УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эмгэнэл илэрхийллээ

Ж.Булганаа
2025/01/18

Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа их хүмүүний хань, үр хүүхдүүд, гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, шавь нар, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр Ардын Их Хурлаас 1990 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шилжих Монгол түмний сонголтыг Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэн тунхаглах үйл хэргийг хууль, эрх зүйн дагуу, тайван замаар, нийгмийн ойлголцол зөвшилцлийг ханган баталгаажуулахад Төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.     

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоосон ардчилсан Үндсэн хуулийг Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээн нотлон үзэглэсэн түүхт хүмүүн байв.

Ардчилсан Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүнээ анх удаа нийтээр, шууд сонгох сонгууль 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж Пунсалмаагийн Очирбат олон түмнийхээ итгэлийг хүлээн ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ.

Төрийн тэргүүн, инженер, эрдэмтний хувьд Эзэн Богд Чингис хааныхаа ойг тэмдэглэж эхлэх, төрийн их хүндэтгэл үзүүлэх, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарлах, хил орчмын нутаг дэвсгэрийн байдлыг мэдээлэл, геодези, зурагзүйн талаар баримтжуулах, гадаад улсуудтай нээлттэй харилцаа, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс төрийн нам, эвслийн зөвшилцлийг хангах зэрэг үйл хэрэгт идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байсан нь Монголчууд бидэнд үнэт өв болон үлдлээ.   

Тэрээр нэгэнтээ “Монгол Улс азийн нэгэн бар болно” хэмээн чин хүсэл мөрөөдөл, ерөөлөө ард түмэндээ сонордуулж байсан нь Монгол түмний зүрх сэтгэлд оч болон бадарч, хөгжлийн төлөөх дуудлага болон хоногшжээ. Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх түүний энэ хүсэл алхам алхмаар, жил жилээр бодитой болж, цаашид биеллээ олох нь дамжиггүй гэж итгэж байна.

Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их хүмүүн Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг Монголын ард түмэн үеийн үед санан хүндэтгэх болно.    

Хөх мөнх тэнгэрийн оронд амгалан дэвшиж, элгэн садан, эх Монгол нутагтаа эргэн төрөх болтугай.

 

                                                       МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

                                                           ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

                                                        2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр


0
angry
0
care
0
haha
3
liked
6
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 9 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 9 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 10 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 11 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 12 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 14 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 14 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 15 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 16 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 16 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 16 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр