“2005 онд хотод орж ирээд, сургууль соёл төгсөөгүй надад аятайхан ажил олдоогүй учир хар, бор ажил хийдэг байлаа. 9 жилийн өмнө хүүхдээ хараад гэртээ байхдаа юм оёж сурсан. Анх малгай нэхээд зараад 80 мянган төгрөг олоод тэр мөнгөөрөө одоогийн ноолууран хувцасны газрынхаа тоног төхөөрөмжүүдийг авч байсан. Сүүлд бага хүүгээ төрүүлээд хашаандаа оёдлын үйлдвэрээ эхлүүлээд явж байхад нөхөр маань өдөр алгасахгүй архи ууж, харааж доромжилдог болсон. Ажлаа хиймээр байдаг, хүүхдээ хармаар байдаг, хажуугаас нөхөр зовоохоор үнэхээр хэцүү юм билээ. 15 жил ханилсан хань минь танигдахаа байтлаа өөрчлөгдсөн. Нэг мэдэхэд архи уудагт нь, намайг хараадагт нь дасчихсан байсан. Гар хүрэхгүй л бол гурван хүүгээ элэг бүтэн байлгая гэж бодсон. Гэхдээ энэ бүхэн биш байсныг том хүү минь надад ойлгуулсан. “Ээж ээ энэ амьдралаас чинь би залхаж байна, таны нүд цаашаа хонхойж ороод, аавд хараалгуулаад л байх юм. Дөрвүүлээ байр түрээслээд эндээс явъя лдаа” гэсэн. Дунд хүүгийн минь дуу ч гарахгүй болчихсон байсан. Нэг удаа бага хүүгээ тэвэрч зогсож байхдаа ухаан алдаж унаад л нөхрөөсөө эргэлт буцалтгүй салахаар шийдсэн. Бас хашаанаасаа ч гаръя гэж шийдээд ажлаа нүүлгэж подволь түрээслээд гоё тохижуулаад ажлаа үргэлжлүүлсэн. Одоо бол хүүхдүүд минь тайван, ажлаа ч тайван хийж байна. Гурван хүүхдээ эрдэмтэй, хүнийг хайрлаж мэддэг хүн болгоод өсгөчихвөл болоо” хэмээн ярих Б.Алтанцэцэгийг “Онцлох сурвалжилга”-аар онцоллоо
Сэтгэгдэл (40)