэн жилийн дараа өгөөж хүртдэг болох юм байна гээд өнгөрсөн жилээс жимсний модыг иргэддээ илүүтэй санал болгож байгаа.

Дундговь дуу хуурын өлгий нутаг гэдэг утгаараа уртын дуу, морин хуурын өвийг тээж авч яваа ард түмэн. Батлан харуулах гэж олон эвент арга хэмжээг зохион байгууллаа. Манайд захын хүн гарч ирээд л дуулдаг. Энэ төрмөл өгөгдөл юм шиг байгаа юм. Дундговьчууд зөвхөн дуулж хуурддаг хүмүүс биш үүнийг дагасан асар олон өв соёлыг тээж ирсэн, брэндинг бүтээсэн ард түмэн болсон. Энэ нэр хүндээ хадгалж, хамгаалахын тулд 2006 онд Их газрын чулуунд байгалийн задгай театрт урлаг соёлын арга хэмжээ зохиож ирлээ. Тухайлбал, 2019 онд 3000 морин хуурч уртын дуучдын их наадмыг анх хийсэн. Дөрвөн жилийн дараа 2023 онд Уяхан замбуутивийн наран нэртэй ардын авьяастан, төрийн албан хаагчид, арван жилийн сурагчид, малчдаас бүрдсэн томоохон фестивалийг задгай театртаа зохион байгуулсан. Анх 20 гаруй мянган хүн ирэх болов уу гэж тооцсон ч 42 мянган хүн ирж сонирхсон байдаг. Хамгийн гол нь гадаад, дотоодын жуулчид олноороо ирсэн нь бахархалтай. Хойшид энэхүү фестивалийг тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөөд байгаа. Манай Дундговийг Монголын ард түмэн дуу хуур өв соёлын өлгий нутаг гэдгээр илүүтэй үнэлж, бахархаж ирсэн. Говийнхныг монгол түмэн хүн чанартай гэж дурсдаг. Энэ бол заяагдсан сайхан чанар. Нутгийн нэг онцлог бол Боржигон  ёс заншил, Төв халхын ёс заншил үүнийг дагасан соёлын маш том их өв байдаг. Өв дундаас ардын уламжлалт урлаг соёл, асар их өвийг тээж, хадгалж, хамгаалж яваа ард түмэн бол Дундговьчууд гэж би нутаг орноороо бахархдаг. Ялангуяа уртын дууны өвийг өнөөдрийг хүртэл тээж явна.

Эр хүний үнэлэмж, нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?

Эр хүн эрүүлдээ  ч, согтуудаа ч нэг л зангаараа, хэлсэн, ярьсандаа байж чаддаг. Тийм хүнийг л эр хүн гэж ойлгодог. Би хувьдаа өөрийгөө учиргүй сайн нь биш юм гэхэд муу нь гэж хэлэхгүй. Хэлж, ярьсандаа байх юмсан, нуруу алдчихгүй юмсан гэж хичээж явдаг. Аав маань тэр хүмүүжлийг надад өгсөн болохоор аавынхаа тэр зан чанарыг дуурайсан гэж боддог. Найз олон янз. Нөхөрлөл олон салбарт байна. Надад сайнаасаа муу хүртэл, даргаасаа цэрэг хүртэл олон найз байна. Хүн олон найз нөхөдтэй явбал тэр хэмжээгээр хүний орчин томорч байдаг. Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй яв гэдэг үгийг их бодож явдаг даа.

Аймагт угтах хаалга чухал уу. Аймгууд бүр өрсөлдөх болж?

2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойгоор БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Дундговьчууд санаачлаад дундаасаа мөнгө босгоод 40 гаруй сая төгрөгөөр аймагтаа хандиваар хаалга хийж өгсөн. Бид 80 жилийн ойгоороо угтаж, үдэх гол хаалгатай болъё гээд зураг төслийн уралдаан зарлан сошиалд ард иргэдээсээ санал автал зарим нь өнгө үзэмжтэй хаалга юм хэмээн дэмжиж, нөгөө хэсэг нь  хэрэггүй зүйлд мөнгө үрэх гэлээ гэж шүүмжилсэн тул больсон. Угтаа бол хол ойрын зочин гийчин, төрийн сайд, дарга нарыг угтаж үддэг үүд хаалга чухал. Төрийн протокол гэж бий.  Засгийн газрын гишүүдээ угтахаас аргагүй. Төрийн хүндэтгэл юм. Харин сүүлийн үед харьцангуй багассан. Сумдын дарга нар намайг угтдаг байсныг би болиулсан. Би шууд давхиад оръё гээд болиулсан. Хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэдэг үнэний талтай. Гэхдээ зочдоо  угтахгүй болохоор хүндлэлгүй бас эвгүй.

Бүсчилсэн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

Бүсчилсэн хөгжлийн ач холбогдол их. Говийн бүс нутаг хөрш зэргэлдээ дөрвөн аймгийн хувьд өөр өөрийн давуу талтай. Өмнөговь уул уурхайг дагасан том эдийн засагтай, Дорноговь аж үйлдвэрийн томоохон үйлдвэр барих бодлогын дагуу яваа Говьсүмбэр аймагт тээвэр логистикийн том бүтэц байдаг. Манай аймаг хангайн бүсийг холбох гол аймаг. Логистикийн гол төв манай аймагт бий болгох ёстой гэж үзэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр бүс нутгаа хангах боломжтой. Сөрөг тал нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байна. Гадаргын усыг зайлшгүй говийн нутаг руу татах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлөөр нэг аймаг бус бүсийн хэмжээний аймгууд нийлж ярьдаг шийддэг давуу тал үүснэ.

Бүсчилсэн хөгжлийн нэг давуу тал нь хөгжлийн бодлогоор уялдуулах ямар бодлого байна вэ гэдгийг тооцох. Тодруулбал,барилгын материал үйлдвэрлэлийг хийх бололцоо байна. Нарны сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх маш том нөөц байна. Манай аймгийн хувьд хэд хэдэн том төсөл яваа. Австралийн хөрөнгө оруулалттай компани таван сум дамнасан хайгуул судалгаа хийн дата цуглуулах ажил хийж байна.

 Хайгуул шинжилгээ хийж байгаа. Жилийн хэдэн өдөр салхи, нартайг тооцон жилд ямар хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэж болох вэ гэдгийг судалж дата гаргачихсан. Цаашлаад 5000 мега ватт болгох амбицтай. Тэгвэл Монгол Улс гадаадаас эрчим хүч экспортлох шаардлагагүй болно. Салхиа ашиглуулснаар цаашлаад нар салхины эрчим хүчийг ашигласнаар манай аймгийн орлогын эх үүсвэр нэмэгдэх бодитой хөгжлийн том шийдэл юм. Малчид ажлын байртай болно. Хөгжлийн нэгэн том гарц эдийн засгийн хувьд ч үүнийгээ тууштай дэмжээд явна. Салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа.Манай аймгийн хувьд чухал гарц. Жилийн 365 хоногийн 270 хоногт нь нартай салхитай аймаг. Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэж үздэг. Тэр дундаа Дундговь аймаг.

Олон аймаг байтугай нийслэл хүртэл шүүрч авч хэрэгжүүлэхээр болсон “Сүү” хөтөлбөрийг  анх танай аймаг хэрэгжүүлсэн.  Энэ санаа хэрхэн төрсөн юм бэ?

2022 онд аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиудын ”Үдийн хоол”-нд хамрагдах сурагчдын дунд судалгаа хийхэд витамин Д болон кальцийн дутагдалтай гэсэн судалгаа гарсан. Одоо яах вэ гээд хоолны нэр төрөл болон амин дэмийн илчлэгийн чанарт анхааръя гээд уралдаан зохион байгуулан хүүхдүүддээ сүү өгье гэж шийдсэн. Тухайн үед төсөв байгаагүй. Тиймээс аймгийн Засаг дарга нэг өдөрт нь, хоёр дахь өдрийг ИТХ, дараагийнх эцэг, эхчүүд хариуцъя гэдэг байдлаар явсан. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс ажил хэрэг болгоод хүүхдүүдэд сүү өгч эхэлсэн. Эрүүл мэндийн хувьд чухал шийдвэр болсон. Тиймдээ ч БШУ-ы сайд дэмжээд бусад аймгийг сүү өгдөг, амт чанар илчлэг сайтай хоол өгдөг болоход чиглүүлж өгсөн чухал ажил болсон гэж бодож байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.161
2024/05/05
0
0
Songuulin surtchilgaa boliochee you hiisn in chin nutagiinhan chi helne
Хариулах
Шинэ мэдээ
Оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ 11 цагийн өмнө
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана 13 цагийн өмнө
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана 13 цагийн өмнө
Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна 16 цагийн өмнө
"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа 19 цагийн өмнө
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй 19 цагийн өмнө
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно 21 цагийн өмнө
-11 градус хүйтэн байна 22 цагийн өмнө
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ Өчигдөр
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй Өчигдөр
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна Өчигдөр
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ө.Шижир: Засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй битгий бүрхэг болгоосой Өчигдөр
Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан Өчигдөр
Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ Өчигдөр
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлэжээ Өчигдөр
Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ Өчигдөр
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан Өчигдөр
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна Өчигдөр
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа Өчигдөр